Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/22

 

Н.Бхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ч.Э, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 Прокурор А.О

 Шүүгдэгч Н.Б

 Шүүгдэгчийн өмгөөлөгч А.З /онлайнаар/

 Хохирогч М.Б

 Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д

 Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.У нарыг оролцуулан

 Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаар шүүхийн тогтоолыг прокурор А.О эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Н.Бхолбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ... -ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 3 дугаар баг, Жаргалант 11- ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж байсан, ДЛ............... регистрийн дугаартай, И овогт Н.Б.

 

 Н.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Замын хүрэн” гэх газарт өөрөөс нь зам асуусан 45 настай, эмэгтэй М.Б архи нэхлээ хэмээн боож унагаан чулуугаар цохиж алсан, улмаар үйлдсэн гэмт хэргээ нуун далдлах, гэмт хэргийн ул мөрийг устгах зорилгоор цогцсыг автомашинтай нь галдан шатаасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б холбогдох 1916002790127 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн нударгатай цэнхэр өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, бакалан гутал 1 хос, ногоон өнгийн фудболк 1 ширхэг, ногоон өнгийн хүрэм 1 ширхэг, цагаан цоохор срочкон цамц 1 ширхэг, дотоож 1 ширхэг, ерөөл архины шил 0,33 литр 1 ширхэг, Самсунг утасны батерей 1 ширхэг, шатсан эд зүйл 2 ширхэг, Самсунг маркын гар утас 1 ширхэг, шар өнгийн метал бугуйвч 1 ширхэг, ногоон өнгийн чулуу 1 ширхэг, шүдэнзний хайрцаг 1 ширхэг, хуванцар канистрийн таг 2 ширхэг, гарын арчдас 2 ширхэг, хатаасан цус 2 ширхэг, салфетк, нойлын цаас 6 ширхэг, булчин 1 ширхэг, арчдас бүхий тавиур шил 1 ширхэг, шатсан түлхүүр 8 ширхэг, ундааны савтай дизель түлш 2 ширхэг, пивоны савтай шингэн ус мэт зүйл 1 ширхэг, Ерөөл архины шил 0,5 литр 1 ширхэг, ууттай жимс 1 уут, тээврийн хэрэгслийн номер 1 ширхэг, тагны жийрэг гялгар уут 1 ширхэг, газрын хөрсний дээж, шатсан газрын хөрсний дээж 12 ширхэг, ундааны сав 4 ширхэг, автомашины шатсан дугуйны үлдэгдэл 1 ширхэг, под карлан 1 ширхэг, CD 7 ширхэг, шатсан Приус-20 маркын тээврийн хэрэгсэл 1 ширхэг /тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа/ зэргийг хэргийн хамт прокурорт шилжүүлж, шүүгдэгч Н.Б урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор А.О давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШТ/14 дугаартай шүүхийн тогтоолоор хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийг шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь шүүхийн тогтоолд хэргийг прокурорт буцаасан гол үндэслэл болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал, мөн гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй гэж дүгнэсэн нь маш өргөн утга агуулгыг хамарсан дүгнэлт гэхээсээ илүүтэй хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байдлыг үнэлж үзээгүй /цагаатгах, шийтгэх/, хүн алсан хүн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд сэдэлт, санаа зорилгыг тогтоох боломжгүй.  Гэрч, иргэний нэхэмжлэгч Г.М-ын машиныг шатаасан үйлдэл нь бие даасан гэмт хэргийн шинжгүй зөвхөн хүн алсан үйлдэл, амь хохирогчийн эрүүл мэндэд ямар гэмтлүүдийг хаана, ямар зүйлээр учруулсан, ямар хүчин үйлчлэлээс үүссэн аль гэмтлийн улмаас, хэзээ нас барсан, гэмт хэрэг үйлдсэн Н.Б-ын ул мөр үлдсэн байх боломжуудыг үгүй хийх зорилгоор шатаасан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад ямар гэмт хэргийг нуун далдалсан гэдгийг тодорхой тогтоогоогүй хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй буюу хэргийн бодит байдалтай нийцээгүй,

 Мөн гэрч З.Н, М, Ц.О, Б.Я, Н.Б болон бусад хүмүүсийг гэрчээр дахин байцаах гэж оруулсан байх бөгөөд дээр нэр дурдсан хүмүүсээс мөрдөн байцаалтын шатанд гэрчээр удаа дараагийн мэдүүлэг авсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдэд шүүх өөрийн дүгнэлтийг хийх бүрэн боломжтой дахин мэдүүлэг авах ажиллагаа явуулах нь хэргийн нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолгүй мөн дээрх гэрчүүдээс чухам юу тодруулах талаар тогтоолд огт дурдаагүй нь эргэлзээ төрүүлж байна.

Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан 0.5 литрийн Ерөөл архины шилэн дээрээс хурууны хээ илэрсэн, тухайн хурууны хээг Н.Б-ын хурууны хээтэй харьцуулж шинжээчийн дүгнэлт гаргуулах гэжээ. Гэмт хэрэг үйлдэгдсэн газраас архины шил илрээгүй бөгөөд хэргийн газрын үзлэгийг хэрэг үйлдэгдсэн газрын 3 км-т явуулж төв зам дагуу газруудаас архины шил, бусад эд зүйлсийг хураан авсан нь хэрэгт ач холбогдолгүй юм.

 Яллагдагч Н.Б-ын мэдүүлэг шалгах ажиллагаа явуулсан газрууд нь орон зайн хувьд хол буюу жишээ нь Н.Б-ын амьдарч байсан гэх айл нь /Чацран/ хэрэг болсон газраас 50 км орчим, анх хээр хоносон гэх Наран багийн төв нь хэрэг учрал болсон газраас 15 км орчим байх бөгөөд тухай бичлэгийг тасралтгүй явуулах боломжгүй талаар дүрс бичлэгт мөрдөгч, цагдаагийн ахмад С.М дурьдаж байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэг бичлэг гараагүй бөгөөд үүнд шүүхийн захиргааны ажилтны буруутай үйлдлээс болж дээрх бичлэг гараагүй гэж үзэж байна. Хэргийг шүүхэд шилжүүлэхэд хэрэг хүлээн авч буй шүүхийн ажилтан хэргийн хамт хүргүүлсэн эд мөрийн баримтууд, хэрэгт хавсаргасан бичлэг нэг бүрийг шалгаж, тулгаж авдаг бөгөөд прокуророос шилжүүлсэн хэрэгт дагалдан ирсэн Сиди бичлэг гараагүй тохиолдолд хэргийг хүлээн авдаггүй болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5133, 5002, 5271, 5272, 5167 дугаартай дүгнэлтүүд нь шинжээч томилсон тогтоолгүй гэсэн байх ба ШШҮХ-д шинжээч томилсон мөрдөгчийн нэг тогтоол дээр шинжээчийн хэд хэдэн дүгнэлтүүд чиглэл тус бүрээрээ гарсан байгаа нь харагдаж байна. Жишээ нь: Бактериологи, Хими, Биологи, ДНХ-ийн шинжээчийн дүгнэлтүүд нь мөрдөгчийн нэг тогтоол дээр гарсан байна. Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй хэмээн дүгнэж байна. Иймд ГовьАлтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШТ/14 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн гэжээ.

 Шүүгдэгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор ард нь буу тулгаад явсан гэж төрийн албан хаагчийг гүтгэлээ гэж байна. Би үнэн бодит байдлыг хэлсэн. Тэгээд хэргийн газар очоод намайг доромжилж зодсон нь үнэн. Хүнийг зодож дарамталсан байхад яагаад яллах гээд байгаа юм бэ? гэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй байна гэж шүүх үзсэн. Хэрэгт авагдсан баримтаас цаг хугацааг нь тооцож үзсэн. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цаг 20 минутад 91- ... ГАҮ дугаартай автомашин шатахуун аваад гардаг. Улмаар Э гэрчийн мэдүүлгээр 17-18 цагийн орчим нартай байсан. Хэрэг учрал болсон газар утаа гарч байсан гэдэг. Шинжээчийн дүгнэлтээр утаа нь 5-6 цаг гарах боломжтой гэдэг. Үүнээс сүүлд Ө гэрч 20 цагийн үед нар дашиж байхад утаа гарч харагдсан гэж хэлдэг. Тэгэхээр энэ нь 17 цагаас 20 цагийн хооронд нар жаргатал шатсан байдал харагддаг. Нийт хугацаа нь өглөөний 10 цаг 20 минутаас оройн 20 цаг хүртэл машин шатах процесс явагдсан. