Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02827

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 29 өдөр

 Дугаар 102/ШШ2024/02827

Улаанбаатар хот

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 78А байр, 1105 тоотод оршин суух хаягтай, а

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 78А байр, 1105 тоотод оршин суух хаягтай, б

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 78А байр, 1204 тоотод оршин суух хаягтай, б

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 2,301,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Ж.Бхолбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Миний бие М.бөмчлөлийн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 78а байр, 1105 тоот хаягт байрлах орон сууцыг түрээсийн гэрээний дагуу эзэмшдэг.

2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн М.бөмчлөлийн Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 78а байр, 1105 тоот хаягт байрлах орон сууцанд Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 78а байр, 1204 тоот хаягт буюу 12 давхарт байрлах Ж.Б гэх айлаас хаалтын коллектор хуучирч элэгдэлд орж заглушка задарсны улмаас их хэмжээний ус алдаж хохирол учруулсан.

Ус алдсанаас үүдэн нэхэмжлэгчийн орон сууцны бүх өрөөний паркет норж овойсон, паркетын ирмэг хөөсөн, том өрөөнд дэвссэн байсан 3х5 хэмжээтэй эрдэнэт хивс норж зарим хэсгээр шарласан, телевизийн өшиглүүр норсноос наалт салсан. Одоо байшингаас нил чийг үнэртэж, хүн амьдрах боломжгүй бөгөөд бүтэн засвар хийх шаардлагатай болсон.

Ингээд дээд айл буюу 1204 тоотын Ж.Б гэх хүнд гомдол мэдүүлэхэд “...манай буруу биш ОСНААУ газрын буруутай үйл ажиллагаанаас болсон учир би хариуцахгүй” гэсэн.

Ингээд нэхэмжлэгч нарын зүгээс “Хөрөнгийн үнэлгээний төв” XXК-д хандаж ус алдсаны улмаас учирсан хохирол үнэлгээ хийлгэсэн. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн үнэлгээгээр 2,181,000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Мөн үнэлгээ хийсний төлбөрт 120,000 төгрөг авсан. Дээрх хохирлыг хариуцагчаас бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна.

Иймд хариуцагчаас ус алдсаны улмаас учирсан хохиролд 2,181,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 120,000 төгрөг, нийт 2,301,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчийн гэрт ус алдсан явдалд хариуцагч буруугүй. Гэмтэл гарсан шугамын хаалт нь хариуцагчийн гэр дотор нь байдаг нь үнэн. Гэхдээ хариуцагчийн гэр дотор байдаг коллектор хуучирч, элэгдэлд орсны улмаас ус алдсан. Тодруулбал, уг шугамын хаалт нь хариуцагчийн гэр дотор байдаг болохоос биш уг шугам нь нийтийн шугам бөгөөд уг коллекторийг Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт заасны дагуу мэргэжлийн байгууллага буюу ОСНААГ хариуцах ёстой. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн кассын орлогын ордер /хх4/, Техникийн комиссын акт /хх5/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн №566 тоот үнэлгээний тайлан /хх6-21/, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Түрээсийн гэрээ” /хх22-24/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх25/, итгэмжлэл /хх55, 66/, фото зураг /хх67/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх40, 68/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Нэхэмжлэгч М.с.а, М.б нар нь хариуцагч Ж.Бхолбогдуулж ус алдсаны улмаас учирсан эд хөрөнгийн гэм хорын хохиролд нийт 2,301,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан. 

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дээд айл буюу хариуцагчийн гэрээс ус алдсан. Хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ хийлгэхэд хохирлыг арилгах дүн 2,181,000 төгрөг болсон. Уг хохирол дээр нэмээд үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 120,000 төгрөг, нийт 2,301,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэжээ. 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...ус алдсан явдалд байрны өмчлөгч буюу хариуцагчийн буруу байхгүй, ...учир нь хариуцагчийн гэр дотор байдаг коллектор хуучирч, элэгдэлд орсны улмаас ус алдсан, ...уг коллекторийг Орон сууцны тухай хуулийн 3.1.6 дахь хэсэгт заасны дагуу мэргэжлийн байгууллага буюу ОСНААГ хариуцах ёстой” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Хоёр.

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

2. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ. 

 

3. Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулж үзээд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

3.2. Нэхэмжлэгч өөрт хохирол учирсан, хохирлыг хариуцагч төлж барагдуулах үүрэгтэй гэдгийг нотлох үүднээс хэрэгт ОСНАА-н “МОНТС” ХХК-ийн 2023/БГД 30 тоот “Техникийн комиссийн актыг өгсөн. Уг актад “...2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр БГД-ын 11 дүгээр хорооны 78а байрны 2 дугаар орц, 1105 тоот дээд айлаас ус алдаж байгаа дуудлагын дагуу газар дээр нь үзлэг хийхэд 1204 тоотын хаалтын коллектор хуучирч, элэгдэлд орсны улмаас заглушка задарсан тул 1105 тоотод их хэмжээний ус алдсан болохыг тогтоов” гэж тусгагдсан байна.

 

3.3. Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд зохигчийн тайлбар нотлох баримт болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгүүдэд заажээ.

 

3.4. Дээрх ОСНАА-н “МОНТС” ХХК-ийн 2023/БГД 30 тоот “Техникийн комиссийн актыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...гэмтэл гарсан шугамны хаалт нь хариуцагчийн гэр дотор нь байдаг” гэсэн тайлбартай харьцуулан судлахад нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцан арилгах этгээд нь Ж.Б байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

3.5. Дээр дурдсанчлан хэргийн оролцогч өөрийн шаардлага татгалзлаа нотлох, холбогдох баримтуудыг шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг. Хэдийгээр хариуцагч “...нийтийн шугамны гэмтлийг мэргэжлийн байгууллага хариуцах ёстой” гэх тайлбарыг гаргадаг боловч нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн баримтыг баримтаар үгүйсгээгүй, холбогдох хүсэлт, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

 

4. 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн №566 тоот үнэлгээний тайлангаас үзэхэд Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Очир хотхон, 78а байрны 1105 тоотод байршилтай орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдах зардлын хэмжээг 2,181,000 төгрөг гэж тодорхойлсон байна.

  

5. Мөн дээрх үнэлгээг хийлгэхэд нэхэмжлэгчийн зүгээс 120,000 төгрөгийг төлсөн болох нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн кассын орлогын ордероор тогтоогдож байна.

 

6. Иймд хариуцагч Ж.Бөөс орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдах 2,181,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 120,000 төгрөг, нийт 2,301,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ. 

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51,766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.Бөөс 2,301,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.с.а, М.б нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,766 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51,766 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.с.а, М.б нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

    

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Н.ХАНГАЛ

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Р.АЛТАНТУЯА

                              

                                ШҮҮГЧ                                                      Б.АЗБАЯР