Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2023/0693

 

 

 

 

   2023         09           18                                   128/ШШ2023/0693    

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Г....

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М....

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөл

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б...., Т.Н....

Нэхэмжлэлийн шаардлага: иргэн Л.Г... намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 400,000,000.00 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У.... нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс “иргэн Л.Г.... намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 400,000,000.00 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах” шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:

2.1.Нэхэмжлэгч Л.Г.... Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2023/2695 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Г.... “Л.Г.... намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгах, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хууль бус үйл ажиллагааны улмаас 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд учирсан хохирол болох 400,000,000 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргажээ.  

2.3.Улмаар тус шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2023/5235 дугаартай шүүгчийн захирамжаар ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийг хамтран хариуцагчаар татжээ. 

 

2.4.Улмаар 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2023/6980 дугаар шүүгчийн захирамжаар Л.Г... Шүүхэд ерөнхий зөвлөлд холбогдуулан захиргааны хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байна.  

 

2.5. Тус шүүх нэхэмжлэгчээс “Л.Г******* намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас учруулсан хохирол 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны  08 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.   

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нэхэмжлэгч Л.Г.....намайг шүүгчээр томилохоос татгалзсан Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Е/04 дугаартай шийдвэр хууль бус болохыг тогтоож, Л.Г..... шүүгчээр томилохыг Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийг хамтран хариуцагчаар татан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно" гэж заасан. Хууль эрх зүйн талаас авч үзвэл "шүүгчийг томилох" үйл явц дээр дээрх 2 байгууллагын үйл ажиллагаа хоорондоо харилцан хамааралтайгаар явагддаг процесс юм. 

Өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийг томилох саналыг өргөн мэдүүлж байж Ерөнхийлөгч тухайн саналыг нь үндэслэж шүүгчийг томилох процесс явагддаг. Тэрнээс биш Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг томилуулах саналаа гаргаагүй буюу Ерөнхийлөгчид хүргүүлээгүй тохиолдолд Ерөнхийлөгч шүүгчийг томилох асуудал яригдах боломжгүй юм. Дээрх хоёр байгууллага нь зарчмын хувьд харилцан хоорондоо үйл ажиллагаанаас шалтгаалж хуульд заасан үүргээ биелүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлдэг хоёр байгууллага гэж үзэж байна.

Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн /Захиргааны байгууллагын/ хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн Л.Г******* надад 2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 сарын 18 -ны өдрийг хүртэлх хугацаанд учирсан хохирол болох 400.000.000 /дөрвөн зуун сая төгрөг/ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд Л.Г... намайг шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн /Захиргааны байгууллагын/ хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн Л.Г.... надад 2013 оны 12 сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 сарын 18 -ны өдрийг хүртэлх хугацаанд учирсан хохирол болох 400.000.000 /дөрвөн зуун сая төгрөг/ гаргуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7- т заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргав. гэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Иргэн Л.Г.... хувьд 2023 оны 5 сарын 19-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хамтран хариуцагчаар Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийг татаж Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Иргэн Л.Г.... шүүгчээр томилохоос татгалзсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 1 сарын 31-ний өдрийн Е/04 тоот дугаартай шийдвэр хуулийн хүсэлтийг тогтоож Л.Г.... шүүгчээр томилохыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг эхэлж гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан. Шүүгчийн захирамжаар хэргийг тусгаарласан. Тусгаарласантай холбогдуулаад Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хэлье.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар анхан болон давж заалдах шатын шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор хяналтын шатын шүүхийн шүүгчийг шүүх шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно гэсэн хуулийн заалт бий. Хууль эрх зүйн талаасаа шүүгчийг томилох үйл явц нь дээрх 2 байгууллагын үйл ажиллагаа хоорондоо харилцан хамааралтайгаар явагддаг ийм процессын тухай байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийг томилох саналыг өргөн мэдүүлж байж ерөнхийлөгч тухайн саналыг үндэслэж шүүгчийг томилох үйлдэл үйл ажиллагаа явагддаг. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг томилох, томилуулах саналаа гаргаагүй буюу Ерөнхийлөгчид хүргүүлээгүй тохиолдолд ерөнхийлөгч уг шүүгчийг томилох асуудал яригдах боломжгүй.

 Л.Г.... хувьд 2013 оны 12 сарын 28-ны өдрөөс хойш нэг ч удаа Шүүхийн ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид шүүгчээр Л.Г.... томилуулах тухай саналыг гаргаж байгаагүй. Сүүлд байсан нотлох баримтаас харвал Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 35 тоот тогтоолоор иргэн Л.Г.... анхан шатны шүүхэд томилуулахаар санал гаргасан байдаг. Үүнээс хойших хугацаанд бол огт санал гаргаагүй. Энэ санал гаргаагүй үйл баримт нь 2022 оны 2 сарын 8-ны өдрийн 70 тоот шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа.

