| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 181/2023/04748/И |
| Дугаар | 181/ШШ2024/02377 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/02377
2024 06 12 181/ШШ2024/02377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, * тоот хаягт оршин байх, Ш ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, * тоот хаягт оршин байх, Т ХХК /РД:/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, * тоот хаягт оршин байх, Т ХХК нарт холбогдох,
Т ХХК-иас 42,000,000 төгрөг, Т ХХК-иас 18,241,428 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ш ХХК-иас 82,282,304 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.П,
Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Э,
Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Наранмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Т ХХК-иас 42,000,000 төгрөг, Т ХХК-иас 18,241,428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Ш ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Т ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Hyundai R520LC-9vS маркийн ****УР улсын дугаартай экскаваторын молдок SP121, экскаватор базагч операторуудыг 1 сарын 60,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
Түрээсийн гэрээний дагуу техник хэрэгслийг түрээслэгч талд шилжүүлсэн бөгөөд түрээслэгч Т ХХК-ийн 2023 оны уурхайн түрээсийн тооцоо нийлсэн актаар 15,741,428.57 төгрөг, Т ХХК-ийн 2023 оны экскаваторын түрээсийн тооцоо нийлсэн актаар 2023 оны 8 сарын үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөг, 2023 оны 9 сарын үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөгийн өр төлбөртэй байна. Техник хэрэгслийн тээвэрлэлтийн зардалд 2,500,000 төгрөг гаргасан.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасны дагуу хариуцагч Т ХХК-иас 42,000,000 төгрөг, Т ХХК-иас 18,241,428 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т ХХК нь Т ХХК-тай 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай гэрээ хийн ажиллахад, түрээсийн техник нь 3 кубын шанагатай техникээр эхний 15 хоногийн ээлжинд ажиллахдаа нэг өдрийн 130-аас дээш рейсээр ачилт хийж байсан. Хоёр дах 15 хоногийн ээлжээс эхлэн өдрийн 80 хүртэл рейсээр ачилт хийж, бүтээл огцом буурсан байна. Хоёр сарын хугацаатай хийх ажлыг удаашруулж, 3 сар 16 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэсэн.
Иймд манай байгууллага 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 22,000,000 төгрөг, мөн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 22,000,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Э ХХК-иас манай байгууллагад бартераар орж ирсэн 88,160,000 төгрөгийн үнэ бүхий байрыг өгсөн. Уг гэрээний дагуу 2 сарын түрээс болох 88,000,000 төгрөг болон уг байрны төлбөрийн зөрүү 44,160,000 төгрөгийг Ш" ХХК-иас манай байгууллага авах авлагатай болсон.
Түүнчлэн Т ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1 сарын 60,000,000 төгрөгийн үнэтэй экскаватор түрээсийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн боловч ажилласан өдрөөсөө өдрийн бүтээл муу, цаг аргацаасан байдалтай ажлыг удаашруулж байсан тул тухайн техникийг буулгасан.
Түрээсийн төлбөрт 20,000,000 төгрөгийг дансаар өгсөн. Т ХХК-ийн Ш ХХК-иас авах 44,160,000 төгрөг, нийт 64,160,000 төгрөгийг манай байгууллага бүрэн төлсөн.
Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ техник хэрэгслийг ачиж тээвэрлэсэн зардал 2,500,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтыг нэхэмжлэлд хавсаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид Ш ХХК-д түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөрөө бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хариуцагч Т ХХК нэхэмжлэгч Ш ХХК-д холбогдуулан 82,282,304 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Т ХХК нь Ш" ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулж, Hyundai R520LC-9vS маркийн **** дугаартай экскаваторын молдок, экскаватор базагчийг операторын хамт түрээслэхээр тохирсон.
Түрээсийн төлбөр нь 30 хоногийн 60,000,000 төгрөг ба түрээсийн техник нь өндөр хүчин чадалтай ажиллах боломжтой учраас түрээсийн төлбөрийг харьцангуй өндөр үнээр тохирч түрээсэлсэн.
