Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 183/2022/03023/И |
Дугаар | 102/ШШ2024/02930 |
Огноо | 2024-06-04 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/02930
2024 оны 06 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/02930 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Ч.Батчимэг, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар багт оршин байх, “ДД” ХК /РД:
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөө-12 тоотод оршин байх, “ЖЖ” ХХК /РД:
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 34,804,841 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мө
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энх
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.На
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч “ЖЖ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
“ЖЖ” ХХК-ийн Дархан салбар нь бохир усны худаг өөрчлөх ажлыг хийж гүйцэтгэх явцад “ДСЦТС” ХК-ийн “Засвар туршилт тохируулгын алба”-ны харьяа 6 кВ-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламж ЯЧ№4 6 кВ-ын кабель шугамыг экскаватороор 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр газар шорооны ажлыг хийж гүйцэтгэх үед гэмтээж тасалсан. Тус гэмтэл гарсан даруйд технологийн зөрчлийг судлан бүртгэх комиссын гишүүд газар дээр ажиллаж гадны нөлөөтэйгөөр кабель шугам тасалсан зөрчлийг бүртгэсэн болно.
Дархан хот байгуулагдсан 60 гаруй жилийн хугацаанд хуучин кабель шугамын насжилт дуусаж, элэгдэл муудсан. Тус компаниас РП-10 хуваарилах байгууламжид 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд их ба урсгал засварыг хийж капиталжуулсан. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд шинээр оролтын кабелын трасс гаргаж, оролтын 2 хос кабель татах зэрэг 8 нэр төрлийн хөрөнгө оруулалтын ажилд 732,768,310.40 төгрөгийг зарцуулж хэрэглэгчдийг найдвартай, чанартай цахилгаан эрчим хүчээр хангаж ажиллаж байна.
Гэтэл шинээр татсан кабель шугам гадны нөлөөтэйгөөр тасалж гэмтээсэн нь тус шугамаас тэжээгдэж буй 682 хэрэглэгчийн нийтийн эрх ашгийг хөндөж байна. РП-10 хаалттай хуваарилах байгууламжаас АТП-146,186 зэрэг 2 станцын 682 иргэн, аж ахуй нэгжийн хэрэглэгчид тэжээгддэг бөгөөд дээрх кабель шугамын гэмтлээс үүдэж цахилгаан хангамжийн аюулгүй, найдвартай, тасралтгүй үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсээд байна.
Дээрх зөрчлөөс үүдэлтэй хохирлыг технологийн зөрчил судлан бүртгэх актаар 45,880,631 төгрөг гэж тогтоогдсон ба иргэн ГГ, Н.Мөнхбаяр нар өргөдөл өгч өргөдлийн дагуу захирлын зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар тус ажлыг зөвхөн шууд зардал буюу материалын зардал, ажиллах хүчийг тооцож 34,804,841 төгрөг болгож актыг төлбөрийг бууруулсан.
Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3 дугаар бүлэгт заасан хууль, дүрмийн шаардлагыг биелүүлээгүй, зөвшөөрөл аваагүй, хангагч байгууллагын байнгын хяналт дор ажлыг гүйцэтгээгүйн улмаас тухайн кабель шугам сүлжээг гэмтээсэн зөрчил гаргасан.
Зөрчлийг судалсан актаар тогтоосон 34,804,841 төгрөгийн төлбөрийг гаргуулах талаар тус компанийн захиралд удаа дараа шаардлага тавьсан боловч дээрх төлбөрийг барагдуулахгүй байна.
Иймд хариуцагчаас 34,804,841 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “ДД” ХК нь “ЖЖ” ХХК-д холбогдуулан 34,804,841 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1/ Хариуцагчийг буруу тодорхойлсон талаар:
Манай компани 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ГГ буюу хувь иргэнтэй ЖҮ-22/71 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ” байгуулж, тус гэрээний дагуу бохирын усны худагт өөрчлөлт, өргөтгөлийн ажил хийлгүүлэхээр тохирсон. Гэтэл ажил гүйцэтгэгчийн ажилтан экскаватороор бохирын шугамын сувагчлал ухах явцдаа нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 6 кВ-ын кабелийн шугамыг гэмтээсэн байдаг.
Энэхүү зөрчлийг үйлдсэн иргэн нь “ЖЖ” ХХК-д аливаа байдлаар харьяалалгүй, ажилладаггүй бөгөөд бие даасан хувь иргэн, түүний ажилтан болно. Иймд энэхүү зөрчлийн хувьд гарсан гэм хорыг “ЖЖ” ХХК болон манай компанийн аливаа албан тушаалтан учруулаагүй байх тул “ЖЖ” ХХК-ийг хариуцагчаар татаж, зөрчлөөс үүдэн гарсан хохирлыг нөхөн төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн ЖҮ-22/71 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ” болон тус гэрээний ЖҮ-22/71-01 тоот нэмэлт гэрээгээр ГГ нь ажлыг гүйцэтгэхтэй холбоотой аливаа зөвшөөрлийг урьдчилан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү үүргээ биелүүлээгүйгээс учирсан аливаа хохирол, үр дагаврыг бүрэн хариуцахаар тохирсон.
Өөрөөр хэлбэл энэхүү зөрчилтэй холбоотой тохирох хариуцлагыг иргэн ГГ нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бүрэн хүлээх ёстой. Энэ талаар иргэн ГГ ч бас өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд зохих хариуцлагыг хүлээхээ бидэнд удаа дараа мэдэгдэж байсан. Мөн иргэн ГГгийн ийнхүү гэм буруугаа зөвшөөрч хариуцлага хүлээхээ мэдэгдсэн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ДСЦТС-д хаягласан бичиг болон нэхэмжлэгч компанийн дотоод хяналтын хэлтсээс иргэн ГГг буруутай этгээдээр тооцсон 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02/14 тоот бичгүүд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн хавсралтаар хэрэгт тус тус авагдсан байдаг.
Тодруулбал, 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 6 кв-ын кабелийн шугам экскаватороор гэмтээсэн зөрчилд иргэн ГГ хариуцлага хүлээх болохыг ГГ өөрөө болон “ЖЖ” ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээн зөвшөөрсөн, мөн түүнийг нэхэмжлэгч байгууллага өөрөө хохирлыг төлөх этгээд мөн гэж үзсэн байхад ямар үндэслэлээр “ЖЖ” ХХК-ийг энэхүү хэрэгт хариуцагчаар татан оролцуулж байгаа нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэлд “ДСЦТС” нь Эрчим хүчний тухай хуулийн 33, 36 дугаар зүйлийг үндэслэн 34,804,841 төгрөгийг “ЖЖ” ХХК-иас шаарджээ. Хэрвээ нэхэмжлэгчийн зүгээс Эрчим хүчний тухай хуульд зааснаар хохирол шаардаж байгаа бол мөн Эрчим хүчний тухай хуульд заасан журмаар маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай. Тодруулбал, Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг Эрчим хүчний зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлөөр урьдчилан шийдвэрлүүлэхийг заасан. Иймд тус маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь зүйлд зааснаар энэхүү хэргийг шүүх хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2/ Хохирлын хэмжээний талаар:
Нэхэмжлэлд дурдсанаар зөрчил гарсан өдөр “ДСЦТС” ХК-ийн Технологийн зөрчлийг судлах бүртгэх комисс газар дээр зөрчлийг бүртгэн ажиллаж нэхэмжлэгчийн Засвар туршилт тохируулгын албаны харьяа 6 кВ-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламжийн Яч№4 кабелийн шугам гэмтсэн болохыг илрүүлж хохирлын хэмжээг Технологийн зөрчил судлан бүртгэх актаар 45,880,631 төгрөгөөр тогтоосон.
