| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2016000400017 |
| Дугаар | 2020/ДШМ/20 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | А.О |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2020/ДШМ/20
Т.Б, Г.Д, Р.М
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, шүүгч Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор А.О
Шүүгдэгч Р.М, Г.Д, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Д,
Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Б.А
Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Х.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар шүүгчийн захирамжийг прокурор А.О эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Р.М, Г.Д, Т.Б нарт холбогдох 2016000400017 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Р.М: 19 ... оны ... дүгээр сарын ... -ны өдөр төрсөн, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, малчин, Улаанбаатар хот, Сонгино хайрхан дүүрэг 21 дүгээр хороо 361-ийн гарамд оршин суух хаягтай, ДЭ............... регистрийн дугаартай, Ж овогтой Р.М.
Шүүгдэгч Г.Д: 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, ам бүл 5, боловсролгүй, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутай 2- ... тоотод оршин суух хаягтай, Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багт оршин суух хаягийн бүртгэлтэй, ДК................. регистрийн дугаартай, Х овогтой Г.Д.
Шүүгдэгч Т.Б: 19... оны ... дугаар сарын ... -ны өдөр төрсөн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 7- ... тоотод оршин суух хаягтай, ИУ.......... регистрийн дугаартай, Г овогтой Т.Б.
Яллагдагч Р.М, Г.Д, Т.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-наас 2020 оны 02 дугаар сарын 09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Дээд ихэр улаан” гэх нэртэй газраас хохирогч Ж.Н, Д.О нарын өмчлөлийн 6 тооны адууг бэлчээрээс хулгайлан авч 5.900.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Р.М, Х овогт Г.Д, Г овогт Т.Б нарт холбогдох 2016000400017 дугаартай эрүүгийн хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, Шүүгдэгч Р.М, Г.Д, Т.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүхийн шийдвэрийг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор А.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.О би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/88 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч танилцаад: Яллагдагч Р.М, Г.Д, Т.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-наас 2020 оны 02 дугаар сарын 09-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Дээд ихэр улаан” гэх нэртэй газраас хохирогч Ж.Н, Д.О нарын өмчлөлийн 6 тооны адууг бэлчээрээс хулгайлан авч 5.900.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Р.М, Г.Д, Т.Б нар нь бүлэглэн бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 27 дугаартай яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн 2016000400017 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/88 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь шүүгчийн захирамжийн хэргийг прокурорт буцаасан гол үндэслэл болох шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь ямар ч ойлгомжгүй буюу яллагдагч нар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн ял оногдуулах шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн адил үйлдсэн хэргийн талаараа үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа ойлгож ухамсарласан, өөрсдийн өмгөөлөгч нарын гаргасан хэвлэмэл хуудаст гарын үсгээ зурж хүсэл зоригоо илэрхийлсэн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг бүрэн хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн ойлгосон буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүгчийн захирамжид заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ял оногдуулах хурлыг зарлан хуралдуулна хэмээн хуульчилсан байхад гэм буруугийн шүүх хуралдаан явуулж прокурорын ялын саналыг хэлэлцэлгүй, зөвхөн гэм буруугийн дүгнэлт гаргуулан шүүх хуралдааныг завсарлуулж хэргийг прокурорт буцаах захирамж гаргахдаа хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаах тухай хуулийн зүйл, хэсгийг баримталсан нь ойлгомжгүй хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж дүгнэж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/88 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаж байна гэжээ.
Шүүгдэгч Г.Д-ийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал буюу тухайн этгээдүүд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй, хангагдаагүй байна гэж үзсэн. Үүнийг тайлбарлахдаа Т.Б нь манай найз хөдөөнөөс ирсэн. Хэдүүлээ хөдөө яваад ирье гэж хэлсэн. Тэгээд хөдөө явсан гэх мэдүүлгийг нь бичсэн байдаг. Үүнийг дүгнэхэд шүүгдэгч нар өмнөх үйл явдлаа дэлгэрүүлж ярьсныг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүх зэрэг бүхий л шатанд сайн дураараа хулгай хийсэн гэдэг үйлдлээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Өмнө нь мэдээгүй байж байгаад гэж ярьсан буюу нөгөө талаараа явган яриа ч гэдэг юм уу? Өмнөх үйл явдлаа дэлгэрүүлж ярьсныг нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Гол үндэслэл болсон баримт нь хавтаст хэргийн 175, 176 дугаар хуудаст байгаа Ж.Д, Х.Э нарын өмнөөс хэвлэмэл хуудас дээр хүсэлт бичсэн гэсэн үндэслэл байсан. Шүүгдэгч нар хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгчдийг сонгож авсан. Өмгөөлөгч нар үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхол, саналыг нь бичиж өгч, хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжтой. Т.Б, Г.Д нар нь бичиг үсгийн боловсрол багатай. Гэтэл өмгөөлөгч нь хүсэлтийг нь бичсэн, гарын үсэг зуруулсан гэж дүгнэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг ийм зүйлээр үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хэлэлцүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.
Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Х.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс захирамжийн үндэслэлдээ шүүгдэгч хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй гэж дурдсан. Хавтаст хэргийн 86-90 дүгээр хуудаст Т.Б-ийн яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө өөрөө сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэтэл ямар учраас гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх”, 4.2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх”, 4.5.гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх; гэж заасан. Гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн. Мөн хохирлоо нөхөн төлсөн. Цаашид төлөх ямар нэгэн хохирол байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. Үүний дагуу шүүх хуралдааныг хийсэн гэж ойлгож байгаа. Иймд прокурорын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 08 дугаартай эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаартай захирамжийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
Шүүгдэгч Р.М, Г.Д нарын өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан. Үүнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрх нь байгаа. Хуулиар зохицуулсан энэ журмын дагуу миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаа, прокурор болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа тодорхой мэдүүлдэг. Мөн хавтаст хэргийн материалын 170, 172 дугаар хуудаст хэргийн материалтай танилцаад гаргадаг хүсэлт байгаа. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үү? гэж асуусан байдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тэмдэглэлийг хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт дээр тодорхой дурдсан байдаг. Хэргийн материалтай танилцсаны дараа хэрэг прокурорт шилжсэн. Өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа хүнийхээ хүсэл зоригийн дагуу өмгөөллийг явуулдаг. Миний үйлчлүүлэгч Г.Дийн хувьд бичиг үсэг мэдэхгүй. Тухайн хүсэлтийг өмгөөлөгч бланк дээрээ бичсэн байдаг. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг үйлчлүүлэгч нартаа танилцуулсан. Танилцаад гарын үсгээ зурсан байдаг. Үүний дагуу прокурорт шилжсэн. Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хянасан. Хавтаст хэргийн материалын 177 дугаар хуудаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол байгаа. Тус тогтоолтой яллагдагч нарыг дуудаж танилцуулаад ямар эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохыг тайлбарлан өгсөн. Танилцуулсан тэмдэглэл дээр холбогдох хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан. Үүний дараа шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, хэргийг прокурорт буцаасан байдаг. Захирамждаа процессын алдаа гаргасан гэж дурдсан байгаа боловч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянан үзэж шийдвэр гаргах ёстой. Тухайн нөхцөл байдлуудыг хянан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааныг явуулах ёстой. Гэтэл эрх хэмжээгээ хэтрүүлэн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийн хүрээнд байхгүй 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт байхгүй зүйлийг дурдаж, хэргийг прокурорт буцаасан ойлгомжгүй. Хэргийн бодит байдалд нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй гэх дүгнэлтийг ямар нотлох баримтыг үндэслэн хийсэн нь ойлгомжгүй. Шүүх хуралдаанд ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсээр байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байна гэж дүгнэсэн. Миний зүгээс ойлгохдоо шүүхээс мал хулгайлах гэмт хэрэгт ялын бодлого чанга байх ёстой. Ингэж хялбаршуулсан журмаар тохиролцоод орж ирсэн нь ойлгомжгүй байна. Энэ хүмүүс ял авах ёстой гэдэг байдлаар прокурорын хэлснээр бөөс түүж хэргийг прокурорт буцаасан. Албадан ажил хийлгэх албадлагын арга хэмжээ нь ялын нэг төрөл. Нэгэнт хохирлоо төлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл бүрдсэн байхад анхан шатны шүүхээс үндэслэлгүйгээр үгүйсгэсэн ойлгомжгүй, хэргийн бодит байдалд нийцэээгүй, миний үйлчлүүлэгчдийн эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэжээ.
Шүүгдэгч Р.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо төлсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэжээ.
Шүүгдэгч Г.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүгдэгч Т.Б: давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокурор нь “яллагдагч нар мөрдөн байцаалтын шатнаас эхлэн ял оногдуулах шүүхийн хэлэлцүүлэгт ч хүртэл үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа ойлгож өөрсдийн өмгөөлөгч нарын гаргасан хэвлэмэл хуудаст гарын үсгээ зурж хүсэл зоригоо илэрхийлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэжээ.
