Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/17

 

 

А.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, шүүгч Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ц.С,

Хохирогч А.А, түүний өмгөөлөгч М.Э,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан явуулсан шүүх хуралдаанаар:

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.С-ийн гаргасан эсэргүүцлээр А.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Т овогт А.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн, Халиун сумын, 2 дугаар багийн, Гүү бариач багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ДК............. регистрийн дугаартай.

 

Шүүгдэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт байрлаж байсан иргэн Л.Х-ын гэрт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар нэг шалтгаангүйгээр хохирогч А.А-ыг зэвсэг буюу хутгаар олон удаа хутгалж А.А-ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл буюу хүнд хохирол учруулж санаатай алахыг завдсан, мөн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт байрлах иргэн Л.Х-ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Л.Х-ыг архи уусангүй гэх шалтгаанаар зэвсэг буюу хутгаар хутгалж түүний биед дээд уруул, зүүн гуя, баруун хөлийн өсгий, тавхай, зүүн хөлний тавхай, баруун гарын эрхий хуруунд шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Б холбогдох 1916003070151 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Dublis blue гэсэн бичигтэй 1 ширхэг, хар өнгийн савхин хүрэм, Chingis gold гэсэн бичигтэй 0.75 литрийн задлаагүй архи, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 2 ширхэг шаазан аяга, Chingis gold гэсэн бичигтэй 0.75 литрийн архины хоосон шил, 1.25 литрийн савлагаатай 2 ширхэг Coca cola ундааны сав, Dublis blue гэсэн бичигтэй иш нь улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг тамхи, Алтан навчис гэсэн бичигтэй тамхины 3 ширхэг иш, Алтан навчис гэсэн бичигтэй 1 ширхэг тамхины хайрцаг, цагаан өнгийн цулгуй шаазан аяга, цус мэт улаан зүйлээр бохирлогдсон цэнхэр алаг хөнжил, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон 4 ширхэг шаазан аяга, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, улаан хүрэн өнгийн цус мэт толбо болсон, авто машины урд суудлын саарал өнгийн бүрээс 1 ширхэг, хохирогч А.А-ын өмсөж явсан хар өнгийн савхин хүрэм, улаан өнгийн даавуун цамц, KNGNA гэсэн бичиглэлтэй подволк, цайвар саарал өнгийн поло захтай зах ханцуй ирмэг нь хар канттай подволк, хар хөх өнгийн жинсэн өмд, цайвар саарал өнгийн дотуур өмд, бор шаргал өнгийн богино дотуур өмд, хар өнгийн урт түрүүтэй хос гутал, А.Б-ын өмсөж явсан гэх хөх саарал өнгийн куртик зэргийг хэргийн хамт шилжүүлж, шүүгдэгч А.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.С давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, дүгнэлтдээ: Тус прокурорын газраас А.Б-ыг “А.А зэвсэг буюу хутгаар олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр А.А биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл буюу хүнд хохирол учруулж, түүнийг санаатай алахыг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, Л.Х зэвсэг буюу хутгаар хутгалж, хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцээд 10 дугаар шүүхийн тогтоолоор хэргийг прокурорт буцаасан байна. Шүүхээс хэргийг үндэслэлгүйгээр, хуулийг буруу тайлбарлаж буцаасан гэж үзэж байна. Учир нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9 дүгээр зүйлийн 1.9.2-т “шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох” талаар дурьдсан бөгөөд энэ заавал бичих ёстой гэх ойлголт биш юм. Нөгөө талаар шинжээч эмч Т.А нь гэмтэл тус бүрээр ямар гэмтлийн зэрэгт хамаарах талаар мэдүүлэг өгсөн байхад шүүх үүнийг үнэлээгүй, Л.Х дээд уруулын зүүн талд 4 см урт уруул сэтэрч оёдол тавьсан шархтай боловч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т “нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах Үүнд: нүүрэнд учирсан гэмтлийн улмаас үүссэн сорви нь тухайн хүний нүүрний төрхийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, нүдний зовхи, аньсага, хамрын самсаа, уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүссэн, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд хамаарна. Харин нүүрний дүр төрхийг алдагдуулаагүй сорвиуд хамаарахгүй” гэж заасан байна. Дээрх ойлголтоос харахад хохирогч Л.Х нүүрэнд буюу уруулд учирсан шарх нь нүүрийг илтэд өөрчилсөн, нүүрний тэгш хэмийг алдагдуулсан, уруулын хэлбэр алдагдуулсан, арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүсээгүй, зайлшгүй мэс засал хийх шаардлагатай гэмтэл биш юм. Түүнчлэн нүүрний дүр төрхийг алдагдуулсан сорви биш байх тул энэ заалтад хамаарахгүй байна гэж үзэж байна. Тиймээс дахин дүгнэлт гаргуулах үндэслэлгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй гэж үзэж байна. Мөн шинжээч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө “Л.Х биед учирсан дээд уруул, зүүн гуя, баруун хөлийн өсгий, тавхай, зүүн хөлийн тавхай, баруун гарын эрхий хуруунд байх шарх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэж, мөн “А.А биед учирсан хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад шарх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 11, 12-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний салстад байх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байхад дахин шинжээч томилох талаар буцаасан нь үндэслэлгүй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулах” заалтыг прокурор зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй байна. Яллагдагч А.Б холбогдох хэрэгт тус бүрт нь мөрдөн байцаалт явуулаагүй байхад дээрх хуулийн заалтыг баримталж нэгтгэж мөрдөн байцаалт явуулах гэх заалтыг зөрчсөн гэх нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл тус бүрт нь яллагдагчаар татаж мөрдөн байцаалт явуулна гэж заасан байна. Энэ заалтын дагуу А.Б холбогдох хэрэгт үйлдэл тус бүрт нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын нэг дугаар олгож хэргийг шалгасан байхад шүүхээс дээрх үндэслэлээр буцаасан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл А.Б-ын үйлдэлд хохирогч А.А алахыг завдсан, харин Л.Х-т хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж тус тусад нь ял сонсгож, мөрдөн байцаалтын нэг дугаар олгож, хэргийг шалгасан байна.

 Яллагдагч А.Б, түүний өмгөөлөгч Ж.Д нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг танилцуулсан боловч яллагдагчаас мэдүүлэг аваагүй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан сонсгосон ялын талаар амаар болон бичгээр тайлбар гаргах, 7.4 дүгээр зүйлд заасан яллагдагч мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах талаарх яллагдагчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана.” гэснээс өөрөөр мэдүүлэг авах талаар хуульчлаагүй, харин 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хэрвээ ялыг хүндрүүлсэн бол мэдүүлэг авах талаар нэмж хуульчилж өгсөн, яллагдагч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоолд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 08 дугаартай тогтоолоор өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлт орохоос өмнө яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан байхад дээрх байдлаар буцаасан нь үндэслэлгүй, нөгөөтэйгүүр яллагдагч А.Б яллагдагчаар татахдаа шүүхийн дурьдаад байгаа эрхийг эдлүүлсэн болно.

Иймд анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг буцаасан нь үндэслэлгүй байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокурор болон мөрдөгч хуульд заасан бүхий л арга хэмжээг авах хуулийн зохицуулалт байгаа. Энэ үүргээ биелүүлээгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байгаа. Анхан шатны дүгнэлт нь өөрөө бодитой байх ёстой, эргэлзээ бүхий байгаа учир дахин гаргуулах шаардлагатай гэж дүгнэлт хийсэн байдаг. Мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн шатанд дахин нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар өмгөөлөгч удаа дараа хүсэлт гаргаж байсан. Тухайн дүгнэлт нь дүгнэлтийн хариулт буюу дүгнэлт асуумжийн хариулт хоорондоо зөрүүтэй байсан. Өмгөөлөгчийн зүгээс тухайн үед хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахгүйгээр анхан шатны шүүхээр хэлэлцээд хэргийг буцаасан байдаг. Энэ хэргийн материалд гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилсон тогтоолоо танилцуулахгүйгээр дүгнэлт гарсны дараа бүгдийг нь нэг дор танилцуулсан асуудал байдаг. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинжээч томилоход оролцох оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Хохирогчийн биед гараад байгаа шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээ бүхий байдаг. Анхан шатны шүүхийн дахин шинжээч томилуулахаар шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа. Яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан асуудал яригддаг. Прокурорын эсэргүүцэл дээр хуульд нэмэлт өөрчлөлт ороод орсон нэмэлт өөрчлөлт нь хэрэгжиж эхлээгүй байсан гэсэн тайлбарыг хэлж байна. Тэр нь прокурорын асуудал. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйл, 7.4 дүгээр зүйлд яллагдагчийн эрхийг тодорхой зааж өгсөн байдаг. Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй гэж заасан байдаг. Мөн 7.4 дүгээр зүйлд мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй гэж заасан. Энэ бол үндсэн хуулиас улбаалсан эрх. Тухайн зүйл заалтуудад хууль хэрэглээний асуудлыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Улсын Дээд шүүхийн тогтоолд ч тайлбарласан байдаг. Энэ дээр мэдүүлэг өгөх эрхийг нь зөрчсөн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн асуудал. Яллагдагчаар татсан тогтоолыг өөрчилсөн тохиолдолд энэ хүнд танилцуулах албагүй гэсэн хуулийн заалт байхгүй. Яллагдагчийн эрх үүрэг гэсэн ойлголтод тухайн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх маань өөрөө ороод явж байгаа. Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээс хүний амь насны эсрэг гэмт хэрэг болгон өөрчилж сольсон асуудал байдаг. Яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ зүйлчлэлийг өөрчлөхдөө эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлаад 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаа өөрчилж оруулж ирсэн байдаг. Ингэхдээ ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг ерөнхий байдлаар журамлаж орж ирсэн. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсгийг зөрчиж байгаа. Прокурор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар яллах дүгнэлтдээ хэргийг шилжүүлэхдээ тодорхой дурдах ёстой. Гэтэл эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйл нь 4 зүйлийг зохицуулсан байдаг. Аль хэсгийг нь баримталж журамлаад байгаа гэдэг нь ойлгомжгүй. Анхан шатны шүүхийн шатанд нөхөж хийх боломжгүй алдааг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү? гэжээ.

Хохирогч А.А өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч амь насанд аюултай, хүнд гэмтэл авсан нь үнэн. Үүний дагуу эрх ашгаа хамгаалуулах гээд анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлсэн байгаа. Мөрдөн байцаалтад буцсан. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотолбол зохих асуудлууд нотлогдсон гэж үзэж байгаа.  Гэмт хэрэг болсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор хохирлоо төлсөн, хохирол учирсан байгаа. Миний үйлчлүүлэгч энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос А.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт байх  Л.Х гэрт, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.А тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хутгалж хэвлийн хөндийд нь нэвтэрсэн шарх гэмтэл буюу хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдэж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр уг яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсгийн “11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 гэснийг”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1” гэж өөрчлөлт оруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах үйлдэл тэдгээрт оногдуулах, ял эрүүгийн хариуцлагын асуудлыг зохицуулсан бөгөөд 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхээр завдах, 2.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхээс татгалзах зохицуулалтуудыг тусгасан байхад прокурор ерөнхий байдлаар энэ зүйлийг журамлан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

 Прокурор шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгаа бол ямар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхийн өмнө нотлох, шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үүрэгтэй.

Хэрэгт А.Б-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд буруутгаж байгаа эсхүл, гэмт хэрэг үйлдэхээс татгалзсан үйлдэлд буруутгаж байгаагийн алин болох нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, цаашлаад яллах дүгнэлтээс тодорхойгүй болсон байна.

Энэ нь сэжигтэн, яллагдагчийн ямар хэрэгт буруутгагдаж, яллагдаж байгаагаа мэдэх, сонсгосон ялын талаар тайлбар өгөх, баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан сэжигтэн, яллагдагчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

Цаашлаад сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, эсхүл гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтой байсан боловч туйлд нь хүргэхээс өөрөө сайн дураараа татгалзсан зэрэг байдал нь хэргийн үйл баримт, сэжигтэн яллагдагчийн өөрийн үйлдэлдээ харьцаж буй сэтгэхүйн харьцаа, буюу гэмт хэрэг хэзээ, хаана эхэлж хаана төгссөн болон яаж үйлдэгдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруутай холбоотой ойлголт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсэгт ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтэн эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгагдаж байгааг заахаар нарийвчлан зохицуулсан байна.

Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тусгахаар заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг бодитой нотолсон эсэх нь мөн хуулийн 32.3 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу прокуророос хэргийн талаар хяналт тавьж ажилласан байдалтай шууд холбоотой.    

Өөрөөр хэлбэл прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, 1.5 дахь хэсэгт заасан “эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг хянах” шаардлагуудыг зөрчсөн нь хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэл болж байна.

Дээр дурдсан байдлын талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилагааны явцад сэжигтэн яллагдагчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хангаж, хэргийн үйл баримтыг хангалттай, бодитой тогтоосны үндсэн дээр шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

Мөн анхан шатны шүүх хохирогч А.А 16 удаа хутгалуулсан, хавирга хугарсан, олон тооны шарх гэмтэл учирсан байхад түүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох шинжилгээний дүгнэлт хэт ерөнхий, эргэлзээтэй хохирогч Л.Х биед дээд уруулын зүүн талд 4 см урт зах ирмэг нь тэгш бус уруул сэтэрч мэс заслын оёдол тавьсан байхад энэ нь нүүр засаршгүй гэмтэж, нүүрний төрх алдагдах гэмтэлд хамаарахаар уруулын хэлбэрийг алдагдуулсан буюу арьсны түвшингээс дээш овойж хатуурч, эсхүл доош татагдаж хонхойсон сорви үүссэн эсэх, нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтэл мөн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Харин хохирогч Л.Х эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч А.А эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх шүүгдэгч А.Б-ын үйлдлүүд нь нэг цаг хугацаанд, нэг газарт болж өнгөрсөн үйл явдал байх бөгөөд А.Б холбогдох хэрэгт тус бүрт нь мөрдөн байцаалт явуулаагүй, уг үйлдлүүдэд тус тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэн эрүүгийн хэргийн нэг дугаар авч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэсэн прокурорын тайлбар дүгнэлт үндэслэлтэй байна.

Түүнчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсаны дараа сэжигтэн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй бөгөөд сэжигтнийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хуулиар хориглодог нь сэжигтэн яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүйтэй холбоотой зохицуулалт юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна гэж заасан нь сэжигтний хувийн байдал тодорхойгүй, сэжигтнийг баривчилсан тохиолдолд хийгдэх ажиллагаа юм.

Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын тогтоол гарсны дараах ажиллагааг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын дагуу хийсэн гэж прокурор дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

А.Б болон түүний өмгөөлөгч нар яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан тогтоолтой танилцсаны дараа мэдүүлэг өгөх талаар хүсэлт гаргаагүй байх бөгөөд анхан шатны шүүх яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан прокурорын тогтоолыг танилцуулсны дараа яллагдагчаас мэдүүлэг аваагүй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан сонсгосон ялын талаар амаар болон бичгээр тайлбар гаргах, 7.4 дүгээр зүйлд заасан яллагдагч мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах талаарх яллагдагчийн хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тиймээс прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг үндэслэлтэй болохыг дурдаж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч А.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.Ж

ШҮҮГЧИД                             Ш.Б

                                       Ч.Э