Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 26

 

        Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Нэхэмжлэгч: Шарнууд овогт Лхагвагийн Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй,  

       Хариуцагч: Халхгол сумын Засаг даргад холбогдох, 

      Нэхэмжлэлийн шаардлага: “Ажлаас чөлөөлөх тухай” Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинг гаргуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Энх-Амгалан, хариуцагч Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Л.Энх-Амгалан шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сумын Засаг даргын орлогчоор 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар томилогдон ажилласан. Ажиллах хугацаандаа албан үүрэгтээ хайнга хандаж, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж байсан. Сумын Засаг дарга ажлаас чөлөөлөгдсөн тул миний бие 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Засаг дарга шүүхийн шийдвэрээр ажилдаа томилогдож, ажлаа хүлээлцсэн. 2016 оны 05 дугаар сарын 16-нд шуурхай хуралдаан тараад өрөөндөө дуудаж, хамтарч ажиллаж чадахгүй, халагдах өргөдлөө өг гэсэн. Би өргөдлөө өгч чадахгүй ээ, үндэслэлээ гаргаад ажлаас халах шийдвэрээ гаргаарай гэж хэлээд гарсан. Учир нь миний хувьд Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг хийх явцдаа алдаа гаргаагүй, гамшиг осол гэх мэт хүнд үед ажиллаж ирсэн. Ажлаа танилцуулах тухай биш шууд л ажлаас чөлөөлөх тухай ярьсан нь цаанаа улс төрийн агуулгатай байсан. Ингээд Засаг дарга намайг ажлаас халах янз бүрийн арга хайж, миний алдаа дутагдлыг олох гэж нилээн хэд хоносны эцэст намайг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамжид заасанчлан эрх мэдлээ хэтрүүлэн хайрга, чулуу, газар олгосон зүйл байхгүй. Засгийн газрын тогтоолын дагуу орон нутагт зам тавьж байгаа аж ахуйн нэгжид хайрга, чулуу олгосон. Мөн сумын ИТХ-ын тогтоолын дагуу газрын байршил өөрчилсөн. 2015 оны 12 дугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ барга зүүн хошууны урилгаар сумын ИТХ-ын даргаар ахлуулсан байгууллагын дарга, эрхлэгч нарын бүрэлдэхүүнд орж, албан айлчлал хийсэн. Эдгээр нь сум, орон нутгийн ажлыг шуурхай, түргэн явуулах, ард иргэдэд хэрэгтэй, сумын хөгжилд нэмэр болох шийдвэрүүд байсан. Иймд Халхгол сумын Засаг даргын хууль зүйн үндэслэлгүй, улсын төрийн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн 2016 оны Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

        Хариуцагч Халхгол сумын Засаг дарга В.Мөнхтайван шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Халхгол сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 тоот захирамжаар Л.Энх-Амгаланг сумын Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө МУЗЗНДНТУТХ-ийн 31.1.2-т заасны сумын ИТХ-ын дарга Ц.Сүхбаатарт 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/178 тоот албан бичгээр зөвшилцөх саналаа хүргүүлж, эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрүүдийг нь үндэслэн чөлөөлсөн болно. Л.Энх-Амгалан нь 2015 оны 12 дугаар сард дээд шатны дарга, байгууллагын зөвшөөрөлгүйгээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга Зүүн хошуунд албан байгууллагын дарга, эрхлэгч нарыг дагуулан ажлын айлчлал зохион байгуулан орон нутгийн өмнөөс Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2013 оны А/103 дугаар захирамжийг зөрчин санамж бичиг байгуулсанд арга хэмжээ авахыг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга 2016.05.16-ны өдрийн 3/792 дугаар албан бичгээр ирүүлсэн. ... 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт 2014 оны сумын ИТХ-ын 47 дугаар тогтоолыг үндэслэн “Газрын байршил шилжүүлэх тухай” 2016 оны А/26 дугаар захирамжийг гаргасан байна... “Ашигт малтмал ашиглуулах зөвшөөрөл олгох тухай” 2016 оны А/37, А/38 дугаар захирамжууд нь хууль зөрчсөн бөгөөд 2016 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-д тусгагдаагүй газар сумын ИТХ-ын шийдвэргүйгээр замын ажилд зориулан аж ахуйн нэгжийн зөвшөөрөлтэй газарт давхацуулан газрын хэвлий ашиглах эрх олгож, маргаан үүсгэсэн... 2016 оны 6 сард Зам, тээврийн яам, аймгийн Засаг дарга, сумын ИТХ-д замын ажилд хайрга, чулууг хууль, журмын дагуу олгоход шаардлагатай шийдвэрүүдийг хүссэнээр Засгийн газрын 2016 оны 305 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны А/272 тоот захирамж, сумын ИТХ-ын 2016 оны 83 дугаар тогтоолууд гарч хайрга, чулууг хууль журмын дагуу олгосон болно... Л.Энх-Амгалангийн гаргасан шийдвэрүүд нь хууль, журам зөрчсөнөөс байгууллагуудын дунд маргаан, зөрчил үүсгэж, иргэдийн эсэргүүцэл, уур бухимдлыг дэвэргэж байсан, ажилдаа олон хоног ирэхгүй чимээ сураггүй алга болсон, сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2016.05.24-ний өдөр хуралдсан ч Засаг даргын орлогчийг чөлөөлөх саналыг хэлэлцээгүй тул ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Иймд Л.Энх-Амгалангийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Халхгол сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Энх-Амгаланг сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлжээ. Халхгол сумын Засаг дарга нь Л.Энх-Амгаланг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэргүйгээр аж ахуйн нэгжийн зөвшөөрөлтэй газарт давхцуулан хайрга, чулууны зөвшөөрөл олгосон, дээд шатны байгууллагын шийдвэрийг зөрчин зөвшөөрөлгүй гадаад улсад 4 хоног ажиллаж, санамж бичиг байгуулсан зэрэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч үүнийг эс зөвшөөрч, Халхгол сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинг гаргуулж, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгохыг хүссэн.

      Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар төрийн албан тушаалыг улс төрийн, захиргааны, үйлчилгээний, тусгай албан тушаал хэмээн дөрөв ангилдаг. Энэ ангиллын дагуу Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12-т зааснаар сумын Засаг даргын орлогчийн албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаардаг. Мөн Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны албан тушаал хамаарна гэж тодорхойлжээ. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн албан хаагчийн баталгааг дээрх албан тушаалын ангиллаас хамааруулан ялгавартай байдлаар зохицуулсан байна. Тодруулбал: Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт төрийн албан хаагчдын эдлэх нийтлэг баталгааг заасан бол 27.2 дахь хэсэгт төрийн жинхэнэ албан хаагч буюу төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчийн эдлэх нэмэгдэл баталгааг зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан “төрийн албанаас халагдахгүй байх” нэмэгдэл баталгааг улс төрийн албан тушаалтан болох сумын Засаг даргын орлогч эдлэхээргүй байна.

       Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтооно ...” гэж зааснаар  сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд томилох, чөлөөлөх журмыг гагцхүү Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмаар зохицуулсан бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан журмыг хэрэглэхгүй. Тухайлбал: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх бүрэн эрхийг сумын Засаг дарга эдлэнэ.” гэж заажээ.  Энэ нь сумын Засаг даргын орлогчийг албан тушаалаас чөлөөлөх, томилох хуулиар тогтоосон журам болох бөгөөд үүнээс өөр хуулиар тогтоосон журам, шаардлага байхгүй байна. Ийм учраас шүүх Л.Энх-Амгаланг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэргүйгээр аж ахуйн нэгжийн зөвшөөрөлтэй газарт давхцуулан хайрга, чулууны зөвшөөрөл олгосон, дээд шатны байгууллагын шийдвэрийг зөрчин зөвшөөрөлгүй гадаад улсад 4 хоног ажиллаж, санамж бичиг байгуулсан зэрэг шалтгаанаар ажлаас чөлөөлсөн асуудлыг нарийвчлан шалгаж, хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй. Гагцхүү түүнийг ажлаас чөлөөлөхдөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн эсэхийг шалгаж үзэхэд Халхгол сумын Засаг дарга нь тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн болох нь Халхгол сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/178 дугаар албан бичиг, Халхгол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаар албан бичиг, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч Л.Энх-Амгалангийн ““Ажлаас чөлөөлөх тухай” Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинг гаргуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргад холбогдох, нэхэмжлэгч Л.Энх-Амгалангийн ““Ажлаас чөлөөлөх тухай” Дорнод аймгийн Халхгол сумын Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинг гаргуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Энх-Амгалангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.ОЮУНТУНГАЛАГ