Мөн хожим иргэн ГГ, Н.М нарын гаргасан өргөдлийн дагуу Захирлын зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар хохирлын хэмжээг зөвхөн шууд зардлаар буюу материалын зардал, ажиллах хүчний зардлаар тооцож 34,804,841 төгрөг болгон буулгасан гээд эдгээр үнэлгээ бүрийн задаргааг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн байна. Гэтэл эдгээр үнэлгээнүүдийн задаргааг харвал үнэлгээ тус бүрд материалын зардал болон ажиллах хүчний зардлыг өөрөөр тооцсон байгаа тул үнэлгээ үнэн зөв, бодит эсэх нь эргэлзээтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс ирүүлсэн энэхүү үнэлгээ нь иргэн ГГгийн зөвхөн нэг хэсгээр гэмтээгээд буй 6 кВ-ын Яч№4 кабелийн шугамыг уртын хэмжээгээр бүхэлд нь буюу 600 метр шинээр солиход гарах зардлыг тооцоолсон үнэлгээ байдаг. Гэтэл кабелийн шугамын гэмтэл гарсан хэсгийг тогтоосон журмын дагуу засах, муфьт холбоо хийх боломжтой бөгөөд энэ тохиолдолд кабелийн шугамыг нийт уртын хэмжээгээр шинээр солихоор шаардаж байгаа нь хор хохирлын хэмжээг бодит байдлаас өндрөөр үнэлж, хэт давсан дүнгээр нэхэмжилсэн харагдаж байна. Кабелийн шугамыг засварлах боломжгүй тохиолдолд ч 2011 онд ашиглалтад орж 11 гаруй жил элэгдээд буй шугамыг шинэ кабелийн шугамаар солиулахыг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасан эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгахдаа гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээнэ гэж заасантай нийцэхгүй байна.
Хэдийгээр “ЖЖ” ХХК нь энэхүү хэрэг маргаанд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаар дуудагдан оролцох үндэслэлгүй боловч нэгэнт хариуцагчаар оролцож байгаа учир хохирлын бодит хэмжээг тогтоолгох буюу 6 кВ-ын Яч№4 кабелийн шугамыг засварлахад гарах бодит зардлыг тогтоолгох хүсэлтийг гаргасан байдаг.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас ирүүлсэн эдгээр үнэлгээг “ДСЦТС” нь дангаар тооцон тогтоож, зөрчил судалсан акт үйлдэн манай байгууллагад илгээж байсан бөгөөд энэхүү хохирлын дүнг тогтоох болон холбогдох актыг үйлдэхдээ “ЖЖ” ХХК-иас ямар нэгэн санал авч байгаагүй нь Эрчим хүчний тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т “...хохирлын хэмжээг эрчим хүчээр хангагч, хэрэглэгч хамтран тогтоож, актаар баталгаажуулсан байна” гэж заасныг зөрчсөн байна. Иймд дээрх үндэслэл, шалтгааныг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “ЖЖ” ХХК-д гэрээний дагуу ажил хийж байхдаа уг гэмтлийг гаргасан. Нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг би хариуцан арилгана. Гэхдээ гэмтэл гарсан шугамыг бүтнээр нь солиулах гэж байгааг дэмжихгүй, яг гэмтсэн хэсгийг нь залгаас хийх байдлаар засварлах боломжтой, уг зардлыг нь би хариуцна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх5, 82, 170/, “Аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний хуулбар /хх6-11/, Технологийн зөрчил судлан бүртгэх хуудас /хх12/, хоногийн мэдээ /хх13-14/, зураг /хх15-18/, шуурхай ажиллагааны журнал /хх19-23/, “ДД” ХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 04/711 тоот албан бичиг /хх24/, 6 кВ-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламжийн ЯЧ№4-н 6 кВ-ын кабель шугамыг гэмтээсэн зөрчлийг судалсан №09/22 дугаартай акт /хх25-26/, төсөвт өртгийн нэгдсэн товчоо /хх27/, “ЖЖ” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 27 тоот албан бичгийн хуулбар /хх28/, гар бичмэл /хх29/, “ДД” ХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 02/14 тоот албан бичиг /хх30/, 6 кВ-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламжийн ЯЧ№4-н 6 кВ-ын кабель шугамыг гэмтээсэн зөрчлийг судалсан №09/22 дугаартай акт /хх31/, өртгийн товчооны нэгтгэл /хх32/, цалингийн нэгтгэл /хх33/, бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардал /хх34/, нийт барилгын машин механизмын хэрэгцээ /хх35/, РП-10 хуваарилах байгууламж шинээр барих ажил засварын ажлын капиталжих гүйцэтгэлийн дүн, хавсралт /хх36-38/, №70109010 дугаартай Кабель шугам ашиглалтын паспорт /хх39-42/, РП-10-ын ячейк №4-өөс тэжээлтэй хэрэглэгчийн жагсаалт /хх43-47/, үнийн саналын баримт /хх48-52/, “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №2023/47 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх97-108/, 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №УК-2011/39 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт /хх157-158/, Дархан-Уул аймгийн 110/6Кв-ын Бурхант дэд станцаас 15 дугаар багт байрлах РП-10 хуваарилах байгууламжийг тэжээх 6 кВ-ын кабель шугамын ажлын зураг /хх159-165/, кабель бүтээгдэхүүний №22Т02038 чанарын паспорт орчуулгын хамт /хх166-169/, “ДД” ХК-ийн Зөрчлийг судлан бүртгэх комиссын ажиллах журам /хх171-180/, Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм /хх182-184/, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн хүчний кабель суурилуулах техникийн шаардлагын тодорхойлолт /хх190-214/.
5. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх55, 109/, шүүхэд төлөөлөгч итгэмжлэл /хх56, 110, 185/, 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ЖҮ-22/71 тоот “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-ний хуулбар /хх64-65/, 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ЖҮ-22/71-01 тоот “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний нэмэлт гэрээ”-ний хуулбар /хх66/.
6. Талуудын хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №125 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх112-154/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. Нэхэмжлэгч “ДД” ТӨХК нь хариуцагч “ЖЖ” ХХК-д холбогдуулж гэм хорын хохиролд 34,804,841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
2. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ‘ЖЖ’ ХХК-ийн Дархан салбар нь бохир усны худаг өөрчлөх газар шорооны ажлыг хийж байхдаа ‘ДСЦТС’ ХК-ийн ‘Засвар туршилт тохируулгын алба’-ны харьяа 6 кВ-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламж ЯЧ№4 6 кВ-ын кабель шугамыг гэмтээж тасалсан. Уг хохирлыг хариуцагчаас нэхэмжилнэ” гэж тайлбарласан.
3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...‘ЖЖ’ ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр ажиллаж байсан иргэн ГГ нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах ёстой”, “...гэм хорыг ‘ЖЖ’ ХХК болон манай компанийн аливаа албан тушаалтан учруулаагүй байх тул тус компанийг хариуцагчаар татаж, бусдын учруулсан хохирлыг нөхөн төлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй”, “…шугамыг муфт буюу залгаас хийх байдлаар хэсэгчлэн засварлах боломжтой байхад заавал бүтнээр нь солих гэж байгаа нь үндэслэлгүй” гэсэн агуулгаар тайлбарласан.
4. 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “ЖЖ” ХХК-ийн Дархан салбар нь гуравдагч этгээдээр бохир усны худаг өөрчлөх газар шорооны ажлыг экскаватороор хийж гүйцэтгүүлэх явцад “ДСЦТС” ХК-ийн “Засвар туршилт тохируулгын алба”-ны харьяа 6 кВ-ын РП-10 хаалттай хуваарилах байгууламж ЯЧ№4 6 кВ-ын кабель шугамыг гэмтээж тасалсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
5. Харин дээрх гэмтлийн улмаас учирсан хохирлыг хариуцах ёстой этгээд болон бодит учирсан хохирлын хэмжээн дээр зохигчид маргаантай байна.
Хоёр.
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан нь гэм хор учруулсан этгээдийн хариуцлага хүлээх зарчмыг тодорхойлсон.
2. Харин гэм хор шууд учруулаагүй этгээд хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэлүүдийн нэг нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д тусгагджээ. Тодруулбал, ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээдэг байна.