Түрээсийн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатай байсан боловч тухайн техник нь 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 19 хоногт 8,186.4 тонн, 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 12 хоногт 2,335.05 тонн, нийт 31 хоног ажиллахад дөнгөж 10,521.45 тонн шохойн чулуу ачсан байна.
Манай байгууллага ерөнхий нийлүүлэгч болох М ХХК-тай сард 55000 м.куб буюу 108,000 тонн шохойн чулуу нийлүүлэх гэрээтэй учраас хүчин чадал сайтай техникийг өндөр үнээр түрээсэлж ажиллуулсан.
Гэтэл түрээсэлсэн техник нь 1 хутгалтаар 3 м.куб буюу 6 тонн, 1 цагт 19 тонн бүтээгдэхүүн ачих хүчин чадалтай атал тухайн техник нь 1 цагт ажиллах ажлыг 10 цагт хийж гүйцэтгэсэн байна.
Гэвч уг техникийн хүчин чадлаар багаар бодоход 1 цагт 60 удаа буюу 360 тонн ачилт хийх ёстой. Тэгэхээр 1 өдөр 10 цагаар бодоход 3600 тонн бүтээгдэхүүн ачих ёстой. Тухайн үедээ түлшээ 100 хувь авч байсан. Үүнээс үүдэн манай байгууллагын бусад түрээсийн техникүүдэд түрээсийн төлбөрүүдийг өгөх, мөн түлшний зардал гээд бусад зардлууд хий гарсан. Уг асуудлыг манай захирал удаа дараа хэлж анхааруулж байсан ч тухайн техникээ бүрэн хэмжээнд ажиллуулахгүй байсан тул гэрээг хугацаанаас өмнө цуцалсан.
Түүнчлэн манай байгууллагын удирдлагыг хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байх хооронд түрээсийн тооцоог нягтлангуудтай бүтээлээр биш цагаар тооцоо нийлснийг захирлын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймээс Ш ХХК нь техникээ хүчин чадлын хэмжээнд ажиллуулаагүй, 1 цагт хийх ажлыг 10 цагт гүйцэтгэсэн хирнээ түрээсийн төлбөрөө бүтнээр авах санаа зорилготой, биднийг хохироосон байна.
Иймд манай байгууллагын зүгээс тухайн техникийг дагаад бусад түрээсийн техникүүдийн төлбөрт өгсөн:
1. 2 хово - 16,000,000 төгрөг,
2. 2 ковшны төлбөр - 30,000,000 төгрөг,
3. Тухайн байгууллагад өгсөн урьдчилгаа 20,000,000 төгрөг,
4. Ойролцоогоор шатахууны зардалд нийт 5878 тонн буюу 16,282,304.0 төгрөг, нийт 82,282,304 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
5. Нэхэмжлэгч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Бидний хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ-ний 3.1-т Техникийн хэрэгслийн түрээсийн төлбөр нь 30 хоногийн 60,000,000 төгрөг байх ба НӨАТ багтсан үнэ болно. гэж заасны дагуу түрээсийн төлбөрийг тохирсон.
Нэхэмжлэлдээ манай байгууллагын техник хэрэгслийг 1 цагт ажиллах ажлыг 10 цаг гүйцэтгэсэн гэх боловч энэ тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар гарган өгөөгүй. Мөн бидний хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээ-ээр цагт ажиллах хүчин чадлын талаар тохиролцсон зүйл байхгүй бөгөөд манай байгууллагын түрээсэлсэн техник хэрэгсэл нь хэвийн хүчин чадлаар ажилласан. Мөн манай байгууллага нь техник хэрэгслийн ажилласан өдрөөр тооцон Т ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Т ХХК-ийн иргэнтэй байгуулсан техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг манай байгууллага нь хариуцахгүй бөгөөд манай байгууллагаас 2 ховоны түрээсийн төлбөр 16,000,000 төгрөг, 2 ковшийн түрээсийн төлбөр 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Т ХХК нь түрээсийн гэрээгээр техник хэрэгсэл түрээсэлсэн бол гэрээгээр түрээсийн төлбөрийг төлөх үүрэг түрээслэгч талд үүснэ. Талуудын хоорондын гэрээний оролцогч бус байгууллагаас түрээсийн төлбөр шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэв манай байгууллагаас төлбөр шаардана гэх бол тухайн ажиллаж байх хугацаанд үүссэн гэм хорын (үйлдэл, эс үйлдэхүйн) хохирлыг шаардах ёстой атал өөрийн түрээсэлсэн техник хэрэгслийн түрээсийн төлбөрийг шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн 3 дах хэсэгт Тухайн байгууллагад өгсөн урьдчилгаа 20,000,000 төгрөг-ийг гаргуулж өгнө үү гэжээ. Т ХХК нь гэрээнээс татгалзаж байгаа эсэх, гэрээний хохирол шаардаж эсэх нь тодорхойгүй буюу нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 4 дэх хэсэгт "Ойролцоогоор шатахууны зардалд нийт 5878 тонн буюу 16,282,304 төгрөг-ийг гаргуулж өгнө үү гэжээ. Шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой боловч ойролцоогоор хэмээн нэхэмжлэл гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх шаардлагыг хангахгүй байна.
Ийнхүү Т ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй бөгөөд үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 459,160 төгрөг төлсөн баримт, Ш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.С, А.П нарт олгосон итгэмжлэл, Т ХХК, Ш ХХК нарын 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ, лавлагаа, механизмын гэрчилгээ, Т ХХК-ийн 2023 оны экскаваторын түрээсийн тооцоо, Т ХХК-ийн 2023 оны уурхайн түрээсийн тооцоо гэх баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагч Т ХХК-иас шүүхэд нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.М-д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Т ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 76 тоот албан бичиг, С.Г-н иргэний үнэмлэхийн хуулбар, * дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Ш ХХК-д 20,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Т ХХК-иас Ш ХХК-д 22,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Т ХХК-иас Г.М-д 22,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, Т ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот албан бичиг, Т ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот албан бичиг, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, механизмын гэрчилгээний хуулбар, Ч.Э-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 569,362 төгрөг төлсөн баримт, М ХХК, Т ХХК нарын байгуулсан гэрээ, Төлбөрийн баримт, М ХХК-ийн 2023 оны шохойн чулууны мэдээ, Т ХХК-ийн 2023 оны дизель түлш зарцуулалтын тайлан, Т ХХК, О.Б нарын байгуулсан Түрээсийн гэрээ, О.Б-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Т ХХК, С.М нарын 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээ, С.М-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, механизмын гэрчилгээний хуулбар, Т ХХК, Д.Т нарын байгуулсан Түрээсийн гэрээ, Д.Т-н иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, механизмын гэрчилгээний хуулбар, Т ХХК, О.Ө нарын байгуулсан Ковш түрээсийн гэрээ, О.Ө-ын иргэний үнэмлэхийн хуулбар, механизмын гэрчилгээний хуулбар, Т ХХК, С.Б нарын байгуулсан Түрээсийн гэрээ гэх баримтуудыг ирүүлсэн.
