Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0682

 

 

 

 

 

   2023          09           13                                   128/ШШ2023/0682  

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: “О.....” ХХК  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О...

Хариуцагч: С...  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г, Т.М

Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/39.. дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.О..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э..., Д.Г..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У... нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “О...” ХХК нь Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/39... дугаар  мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1.Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас   2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зарласан “Ковш худалдан авах” ДУАОСЗДТГ/2023.... дугаар тендерт хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “О...” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрхийг олгож, гэрээ байгуулсан.

2.2.Уг тендертэй холбоотой “М...” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/39.... дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргад мэдэгдсэн.

2.3.Тус шүүх “О.....” ХХК-ийн гаргасан “Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/3907 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Сангийн яаманд холбогдуулан 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай “О.....” ХХК нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ДУ......... дугаартай “Ковш” худалдан авах тендер шалгаруулах ажиллагаанд оролцож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон дээрх тендерт заасан шалгуурын дагуу баримт материалаа бүрдүүлэн өгч, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ДУ........ дугаартай “Ковш” худалдан авах тендерт шалгарсан. Тендерт шалгаснаар бид хуулийн дагуу Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газарт тендерийн дагуу гэрээ байгуулах баримтаа бүрдүүлэн өгч, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ТБ ГБ22:ОНХС11 дугаар “Ковш худалдан авах ажил нийлүүлэх” гэрээ байгуулсан. Гэтэл тендерт хамт оролцож, тендерт шалгарч чадаагүй өрсөлдөгч компани болох “М........” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам нь шалгах ажиллагаа явуулж, “О......” ХХК нь тендерт шалгарч, тендерийн ажиллагааг явуулахаар гэрээ байгуулагдсан байхад тус тендерийн дагуу захиалагчийн гаргасан 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/236 тоот шийдвэрийг хүчингүй болгон тендерийн ажиллагаа дуусгавар болсон талаар Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. гэв.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай компани Дархан-Уул аймгийн Орхон сумаас зарлагдсан тендерт оролцсон. 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулах эрх тухайн байгууллагаас олгогдсон. 14 хонгийн дараа 2023 оны 5 дугаар сарын 29-ны өдөр гэрээн дээр гарын үсэг зуруулаад, техникээ хүлээлгэж өгөөд, 2 хонгийн дараа комисс ажиллаад авч байхад Сангийн яамнаас бичиг ирсэн гээд зогсоосон. Сангийн яамыг Төрийн хөрөнгийг хэмнэлттэй, зөв зарцуулахад чиглэгдсэн байгууллага гэж боддог. Гэтэл 4,000,000 төгрөгөөр илүү компанийг шалгаруулах гэж зүтгүүлж байна. Тайлбарыг нь уншихаар хоорондоо уялдаа холбоогүй ажилласан юм шиг харагдаж байсан. Гэрээ байгуулах эрх олгогдсоноос хойш 6 хонгийн дотор гэрээ байгуулдаг. Гэтэл 14 хонгийн дараа бид нартай байгуулсан. Сангийн яам албан ёсны тамга тэмдэгтэй 2 техникийн тодорхойлолтыг харьцуулж үзэх ёстой байтал каталогтой техникийн тодорхойлолтыг харьцуулж үзсэн. Каталог гэдэг нь тухайн техникийн ерөнхий нөхцөл. Каталог өөрөө тамга тэмдэгтэй ерөнхий бичиг баримт биш. Ямар нэгэн асуудал үүсвэл тамга тэмдэгтэй 2 техникийн тодорхойлолтоор хариуцлага хүлээх ёстой байдаг. Түүнээс биш каталогоор хариуцлага хүлээхгүй. гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Гомдол гаргагч “М........” ХХК захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “О.......” ХХК-ийн тендерт Монгол банкны лавлагаа ирүүлээгүй, техникийн тодорхойлолтод заасан түлш зарцуулалтын шаардлага хангахгүй бөгөөд санал болгосон барааны үзүүлэлтийг харьцуулсан байдлаар бэлтгээгүй, ерөнхий нөхцөл хангасан тухай мэдэгдэл, барааны үнийн задаргаа болон үнийн саналыг маягтын дагуу ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй гэх үндэслэлээр 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.

