| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2024/03903/И |
| Дугаар | 181/ШШ2024/02918 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 181/ШШ2024/02918
2024 07 31 181/ШШ2024/02918
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б ББСБ ХХК нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.П-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцож тэмдэглэл хөтлөв.
/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн
100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч *******-Инвест девелопмэнт ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Зээлдэгч С.******* нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр №ЗГ01000102771 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 000835150 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... хороо, ... тоот хаягт байрлах 75.7 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 36 сарын хугацаатай 35,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн.
2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр №1050130221011724 тоот Б аппликэйшн зээлийг ББСБ-аас 4 сарын хугацаатай 4,000,000 төгрөгийг нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн.
Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл хугацаанд биелүүлэхгүй байгаа тул тус ББСБ-ын зүгээс хариуцагчийн оршин суугаа хаяг болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч С.*******ыг уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх шалтгаанаар 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №182/Ш32024/11535 тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан байна.
Иймд хариуцагч С.******* одоо хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, *******-Инвест девелопмэнт ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э., Ц. нарт олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШЗ2024/11535 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, С.*******ын гаргасан өргөдөл, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01000102771 дугаартай Зээлийн гэрээ-ний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 01000102771 дугаартай Барьцааны гэрээ-ний хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №1050130221011724 дугаартай Онлайн зээлийн гэрээ-ний хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч *******-Инвест девелопмэнт ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана. гэж заасан.
Нэхэмжлэгч *******-Инвест девелопмэнт ББСБ ХХК нь С.*******тай 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 01000102771 тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр №1050130221011724 дугаартай Онлайн зээлийн гэрээ байгуулан зээл олгосон байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт С.*******ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.П нь Чингэлтэй дүүрэг, ... хороо, ... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШЗ2024/11535 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу С.П-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар С.П-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.П-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. С.П-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч *******-Инвест девелопмэнт ББСБ ХХК -д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