Хариуцагч Т ХХК-иас шүүхэд нотлох баримтаар: Э.А-д олгосон итгэмжлэл, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.П-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Ш ХХК нь хариуцагч Т ХХК, Т ХХК нартай түрээсийн гэрээ байгуулан Hyundai R520LC-9vS маркийн ****УР улсын дугаартай экскаваторын молдок SP121, экскаватор базагч операторуудыг 1 сарын 60,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулан ажиллуулсан. Тооцоо нийлсэн актаар Т ХХК нь 15,741,428.57 төгрөгийн, Т ХХК нь 42,000,000 төгрөгийг өр төлбөртэй гарсан. Мөн Ш ХХК нь техник хэрэгслийн тээвэрлэлтийн зардалд 2,500,000 төгрөг гаргасан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасны дагуу хариуцагч Т ХХК-иас 42,000,000 төгрөг, Т ХХК-иас 18,241,428 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
3. Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Бид ажлаа хурдан шуурхай хийх шаардлагатай байсан учраас Ш ХХК-ийн экскаваторын молдок, экскаватор базагчийг нэг сарын 60,000,000 төгрөгөөр буюу харьцангуй өндөр төлбөрөөр түрээсэлсэн. Гэвч түрээсэлсэн техникийн хувьд өндөр хүчин чадалтай гэсэн боловч хүчин чадлынхаа хэмжээнд хүрч ажиллаж чадаагүй, маш удаашралтай ажилласан. Түрээсийн гэрээ-ний 1.7-д зааснаар цагийн бүртгэлээр ажиллах цагтаа хүрч ажиллаагүй. Тооцоо нийлсэн актыг бүтээлээр биш цагаар тооцсон учраас хүлээн зөвшөөрөхгүй. Мөн техник ачиж явсан талаарх баримт байхгүй учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.
4. Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Ш ХХК-ийн түрээсэлсэн экскаваторын молдок, экскаватор базагч нь хүчин чадлынхаа хэмжээнд хүрч ажиллаж чадаагүй тул түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Тухайн техникүүд удаашралтай ажилласнаас шалтгаалж, дагаж явж буй техникүүдэд илүү зардал гаргасан. Иймд Ш ХХК-тай байгуулсан Түрээсийн гэрээ-ний 6.2-т зааснаар гэрээнээс учирсан хохирол, зардалд тооцож, хоёр ховоны төлбөр 16,000,000 төгрөг, хоёр ковшны төлбөр 30,000,000 төгрөг, Ш ХХК-д өгсөн урьдчилгаа 20,000,000 төгрөг, шатахууны зардалд ойролцоогоор 5878 тонн буюу 16,282,304.0 төгрөг, нийт 82,282,304 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.
5. Нэхэмжлэгч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Бид түрээсийн гэрээг бүтээлээр биш хоногоор тооцож, 30 хоногийн 60,000,000 төгрөгөөр түрээсэлсэн. Манай түрээсэлсэн техник хэрэгслүүдийг хүчин чадлынхаа хэмжээнд хүрч ажиллаагүй гэж дурдсан боловч энэ талаарх холбогдох баримтыг хавсаргаагүй. Мөн ямар үндэслэлээр бусад иргэдтэй байгуулсан түрээсийн төлбөр, урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөө нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Шатахууны зардлыг ойролцоогоор гэж тодорхойлсон нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх шаардлагад нийцэхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Т ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Hyundai R520LC-9vS маркийн **** УР улсын дугаартай экскаваторын молдок, SP121 дугаартай экскаваторын базагчийг операторын хамт 30 хоногийн 60,000,000 төгрөгөөр, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх7-12/
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд бичгээр байгуулсан дээрх гэрээ нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Ш ХХК нь түрээсийн гэрээний дагуу 2023 оны 8 дугаар сард 19 өдөр, 9 дүгээр сард 12 өдөр ажилласан болох нь Т ХХК, Ш ХХК нарын үйлдсэн түрээсийн тооцоо гэх баримт, Т ХХК-ийн дизель түлш зарцуулалтын тайлангаар тогтоогдож байна. /хх15/
Т ХХК нь дээрх гэрээний үүрэгт нэхэмжлэгчид 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримт, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан Т ХХК-ийн 2023 оны экскаваторын түрээсийн тооцоо гэх баримтаар Т ХХК нь 42,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсныг хоёр байгууллагын нягтлан бодогч баталгаажуулсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх32/
