Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/02893

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/02893

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 5 дугаар байр, 60 тоотод оршин суух хаягтай, Г

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, 19-17 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 12 дугаар байр, 51 тоотод оршин суух, Э

 

Нэхэмжлэлийн шаардлага: 435,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунгэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Монгол

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхжаргал 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч А.э холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Ч.г миний бие А.этэй “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Олзвой гудамж, 62 тоот хаягт байрлах, 435 м2 талбайтай, хашаа, үл хөдлөх хөрөнгө худалдаж, худалдан авагч нь 500,000,000 төгрөг төлөхөөр тохирсон.

Гэрээний дагуу А.э нь гэрээ байгуулсны дараа 200,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 210 сая төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлсөн.

Үлдэх 290,000,000 төгрөгийг гэрээнд зааснаар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой байсан боловч төлбөрөө төлөөгүй.  Энэхүү төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас би санхүүгийн хүнд байдалд орсон. Учир нь хүнд өвчний учир Солонгос улсад эмчлүүлж байгаа миний охин Ганбаатарын Мишээлийн эмчилгээний зардалд хийх хугацаа болсон тул маш их төлбөр мөнгө шаардлагатай болж, улмаар өөрийн машин унааг зарсан. Ах дүү танил нөхдөөс их хэмжээний мөнгө зээлж эмчилгээний төлбөрийг хийх зэргээр хохирч байна.

Энэ байдлаа тайлбарлаж А.э болон түүхий эгч А.м нараас гэрээний төлбөр төлөх талаар удаа дараа хүсэлт гаргаж, гуйж байсан боловч утсаа авахгүй, эсвэл эгч А.м мэднэ гэдэг бөгөөд А.м сүүлийн үед утсаа авахгүй төлбөрийн хугацаа алдагдсаар байна.

Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр арга буюу шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлахад хандсан боловч ирж уулзаагүй. Түүнээс хойш даруй 2 сарын хугацаа өнгөрч байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу алданги тооцож үзэхэд хугацаандаа төлөөгүй 290,000,000 төгрөг, энэ үнийн дүнд ногдох алданги /290 сая төгрөг х 100 хоног х 0.5 хувь/ 145,000,000 төгрөг төлөхөөр тооцоо гарч байна.

Энэхүү төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний үүргийн биелэлтийг хангуулах зорилгоор байгуулсан 0054 дугаар Барьцааны гэрээнд заасан Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, \16050\ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 47а байр, 2 давхар, 1 тоот байраар гэрээний үүргийн биелэлтийг хангуулах боломжтой.

Иймд гэрээний үүргийн дагуу төлөгдөөгүй байгаа 290,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс одоо хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой төлөх алданги 145,000,000 төгрөг, нийт 435,000,000 төгрөгийг А.эээс гаргуулж Ч.гт олгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн А.э би иргэн Ч.гтай 2023  онд “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулж Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Олзвойн 62 тоот, 435 м2 газрыг 500,000,000 төгрөгөөр худалдан авсан ба 210,000,000 төгрөгийг төлсөн, харин 290,000,000 төгрөг төлөх дутуу байгаа.

Миний бие уг газрын хажуу талын хашааны өмчлөгч бөгөөд уг 2 газрыг нийлүүлж барилга барихаар төлөвлөж энэ газрыг худалдан авсан. Би 2023 онд барилгаа эхлүүлэхээр төлөвлөж газрын үлдэгдэл төлбөр 290,000,000 төгрөгийг төлөхөөр тооцоолсон байсан. Гэтэл 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр манай барилгын зөвшөөрөл өгөх хурал болж манай асуудал дэмжигдсэн хэдий ч төрийн байгууллагын хүнд суртал, 2023 онд Баянзүрх дүүрэгт гол усны үер байгалийн гамшиг болсонтой холбоотойгоор манай барилгын архитектор, төлөвлөлтийн даалгавар гараагүй тул өнөөдрийг хүртэл барилгын ажлаа эхлүүлээгүй Ч.гаас худалдаж авсан газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байна.

Би анх гэрээ байгуулахдаа үлдэгдэл төлбөрийг барилга эхлээд хөрөнгө оруулалт авахаар урьдчилан тохирсон байсан мөн байрны захиалга зэргээс төлөх бүрэн боломжтой байсан учир үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж хоногийн алдангийг Иргэний хуульд заасан хамгийн өндөр хэмжээгээр тогтоож гэрээнд оруулсан. Би одоогоор уг газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй барилга барих хүсэлтээ өгсөн ба санхүүгийн хувьд үлдэгдэл төлбөрөө төлөх ямар ч боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжилж байгаа 290,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин 145,000,000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Ч.гаас бэлэн мөнгө зээлж аваад хугацаанд төлөөгүй хохироогоод байгаа асуудал байхгүй, харин надаас үл шалтгаалах төрийн байгууллагын үйл ажиллагаа, байгалийн гамшиг зэргээс болоод төлбөр төлөх боломжгүй болсон тул хугацаа хэтэрсэн 4 сарын дотор 290,000,000 төгрөгт 145,000,000 төгрөгийн алданги тооцно гэдэг хэтэрхий хүнлэг биш бодит байдалд нийцэхгүй асуудал гэж үзэж байна.

Иймд 145,000,000 төгрөгийн алданги төлөх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин нэхэмжлэгчтэй тохиролцсон тохиолдолд үндсэн төлбөр болох 290,000,000 төгрөгийг хуваарь гарган төлөх саналтай байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх4/, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /хх7/, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Барьцааны гэрээ”- ний хуулбар /хх8-10/, гараар бичсэн өргөдөл /хх11-13/, эмнэлгийн тодорхойлолт орчуулгын хамт /хх14-16/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх48/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: үзлэгийн тэмдэглэл /хх38-47/.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

1. Ч.г болон А.э нар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №0053 тоот “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулжээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Худалдагч Ч.г нь нэгж талбарын 0 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Олзвой гудамж, 62 тоот хаягт байршилтай, 435м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг А.э 500,000,000 төгрөгөөр худалдах;

2/ Төлбөрийн урьдчилгаа 200,000,000 төгрөгийг худалдан авагч тал 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 300,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдан авагчид төлөх;

3/ Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх.

 

2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зохигчид эрхийн улсын Ү-0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол /16050/, ЭТӨЧ гудамж, 47а дугаар байр, 2 давхар, 1 тоот хаягт байршилтай, 162.46 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан №0054 тоот “Барьцааны гэрээ” байгуулсан байна. 

 

3. Талууд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №0053 тоот гэрээг “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний заалт, агуулгыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. 

 

Хоёр.

 

1. 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ч.г нь хариуцагч А.э холбогдуулж 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №0053 тоот “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний үлдэх төлбөр 290,000,000 төгрөг, алданги 145,000,000 төгрөг, нийт 435,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба өөрийн шаардлагын үндэслэлээ “...гэрээний дагуу газраа шилжүүлсэн, ...гэвч үлдэх төлбөрөө тохирсон хугацаанд төлөөгүй учир уг мөнгийг алдангийн хамт нэхэмжилнэ” гэж тайлбарласан.

 

2. Хариуцагчийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №0053 тоот “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл 290,000,000 төгрөг байгаа талаар маргаагүй. Харин өөрийн татгалзлаа “...алдангийг зөвшөөрөхгүй, ...290,000,000 төгрөгийг хугацаа авч төлөх хүсэлтэй” гэж тайлбарлаж байна. 

 

3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

5. Нэгэнт хариуцагчийн зүгээс гэрээний төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаагүй учир 290,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

6. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-гээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.  

 

7. Харин хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг тал хувиар буюу 72,500,000 төгрөгөөр багасгаж тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагч А.эээс нийт 362,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.гт олгоно.

 

9. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан “Барьцааны гэрээ”-ний талаар шаардлага гаргаагүй тул шүүхээс энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй. 

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,334,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,970,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасны дагуу хариуцагч А.эээс 362,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 72,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.эээс 1,970,450 гаргуулан нэхэмжлэгч Ч.гт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                   Н.ХАНГАЛ