Уг шүүхийн шийдвэрийн агуулга нь Эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1, 20.4.4, Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42 3.1, 42.3.3, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, Шүүхийн захиргааны тухай хуулийн энэ 2012 оны хууль тухайн үед үйлчилж байсан 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4 мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг баримтлаад нэхэмжлэгч Л.Г... шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй нь Шүүхийн ерөнхий зөвлөл ийн эс үйлдэхүй нь хууль бус байна гэдгийг тогтоогоод өгчихсөн юм. Тэгэхлээр одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн, шаардлагын үндэслэл дээрх 2022 оны 2 сарын 8-ны өдрийн шүүхийн шийдвэрээр дээрх хуулийн заалтуудыг үндэслээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Л.Г... шүүгчээр өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүүнд хууль бус болохыг тогтоочихсон.

Л.Г.... хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 10 сарын 18-ны өдрөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчид Л.Г.... шүүгчээр өргөн мэдүүлээгүй хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу цалинг нэхэмжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар 2014 оны 1 дүгээр сараас 2022 оны 3 сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан 99 сарын хугацааны цалин хөлс буюу 267 сая 300 мянган төгрөг. 1 сарын цалин хөлсийг бол анхан шатын шүүхийн шүүгчийн нэг сарын цалин буюу 2 сая 700 мянган төгрөгөөр тооцож 99 сарын цалинг тооцсон. Дээрх хугацааны амралтын мөнгийг зайлшгүй авах ёстой гэж ойлгож байгаа. Ажилгүй байсан хугацаанд хэрвээ ажиллаж байсан бол нэг жилд нэг удаа амрах энэ эрх нь нээлттэй байгаа учраас 2014 оны 1 дүгээр сараас 2022 оны 3 сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд мөн дээрх цалингийн хэмжээгээр амралтын мөнгийг нэхэмжилсэн. Нийт 21 сая 600 мянган төгрөг болж байгаа. Сэтгэл санааны хохиролд энэ хүн 9 жил шахуу Шүүхийн ерөнхий зөвлөл ийн өргөн мэдүүлэг өгөх хууль бус эс үйлдэхүүн улмаас сэтгэл санааны хохиролд 111 сая 100 мянган төгрөгийг нэхэмжилж нийт 400 сая төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулж өгөөч гэж нэхэмжилсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн өргөн мэдүүлгийг даалгаж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын агуулгын хувьд нэхэмжлэгч Л.Г.... хувьд бол Шүүхийн тухай багц хууль батлагдаж хэрэгжих гэсэнтэйгээ холбоотойгоор 2013 оны 12 сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарим шүүгчийг томилж, албан тушаалаас нь чөлөөлж, эргүүлэн томилсон шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээр бол 198 дугаартай зарлиг байдаг. Л.Г... хувьд бол 2013 оны 12 сарын 18-ны өдрөөс хойш Ерөнхийлөгч ямар ч утгагүйгээр буюу үндэслэлгүйгээр томилохоос татгалзаад үндсэндээ хөдөлмөр эрхлэх эрхийг нь хязгаарлачихсан. Л.Г... хувьд ерөнхийлөгч томилоогүйн улмаас үндсэндээ өнөөдрийг хүртэл шүүхийн маргаан үүсээд явж байна. 

2013 оны 12 сарын 18-ны өдрөөс хойших хугацаанд Үндсэн хуулийн цэц, Улсын Дээд шүүх харьяалал тогтоолгохоор нэлээн маргаж явсан. Эцэст нь харьяаллыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд харьяалал тогтоосон. 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 0070 дугаартай шийдвэрээр иргэн Л.Г*******ийг болон бусад 11 хүний хамт өргөн мэдүүлээгүй нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон шийдвэр гарсны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсэн гэдэг. Өргөн мэдүүлсэн байдлыг нь харах юм бол анхан шатын шүүхийн шийдвэр гараад давж заалдах шатын шатны шүүхэд хандаагүй учраас анхан шатын шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж 2022 оны 3 сарын 24-ний өдрийн 74 тоот, 2022 оны 40 сарын 28-ны өдрийн 97 тоот, 2023 оны 1 сарын 12-ны өдрийн 28 тоот гээд үндсэндээ 3 удаа Шүүхийн ерөнхий зөвлөл Л.Г... анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.

