Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0010

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А***гийн Г***, РД: ***/

Хариуцагч: Нийслэлийн Боловсролын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б***

 

Нийслэлийн Боловсролын газрын Хэлтсийн даргын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар миний биеийг "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох журмын 1.2 дах хэсэгт заасан сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан байна." гэсэн заалтыг хангаагүй гэж үзэн тэтгэмж олгохоос татгалзсан учир миний биеийг сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан гэдгийг хуулиар тогтоож өгөх, тэтгэмжийг олгуулж өгөхийг хүссэн шаардлага бүхий татварын маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгч А.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

Нийслэлийн Боловсролын газрын Хэлтсийн даргын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар миний биеийг "Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох журмын 1.2 дах хэсэгт заасан сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан байна." гэсэн заалтыг хангаагүй гэж үзэн тэтгэмж олгохоос татгалзсан учир миний биеийг сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан гэдгийг хуулиар тогтоож өгөх, тэтгэмжийг олгуулж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

 

          Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1.Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 119 дүгээр сургуулийн захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** тоот тушаалаар /1х.х-18/ А.Г***ийг анхан шатны багшаар түр томилсон.

          2.2. Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 119 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн *** тоот тушаалаар /1х.х-5/ А.Г***ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

          2.3.Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 119 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/30 /1х.х-6/ тоот тушаалаар А.Г***ийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн бага боловсролын багшаар түр авч ажиллуулсан байна.

          2.4. Нийслэлийн Боловсролын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар албан бичгээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын дагуу тус нэг удаагийн буцалтгүй тусламжийн олгох боломжгүй талаар А.Г***т /1х.х-17/ мэдээлэл хүргүүлсэн байна.

          3. Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.8, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 8.2 дугаар зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Төрийн албаны төв байгууллагад хандаагүй. Тус шүүхэд 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн.

          3.Нэхэмжлэгч А.Г***ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд:

          “А*** овогтой Г*** миний бие 2006 онд Монгол Улсын Боловсролын Их сургуулийг төгсөөд Архангай аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуульд, 2017 оны 8 дугаар сараас Архангай аймгийн Ирээдүй цогцолбор сургуульд, 2018 оноос Архангай аймгийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Эрдэм ахлах сургуульд, 2020 оны 8 дугаар сараас Улаанбаатар хотын Налайх дүүргийн лаборатори 119 дүгээр сургуульд тус тус багшилж байгаад 4 хүүхэд төрүүлж өсгөсөн тул 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдсөн ба 2023 оны 2 дугаар сарын 13-ны өөр өөрийн хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гарган ажилдаа эргэн орсон.

          Тус сургуулийн Ерөнхий нягтлан З.Б*** тэтгэмж хүссэн материалыг 2022 оны 5 дугаар сард хүлээн авч, 2023 оны төсөвт суулгаж өгсөн ба тэтгэмжээ авахын тулд заавал тэтгэврээ тогтоолгоно шүү гэж хэлсний дагуу тогтоолгон тэтгэмж авах материалаа явуулахад 5 сард дээрх шалтгаанаар тэтгэмжээ авч чадаагүй болно. Мөн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дахин хүсэлтээ тавихад өгөх боломжгүй гэсэн учир хариуг бичгээр гаргуулан авсан билээ.

          Иймд Төрийн албаны хуулийн дагуу миний нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4.Нэхэмжлэгч А.Г*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 2006 онд Архангай аймаг дахь Монгол Улсын Боловсролын их сургуулийг төгсөж, 2006 оноос эхлэн Архангай аймгийн Өлзийт суманд 11 жил ажилласан. Архангай аймгийн сумын төвд Ирээдүй цогцолбор улсын сургуульд ажиллаж байгаад, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай хувийн сургуульд хоёр жил ажиллаж, 2020 онд Налайх дүүргийн 119 дүгээр сургуульд шилжин ирж багшаар ажилласан. Дөрвөн хүүхэд төрүүлсэн учир олон хүүхэдтэй 50 настай тэтгэвэрт гарна гээд хууль журмын дагуу 2022 онд тэтгэвэрт гарах хүсэлттэй хүмүүсийн хүсэлтийг авахад сургуулийн захиргаанд хүсэлтээ өгсөн. 2022 оны 5 дугаар сард тэтгэвэр, тэтгэмж тогтоох тухай бичиг баримтын бүрдүүлбэрийг хийж өгсөн.

