Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/00178

 

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/00178

 

 

Г.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03270 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох,

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс охин Б.Анхчимэгт ногдох хэсэг 12 000 000 төгрөг гаргуулах, 45 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мядагбадам, хариуцагч Б.Б-ын өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Г.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Б-тай 2000 онд танилцаад 15 жил хамтран амьдарсан, гэрлэлтээ батлуулаагүй. Хамт амьдрах хугацаанд 2003 оны 3 сарын 26-ны өдөр хүү Б.Бат-Хан, 2010 оны 9 сарын 11-нд охин Б.Анхчимэг төрсөн. Нэхэмжлэгч 2016 онд БНСУ руу яваад 2 жилийн дараа 2018 онд Монголд ирсэн.Хүүхдээ үлдээгээд явсны дараа хүүхдүүд аав архи уугаад байна, хамт байж чадахгүй гэсэн тул хүүхдүүдийг ахындаа амьдруулахаар болсон.

 Нэхэмжлэгч БНСУ-аас ирээд Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, шинэ хотхон, Москвагийн гудамж, 6 дугаар байр, 90 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцныхаа мэдээллийг авахад 2018 оны 10 сард н.Энхболд гэх хүнд худалдсан байсан. Тус орон сууц нь хариуцагч Б.Б-, охин Б.Анхчимэг нарын өмч байсан боловч охиныхоо зөвшөөрөлгүй орон сууцаа худалджээ. Б.Б-д холбогдуулан хүү Б.Бат-Хан, охин Б.Анхчимэг нарыг эхийн асрамжид үлдээж, тэдгээрт тэтгэлэг тогтоолгох, мөн хариуцагч тал маргаж буй орон сууцыг бусдад 35 000 000 төгрөгөөр худалдсан тул хамтран өмчлөгч Б.Анхчимэгт ногдох хэсэгт 12 000 000 төгрөгийг нэхэмжилж байна.

 Сөрөг нэхэмжлэлийн хувьд хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 10 сарын 29-ний өдрийн лавлагаагаар хариуцагчийн маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр анхнаасаа нэхэмжлэгч Г.О, Б.Б нар бүртгэгдсэн ба өмчлөлийн зүйл устсан учраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 351 тоот тушаалаар эрхийн улсын бүртгэлийг хүчингүйд тооцож, хувийн хэргийг хаасан. Зохигчид тус үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч байгаагүй тул 45 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Б болон түүний өмгөөлөгч П.Учралгэрэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зохигчид 2000 оноос 2013 он хүртэл хамтран амьдарсан ба 2013 оны сүүлчээр Г.О-ийг БНСУ-руу явснаас хойш тусдаа амьдарсан. Б.Б нь 2013 онд сүрьеэ өвчин тусч, тархины маш хүнд хагалгаанд орсон ба нэхэмжлэгч нь түүнийг хүнд өвчтэй болохыг мэдсээр байж хаяад явсан. МДТОФ ХХК-аас тус байрыг хариуцагч 2011 онд шагналд авсан, 2013 онд охин Б.Анхчимэгийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Гэвч хариуцагч нь хагалгаанд орох болсон учраас Б.Анхчимэгийг өөрийн хүсэлтээр нь хамтран өмчлөгчөөс хасч, н.Э гэж хүнд худалдсан. Нэхэмжлэлийн шаардлагаас хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч, харин тэтгэлэг тогтоолгох болон 12 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч маш хүнд хэлбэрийн сүрьеэ өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй, оршин суух хаяггүй, орон гэргүй хүн тул хүүхдийн тэтгэлэг өгч чадахгүй, талуудын маргаж буй орон сууц бол хариуцагч Б.Б-ын хуваарьт хөрөнгө, ногдох хэсэг гаргах шаардлагагүй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд энэ нэхэмжлээд байгаа газар, хувийн орон сууцыг хариуцагч тал анх 1999 онд н.Батмөнхөөс 1 000 000 төгрөг зээлж бариулсан ба 2000 онд амьдарч байсан. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчид мэдэгдэхгүйгээр өөрийн болон хүүхдийнхээ нэр дээр гэрчилгээ гаргуулсан ба хариуцагчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн үндэслэлээр 2 удаа 30 хоногийн хугацаатай баривчлах газарт байхад бусдад худалдан борлуулаад БНСУ-руу явсан. Иймд сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасныг үндэслэн 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Бат-Хан, 2010 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Анхчимэг нарыг нэхэмжлэгч Г.О-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т тус тус зааснаар хүү Б.Б, охин Б.А нарыг 11 нас хүртэл оршин суугаа газрын тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Б-аар сар бүр тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг үндэслэн хариуцагч Б.Б-аас 12 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.О-т олгож, хариуцагч Б.Б-ын гаргасан нэхэмжлэгч Г.О-т холбогдох 45 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 605.00 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 682 555.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид 299 605.00 төгрөг олгож, 382 950.00 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: "МДТОФ" ХХК-д барилын инженерээр ажиллах явцдаа маргаан бүхий орон сууцаар шагнуулсан. Мөн 1999 онд дүү Батмөнхөөс 1 000 000 төгрөг зээлж, өөрийн найз Т.Пүрэвжаргалын хамт газар авч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Алтай 27 дугаар гудамжны 157А тоот хаяг байршилд орших газар дээр хашаа амьдрах болсон. Г.Одончимэгтэй 2000 онд танилцаж, 2001 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2003 онд хүү Батхан, 2010 онд охин Анхчимэг нар төрсөн. 2006 онд дүү Батмөнхийг, 2007 оны өвөл дүү Батнямыг тус тус хашаанаасаа хөөж явуулсан. 2008 оны 04 сарын 04-нд миний болон Т.Пүрэвжаргалын зөвшөөрөлгүйгээр Г.О нь газар өмчлөх тухай өргөдөл гаргахдаа хариуцагчид холбогдох хэсгийг хасч баримт материал бүрдүүлэн, мэдэгдэлгүйгээр 01119-01-00086-08 дугаар бүхий өргөдлөөр нэгж талбарын 1461501399 дугаар бүхий газрын гэрчилгээг зөвхөн хүү Батханы хамтаар өмчлөхөөр гаргуулан авсан байдаг. 2012 онд хашааг надад мэдэгдэлгүйгээр зараад 2012 оны 10 сарын 22-ны өдөр намайг 30 хоног баривчлуулсан хойгуур буюу 2012 оны 10 сарын 31-ний өдөр өөрийн хадгаламжиндаа 20 000 000 төгрөг хадгалуулсан байсан. Энэ тухай баримт буюу хадгаламжийн дэвтрийг, онгоцны тийзийн хамт номын завсраас олж мэдсэн.Г.О нь 2009 оноос Солонгос руу чөлөөтэй зорчдог болсон. 2013 оны 01 сарын 18-нд намайг 30 хоног баривчлагдсан байх хугацаанд буюу 2013 оны 02 сарын 02-ны өдөр Солонгос улс руу явсан. Байрыг өөрийн хөдөлмөрийн үр шимээрээ олж авсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 12 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.От олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Жаргалсайханы давж заалдах гомдолд: Анхан шатны шүүх улсын бүртгэлийн байгууллагын хамтран өмчлөгч хасч бүртгэл хийгдэж өөр этгээдэд шилжүүлсэн байхад зөвшөөрөл аваагүй мэтээр тайлбарлаж хариуцагч Б.Б-ын өөрийн хөлс хүч хөдөлмөрөөр олсон орон сууцыг бусдад худалдсан үнээс 12 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь шүүх хэт нэг талыг баримтлан илтэд нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.О хариуцагч Б.Б нар нь гэр бүлийн баталгаагүй ба маргаан бүхий орон сууц нь дан ганц Б.Б-ын өмч бөгөөд тэрээр өөрийн хүсэлтээр охин Б.Анхчимэгийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгэл хийлгэсэн, өвчний улмаас мөнгөний шаардлага гарахад охин Б.Анхчимэгийн зөвшөөрөлтэйгээр хамтран өмчлөгчөөс хасуулсан. Охин Б.Анхчимэгийг хамтран өмчлөгчөөс хасч бүртгэлийн хэлтэс эрх хэмжээний хүрээнд бүртгэл хийж гуравдагч этгээдэд шилжсэн үйл баримт байхад анхан шатны шүүх үүнийг анзаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын шийдвэр буюу Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэс хамтран өмчлөгч Б.Анхчимэгийг маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөс хасч бүртгэл хийгдсэн нь хууль зөрчөөгүй бүртгэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй байсан ба хамтран өмчлөгчөөс хасагдснаар насанд хүрээгүй охин Б.Анхчимэгийн шаардах эрх нэгэн адил дуусгавар болсон. Охин Б.Анхчимэгийн хууль ёсны төлөөлөгч нь ганц эх Г.О биш эцэг Б.Б ч хууль ёсны төлөөлөгч юм. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу Б.Б-аас 12 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Б.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс охин Б.Анхчимэгт ногдох хэсэгт 12 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 45 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Б.Б нар 2000 оноос хамтран амьдарсан бөгөөд 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Бат-Хан, 2010 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр охин Б.Анхчимэг нар төрсөн, зохигчид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй үйл баримт тогтоогдсон. /хх 7-8, 30/

 

Хариуцагч хүүхдүүдийн эцэг мөн гэдэгт маргаагүй бөгөөд хүүхдүүдийн эцгийг захиргааны журмаар тогтоон, төрсний гэрчилгээ олгожээ.

 

Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москвагийн гудамж, 6 дугаар байр, 90 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг хариуцагч ажлын газраасаа шагналд авсан, охин Анхбаярын хамт өмчилж байсан, уг сууцыг 2018 оны 10 дугаар сарын 24-нд Ч.Энхболдод худалдсан үйл баримтад талууд маргаагүй. Түүнчлэн 45 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд хариуцагч маргаагүй байна. / хх 35-37,40,/

 

Зохигчид худалдсан орон сууцны үнээс охин Анхбаярт ногдох хэсэг 12 000 000 төгрөгийг олгох үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 69 дүгээр зүйлийн 69.1.4-д тус тус зааснаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал, банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж, бусад үнэт зүйлийг өөрт нь зориулан захиран зарцуулах үүрэгтэй юм.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр ... бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж заасан, хариуцагч Б.Б-ын хувьд маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулахдаа хамтран өмчлөгч Б.Анхчимэгийн эх Г.О-тэй зөвшилцөөгүй үйл баримт тогтоогдсон.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийг охиныхоо зөвшөөрөлгүй орон сууцаа худалдсан гэж дүгнэсэн нь эрх зүйн алдаатай дүгнэлт бөгөөд зүй нь асран хамгаалагчийн буюу эх Г.О-ийн зөвшөөрөлгүй захиран зарцуулсан тухайд дүгнэх шаардлагатай байжээ.

 

Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж зааснаар Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон /16101/, Москавагийн гудамж, 6 дугаар байр, 90 тоот хаягт байрлах 23,56 м.кв талбайтай нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгч Б.Анхчимэгийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь хариуцагч Б.Б-аас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 12 000 000 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Зохигчид хүү Б.Бат-Хан, охин Б.Анхчимэг нарын асрамжийн талаар маргаагүй, шүүх хүүхдүүдийг эх Г.О-ийн асрамжид үлдээж, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14 дүгээр зүйлийн 14.7, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцсэн хэдий ч шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад ... оршин суугаа газрын... гэж хуульд заагаагүй нэр томъёо хэрэглэснийг залруулах нь, мөн 3 дахь заалтад Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 гэж хууль хэрэглээний алдаа гаргасныг зөвтгөх боломжтой байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дах заалт нь дундаа хэсгээр өмчлөгчдийн дотоод харилцааг зохицуулсан заалт юм.

 

Хэдийгээр 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Б.Б-ын хүсэлтээр хамтран өмчлөгчөөс Б.Анхчимэг хасагдаж, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ч.Энхболдод 35 000 000 төгрөгөөр худалдах үед Б.Анхчимэг хамтран өмчлөгч биш болсон байсан үйл баримт тогтоогдсон хэдий ч уг өмчлөгчөөс хасч бусдад хөрөнгийг худалдсанаас охины эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. /хх 37-38/

 

Хариуцагч Б.Б нь газрын хамтран өмчлөгч болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/03270 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын оршин суугаа газрын гэснийг хасч,

3 дахь заалтын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 гэснийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ш.ОЮУНХАНД