Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2017/ДШМ/38

 

Ц.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийн

тухай

            Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Т.Энхмаа, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Ганбулган

            Хохирогчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ням, Ц.Раашзэвэг

            Иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандах

            Нарийн бичгийн дарга О.Нямдорж нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 192 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ням, хохирогчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа эрүүгийн 2016 1900 0520 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэн ухаан, техникийн их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг 30-07 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөх овогт Цолмонгийн Чинзориг / РД:ЙБ97033118 /.

            Шүүгдэгч Ц.Чинзориг нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Бригадын ар гэх газар орших хатуу хучилттай замын 191 дэх километрийн шонгийн орчимд 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хөвөөн дээр зогсож байсан 29-90 УНТ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Н.Бадамын амь насыг хохироож, насанд хүрээгүй Э.Сувд-Эрдэнийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл, иргэн А.Дэжидсүрэнгийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, иргэн Д.Цолмонд 15 сая төгрөгийн, иргэн Ч.Энхмандахад 6889000 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны 192 дугаар шүүхийн тогтоолоор: Шүүгдэгч Хөх овогт Цолмонгийн Чинзоригийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Ц.Чинзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

             Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Чинзоригт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Чинзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоолоор оногдуулсан үндсэн ялыг эдлэж дууссан үеэс эхлэн тоолж,

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Хьюндай Трак” маркийн 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Д.Цолмонд буцаан олгож,

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00393316 дугаар бүхий гэрчилгээг Д.Цолмонд буцаан олгож, №1075675 дугаартай жоллоочийн үнэмлэхийг харъяа шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгаж, туршилт хийсэн дүрс бичлэгийг баримтжуулсан 2 ширхэг СД-ийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас татварт 70000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Оршуулгын зардал 15,427,800 төгрөг, унааны зардал 467,600 төгрөг, бензин 141,300 төгрөг нийт 17,305,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 70 хувь буюу 8,813,990 төгрөгийг /12 113 990 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас мөрдөн байцаалт, шүүхийн шатанд төлсөн 3,300,000 төгрөгийг хасч/ шүүгдэгч Ц.Чинзоригоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагайд олгож,

            Б.Алтаншагайгийн нэхэмжлэлийн шаардлагаас машины урьдчилгаа өгөхийн тулд авсан цалингийн зээл 5,500,000 төгрөг, хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандахын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагай нь 6,889,000 төгрөгийг хариуцан арилгах үүрэгтэйг дурдаж, иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандахын 838,347 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтан Ц.Чинзориг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Чинзоригт авсан бусдын батлан даалтад өгөх талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 06 дугаар сарын 16- ны өдрөөс эхлэн тоолж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй гэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Ц.Чинзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ням давж заалдах гомдолдоо: “ ... Миний бие ялтан Ц.Чинзоригийн өмгөөлөгчийн хувьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.16-ны өдрийн 192 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ц.Чинзоригийг 2017.07.07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг бригадын Ар гэх газарт 75-91 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа МУ-ын ЗХД-ийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан /...жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед Тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж 3 жил 5 сар сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505, 508, 514 дүгээр хэсэгт зааснаар амь хохирогчийн оршуулгын зардалд 15,427,800 төгрөгийг унааны зардал 467,600 төгрөгийг, бензины зардалд 1,410,200 төгрөгийг нийт 17,305,000 төгрөгийг гаргуулахаар тооцож, 12,113,990 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагайд олгохоор шийдвэрлэсэн болно.

 

            Анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан нөхцөл шалтгааны талаар тодорхойлж дүгнэхдээ: Эрүүгийн хэргийн талаар гомдол мэдээллийг хх-... хүлээн авсан тэмдэглэл, хх-... хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хх-... хэрэг учралын газарт туршилт хийсэн тэмдэглэл, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 11883 тоот шинжээчийн дүгнэлт, 2016.09.25-ны өдрийн Техникийн шинжээчийн 0099 тоот дүгнэлт зэргийг үндэслэж, Тоёота Прус 29-90 УНТ улсын дугаартай Тээврийн хэрэгсэл жолоодон явсан Б.Алтаншагай нь МУ-ын ЗХД-ийн 2 ад заасан жолооч хөдөлгөөнд оролцохдоо буюу замд явахдаа энэ дүрмийн 2-р хавсралтад заасан зөрчилгүй байхаар Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 6,3-д заасан ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхаарах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй замд байрлуулна гэсэн заалтыг биелүүлээгүй. Мөн дүрмийн 11-ийн 4-т зааснаас суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай талбайд эсвэл замаас зайдуу газарт зогсооно гэсэн дүрмийн заалтыг биелүүлээгүй зэрэг нь уг зам тээврийн осол шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэсэн атлаа миний үйлчлүүлэгч жолооч Ц.Чинзоригийн талаарх 2016.09.25-ны өдрийн шинжээчийн 0099 тоот анхны дүгнэлтийн талаар тээврийн хэрэгслийн шинжээчийн 2017.03 10-ны өдрийн 11/22 дугаартай Шинжээчийн дүгнэлт, 54 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр үндэслэлтэй эсэхэд хариулт өгөхөд боломжгүй байна гэж үзсэн шинжээч нарын эргэлзээтэй дүгнэлтийг нотлох баримт болгосон мөртлөө шүүхийн шийдвэрт нотлох баримтаар үнэлж байгаа талаар шүүх шийтгэх тогтоолдоо дүгнэлт болгож тусгаагүй, эргэлзээтэй байдлууд бий болгосон шийдвэр гаргасан байдаг.

 

Анхан шатны шүүх нь Эрүүгийн болон ЭБШ хуучин хуулиар шүүн таслах ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан боловч одоо энэхүү гэмт хэргийн талаар давж заалдах гомдол гаргаж байгаа тул давж заалдах шатны шүүх миний гаргасан гомдлыг 2017 оны Эрүүгийн шинэ хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу үнэлж дүгнэж магадлал гаргана гэдэгт итгэлтэй байгаа тул шинээр дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл заалтын дагуу давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний үйлчлүүлэгч болох Ц.Чинзоригийн талаар 75-91 ДУА улсын дугаартай Хонда Трак маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Ч Чинзориг нь МУ-ын ЗХДийн 9-р зүйлийн 9.2 дахь заалт буюу жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн техникийн шинжээч Р.Мөнхбаяр, Э.Энхболд, Д.Далайцэрэн нарын гаргасан 54 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, жолооч Ц.Чинзоригийг ЗХД-ийн заалт зөрчсөнөөс осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж үзэж дүгнэсэн байдаг нь туйлын эргэлзээтэй дүгнэлт байгаагаас гадна нотлох баримтаар авагдсан амь хохирогчийн оршуулгын зардалд хохирогчоос ирүүлсэн нотлох баримтуудын дагуу амь хохирогчийн гэм хорын төлбөрийг дүгнэж гаргахдаа нотлох баримтыг хуульд заасан үндэслэлээр хохирогчоос цуглуулж бэхжүүлээгүй байхад гэм хорын төлбөрийг шүүгдэгч Ц.Чинзоригоос гаргуулах хангалттай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ийнхүү анхан шатны шүүхийн тогтоолын тодорхойлох, үндэслэх хэсэгт гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хүчин зүйлийн талаар хуучин ЭБШХ-ийн 80-р зүйлээр хангалттай тогтоогдсон, нотлох баримтууд хэрэгт авагдсан гэж шүүх үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй эргэлзээтэй байдаг гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн шинэ хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулинд нийцүүлэн үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл: Нотолбол зохих байдал: 16.1.6-д Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүрэн дүүрэн тогтоож шалгаагүй нь тогтоогдоно. 16 дугаар зүйлийн 16.1 дүгээр зүйл. Нотлох баримт 16.1, 11-р зүйлд энэхүү хуульд заасны дагуу оролцогчоос прокурор мөрдөгчид гаргаж өгсөн эд зүйл баримт бичиг гомдол мэдээлэл бусад баримтыг олж авсан эх сурвалжийг зааж хэлэхгүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэсэн заалт, 16-р зүйлийн 1-ийн 13-т зааснаар шүүх прокурор, мөрдөгч энэ хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ гэсэн заалт, 16-р зүйлийн 6 дахь заалт бичиг баримтыг хуулийн этгээд албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримтыг эрүүгийн хэрэг ач холбогдолтой, баримт мэдээллийг төрийн байгууллагаас баталсан тохиолдолд нотлох баримт болгон үзнэ гэсэн заалт мөн хуулийн 16-р зүйлийн 1-14-т нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзээ ундэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх Прокурорын шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн заалт, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 5.4-т Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор мөрдөгч өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана гэсэн заалт 16 дугаар зүйлийн 5.5-д Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт мөрдөгчийн лавлагаа гарсан тохиолдолд эдгээрийг хянан хэлэлцэж эдгээрийн алийг нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ гэсэн заалтууд зөрчигдсөн байна гэж үзнэ.

