| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03588/И |
| Дугаар | 181/ШШ2024/02915 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2024/02915
2024 07 31 181/ШШ2024/02915
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Б-н нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.М-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгч П.Б-н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Пүрэвдорж овогтой ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл цуцлуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч болох О.М гэр бүл зуучлах төвийн үйл ажиллагаа дууссаны дараа хөдөө явсан бөгөөд амьдардаг гэртээ ирэлгүй хот хооронд явах болсон. Одоо түүний оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгааг нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №36 тоот Сүхбаатар дүүргийн ... хорооны тодорхойлолт, М.Т-н эрүүл өсөж бойжиж байгаа тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, М.Т-н төрсний бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/07808 дугаартай захирамжийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
О.М, П.Б нар нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн 1107511076 дугаарт бүртгэж, гэрлэлтийн гэрчилгээ олгосон байна. Гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр М.Т-г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан болох нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2024/07808 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар тогтоогдож байх тул *******ийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О.М нь Сүхбаатар дүүргийн ... хорооны, ... тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 516 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу О.М-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар О.М-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар О.М-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Зоригт овогт О.М-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* -т мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