Үүнтэй холбогдуулаад Ерөнхий зөвлөлийн тайлбараас харахад “өргөн мэдүүлсэн” гэдэг тайлбарыг хэлдэг боловч Л.Г... хувьд юу гэж үзэж байна вэ гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 оны 2 сарын 8-ны өдрийн 70 шийдвэрийг биелүүлж, өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлснийг нь Ерөнхийлөгч 3 удаа татгалзаад буцаачихсан. Монгол Улсын ерөнхийлөгчөөс иргэн Л.Г.... шүүгчээр томилуулах саналыг буцаасан шалтгаан энийг бас шүүх анхаарч үзэх ёстой гэж үзэж байгаа юм. Энэ шүүхийн ерөнхий Монгол Улсын Ерөнхийлөгчөөс буцаасан энэ санал нь захиргааны актын шинжийг агуулсан эсэх агуулаагүй байна гэдэг агуулгатай 2022 оны 7 сарын 26-ны өдрийн захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 597 тоот тогтоол бий. Хууль зүйн үндэслэлгүйгээр Монгол Улсын Ерөнхийлөгч татгалзсан. Тэгэхлээр Шүүхийн ерөнхий зөвлөл бол хуульд зааснаар нэг удаа эсвэл татгалзсан тохиолдолд дахин өргөн мэдүүлэхгүй байх талаар бол хуульчлаагүй.

Хэдийгээр 3 удаа өргөн мэдүүлсэн ч гэсэн Ерөнхийлөгч хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан үйл баримт бол тогтоогдчихоод байна. Энэ үйл баримтыг Шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхийлөгчийн татгалзсан үндэслэл нь тодорхойгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр буюу саналыг хүлээж аваад, дахин өргөн мэдүүлэхгүй байгаа хууль зөрчсөн процесс байна гэж харж байгаа юм. Нэг удаа өргөн мэдүүлсэн, 2 удаа өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлснээс татгалзаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй юү, үгүй юү гэдэг дээр Шүүхийн ерөнхий зөвлөл өөрөө дүгнэлт хийгээд, хэрвээ үндэслэлгүйгээр Ерөнхийлөгч татгалзах юм бол дахин өргөн мэдүүлэх үүрэгтэй гэж харж байгаа юм. Ерөнхийлөгч хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэрийг нь Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээн зөвшөөрөх, хүлээж авах ийм боломж байгаа юм уу, үгүй юм уу. Ерөнхийлөгч хууль зүйн үндэслэлгүй татгалзсан тохиолдолд Ерөнхий зөвлөл дахин өргөн мэдүүлэх үүрэгтэй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилуулах саналыг дахин өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөл д даалгаж өгнө үү гэж байгаа юм. Гол агуулга бол Ерөнхий зөвлөл нь тухайн иргэнийг шүүгчийн албан тушаалд тэнцэх эсэх асуудлыг нарийвчлан шалгаад тухайн шалгуурт тэнцсэн иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. Ерөнхийлөгч татгалзаж байгаа үндэслэл нь ямар хуулийн ямар агуулгаараа татгалзаж байгаа эсэх нь тодорхойгүй байхад Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх саналыг хүлээн зөвшөөрөхгүйгээр харин эсрэгээрээ бидний санал болгож байгаа хүн бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн буюу шүүгчийн шалгуурт хангасан эсэх асуудлыг эцэслэн томьёолж шийддэг байгууллага бол Шүүхийн Ерөнхий зөвлөл.

Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгоогүй тохиолдолд Ерөнхийлөгч хүлээж авах боломжгүй Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгож байгаа үйл баримт чинь өөрөө энэ хүн бол шүүгчээр ажиллах боломжтой гэдэг нөхцөл шаардлагыг хангасан шалгуурыг давсан үйл баримт нэгэнт тогтоогдож байгаа учраас Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүгчээр томилуулах саналыг гаргах буюу өргөн мэдүүлж байгаа гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэл иргэн Л.Г... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчээр томилуулах саналыг өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөл даалгуулах хүсэлттэй. гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Л.Г.... Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "Л.Г.... намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгах”, “ Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хууль бус үйл ажиллагааны улмаас 2013 оны 12 дугаар учирсан хохирол болох 400.000.000 /дөрвөн зуун сая төгрөг/ гаргуулах" шаардлага сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд бүхий нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбар гаргаж байна. Л.Г.... намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд иргэн Л.Г.... шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгох эрх зүйн үр дагавар бүхий аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргаагүй бөгөөд хуульд заасны дагуу шүүгчийн албан тушаалд томилуулахаар хэд хэдэн удаа өргөн мэдүүлсэн.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 42 дугаар тогтоолоор Шүүх байгуулах тухай хууль /2013/-ийн дагуу шинээр байгуулагдсан шүүхэд нэхэмжлэгчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0070 дугаар шийдвэрийг биелүүлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 74 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Л.Г... нарыг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 97 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.Г.... шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0699 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 0757 дугаар магадлалыг биелүүлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 28 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.Г... шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн.

Тус зөвлөл нь дээр дурдсанчлан 2022 оны 74, 96, 2023 оны 28 дугаар тогтоолоор иргэн Л.Г.... шүүгчийн албан тушаалд томилуулах саналыг удаа дараа өргөн мэдүүлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 3 йн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгах ажиллагааг хийж, холбогдох материалын хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс тухай бүр /2022 оны Е/04, Е/05, 2023 оны E04 moom албан бичиг/ нэхэмжлэгч Л.Г.... Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилох саналыг буцаан ирүүлсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, Ерөнхийлөгч томилно. ...” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон шүүгчийг томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд энэ нь хэнтэй ч үл бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус шаардлага хангахгүй гэж үзэхдээ чухам ямар шаардлагыг нь хангахгүй байгаа талаар хуваалцах бүрэн эрхээс гадна Ерөнхийлөгч нэхэмжлэгчийг хуульд заасан болзол Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх шүүх хурлууд дээр дээрх үндэслэлээр Ерөнхийлөгчид олгогдсон хэнтэй ч үл хуваах бүрэн эрх гэж үзэн тайлбарлаагүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ч дахин тодруулж асуугаагүй юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу өөр нэр дэвшигчийг санал болгох үүрэг бүхий нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсаны дагуу дахин өргөн мэдүүлэх боломжгүй юм.

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хууль бус үйл ажиллагааны улмаас 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд учирсан хохирол болох 400.000.000 /дөрвөн зуун сая төгрөг/ гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгчийн эрхийн зөрчил буюу түүнээс бий болсон хохирол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үл хамаарах шалтгаанаас үүдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид Хохирол учрахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцахгүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч Л.Г******* чөлөөлөгдсөн.

Төрийн албаны хуулийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно" гэж заасныг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх /12 сая төгрөг/ тэтгэлгийг Л.Г.... олгосон бөгөөд тухайн тэтгэлгийг маргаангүйгээр авсан байна.

Энэхүү чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүйгээс гадна дээр дурдсанчлан иргэн Л.Г.... шүүгчээр үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргаагүй болохыг дахин дурдъя. Иймд цалин хөлс, амралтын мөнгө, сэтгэл санааны хохирол зэргийг нөхөн олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Л.Г.... хууль бусаар шүүгчийн эрхээс нь түдгэлзүүлсэн, маргаан буюу хөдөлмөрийн эрхийн маргаан, Шүүхийн ерөнхий зөвлөл нэхэмжлэгчид албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан, ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хохирол учруулсан тухай маргаан зэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хохирол учруулаагүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б... шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ерөнхий зөвлөл хэд хэдэн удаа өргөн мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгчийн хэлж байгаа ерөнхийлөгчийн буцаасан үйлдэл нь захиргааны актын шинжийг агуулаагүй гэж шүүх үзсэн гэдэг нь өрөөсгөл юм. Яагаад гэхээр 2022 онд Е/04 тоот албан бичгээр эхний удаа буцаахад тухайн албан бичгийн агуулга ерөнхий зөвлөлөөс өргөн мэдүүлсэн албан бичгийнх нь одоо хавсралт шаардлага хангаагүй учраас энийг та нарт буцааж байна шүү гэсэн агуулга бүхий байсан. Энийг шүүх үзэхдээ бол зөвхөн Е/04 тоот албан бичгээр буцаасан нь өөрөө захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Үүнийх нь дагуу буцаж ирснийх нь дараа Ерөнхий зөвлөл дахин өргөн мэдүүлсэн дээр. Ерөнхийлөгчийн зүгээс Е/05 тоот албан бичгээр буцаасан байдаг. Захиргааны шинжийг агуулаагүй, агуулсан эсэх талаар бол дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл бол захиргааны актын шинжийг агуулаагүй гэж шүүх үзээгүй. Өөрөөр хэлбэл Шүүхийн ерөнхий зөвлөл Е/04 тоот албан бичиг буцаагдаж ирсний дагуу холбогдох хуульд заасан ажиллагаа хийгээд Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлсэн. Үүний дараа Е/05 тоот албан бичгийг буцааж ирэнгүүт нь нэхэмжлэгчдийн зүгээс шүүхэд хандсан байдаг. Үүнийх нь хүрээнд шүүх асуудлыг авч хэлэлцэхдээ Ерөнхий зөвлөл нэг удаа өргөн мэдүүлсэн гэж үзнэ. Е/04 тоот албан бичгээ буцаж ирсэн буюу эхний удаа 74 дүгээр тогтоолоор өргөн мэдүүлснийг өргөн мэдүүлсэн гэж үзэхгүй. Тийм учраас танайх хуульд заасны дагуу 2 дахь удаагаа өргөн мэдүүлэх үүрэг хүлээж байгаа юм байна гэдэг байдлаар шүүхийн шийдвэр гараад манайх нэхэмжлэгчийг 2023 оны 28 дугаар тогтоолоор төлөвлөсөн. Эцсийн байдлаар Ерөнхийлөгчөөс хуульд заасан болзол шаардлагыг хангахгүй байна гэдэг байдлаар буцаагдаж ирсэн нь бол Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хуульд заасан үүргээ бол хангалттай биелүүлсэн гэдэг нь бол харагдаж байгаа. Яагаад гэхээр Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д өөр нэр дэвшигчийг санал болгох агуулга бүхий заалт байгаа. Ямар тохиолдолд гэхээр Ерөнхийлөгчийн татгалзсан, буцаасан үндэслэл нь тогтоогдсон тохиолдолд гэж байгаа. Тэгэхээр Л.Г******* гуайтай ижилхэн одоо эрх зүйн байдалтай бас хүмүүс байгаа Захиргааны хэргийн шүүх дээр 2 сард явсан. Тэгээд энэ хүмүүсийн хуралдаан дээр Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бас оролцож байсан. Тухайн үед Ерөнхийлөгч энэ хүмүүсийг буцаахдаа яг энэ Шүүхийн тухай хуульд заасан яг аль эрхийн шаардлагыг нь хангахгүй байгаа юм бэ Шүүхийн тухай хуулийн 31.1.5 дахь заалтын гэж асуухад бол энэ нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Тийм учраас итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүхийн ерөнхийлөгч зөвлөл тайлбарлах ийм боломжгүй ээ гэдэг байдлаар тухайн үедээ хэлэлцэгдэж байсан. Үүнийх нь дагуу бид нар тогтоогоогүй биш өргөн мэдүүлэх бүртээ холбогдох ажиллагаа хийгээд лавлагаа мэдээллүүдийг цуглуулаад мэдүүлдэг. 2013 онд дахин өргөн мэдүүлэхтэй холбоотой ажиллагаа хийж байх үед нэхэмжлэгч сахилгын шийтгэлтэй байсан асуудлууд байдаг. Тухайн холбогдох лавлагаа мэдээллийг цуглуулаад өргөн мэдүүлэх ажиллагаагаа хийдэг учраас агуулгаар нь тогтоогдсон гэж үзэх боломжтой. Тийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсгийг хэрэгжүүлэх ёстой. Шүүхийн тухай хуулийн эдгээр холбогдох заалтыг агуулгынх нь хувьд авч үзэж хэрэглэхдээ жишээлбэл “нэхэмжлэгч Л.Г... ч байдаг юм уу, ижил эрх зүйн байдалтай бусад хүмүүсийг одоо 3 юм уу эсвэл 30 удаа ч юм уу өргөн мэдүүлэх ийм боломжийг нээж өгөх чинь боломжгүй. Шүүхийн тухай хуулийн холбогдох заалтыг хууль тогтоогчийн өөрийн хуулийг тогтоосон агуулгаар нь хэрэглэх ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас бол Шүүхийн ерөнхий зөвлөл холбогдох үүргээ Шүүхийн тухай хууль, Үндсэн хуульд заасанчлан үүргээ биелүүлчихсэн гэж үзэж байгаа учраас дахин өргөн мэдүүлэхийг даалгах нь боломжгүй юм. Тийм учраас бол энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. 2 дахь нэхэмжлэлийн шаардлага буюу хохиролтой холбоотой асуудал ярьж байгаа. Хохиролтой холбоотой энэ хэсгийн нэхэмжлэгчийн гол үндэслэл бол энэ 2022 оны 0070 дугаартай шүүхийн шийдвэрийг бол эшилж байгаа юм байна. Энэ шүүхийн шийдвэр гарахдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийг тухайн үед эдгээр хүмүүс нэхэмжлэл гаргахдаа шүүгчээр өргөн мэдүүлэхийг даалгах, үүнтэй холбоотойгоор шүүхэд шүүгчээр өргөн мэдүүлэхийг даалгахтай холбоотойгоор өргөн мэдүүлээгүй ажиллагаа нь өмнө нь өргөн мэдүүлээгүй нэгэнт зөвхөн нэг удаа өргөн мэдүүлсэн нь хууль бус юм байна гэдгийг шийдвэрлэсэн байдаг. Хохирлын асуудлыг зөвхөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гэж тодорхойлж ярих нь бол зохимжгүй. Яагаад гэвэл тухайн үеийн шүүгчийн эрх зүйн байдал, хэргийн харьяаллыг Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандаж байсан тохиолдлууд байдаг. Эдгээр энэ ажиллагаанууд тасралтгүй явж байсан учраас зөвхөн Шүүхийн ерөнхий зөвлөлийг энэ хохиролтой нь холбож оруулж ирж байгаа нь тодорхой биш мөн үндэслэл бүхий биш байна. Тийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн хохиролтой холбоотой асуудал дээр үүргээ одоо хуульд заасан чиг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн учраас энийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н.... шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт 2013 онд бүх шүүгчдээ чөлөөлөөд арваад шүүгчээс бусдыг буцаагаад томилсон байдаг. Үндсэн хуульд зааснаар Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулалт санал болгох урьдчилсан ажиллагааг бол хийдэг. Тухайн үед Л.Г.... шүүгч чөлөөлөгдчихсөн. Тэгсэн хэр нь тухайн буцаад эргэн томилогдоогүй буюу эргэн томилогдсон зарлиг гараагүй.

Шүүгч нарын тухайд болохлоороо Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 6 сартай тэнцэх хэмжээний цалин буюу 12 сая төгрөг олгосон байдаг. Үүнийг тухайн Л.Г... шүүгч ямар ч маргаангүйгээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл юуг илэрхийлж байна вэ өөрийнхөө чөлөөлөгдсөн тэр зарлигийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Маш одоо энгийнээр субьектив байдлаар илэрхийлсэн. Тухайн үед нь би энийг авахгүй ээ гэх ёстой байсан юм. Би энийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг байдлаар. Хэрвээ тэгээгүй учраас одоо яах вэ? Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдаад нэг шинэ бүтэц гэж явж байгаад нугалаан дээр Б.Б******* итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан буцаагаад 10 хэдэн хүмүүсийг өргөн мэдүүлье гэдэг асуудал яригдаад шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл эхнээсээ 2013 онд нь хүлээн зөвшөөрчхөөд ийм асуудал үүсээд  явчихсан байдаг.

Хоёрдугаарт дахиж өргөн мэдүүл гээд үндсэндээ бид нар 2013 онд 3 удаа өргөн мэдүүлсэн. Нийтдээ 4 удаа Л.Г******* гэдэг иргэнийг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байдаг. Тэгээд ахиад өргөн мэдүүлэгчийг заалгаж байгаа юм уу? Энийг үндсэндээ дахиад шүүх шийдвэрээ гаргаад Ерөнхий зөвлөл ахиад санал болгоод өргөн мэдүүлээд байх юм Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийг томилдог бүрэн эрхэд нь нөлөөлөх гээд байна. Үүнийг Үндсэн хуулиар хамгаалсан байх ёстой. Материаллаг хуулиараа буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулиараа 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэг дээр маш тодорхой зааж өгсөн байгаа. Татгалзаж болно. Татгалзахдаа үндэслэлтэй татгалзана. Тэр нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 буюу мэргэжил ур чадвар, ёс зүйн хувьд гэдгээр заачихсан байгаа. Тэрийг тайлбарлах ёсгүй этгээд Монгол Улсын Ерөнхийлөгч. Санал болгоод, өргөн мэдүүлээд 2012 онд нь бид нар тухайн үед өргөн мэдүүлээгүй байсан бол энэ асуудал яригдана. Бид нар өргөн мэдүүлсэн, ерөнхийдөө бол хийх ёстой юмаа хийчихсэн.Томилолт гэдэг нь мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчид байгаа асуудал. Аливаа зүйлд мэдээж шалтгаант холбоо байх Ёстой тодорхой хуульд заасан эрх үүрэг хэмжээгээ үйлдсэн эс үйлдэхүйгээрээ дээрээс үр дагавар үүссэн байгаа. Тэр нь аливаа хуулийн этгээд болон иргэнд хохирол учирсан байх ёстой. Энэ хооронд ямар нэгэн шалтгаант холбоо заавал байх ёстой. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлд дангаараа байдаг юм уу, хохирол, гэм буруутай ч гэдэг юм уу эрхийн зөрчил гаргачихсан байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байгаа нь хууль зүйн хувьд ч тэр, үйл баримтын хувьд ч тэр боломжгүй зүйл. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:  

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгчээс “Хариуцагч шүүхийн Ерөнхий зөвлөл нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхгүй байгаа нь хууль бус, мөн дээрх шүүхийн Ерөнхий зөвлөлийн хууль бус үйл ажиллагааны надад 400,000,000.00 төгрөгийн хохирол учирсан хохирлоо гаргуулна гэж”, хариуцагчаас “Шүүхийн ерөнхий зөвлөл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу өөр нэр дэвшигчийг санал болгох үүрэг бүхий нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэгчийн шаардлагад дурдсаны дагуу дахин өргөн мэдүүлэх боломжгүй гэж” тус тус маргажээ.     