Хариуцагч Т ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Ш ХХК-ийн түрээсэлсэн техник хүчин чадлынхаа хэмжээнд хүрч ажиллаагүй гэж маргасан боловч талуудын байгуулсан түрээсийн гэрээнд техникийн ажиллах хүчин чадлын хэмжээг заагаагүй, дээрх нөхцөл байдлаас шалтгаалан гэрээг хугацаанаас өмнө цуцалсныг нотолсон баримтгүйн дээр хариуцагч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Түүнчлэн, гэрээний 1.6-д Энэхүү гэрээний дагуу техник хэрэгслээр хийж гүйцэтгэх ажлын хамрах хүрээ нь түрээслэгчийн хэрэгцээгээр тодорхойлогдох бөгөөд ажлын хамрах хүрээ, орон зайн байршлыг түрээслэгч өөрийн хэрэгцээгээр тодорхойлж, шаардлагатай газарт ажил гүйцэтгүүлэх буюу техник хэрэгслийг ашиглана., 4.2-т зааснаар түрээслэгч нь Гэрээгээр ажиллах техник хэрэгсэлд ажил эхлэх, дуусах цаг болон өдөр бүрийн ажлын маршрут чиглэлийг гаргаж, зааварчилгаа өгч байх үүрэгтэй гэж зааснаас дүгнэхэд хариуцагч Т ХХК-ийг Hyundai R520LC-9vS маркийн **** УР улсын дугаартай экскаваторын молдок, SP121 дугаартай экскаваторын базагчийн гүйцэтгэх ажлын цар хүрээ, ажил эхлэх, дуусах цагийг өөрсдөө тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Т ХХК-иас 2023 оны 8 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 18,000,000 төгрөг, 2023 оны 9 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр 24,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгох үндэслэлтэй.
7. Т ХХК-ийн хувьд Ш ХХК-тай түрээсийн гэрээ байгуулан ажиллуулсан үйл баримтад маргаагүй. Т ХХК-иас 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 22,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 22,000,000 төгрөгийг Ш ХХК-д шилжүүлж, 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, * тоот хаягт байрлах, 30,4 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 88,160,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г-н өмчлөлд шилжүүлж, 15,741,428.57 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Т ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 76 тоот албан бичиг, Т ХХК-ийн 2023 оны уурхайн түрээсийн тооцоо гэх баримтаар тогтоогдсон. /хх29, 33-34/
Хариуцагч Т ХХК-иас Түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. гэх тайлбар гаргасан боловч хоёр байгууллагын нягтлан бодогчийн баталгаажуулсан Т ХХК-ийн 2023 оны уурхайн түрээсийн тооцоо гэх баримтад дурдсан 15,741,428.57 төгрөгийг төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй.
Иймд Т ХХК-иас 15,741,428.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгох үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч Ш ХХК-ийн зүгээс техник хэрэгслийн тээвэрлэлтийн зардалд 2,500,000 төгрөгийг Т ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн боловч Hyundai R520LC-9vS маркийн **** УР улсын дугаартай экскаваторын молдок, SP121 дугаартай экскаваторын базагчийг 2,500,000 төгрөгөөр тээвэрлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
8. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч Ш ХХК-д холбогдуулан 82,282,304 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж, талуудын хооронд байгуулсан Түрээсийн гэрээ-ний 6.2-т Талууд энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нөгөө талд хохирол учруулсан бол биелүүлээгүй тал нөгөө талд учирсан бүх хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. гэж тус тус заажээ.
Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ш ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдоогүй, хариуцагч Т ХХК-ийн иргэдтэй байгуулсан гэрээний төлбөрт төлсөн төлбөр, техник хэрэгслүүдэд зарцуулсан шатахууны зардлыг Ш ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас Т ХХК-д учирсан хохирол, зардал гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн Ш ХХК-тай байгуулсан Түрээсийн гэрээ-ний урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр буцаан гаргуулахаар шаардсан нь тодорхойгүй тул Ш ХХК-иас 82,282,304 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Дээрх үндэслэлээр хариуцагч хариуцагч Т ХХК-иас 42,000,000 төгрөг, хариуцагч Т ХХК-иас 15,741,428.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,500,000 төгрөгт холбогдох хэсэг болон Ш ХХК-иас 82,282,304 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 42,000,000 төгрөг, хариуцагч Т ХХК-иас 15,741,428.57 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул Ш ХХК-иас 82,282,304 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459,160 төгрөг, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596,362 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 446,657 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