Иймд дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг үндэслэн Эрүүгийн шинэ хуулийн 39-р 6 дугаар зүйл /шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх Iмөн хуулийн 39-ийн 8 дугаар зүйл / эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих / 39-ийн 7 дугаар зүйл, /эрүүгийн хуулийг буруу хэрэглэх/ хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна

 

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2017.06.16-ны өдрийн 192 тоот Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-3 дахь хэсгүүдэд өөрчлөлт оруулж, ялтан Ц.Чинзориг нь холбогдсон гэмт хэргийнхээ хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангаж байгаа тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдүүлэхгүйгээр хөнгөн ял шийтгэл оногдуулж,

Анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Хохирогчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдолдоо: “...2016.07.07-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Бригадын ар гэх газарт болсон зам тээврийн осолд Ц.Чинзориг 100% буруутай болох нь 2017 оны 03 сарын 10-ны өдрийн 11/22 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт, мөн хх-197 дугаар талд байгаа хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг болон фото зургуудаар нотлогддог. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагайн өөрийнх нь нэхэмжилсэн нэхэмжлэлийн 30%-ийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь цалингийн зээлээр авсан машин маань ослын улмаас дахин хэрэглэх боломжгүй эвдэрсэн, өөрөө машинаараа /хувиараа/ хөдөлмөр хийж амьдардаг байсан, амьдралын эх үүсвэрээс нь салгасан. Эхнэр нь ослын улмаас нас барж, бага насны охин нь тэжээгчээ алдсан, эхээсээ өнчирч хоцорсон. Энэ айлын амьдралыг эргээд нөхөж баршгүй гарз хохирол учраад байхад хохирлыг хувааж төлөхөөр хариуцуулсан нь энэрэнгүй шударга ёсны зарчим алдагдсан шийдвэр гарлаа гэж үзэж байна. Иймд ялтан Ц.Чинзоригоос хохиролгүй хохирлыг бүрэн төлүүлж өгнө үү, дээрх нөхцөл байдлыг харгалзан хянан үзэж, Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.06.16-ны өдрийн 192 дугаар шийтгэх тогтоолын 7 дугаар хэсэг буюу хохирол төлбөр төлөхтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ. Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг тэнсэн харгалзахад татгалзах зүйлгүй” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.Чинзориг нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар багийн нутаг Бригадын ар гэх газар орших хатуу хучилттай орон нутгийн замын 191 дэх километрийн шонгийн ойролцоо 75-91ДУА улсын дугаартай, “Хьюндай Трак” маркийн ачааны тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, замын хөвөөн дээр зогсож байсан 29-90УНТ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, иргэн Н.Бадамын амь насыг хохироосон, иргэн Э.Сувд-Эрдэнийн бие махбодид нь “...бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, бүсэлхий нурууны мэдрэлийн үрэвсэл, арьсан доорх шингэн хуралдалт...“ бүхий хөнгөн зэргийн гэмтэл, иргэн А.Дэжидсүрэнгийн бие махбодид нь “ ...зүүн эгэмний далд хугарал, духанд зулгаралт...” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, тээврийн хэрэгслүүдэд нийт 8,423,000 төгрөгийн /хохирлын үнэлгээгээр ачааны машинд 1,534,000 төгрөг, приус машинд 6,889,000 төгрөгөөр тогтоосон/ шууд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Чинзориг, хохирогч Б.Алтаншагай, А.Дэжидсүрэн, Э.СувдЭрдэнэ, гэрч Б.Ганболд, Ж.Батхүү нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлүүд,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодиттой харьцуулан судалсны үндсэн дээр Ц.Чинзоригийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Ц.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...”, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж тус тус заажээ.

