| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/04079/И |
| Дугаар | 182/ШШ2024/03161 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 182/ШШ2024/03161
2024 07 25 182/ШШ2024/03161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: .....-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Л. Н
Гэрч Д.Батдорж, Т.Монголмаа.
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Наранмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.На ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1 Л.На миний бие Улаанбаатар хотын нийтийн хоол үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа 7-р гуанзны баншны кафе мөн Богдхангай зоогийн газарт тус тус угаагч, зөөгчөөр 1987 оны 7 дугаар сарын 01 ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажилласан билээ.
Иймд хөдөлмөрийн дэвтэр олдохгүй орсон гарсан тушаал бичигдээгүй. Нийтийн хоолны трестэд ажиллаж байсан талаар баримт шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна . Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.
Иймд намайг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 7-р гуанзны баншны кафе мөн Богдхангай зоогийн газарт тус тус угаагч, зөөгчөөр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/
2.2 Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-4/
2.3 Төв архивын тодорхойлолт /хх-5/
2.4 7 дугаар гуанзны цалин олгосон хүснэгт хуулбар /хх-6-8/
2.5 Банш кафе цалин олгосон хүснэгт хуулбар /хх-9/
2.6 7дугаар гуанзны даргын тушаал /хх-10-11/
2.7 Богдхангай компанийн захирлын тушаал /хх-12-13/
3. Шүүх гэрч Д.Батдорж, Т.Монголмаа нараас 2024 оны 07 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Л.На нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэвэр тогтоолгох зорилготой, хөдөлмөрийн дэвтэр ажилд орсон, гарсан тушаал байхгүй, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 7-р гуанзны баншны кафе мөн Богд хангай зоогийн газарт тус тус угаагч, зөөгчөөр ажиллаж байсныг тогтоолгоно гэжээ.
2.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.1 Хүсэлт гаргагч Л.На нь 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Нийтийн хоолны үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа 7 дугаар гуанз /Богдхангай ХК/-д угаагч, зөөгчөөр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, даргын тушаалууд, урьдчилгаа цалин тавьж олгох хүсэлт, гэрч Д.Батдорж, Т.Монголмаа нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
2.2 Хэрэгт авагдсан Улаанбаатар хотын Нийтийн хоолны үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа 7 дугаар гуанзны 1987-1990 оны Урьдчилгаа цалин тавьж олгох хүснэгт, 7 дугаар гуанзны даргын 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаартай Цэг салбарын харьяаллыг өөрчлөх ажилчдыг шилжүүлэн ажиллуулах тухай тушаал зэргээс үзвэл хүсэлт гаргагч Л.Наийг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Нийтийн хоолны үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа 7 дугаар гуанзанд угаагчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх Нийтийн хоолны үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа 7 дугаар гуанзны даргын 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаартай тушаал, түүний хавсралт, Богд хангай ХК-ийн захирлын 1996 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн тушаал, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгийг харьцуулан үзвэл 7 дугаар гуанзанд угаагчийн ажил, албан тушаалд ажиллаж байсан Л.Наийг Богд хангай ХК-д шилжүүлж, Богд Хангай ХК-аас түүний хүсэлтийг үндэслэн 1996 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн угаагчаас өөр ажил, албан тушаалд буюу зөөгчөөр ажиллуулахаар шийдвэрлэсэн гэж үзлээ.
2.3 Дээр дурдсан үйл баримтуудын талаар гэрч Т.Монголмаа нь ... Би 1990 онд баншны кафед ажилд орсон. Тэнд жил гаруй ажиллаад Богд хангай ХК руу шилжсэн. Намайг 1990 онд ажилд ороход Л.На баншны кафед угаагчаар ажилладаг байсан. Богд хангай ХК-д бас угаагчаар ажилласан. Тэгээд би 1996 онд декритээ аваад явахад Л.На ажиллаж үлдсэн... гэж,
Гэрч Д.Батдорж ...1987 оноос 1996 он хүртэл ажиллаад Богд хангай зоогийн газар руу шилжсэн. Баншны кафе, Богд хангай хоёр нь цуг нийтийн хоолны 7 дугаар трест гээд нэг систем байсан юм байна лээ. 1987 оноос хойш бол баншны кафед ажиллаж байгаад яг тодорхой санахгүй байна, 1996 оноос Богд хангай зоогийн газарт 2001 он хүртэл ажиллаж байгаад тэр газар нь дампуурсан тус тус мэдүүлж байна.
Мөн Т.Монголмаагийн ажиллаж байсан байдалтай холбоотой хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн зүйлийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Хүсэлт гаргагч Л.Наийн ажиллаж байсан байдалтай холбоотой баримт архивт бүрэн хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Үндэсний төв архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Л.Наийн 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болсон байна.
4. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, Л.Наийг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Нийтийн хоолны үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа 7 дугаар гуанз /Богд хангай ХК/-д угаагч, зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Хүсэлт гаргагчаас 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргаж, ажилласан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн гэж тайлбарласан.
Хүсэлт гаргагч нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг нотлох лавлагаа хэрэгт авагдсан боловч 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны ажиллаж байсан байдалтай холбоотойгоор Нийгмийн даатгалын байгууллагад хандсан эсэх нь тодорхойгүй, түүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Л.Наийн хүсэлттэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хуулийн дээрх зохицуулалтад заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой үндэслэл тогтоогдож байх тул хүсэлтээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохтой холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
6. Л.Наийн хүсэлтийг шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Сартуул овогт Лхасүрэнгийн Наранчимэг /РД:УУ69082807/-ийг 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Нийтийн хоолны үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа 7 дугаар гуанз /Богд хангай ХК/-д угаагч, зөөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Сартуул овогт Лхасүрэнгийн Наранчимэг /РД:УУ69082807/-ийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохтой холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Л.Наийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