Манай нягтлан бодогчоос 2022 оны 9 дүгээр сард 2023 оны төсөвт өөрийн чинь тэтгэмж суусан, цаг нь болохоор тэтгэврээ тогтоолгоод тэтгэмжээ авна, ирэх жил тэтгэвэр тогтоож болно гэсэн. 02 дугаар сарын 11-ний өдөр хагас сайн өдөр байсан тул 02 дугаар сарын 01-ний өдөр сургуулийнхаа захиргаанд хүсэлт гаргаж өгсөн. Тэтгэмж бүрдүүлэх найман бичиг баримтад нэгдүгээрт иргэний үнэмлэхийн хуулбар, хоёрдугаарт байгууллагын ажлаас чөлөөлсөн тушаал эх хувиараа гэсэн. Би энэ тушаалыг гаргуулахын тулд өндөр насны тэтгэврээ тогтоолгож байж тэтгэмж авах бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой. Ингээд 02 дугаар сарын 10-ны өдөр хүсэлтээ өгч тушаалаа гаргуулаад, хувь хүний өргөдөл, төрийн албанд ажилласан хугацааг тооцож тодорхойлсон маягтын дагуу бичсэн нягтлан бодогчийн тодорхойлж өгсөн бичиг баримт, ажилласан жилийг тодорхойлсон бичиг баримт, цалингийн тодорхойлолт, алдарт эхийн иргэний үнэмлэхийн хуулбар, багийн тодорхойлолт гэсэн баримтуудыг бүрдүүлж өгсөн. Би жилийн өмнө бичиг баримтаа өгөөд, миний тэтгэмж 2023 оны төсөвт суусан гэсэн хариу авсан учраас Би өөрийгөө тэтгэмж авах бүх болзлыг хангасан гэж бодсон.

4 дүгээр сард Нийслэлийн Боловсролын газраас намайг дуудаад сүүлийн гурван жил төрд ажилласан байх ёстой гэдэг заалтыг хангаагүй байна гэсэн. Одоо яах вэ гэхэд та тэтгэмж авах ямар ч боломж байхгүй гэж хэлсэн. Ажлаа хийж байтал 7 дугаар сарын 01-ний өдрөөс ийм хууль гарлаа, энэ журмыг хүчингүй болгосон, хоёр заалтыг хүчингүй болгосон гэсэн. 7 дугаар сард дахиад бичиг баримтуудаа бүрдүүлээд ирсэн боловч болохгүй гэсэн. Тэр бичгийг албан ёсоор аваад Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Би зүгээр ажлаа хийгээд явж байсан хүн. Би энэ найман бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд тэтгэвэртээ гарч ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг гаргуулсан. Энэ тушаалыг гаргахад захирал ч тэр, нягтлан бодогч ч тэр юу ч хэлээгүй. Жилийн өмнө өгсөн бичиг баримтыг яам яагаад хянаагүй байдаг юм. Намайг улсад 21 жил 7 сар ажилласан гээд нягтлан бодогчийн баримтаар тогтоосон байна. Би боловсролын байгууллагад 21 жил, 7 сар ажилласан тул тэтгэмж авах эрхтэй.” гэв.

          5.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Иргэн А.Г*** нь Нийслэлийн Ерөнхий боловсролын 119 дүгээр сургуульд 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай тушаалаар багшийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож буй үндэслэлээр багшийн ажлаасаа чөлөөлөгдсөн.

          А.Г*** нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 жил 5 сар 24 өдөр ажилласан байна.

          Ирэх жил тэтгэврийн нас нь болж байгаа хүний төсвийг урьд жилийн буюу тухайн тэтгэвэрт гарах жилийн өмнөх жил төсвийн төсөлд оруулах тул материалыг нь аваад Нийслэлийн боловсролын газраар дамжаад Сангийн яаман дээр суугддаг. Тухайн үед ямар бичиг баримтыг шаарддаг вэ гэвэл нийгмийн даатгалын лавлагаа, тухайн хүний тэтгэврийн нас нь болж байна уу, үгүй юу гэдгийг хардаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн тэтгэврийн нас нь болж байсан. Сүүлийн 36 дугаар сар нь тухайн жилдээ болж байсан боловч өөрөө 36 сараасаа өмнө чөлөөлөгдсөн асуудал байгаа юм. Тэгэхээр төсөвт суух асуудал хамааралгүй гэж үзэж байна.

          Тухайн иргэний тэтгэвэр тогтоолгосон үе буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, түүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй туслах авах эрх үүснэ” гэх шаардлагыг иргэн А.Г*** хангаагүй тул манай байгууллагын зүгээс уг тэтгэмжийг олгох боломжгүй. Тухайн үед Боловсролын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Боловсролын тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчийн сургуульд 25 буюу түүнээс дээш жил ажилласан багш, арга зүйч Боловсролын тухай хуульд заасны дагуу тэтгэмж олгож болно. Гэхдээ нэхэмжлэгчийн ажилласан жил нь 25 жил хүрээгүй байгаа нь шаардлагыг хангаагүй байсан.

          Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын дагуу тус тусламжийг олгох боломжгүй байсан тул олгоогүй болно.” гэв.

           ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэгчээс “...Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2 дахь хэсгийг хүчингүй болгосон байхад хүчингүй болсон заалтаар миний өргөдлийн хариуг өгсөн. Хэдийгээр хүчингүй болгосон заалтаар хариу өглөө ч өмнөх хуулийн болон журмын зохицуулалтын шаардлага болох 5 жил тасралтгүй ажиллах, 3 жилийн хугацаанд тасралтгүй төрийн албанд ажилласан байх шаардлагыг миний бие бүрэн хангасан атал шаардлага хангаагүй гэж хариу өгч шийдвэрлэсэн нь хууль бус” гэж маргадаг.
  2. Хариуцагчаас “...А.Г*** нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 жил 5 сар 24 өдөр ажилласан байна. Тухайн иргэний тэтгэвэр тогтоолгосон үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 1.2 дахь хэсэгт заасан шалгуурыг нэхэмжлэгч хангаагүй тул тусламжийг олгох боломжгүй байсан тул олгоогүй” гэж тайлбарладаг.
  3. Нэхэмжлэгч А.Г***ийн ажиллаж байсан Бага боловсролын багшийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан төрийн үйлчилгээний албанд тушаалд хамаарч байна.
  4. Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 119 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн *** дүгээр тушаалаар А.Г***ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасантай холбогдуулан  ажлаас чөлөөлсөн.
  5. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж,
  6. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө”,
  7. Уг журмын 1.2-т “Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ” гэж заасан нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар тогтоолоор хүчингүй болсон.
  8. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагч нь өндөр насны тэтгэвэрт гарахад нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрх үүсэхээр байсныг хүчингүй болгосон бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.

          10.Хариуцагчаас А.Г*** нь сүүлийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 2 жил 5 сар 24 өдөр ажилласан тул 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2. “... энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, түүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй туслах авах эрх үүснэ” гэх шаардлагыг хангаагүй гэж үзсэн.

          11. Хариуцагч Нийслэлийн Боловсролын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3/1289 дүгээр албан бичгээр А.Г***ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдсөн хугацаанд үйлчилж байсан журмын зохицуулалтаар түүнд уг тусламжийг авах эрх үүсэхгүй гэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

          12. Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэж заасан зорилгын хүрээнд А.Г***ийн хуулиар олгогдсон буцалтгүй тусламж авах эрхийг хязгаарласан хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

        13. Тодруулбал, А.Г*** нь боловсролын байгууллагад 21 жил, 7 сар, үүнээс 17 жил төрийн үйлчилгээний албан тушаал буюу бага ангийн багшаар ажилласан тул Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:”, 5/ “өндөр наслах, ... болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;”, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол ... нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно...”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг баталгаагаар хангагдана:”, 61.1.1-д ”албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах;” гэж заасан төрийн албан хаагчид төрөөс үзүүлэх нийтлэг баталгаа болох төрийн албанд тасралтгүй, олон жил ажилласан иргэнийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь төрөөс нэг удаа үзүүлэх буцалтгүй тусламжийг авах эрхтэй.

        14. “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2.“... энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, түүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй туслах авах эрх үүснэ” гэх заалт хүчингүй болсон байхад А.Г***т хуулиар олгосон боломжийг уг журмын заалтаар хязгаарлаж байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул журмын шинэ зохицуулалтад нийцүүлэн А.Г***ийг буцалтгүй тусламж авах эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзлээ.

        15. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч А.Г***ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч А.Г***т нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан Нийслэлийн Боловсролын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 3/1289 дугаар албан бичгийг хүчингүй болгож, А.Г***т буцалтгүй тусламжийг хууль журамд нийцүүлэн олгохыг даалгаж шийдвэрлэлээ.

                    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4 дэх заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:       

          1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн  61.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г***ээс Нийслэлийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч А.Г***т нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан Нийслэлийн Боловсролын газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар албан бичгийг хүчингүй болгож, А.Г***т буцалтгүй тусламжийг хууль, журамд нийцүүлэн олгохыг Нийслэлийн Боловсролын газарт даалгасугай.

                 2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г***ийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.АДЪЯАСҮРЭН