Ц.Чинзоригийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заагдаж оногдуулах хорих ялын доод хэмжээ нь багассан байх тул Ц.Чинзоригийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах хууль зүйн үндэслэлтэй байна. Ц.Чинзориг нь мөрдөн байцаалтын шатанд 3,300,000 төгрөг, давж заалдах шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 8,813,990 төгрөг, 9 дүгээр сарын 13-ны өдөр 6,600,000 төгрөг нийт 18,713,990 /арван найман сая долоон зуун арван гурван мянга есөн зуун ер/ төгрөг төлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн барагдуулжээ. Ц.Чинзоригийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагайд 18,713,990 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Э.Сувд-Эрдэнэд 600 000 төгрөг, хохирогч А.Дэжидсүрэнд 400 000 төгрөг төлсөн, хувийн байдлыг болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ням, Ц.Раашзэвэг нарын “...гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг бүрэн барагдуулсан шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр заалтыг хэрэглэж хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...”, хохирогчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн “...хохирогч Б.Алтаншагайгаар өөрийнх нь нэхэмжилсэн нэхэмжлэлийн 30 хувийг төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасан.

Гэтэл хохирлыг 100 барагдуулсан тул одоо гомдол саналгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэх тайлбарууд, хохирогч Б.Алтаншагайн өмгөөлөгчийн хамтран бичсэн “...хохирлыг бүрэн барагдуулсан гомдол саналгүй, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэх хүсэлт зэргийг тус тус харгалзан үзэж,

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “ Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөх төлүүлэх буюу сэргээлэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заажээ.

 Хэрэгт иргэн Б.Алтаншагай, Н.Бадамаа болон “Ингүүн од финанс” ББСБ-ын нарын хооронд байгуулсан 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн Фидуцийн гэрээ /хх-110-111тал/ авагджээ. Уг эрүүгийн хэрэгт “Ингүүн од финанс” ББСБ-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох ёстой байтал 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Ч.Энхмандахыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож /хх-ийн 49 тал/, мөрдөн байцаалт явуулсан, уг тогтоолоос хойшхи хугацаанд 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн “Ингүүн од финанс” ББСБ-ын “... Ч.Энхмандахыг иргэний нэхэмжлэлээр томилсныг мэдэгдэж байна ” гэсэн албан тоот /хх-182/ хэрэгт байгаа нь ойлгомжгүй байгаагаас уг “Ингүүн од финанс” ББСБ-ийн албан тоотоос байгууллагыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр томилогдсон этгээд болох Ч.Энхмандах “Ингүүн од финанс” ББСБыг бүрэн төлөөлөх /нэхэмжлэлээ багасгах, ихэсгэх, өөрчлөх, дэмжих, татгалзах, нэхэмжилж буй этгээдээ солих... зэрэг/ эрхтэй эсэх нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан фидуцийн гэрээг дүгнэж “...иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандахын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагай нь 6,889,000 төгрөгийг хариуцан арилгах үүрэгтэйг дурдаж, иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандахын 838,347 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Үүнээс үзвэл “Ингүүн од финанс” Банк бус санхүүгийн байгууллага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэх ямар шаардлага тавьж хэнээс нэхэмжилж байгаагаа, нэхэмжлэлийн шаардлага хэд болох зэргээр нэхэмжлэлийн шаардлага агуулгаа тодорхой болгосны эцэст жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4. дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 192 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар Ц.Чинзоригийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Чинзоригийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шийтгэх тогтоолоор оногдуулсан үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэснийг “...шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэж, тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандахын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагай нь 6 889 000 төгрөгийг хариуцан арилгах үүрэгтэйг дурьдаж, иргэний нэхэмжлэгч Ч.Энхмандахын 838 347 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...Ингүүн од финанс” Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үлдэгдэл төлбөр төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэж, тогтоох хэсгийн “4, 5, 6, 7, 8, 9, 10, 11” гэсэн дугаарыг “3, 4, 5, 6, 7, 8, 9, 10” гэж тус тус өөрчилж , шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ц.Чинзориг хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтаншагайд 18 713 990 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Э.Сувд-Эрдэнэд 600 000 төгрөг, хохирогч А.Дэжидсүрэнд 400 000 төгрөг төлсөн, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 81 /наян нэг/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Ц.Чинзоригийг сулласугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Г.БОЛОРМАА

                                         ШҮҮГЧИД                                    Д.ОЧБАДРАХ

                                                                                               Т.ЭНХМАА