3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Давж заалдах болон анхан шатны шүүхийн шүүгчдийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 35 дугаар тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйл, Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Лувсанжавын Г*******ийг Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна.

4.Дээрх тогтоолтой холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэхэмжлэгч Л.Г*******ийг Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалд томилоогүй байх бөгөөд Ерөнхийлөгчөөс томилоогүй шалтгаан, нөхцөлөө тайлбарлаагүй байна.

5.Шүүхийн захиргааны тухай хууль /2012 он/-ийн 8 дугаар зүйл.Хуульчдаас шүүгчийг шилж олох талаар Ерөнхий зөвлөлийн бүрэн эрх 8.1.“Ерөнхий зөвлөл хуульчдаас шүүгчийг шилж олох чиг үүргийн хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 8.1.2.“шүүгчийг томилох, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх;” гэж зааснаас үзвэл хариуцагч шүүхийн Ерөнхий зөвлөл 2013 онд үүргээ хэрэгжүүлсэн байна гэж үзэхээр байна.

6.Нэхэмжлэгч Л.Г******* болон нэр бүхий иргэдээс “... нэхэмжлэгч Л.Г*******ийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ... томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өгрөн мэдүүлэхийг шүүхийн Ерөнхий зөвлөлд даалгах, ... Л.Г******* ... нарыг өөрчлөн байгуулсан шүүхийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэдгээрийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т нийцүүлэн урд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд буцаан томилох шийдвэрээ шийдвэрээ гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч болон шүүхийн Ерөнхий зөвлөлд холбогдуулан тус шүүхэд гаргажээ.

7.Тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шүүхийн шийдвэрээр Шүүгчийн эрх байдлын тухай 2012 оны хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.1, 20.4.4, Шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1, 42.3.3, 70 дугаар зүйлийн 70.2.3, 73 дугаар зүйлийн 73.1.1, 73.1.2, Шүүхийн захиргааны тухай 2012 оны хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А... нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ... Л.Г******* ... нарыг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлээгүй Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ... нэхэмжлэгч Л.Г*******ийг дүүргийн анхан шатны аль нэг шүүхийн шүүгчээр тус тус томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид холбогдуулан гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

8.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 74 дүгээр тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Л.Г*******ийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

9.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04 дүгээр албан бичгээр шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг буцаан хүрүүлсэн байна.

10.Уг албан бичигт“... 1.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөл гагцхүү Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшигчийг өргөн мэдүүлэхээр заажээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн санал өргөн мэдүүлсэн асуудал нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд шүүгчид тавигдах болзол, шаардлагыг зохицуулсан. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн санал өргөн мэдүүлэх тухай албан бичигт дээрх нэр дэвшигч нар тус бүр дээрх хуульд заасан болзол, шаардлагыг хэрхэн хангаж буй талаарх нотлох баримт тусгагдаагүй байна.

Иймд танай ирүүлсэн 2022 оны 01/371 тоот санал өргөн мэдүүлэх албан бичиг, нэр бүхий 12 иргэнд холбогдох хавсралтыг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

11.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тухай” 97 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсгийг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч Л.Г.... Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна.

12.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05 дүгээр албан бичгээр шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг буцаан хүрүүлжээ.

13.Уг албан бичигт“... Шүүхийн ерөнхий зөвлөлийн ... 2022 оны 97 дугаар тогтоолоор санал болгосон нэр дэвшигч Лувсанжавын Г*******, ... нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна.

Иймд танай газраас ирүүлсэн 2022 оны 01/542, 01/544, 01/545, 01/546, 01/547, 01/549 дүгээр санал өргөн мэдүүлэх албан бичиг, холбогдох хавсралтын буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

14.Нэхэмжлэгч Л.Г... “... Л.Г.... шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын шүүхийн Ерөнхий зөвлөлд холбогдуулан тус шүүхэд гаргажээ.

15.Тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0699 дүгээр шүүхийн шийдвэрээр Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5, 36 дугаар зүйлийн 36.4, 36.5, Шүүхийн тухай хууль /2002/-ийн 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Л.Г*******ийг шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэхгүй байгаа болон хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгаж шийдвэрлэсэн байна.

16.Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч шүүхийн Ерөнхий зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 221/МА2022/0757 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

17.Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэрүүд гарсантай холбогдуулан шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин өргөн мэдүүлэх тухай” 28 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.Г... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар дахин Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна.

18.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Е/04 дүгээр албан бичгээр шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналыг буцаан хүрүүлжээ.

19.Уг албан бичигт“... Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 28 дугаар тогтоолоор санал болгосон нэр дэвшигч Л... Г... нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй байна.

Иймд холбогдох албан бичгүүдийг хавсралтын хамт үүгээр буцааж байна.” гэжээ.

20.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.“Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, 79 дүгээр зүйлийн 79.1.“Ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан /цаашид "Хуралдаан" гэх/ байх бөгөөд хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.”, 79.5.“Ерөнхий зөвлөлийн дарга гарын үсэг зурж, тамга дарснаар энэ хуулийн 79.1-д заасан тогтоол хүчин төгөлдөр болно.” гэж тус тус заасныг үндэслэн хариуцагч нь тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2022/0699 дүгээр шүүхийн шийдвэрүүд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 221/МА2022/0757 дугаар магадлалыг биелүүлж шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 74, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 97, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолуудаар нэхэмжлэгч Л.Г... Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулахаар нийт 3 удаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна.

21.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, хариуцагч Монгол Улсын шүүхийн Ерөнхий зөвлөлийг нэхэмжлэгч Л.Г... шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж буруутгах үндэслэлгүй байна.

22.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйл.“Шүүгчийг томилох, танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийг сонгох”, 36.4.“Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.”, 36.5.“Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.” гэж тус тус заажээ.

23.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, Монгол Улсын Ерөнхийлөгч нь хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангахгүй нэр дэвшигчийг шүүгчээр томилохоос татгалзаж, энэ талаар шүүхийн Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэхээр байх бөгөөд шүүхийн Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн татгалзсан үндэслэлийг дахин нягтлан шалгаж томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд өөр нэр дэвшигчийг санал болгохоор байна.

24.Маргаан бүхий тохиолдолд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Е/04 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Л.Г.... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчээр томилохоос татгалзжээ.

25.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйл.“Шүүгчид тавих болзол, шаардлага”, 31.1.“Шүүгч Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан болзол болон дараах шаардлагыг хангасан байна:”, 31.1.5.“шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх.” гэж зааснаас үзвэл шүүгчээр ажиллах этгээд нь мэдлэг, чадвар, ёс зүйтэй байхаар байна.

26.Хэрэгт нотлох баримтаар Монгол Улсын шүүхийн сахилгын хорооны анхан шатны хуралдааны 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Шүүгч Л.Г... холбогдох сахилгын хэргийн тухай” 17 дугаар тогтоол авагджээ.

27.Уг тогтоолоор нэхэмжлэгч Л.Г... шүүгчийн зэрэг дэвийг зургаан сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд уг тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

28.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийн Л.Г... шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйн хувьд тэнцэхгүй гэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг буруутгах үндэслэлгүй байна.

29.Үүнтэй холбоотойгоор хариуцагч шүүхийн Ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5-д заасны нэхэмжлэгч Л.Г... шүүгчээр томилуулахаар дахин өргөн мэдүүлэх үүрэг хүлээхээргүй байх тул нэхэмжлэгчийн дахин өргөн мэдүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж үзэв.

30.Нэхэмжлэгчийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 400,000,000.00 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

31.Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд хохирол учирсан тохиолдолд хохирол учирсан гэх хүн, хуулийн этгээд нь захиргааны байгууллагаас хохирлоо гаргуулах эрхтэй.

32.Маргаан бүхий тохиолдолд, дээрх нөхцөл байдал үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

33.Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэх үүргээ /4 удаагийн байдлаар/ хэрэгжүүлж ирсэн байх тул хариуцагч Монгол Улсын шүүхийн Ерөнхий зөвлөлийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

34.Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн Л.Г.... Монгол Улсын шүүхийн Ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “иргэн Л.Г.... намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 400,000,000.00 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1.Шүүхийн захиргааны тухай хууль /2012 он/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 31 дүгээр зүйлийн 31.1.5, 36 дугаар зүйлийн 36.4, 36.5-д заасныг тус тус баримтлан иргэн Л.Г... Монгол Улсын шүүхийн Ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “иргэн Л.Г******* намайг шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлөлд даалгах, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол 400,000,000.00 /дөрвөн зуун сая/ төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ГАНБАТ