Сэжигтэн, яллагдагч нь хэн нэгэн хөндлөнгийн хүний албадлага шахалтгүйгээр хэргийн үйл баримтын талаар нотлох баримтын ач холбогдолтой үнэн зөв мэдээлэл өгч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг бүрэн илрүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчилсөн тохиолдолд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж ялаас тодорхой хэмжээнд хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл болдог.
Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх бөгөөд шүүх бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах үүрэгтэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байх ёстой.
Шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогч нарын 6 тооны адууг хулгайлан хохирогчид баригдсан бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн завшөөрсөн боловч хэн нь ямар үйлдлээрээ нэгдэж, ямар үүрэгтэйгээр уг гэмт хэрэгт оролцсон талаараа зөрүүтэй, тодорхойгүй мэдүүлэг өгсөн бөгөөд хэргийн бусад нотлох баримтаар эдгээр байдал тогтоогдоогүй тул прокурорын саналын хүрээнд шүүхээс хэргийг шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт ялгамжтай эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэх боломжгүй болсон байна.
Түүнчлэн прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулж болно гэж заасны дагуу анхан шатны шүүх ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан явуулсан атлаа шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж ойлгомжгүй, хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин гуравдугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй байхаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл шүүх энэ тохиолдолд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх, зэрэг нөхцөл байдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр зохицуулсан байх бөгөөд дээрх нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаахаар заасан.
Тиймээс анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах үндэслэлгүй тул дээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болох боловч ингэхдээ прокурорт даруй мэдэгдэж, ажиллагаа дууссанаас хойш 24 цагийн дотор тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлэхээр заасан байна.
Гэтэл мөрдөгч 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Р.М-өөс түүний жолооны үнэмлэх, 08- ... ӨВР улсын дугаартай цагаан өнгийн Киа рино маркийн ачааны автомашин, уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээ, ширээтэй гурвалжин тамгатай халтар морь, хээр морь, хүрэн морь, чандмань тамгатай халтар морь, онгин тамгатай хүрэн гүү, хан боогч тамгатай хүрэнгүү зэргийг, Г.Д-оос Хятад улсад үйлдвэрлэгдсэн, өнгө үзэмж сайтай, улсын дугааргүй, Мустанг-200 маркийн мотоциклыг хураан авахдаа прокурорын зөвшөөрөлгүй хураан авсан байх бөгөөд уг ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг нотлох баримт, тайлбарыг бичгээр прокурорт хүргүүлсэн эсэх нь тодорхойгүйн дээр прокурор 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоол гаргахдаа Г.Д-оос Хятад улсад үйлдвэрлэгдсэн, өнгө үзэмж сайтай, улсын дугааргүй, Мустанг-200 маркийн мотоциклийг хураан авах ажиллагааг хүчинтэй эсэхийг шийдвэрлээгүй байна.
Мөрдөгч, прокурор нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг баримтлаагүй тохиолдолд уг нотлох баримт нь нотлох чадвараа алдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хураан авсан тээврийн хэрэгслийг шийдвэрлэх боломжийг алдагдуулж байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Р.М-өөс хураан авсан 08- ... ӨВР улсын дугаартай цагаан өнгийн Киа рино макийн авто машин нь худалдах худалдан авах гэрээний дагуу Р.М-ийн өмчлөлд шилжсэн эсэх талаар бодитой дүгнэлт хийж уг авто машины асуудлыг үндэслэлтэй шийдвэрлэх боломжтойг дурьдах нь зүйтэй.
Харин шүүгдэгч нар хавтаст хэргийн материалтай танилцахдаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа бичсэн байх бөгөөд өмгөөлөгч нарынхаа бичсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтэд танилцаж гарын үсэг зурсан нь шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан болохыг нь нотлож байна.
Шүүгдэгч Р.М нь 08- ... ӨВР Киа рино маркийн авто машины үнэлгээний тайлантай танилцаж гарын үсэг зурсан, түүний өмгөөлөгч үнэлгээг хүлээн зөвшөөрөхүй байгаа талаар шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд тусгасан, тухайн тэмдэглэлд Р.М нь мөн гарын үсэг зурсан байна.
Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас, хохирогч нарт 5 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд ерөнхий байдлаар бичсэн, шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг баримталж ял оногдуулах эсэх болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралт, ял оногдуулах санал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хүчинтэйд тооцох тогтоолд гаргасан тоо тооцооны техникийн шинжтэй алдаа зэргийг шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний явцад шүүх тогтоох, прокурор зохих журмын дагуу залруулах боломжтой гэж үзлээ.
Тиймээс прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг үндэслэлтэй болохыг дурдаж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 88 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж
ШҮҮГЧИД Ш.Б
Ч.Э