Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ2016/00790 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2016/00790
Л.Мандал нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/01075 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 787 дугаар магадлалтай,
Л.Мандал нарын нэхэмжлэлтэй
Б.Одгэрэлд холбогдох,
Цахилгааны дэд станцын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхтөрийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Мандал, өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.
Нэхэмжлэгч Л.Мандал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн, Б.Одгэрэл бид нар 2000 онд Сүхбаатар дүүрэгт газар аваад хамтран техникийн нөхцөлийн дагуу зардлаа тэнцүү хуваан Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд цахилгааны дэд станцыг барьсан бөгөөд 2003, 2009 онуудад цахилгаан хүрэлцэхгүй байна гэсэн үндэслэлээр дэд станцыг өргөтгөж, зардлаа тэнцүү гаргасан. Иргэн Б.Одгэрэл нь 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр цахилгааны хэрэглээ хүрэлцэхгүй байна гэсэн шалтгаанаар дээр дурдсан бидний дундын өмчлөлд байгаа дэд станцаас Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн бид хэдэн айлын цахилгааныг тасалсан. Энэ тухай Яргайт дахь Цахилгаан түгээх төвд хандахад Б.Одгэрэл нь анх цахилгааны техникийн зөвшөөрөл авах хүсэлтээ өөрийн нэр дээр гаргаж, зөвшөөрөл авсан, энэ хүний хувийн өмч тул гомдлоо шүүхэд гарга гэсэн хариу өгсөн. Б.Одгэрэл нь дээр дурдсан хамтын хөрөнгөөр барьсан цахилгааны дэд станцыг бидний зөвшөөрөлгүйгээр өөрийн нэр дээр баталгаажуулж авсныг олж мэдлээ. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй. Хариуцагч нь биднийг хөрөнгө оруулалт хийснийг нотлох баримт хэрэгт өгөөгүй гэж ярьдаг боловч хавтаст хэргийн 88 дугаар талд биднээс мөнгө авч байснаа Б.Одгэрэл өөрөө хүлээн зөвшөөрсөн баримт байгаа. Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд цахилгааны дэд станц нь Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн Б.Одгэрэл нарын хамтран өмчлөх дундын өмчлөлийн зүйл тул станцын дундын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Трансформатор буюу цахилгаан станц нь Б.Одгэрэлийн өмчлөлийн зүйл гэдгийг мөн нотлох баримт хэрэгт байхгүй. Цахилгаан түгээх сүлжээ компанийн тодорхойлолт өмчлөх эрхийг гэрчлэхгүй. Түүнчлэн уг трансформатор нь Б.Одгэрэлийн газар дээр биш нийтийн эзэмшлийн талбайд байгаа. Мөн хавтаст хэрэгт авагдсан төлбөр төлж байсан баримт болон дундын өмч биш байсан бол Л.Мандал нарт ашиглуулахгүй байсан нөхцөл байдлыг мөн анхаарч үзнэ үү. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд заасан үндэслэлээр өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар энэ асуудлаар 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Эдгээр хүмүүс 2003-2004 онд газраа тасалж авсан. Байшингаа барьж амжаагүй байхад дэд станцад хөрөнгө оруулалт хийнэ гэж байхгүй. Нэхэмжлэгч нарын яриад байгаа 2000 оны дэд станц нь одоо байхгүй болсон. Цахилгааны дэд станц гэдэг нь трансформаторыг хэлж байгаа. 2000 оны трансформатор одоо байхгүй. Учир нь трансформаторын хүчин чадлыг өргөтгөж байгаа тохиолдолд ямар нэг эд ангийг нь солих биш бүтнээр нь солих шаардлагатай. Одоо өөр трансформатор ажиллаж байгаа. 2000 оны трансформаторт нэхэмжлэгч нарыг хөрөнгө оруулалт хийснийг нотлох ямар ч баримт хэрэгт байхгүй, уг трансформатор одоо байхгүй, солигдон шинэчлэгдсэн шинэ трансформаторт эдгээр хүмүүсийг хөрөнгө оруулсныг нотлох баримт мөн хэрэг байхгүй. Түүнчлэн 2000 онд трансформатор байрлуулах үед эдгээр нэхэмжлэгч нар байшингаа ч бариагүй, газраа ч эзэмшээгүй байсныг мөн харгалзаж үзэх нь зүйтэй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/01075 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Баянбулагийн зусланд цахилгааны дэд станц буюу трансформаторыг Б.Одгэрэлийн хамт дундаа хамтран өмчилдөг болохоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 787 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/01075 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхтөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 787 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дор дурдсан үндэслэлүүдээр бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянах хэсэгт “...Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор “Баянбулагийн зуслан дахь нийтийн эзэмшлийн дэд бүтцийн байгууламж, тохижилтод оруулах хөрөнгө оруулалт” гэсэн баримт цахилгааны трансформаторын эд ангийн нэр бичигдсэн зарлагын падааныг гаргаж, Б.Ганбатыг шүүхэд гэрчээр асуулгасан ба дурдсан баримтууд, гэрчийн мэдүүлэг нь цахилгааны трансформатор барихад нэхэмжлэгч нараас хөрөнгө оруулсныг хөдөлбөргүй нотлохгүй, цахилгааны трансформатор солих гэсэн хэсэгт 170.000 төгрөг бичигдсэн ч уг төлбөрийг нэхэмжлэгч төлсөн тухай тэмдэглэлгүй, цахилгаан гэсэн хэсэгт 700.000 төгрөг төлсөн байгааг трансформаторын үнэ төлсөн гэж тодорхойлоогүй, огноо бичигдээгүй, гэрч Б.Ганбат нь нэхэмжлэгч Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн нараас трансформаторт хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг тодорхой мэдүүлээгүй, энэ талаар хэрэгт өөр баримт авагдаагүй тул нэхэмжлэгч нарыг трансформаторт хөрөнгө оруулсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.” гэжээ. Хариуцагч Б.Одгэрэл нь хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан “Баянбулагийн зуслан дахь нийтийн эзэмшлийн дэд бүтцийн байгууламж, тохижилтод оруулах хөрөнгө оруулалт” гэсэн баримт дээр гарын үсэг зурсан, иргэн Б.Мандалаас мөнгө авсан, өөрөө гараараа бичиж өгсөн гэдгээ мөн зөвшөөрдөг. Мөн гэрч Б.Ганбат нь цахилгааны трансформаторыг нэхэмжлэгч нар хамтран хөрөнгө оруулалт хийж бий болгосон, түүний дэд бүтцийг сайжруулах зорилгоор айлуудаас мөнгө авч хамтран сайжруулдаг байсан гэсэн мэдүүлэг өгсөөр байхад шүүх үүнийг үнэлж үзэлгүй, эргэлзээтэй байна гэж үндэслэлгүй дүгнэж үзлээ.
2. Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянах хэсэгт “...Хэргийн баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт 1 заасан нотлох үүргийнхээ хүрээнд нотлоогүй байна. Иймд нэхэмжлэгч нарын цахилгааны трансформаторыг барихад хөрөнгөө оруулж, хэлцлийн үндсэн дээр дундын эд хөрөнгө бий болгосноо баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх үүсээгүй бөгөөд шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн зөв дүгнэсэн байна.” гэжээ. Нэхэмжлэгч Б.Мандал тухайн үед Б.Одгэрэлээс трансформаторт хөрөнгө оруулсанаа нотлох баримт нэхэхээр та бүхнээс авсан мөнгөөр ийм ийм хэрэгслүүд авсан гээд эдгээр зарлагын падаануудыг өгсөн байдаг. Б.Мандал үүнийг нотлох баримтаар гаргаж өгдөг харин хариуцагч Б.Одгэрэл үүнийг үгүйсгэж чаддаггүй байхад шүүх үнэлж үзсэнгүй. Мөн гэрчийн мэдүүлгээр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд ашиглагдаж буй трансформаторт 2003, 2009 онуудад тус тус шинэтгэл хийгдэж байсан ба тухай бүрд нь нэхэмжлэгч нараас мөнгө авч шинэчилж байсан гэдэг нь нотлогддог. Мөн уг трансформаторыг бүрэн солиогүй, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зорилгоор эд ангийг нь сольдог байсан гэсэн мэдүүлэг өгсөн байхад шүүх нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлээ. Үүнийг хариуцагч бас баримтаар үгүйсгэж чаддаггүй.
Түүнчлэн хариуцагчийн зүгээс ч Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд ашиглагдаж буй трансформатортыг өөрийн өмч гэдгийг бас нотолж чаддаггүй, нэхэмжлэгч нар уг трансформатортыг хамтран хөрөнгө оруулалт хийж өнөөдрийг хүртэл ашиглаж ирсэн байдлаар дундын өмч гэдэг нь давхар нотлогдож байхад шүүх үүн дээр хангалттай үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Б.Одгэрэл нь бидний цахилгааныг тасалсан, ...цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.
“Улаанбаатар цахилгаан шугам сүлжээ” ХК-иас “DHL” ХХК-д 2000 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг Баянбулагийн аманд байрлах аялал жуулчлалын баазын цахилгаан хангамжид 0.4 кв талдаа 3 фазын баталгаат тоолуур 100 ква чадалтай трансформатор бүхий АТП суурилуулах, АТП-г Яргайт дах дэд станц Хандгайт фидерийн төгсгөлийн 2 дах тулгуураас шинээр хуурай салгуур бүхий анкер зангидаж агаарын шугам татаж тэжээх техникийн нөхцөл олгосон байх ба нэхэмжлэгч нар уг трансформаторыг хамтран барьсан гэж маргажээ.
Зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхийн тулд тэдгээрийн хооронд хэдийд ямар гэрээ хэлцэл хэрхэн байгуулагдсан, гэрээний гол нөхцлүүд, гэрээний хэлбэр зэрэгт шүүх дүгнэлт өгөх шаардлагатай.
Хавтаст хэргийн 86-88 дугаар талд авагдсан зарлагын баримтад худалдан авсан бараа материалын тоо хэмжээ, нэр, үнэ бичигдсэн, мөн Баянбулагийн зуслан дах дэд бүтцэд Л.Мандалын оруулсан хөрөнгө оруулалтыг нэрлэн, үнийг тодорхойлсон байх ба уг баримтыг хариуцагч үгүйсгээгүй байна.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нар ...зуслангийн дэд бүтцийг хамтран хөрөнгө оруулж, суурилуулах талаар амаар тохиролцон Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасны дагуу хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзэх үндэстэй гэж дүгнэсэн атлаа “...зарлагын падааны агуулгаар хөрөнгө оруулсан нь тогтоогдохгүй байна” гэсэн нь ойлгомжгүй болжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “...2000 оны дэд станц байхгүй болсон, одоо өөр трансформатор ажиллаж байгаа” гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
“DHL” ХХК болон “Эрчимт оч” ХХК-ийн хооронд 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээнээс /хэргийн 89-90 дүгээр тал/ үзэхэд 2000 оны 2/282 тоот техникийн нөхцөлийг үндэслэн хүчин чадлаа нэмэх зорилгоор 25КВа чадалтай трансформатор бүхий АТП барьж суурилуулахаар тохиролцсон байх ба уг гэрээ хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын 2000 онд хөрөнгө оруулж барьсан гэх трансформатор бодитоор байгаа эсэх, одоо байгаа трансформатор хэдийд, хэнд олгосон техникийн нөхцөлийг үндэслэн баригдсан эсэх нь тодорхой бус байна.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Б.Одгэрэлийг татсан боловч маргааны зүйл болж буй трансформаторыг барих техникийн нөхцөл “DHL” ХХК-д олгогдсон бөгөөд хариуцагч нь тус компанийн төлөөлөх эрхтэй эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
Маргааны зүйл болж буй трансформатор хэний эзэмшлийн газар дээр байгаа, хэний хөрөнгөөр анх баригдаж, хэзээ хэн засан сайжруулалт хийсэн, техникийн нөхцөл болон зөвшөөрлийг хаанаас хэзээ олгосон, эдгээр нь хүчинтэй эсэхийг харгалзан Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.1, 119.2, 120 дугаар зүйл, 476 дугаар зүйлд заасан үндэслэлээр өмчлөгчийг тодорхойлох ба шүүх энэ талаар ямар нэг дүгнэлт хийгээгүй нь зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нар хэрэглэгчийн хувьд цахилгаанаар хангагдахыг хүсч байгаа эсвэл трансформаторыг өөрсдөө эсхүл Б.Одгэрэлийн хамт өмчлөхөөр шаардаж байгаа эсэх нь тодорхой бус байхад шүүх тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчсөн гэж үзнэ.
Хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, мөн хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус байхад хэрэгт байгаа баримтыг үнэлэх, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлалын талаар дүгнэлт хийх боломжгүй юм.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/01075 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 787 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