   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг болон Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан “Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 4.6 дахь заалтыг үндэслэн захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлж байгаа тухай тус яамны 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 03/3484 тоот албан бичгийг захиалагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргад хүргүүлсэн.

   Түүнчлэн журмын 4.6 “Сангийн яам тендер шалгаруулалттай холбогдуулан гомдол гарсан тухай захиалагчид утсаар, бичгээр эсхүл цахим системээр дамжуулан мэдэгдэх бөгөөд захиалагч нь мэдсэн даруйд түр түдгэлзүүлсэн тендер шалгаруулалтыг зогсоох, гомдол гаргагчийн тендерийн баталгааг чөлөөлөхгүй байх ба энэ журмын 5.1-д заасан баримт бичгийг 3 хоногт багтаан Сангийн яаманд хүргүүлнэ” гэж холбоо барих цахим шуудангаар дээрх гүйцэтгэх сонгох ажиллагааг түдгэлзүүлэх тухай албан бичгийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ru....... болон zu.........хаягаар хүргүүлсэн.

   “О.......” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцахад захиалагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргатай холбоотой асуудлууд байх буюу захиалагч байгууллага хуулийн 55 дугаар зүйлийн 55.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байхад “О........” ХХК-тай 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан байгаагаас үзэхэд захиалагч хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсгийг тус тус зөрчиж гэрээ байгуулсан байх ба Сангийн яамыг хариуцагчаар татан оролцуулах үндэслэл байхгүй бөгөөд уг захиргааны хэргийн жинхэнэ хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.” гэж заасан тодорхойлолтод Сангийн яам хамаарахгүй тул хариуцагчаас чөлөөлж өгнө үү. гэв.  

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э....... шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “6 хоногийн хугацаанд гомдлыг хүлээж аваагүй мэт сүүлд нь шийдчихсэн нөхцөл байдал байхгүй. Захиалагч 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр шийдвэрээ гаргасан. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 5 хонгийн дотор гомдол гаргах эрх нээлттэй. “Мо........” ХХК нь 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан байдаг. Амралтын өдөр өнгөрөөд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яамны түдгэлзүүлэх албан бичиг албажсан. 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр гомдол гаргасан даруйд нь Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалд зааснаар утсаар мэдэгдсэн. Утсаар мэдэгдсэн харилцаа тухайн компанийн цахим системд бүртгэгдсэн. Тэр үед хариуцаж байсан ажилтан ойлголоо, орон нутагт явж байна. Очоод баримтаа хүргүүлье гэсэн байдаг. 

Дараа нь 5 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яамны түр түдгэлзүүлэх албан бичиг гарсан. Албан бичигт түдгэлзүүлж байгаа тухайн 5 дугаар сарын 22-ны мэдэгдээд, мөн тендер шалгаруулалтын захиалагчид бүртгүүлсэн майл хаягаар хүргүүлсэн. Сангийн яам бүх процессын дагуу мэдэгдсэн. Орхон аймаг 5 дугаар сарын 31-ээс өмнө мэдэгдээгүй гэж тайлбарладаг боловч тэр талаар нотолдоггүй. Шууданг 5 дугаар сарын 31-ны өдөр ирсэн гэдгийн нотлох баримтын хүрээнд хэрэгт ирүүлээгүй.

Тэгэхээр бүх тендер шалгаруулалт, бүх орон даяар зохион байгуулж, Сангийн яамнаас журмын дагуу утсаар мэдэгдсэнээр түдгэлзүүлж болоод байдаг. Орхон аймгийн хувьд мэдээгүй байна гэдэг эргэлзээтэй. Сангийн яаманд гомдол хянан шийдвэрлэх тухай шийдвэрлэх хүртэл захиалагчийн үйлдэл хийх аливаа эрх түдгэлзчихсэн байж байгаад 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулсан гэж нэхэмжлэгч дурдаж байгаа. Сангийн яам түдгэлцүүлчихсэн байхад уг компанийг хохироосон бол Орхон сумтай жич маргаж болно. Хэд хэдэн асуудлаар гомдлын үндэслэл дурдсан. Гол үзүүлэлт болж байгаа техникийн ачих өндрийн зөрүүнээс шалтгаантай.

Нэхэмжлэгч захиалагчийн техникийн тодорхойлолт 3,2м ачих өндөртэй байх ёстой гэж заасныг нь би албан бичиг дээрээ дурдахдаа 3,2м ачих өндөртэй гэж бичсэн байхад заавал шалгаруулах ёстой гэж маргаад байгаа. Техникийн тодорхойлолтыг өөрийн санал санал болгож байгаа барааг нь нотлохдоо холбоотой баримт бичгээ ирүүлээрэй гээд техникийн баримт бичиг дээр заасан байгаа нь нэхэмжлэгчийн дурдаад байгаа катологи. “О.........” ХХК үйлдвэрлэгч биш. Зөвхөн үйлдвэрлэгчээс ирсэн барааг нийлүүлэх гэж байгаа. Гэтэл үйлдвэрлэгч нь өөрөө барааны ачих өндөр 3,1 метр гэж гээд орчуулгаар нь бэлдэж ирүүлээд, Т....... О... гэсэн тоон гарын үсгээр баталгаажуулаад тендерийн хэсэг болоод ирчихсэн байхад энэ каталогоос санал болгосон бараа нь зөрүүтэй байна гээд Сангийн яам шийдвэрлэхээр, үгүй ээ миний бичсэн албан бичиг дээр үндэслэлтэй гээд байгаа. 10 см зөрүү гэж хэлж байгаа.

Нэгэнт техникийн тодорхойлолт дээр захиалагч бараа бүтээгдэхүүн шаардсан бол түүнд нийцсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр компаниуд өрсөлдөх ёстой. Өөр бусад компаниуд нь 3,2м ачих, буулгах өндөртэй барааг санал болгосон байхад түүнээс зөрүүтэй техникийн тодорхойлолтой бараа нийлүүлэхээр үйлдвэрлэгчийн орчуулга бүхий баримт бичиг ирүүлчихсэн байхад түүнийг шалгаруулж байгаа захиалагчийн үйлдэлтэй холбоотой захиалагчийн үйлдэлтэй холбоотой гомдол гарсан бол түүнийг үндэслэлтэй гэж шийдвэрлэхээс өөр аргагүй. 10 см зөрүүтэй байна гээд шийдвэрлэх эрх Сангийн яаманд эрх байхгүй. Хэрвээ тийм эрх байдаг бол захиалагч анхнаас нь тендерийн бичиг баримт боловсруулахдаа ачих, буулгах хэмжээ хоорондох зайг дурдсан байвал энэ асуудлаар Сангийн яаманд маргаан байхгүй. Энэ компани гэрээ байгуулчихсан асуудалтай холбоотой Сангийн яам ямар нэг байдлаар гэрээг нь хүчингүй болгуулаад байгаа зүйл байхгүй. Угаасаа энэ гэрээ байгуулагдах ёсгүй байсан. Байгуулах ёсгүй байхад ийм ойлголт түрүүлээд байгуулчихсан, барааг нь авхуулчихсан асуудал байгаа бол түүнийгээ Орхон сумтай ярих ёстой. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс “... манай компанийн нийлүүлэхээр санал болгосон ковш каталог болон манай компаниас албан бичгээр хүргүүлсэн техникийн тодорхойлолтоор ачиж, буулгах өндөр 3.2 метр гэсэн байхад үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтыг үндэслэн ачиж, буулгах өдрийг 3.1 метр гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй ...” гэж, хариуцагчаас “... захиалагчаас гаргасан техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад ковшийн ачиж, буулгах өндрийг 3.2 метр гэж заасан тендер шалгаруулалт хийхдээ үнэлгээний хороо болон захиалагч үйлдвэрлэгчийн техникийн тодорхойлолтыг үндэслэл болгох ёстой тийм учраас хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй ...” гэж тус тус маргажээ.

3.Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” 01-А/27 дугаар захирамжаар “Ковш худалдан авах” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДУ.......... дугаартай тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулжээ.  

4.Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Ковш худалдан авах” ДУ.................. дугаар тендерийг зарласан байна.   

5.Тус маргаан бүхий “Ковш худалдан авах” ДУАОСЗДТГ/202312038 дугаартай тендер шалгаруулалтад оролцохоор нэхэмжлэгч “О......” ХХК, “М.....” ХХК-ууд материалаа ирүүлжээ.

6.Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр  “... “Ковш худалдан авах” ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДУ.... дугаар бүхий тендерийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад “О....” ХХК, “М.... ХХК гэсэн 2 хуулийн этгээд тендер ирүүлсэн. Үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж, хяналтын үе шатанд тэнцсэн тендерээр үнэлэгдсэн тул “О.....” ХХК-тай 174,900,000 /нэг зуун далан дөрвөн сая есөн зуун мянга/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу захиалагчид хүргүүлж байна.” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг Сумын Засаг даргад хүргүүлсэн байна.

7.Дээрх үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Гэрээн байгуулах эрх олгох тухай” 01/236 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “О.....” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг захиалагч буюу Сумын засаг даргаас хүргүүлжээ.

8.Дээрх маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар тендерт оролцогч “М..... ХХК-ийн зүгээс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Сангийн яаманд гомдол гаргажээ.

9.Дээрх гомдлыг Сангийн яам хүлээн авч хянаад, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 03/3481 дүгээр албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

10.Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга болон нэхэмжлэгч “О....” ХХК-ийн захирал нар нь  2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр буюу маргаан бүхий тендерийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн байхад ТБ ГБ22:ОНХС11 дугаартай “Ковш худалдан авах” ажлыг нийлүүлэх гэрээг байгуулжээ.

11.Маргаан бүхий Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/3907 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д заасны дагуу тендерийг хүчингүй болгож, хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу хуульд нийцүүлэн үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна.

12.Дээрх албан бичигт: “... 4.Тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “түлш зарцуулалт: 10-18л (бага), буулгах өндөр: 3.2 м” гэж заасан байна.

“О.....” ХХК тендерээс Авто ачигч 50 ковш болон Canmax CM956 дугуйт ачигчийн техникийн тодорхойлолтод хавсаргаж ирүүлсэн байна. Авто ачигч 50 ковшийн техникийн тодорхойлолтод түлш зарцуулалтын хэмжээ: 16л, буулгах өндөр: 3.2 м, харин Canmax CM956 дугуйт ачигчийн техникийн тодорхойлолтод түлш зарцуулалтын хэмжээ 212.7 г/Квт.цаг, ачих өндөр 3100 мм гэж тус тус зөрүүтэй ирүүлсэн байхад техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

Иймд хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн дээрх тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01/236 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна.

Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье.

Хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болно.” гэжээ.

13.Маргаан бүхий сангийн яамны дээрх албан бичгийг үндэслэн захиалагч буюу сумын Засаг дарга 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 01/278 дугаар албан бичгээр 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан ТБ ГБ22:ОНХС11 дугаартай “Ковш худалдан авах” ажлыг нийлүүлэх гэрээг цуцалж байгаа талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч “О.....” ХХК-д хүргүүлсэн байна.

14.Гэрээг цуцалсан дээрх шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгч “О.....” ХХК-аас харьяалах шүүхэд болон холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй байна.

15.Дээрх шийдвэрүүд гарсантай холбогдуулан сумын Засан даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” 01-А/85 дугаар захирамжаар “Ковш худалдан авах” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДУАОСЗДТГ/202312038 дугаартай тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог дахин шинээр байгуулжээ.

16.Тус маргаан бүхий “Ковш худалдан авах” ДУАОСЗДТГ/202312038 дугаартай тендер шалгаруулалтад оролцохоор “Б....” ХХК, “Б.....” ХХК, “О....” ХХК, “М....” ХХК-ууд материалаа ирүүлсэн байна. 

17.Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр  “... “Ковш худалдан авах” ажлын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ДУ.... дугаар бүхий тендерийн шалгаруулалтад “Б....” ХХК, “Б....” ХХК, “О....” ХХК, “М.....” ХХК гэсэн 4 хуулийн этгээд тендер ирүүлсэн. Үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэж, хяналтын үе шатанд шаардлагад нийцсэн, харьцуулах хамгийн бага үнийн санал бүхий тендерээр үнэлэгдсэн тул “М....” ХХК-тай 171,930,000 /нэг зуун далан нэгэн сая есөн зуун гучин мянга/ төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасны дагуу захиалагчид хүргүүлж байна.” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргажээ.

18.Дээрх үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Гэрээн байгуулах эрх олгох тухай” 01/333 дугаар албан бичгээр “М....” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг захиалагч буюу Сумын засаг даргаас хүргүүлсэн байна.

19.Мөн дээрх үнэлгээний хорооны дүгнэлттэй холбогдуулан Сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/331 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч “О...” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж байгаа талаарх мэдэгдлийг захиалагч буюу Сумын засаг даргаас нэхэмжлэгч “О....” ХХК-д хүргүүлжээ.

20.Нэхэмжлэгч “О....” ХХК-аас “М.....” ХХК-ийг маргаан бүхий тендерт шалгаруулсан болон өөрийн компанийг маргаан бүхий тендерт шалгаруулаагүй үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэрүүдэд харьяалах шүүхэд болон холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаагүй байна.

21.Маргаан бүхий Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/3907 дугаартай албан бичгийн хууль зүйн үндэслэлийн тухайд; ... Дархан-уул аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас боловсруулсан “Орхон суманд ковш худалдан авах тухай” тендерийн баримт бичгийн “... “III БҮЛЭГ. ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ, ТАВИГДАХ ШААРДЛАГА”-ын Ковш-50-ын, Буулгах өндөр 3.2 м” гэж, “CANMAX CM956 дугуйт ачигчийн техникийн тодорхойлолт-д, ачих өндөр 3100 мм” тус тус заажээ.

22.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагыг хангахгүй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэгчийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

23.Тодруулбал, захиалагчийн техникийн тодорхойлолтоор ковшийн ачиж, буулгах өндрийг 3.2 метр гэсэн байхад 3.1 метрийн өндрөөр ачиж, буулгах ковшийг нийлүүлэхээр санал болгосон нэхэмжлэгч “О......” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

24.Мөн дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл, маргаан бүхий Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/3907 дугаар албан бичиг хэрэгжиж дуусгавар болжээ.

25.Нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/3907 дугаар албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэнэ гэж тайлбарлаж байх хэдий ч хууль зүйн утгаараа дээрх мэдэгдлээр өмнөх тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон тул түүний дараа хийгдсэн ажиллагаануудыг үргэлжилсэн шинжтэй /шаталсан/ захиргааны акт гэж дүгнэх боломжгүй.

26.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн сэргэх эрх байхгүй байна гэж үзэхээр байна.

27.Улмаар тендер шалгаруулалт хүчингүй болсон тул тендерийн үнэлгээг дахин хийх эрх зүйн үндэслэл бүрдсэн, түүний дагуу тендерийн үнэлгээг дахин хийсэн зэрэг нь захиргааны байгууллагын бие даасан шийдвэр гаргах ажиллагаа бөгөөд түүнээс гарах шийдвэрүүдийг бие даасан захиргааны акт гэж үзэх тул нэхэмжлэгч тэдгээр шийдвэрүүдэд маргах боломжтой байсан гэж үзэв.

28.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугар зүйлийн 55.3.“Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:”, 55.3.1.“энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;”, 55.3.3.“зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах.” гэж тус тус заасны дагуу гаргасан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

29.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “О.....” ХХК-аас  Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/3907 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О......” ХХК-аас Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/39... дугаар “Гомдол хянасан тухай” мэдэгдлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