3. Хуулийн дээрх заалтын “ажиллагсад” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтан, албан тушаалтанг, “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр тухайн иргэнийг ажиллуулж буй байгууллага, этгээдийг, “хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явц” гэж ажил олгогчийн зааврын дагуу ажил үүрэг гүйцэтгэж буй үйл явцыг ойлгоно. Түүнчлэн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч аливаа гэрээний үндсэн дээр ажил гүйцэтгэж буй этгээд ажил олгогчоос өгсөн заавар журмын дагуу ажил үүрэг гүйцэтгэн хөлс авч байгаа бол талуудын хооронд байгуулагдсан гэрээний онцлогоос шалтгаалан тухайн этгээдийг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтантай адилтган үзэх боломжтой.
4. Хэрэгт 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “ЖЖ” ХХК болон ГГ нарын хооронд байгуулагдсан №ЖҮ-22171 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”, 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “ЖЖ” ХХК болон ГГ нарын хооронд байгуулагдсан №ЖҮ-22/71-01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ”-нүүд авагдсан.
5. 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “ЖЖ” ХХК болон ГГ нарын хооронд байгуулагдсан №ЖҮ-22171 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ”-ний гол нөхцөл нь гүйцэтгэгч нь захиалагч “ЖЖ” ХХК-ийн Дархан салбарын үйлдвэр, агуулах, оффисийн барилгын гадна бохир усны ажлыг батлагдсан зураг төслийн дагуу шинээр 84 метр шугамын ажил, 2 худаг суулгах ажлыг хийж гүйцэтгэх байна.
6. Дээрх гэрээний агуулгаас үзэхэд гүйцэтгэгч нь захиалагчийн заасан газар, захиалагчийн өгсөн зураг төслийн хүрээнд захиалагчийн зааврын дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн, ингэхдээ бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж дүгнэхээр байна.
7. 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “ЖЖ” ХХК болон ГГ нарын хооронд байгуулагдсан №ЖҮ-22/71-01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ”-ний 1.1-д “Гүйцэтгэгч гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэхдээ холбогдох аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг бүрэн дагаж мөрдөх, ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай аливаа зөвшөөрлийг урьдчилан авсан байх үүрэгтэй бөгөөд ийнхүү үүргээ биелүүлээгүй, эсхүл бүрэн биелүүлээгүйгээс үүсэх аливаа хохирол, үр дагаврыг бүрэн хариуцна” гэсэн заалтыг үндэслэн “ЖЖ” ХХК-ийг хариуцлагаас чөлөөлөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
8. Тодруулбал, 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №ЖҮ-22171 дугаартай “Ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ” нь “ЖЖ” ХХК болон ГГ нарын хооронд байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагыг тохирсноор бусдын өмнө хуулийн дагуу хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
Гурав.
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулсан.
2. Нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч “ЖЖ” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүхээс дүгнэсэн.
3. Харин гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дор дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, гэрч асуулгах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлж оролцдог.
3.2. Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлын хэмжээг нотлох үүднээс хэрэгт “Капитал зууч” ХХК-иар хийлгэсэн 2023/47 тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г нотлох баримтаар гаргаж өгсөн.
3.3. Дээрх тайланд “ЖЖ” ХХК-ийн бохирын худгийн өргөтгөлийн ажил гүйцэтгэх явцад 6/0.4 кВ-ийн РП-10 ХХБ-ны яч№4-ийн 6кВ-ын 600 метр кабель шугамыг эксковатороор гэмтээснийг сэргээн засварлах нийт зардлыг 31,640,765 төгрөгөөр тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээгээр бус харин дээрх хэмжээгээр хохирлыг тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ.
3.4. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх үүрэгтэй ба нэхэмжлэгчийн “…кабель шугамыг залгах боломжгүй, ...бүтнээр солих шаардлагатай, ...энэ нь тус шугамаас тэжээгдэж буй 682 хэрэглэгчийн эрх ашигтай шууд хамааралтай” гэх тайлбар үндэслэл бүхий байна.
Дөрөв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “ЖЖ” ХХК-иас 3,300,000 төгрөгийг гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчээр ажилласан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгоно.
Тав.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЖЖ” ХХК-иас 316,154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДД” ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч “ЖЖ” ХХК-иас 31,640,765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДД” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,164,076 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч “ЖЖ” ХХК-иас 3,300,000 төгрөгийг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 331,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЖЖ” ХХК-иас 316,154 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ДД” ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
З.ДОРЖНАМЖИН