Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/02387

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/02387

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 5 дугаар байр, 25 тоотод оршин суух хаягтай, Б.Э

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ня

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Монгол Улсын Дээд хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2022/00296 дугаар тогтоолоор Б.Э 50,310,129 төгрөгийг гаргуулж “Нимми ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 39 байрны 1 тоот хаягт байрлах 97 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлгээ тогтоолгон 453,831,000 төгрөгөөр үнэлсэн.

Нэхэмжлэгч үнэлгээний тайланг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс гардан авч танилцсан. Хөрөнгийн үнэлгээ нь олон улсын стандартад нийцсэн байх ёстой ч хэрхэн яаж стандартад нийцүүлэн үнэлсэн нь тодорхойгүй, зах зээлийн орон сууц борлуулж буй ханшаас хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй.  Зах зээлд борлуулагдаж байгаа орон сууцны ханшаас хэт доогуур үнэлж байгаа нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж байна.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилсон байхад “Виннэрвэй” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн нь хуульд нийцэхгүй. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно...” гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээний мэдэгдлийг гардан авч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар 15-ны өдрийн 001/ХТ2022/00286 дугаар тогтоолоор Б.Эгаас 50,310,129 төгрөгийг гаргуулж “Нимми ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 22250663 дугаар тогтоолоор эхлүүлэн явуулж байна.

Төлбөр төлөгч Б.Эы өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эрхийн улсын Ү-П дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, /16080/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 39 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах, 97 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/22250663 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/22250663 дугаар тогтоолоор хураан, үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Эы итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нь 570,000,000 төгрөгөөр үнэлсэн бол төлбөр авагч “Нимми ББСБ” ХХК нь үнэлгээг эс зөвшөөрч шинжээчээр үнэлүүлэх хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 185/23 тоот албан бичгээр ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/369 тоот шинжээчийн тогтоолоор шинжээч О.Бат-Эрдэнэ тус хөрөнгийг 453,831,000 төгрөгөөр үнэлсэн.

Үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4-171/20616, 4-171/20615 дугаар тогтоолоор мэдэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  иргэний үнэмлэхийн хуулбар /хх4/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4-171/20616 тоот үнэлгээний мэдэгдэл /хх5/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/22250663 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоол /хх21-22/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/22250663 тоот  “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх23-24/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 102/шш2020/03315 дугаар шийдвэрийн хуулбар /хх25-27/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 109 дугаар магадлалын хуулбар /хх28-31/, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 001/хт2022/00286 дугаар тогтоолын хуулбар /хх32-33/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 102/гх2022/00856 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар /хх34/, итгэмжлэл /хх41/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-171/25304 тоот мэдэгдэл /хх43/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 12/38 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /хх44/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4/08 дугаар хариу мэдэгдэх хуудас /хх86/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4-171/308 тоот мэдэгдэл /хх87/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01/21 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /хх88/.

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1-171/530 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх36/, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 22250663 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /хх52-83/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 001/хт2022/00286 дугаар тогтоолоор Б.Э 49,902,666 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 407,463 төгрөгийн хамт гаргуулан “ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

2. Улмаар 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 102/гх2022/00856 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 22250663 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

3. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Б.Э нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дараах шаардлагыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах;

 

4. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа” гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй. 

 

Хоёр.

 

Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч Б.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох эрхийн бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 39 дүгээр байр, 1 тоот хаягт байршилтай, 97 м2 талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 01/22250663 тоот тогтоолоор битүүмжилжээ.

 

2. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/22250663 тоот тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэжээ.

 

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлбөр төлөгч Б.Э үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 570,000,000 төгрөгийн үнийн санал өгснийг төлбөр авагч “ББСБ” ХХК хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид буюу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар эрхийн бүртгэлийн Ү-0 дугаартай, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16080/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 39 дүгээр байр, 1 тоот хаягт байршилтай 97 м2 талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээн дээр харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10/369 тоот тогтоолоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсгүүдэд нийцжээ.

 

6. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 453,831,000 төгрөгөөр үнэлсэн ба энэхүү хөрөнгийн үнэлгээ болон тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4-171/20616 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Б.Эд мэдэгдсэн байна.

 

7. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. “Виннэрвэй” ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан, мөн үл хөдлөх хөрөнгөд өргөтгөл хийгдсэн тул талбайн хэмжээг нийт талбай буюу MNS 6058 : 2009 стандартын дагуу “Эн би дизайн” ХХК-иар гүйцэтгүүлсэн нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ.

 

8. Дээрх байдлаар иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй буюу төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан, шинжээч томилсон, хөрөнгийн үнэлгээ болон тайланг холбогдох этгээдүүдэд мэдэгдсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Б.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

9. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6.4-т зааснаар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан шаардлага хангасан этгээдэд шалгалт авах замаар олгоно.

 

10. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Үнэлгээний хуулийн этгээд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна” гэж, мөн хуулийн 16.2.1 дэх хэсэгт “Хоёроос доошгүй үндсэн орон тооны үнэлгээчинтэй байх бөгөөд гүйцэтгэх захирал нь үнэлгээчний хугацаагүй эрх авсан байх” гэж заасан.

 

11. Үнэлгээчин О.Бат-Эрдэнэ нь “Виннэр вэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал ба хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн болон хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч байгууллагаас хуульд заасан журмын дагуу үнэлгээчин томилсон, мөн хуулийн этгээдээс хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “…НШШГ-аас О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилсон байхад хуулийн этгээд үнэлгээ хийсэн нь хуульд нийцэхгүй” гэх тайлбар үндэслэлгүй.

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГАЛ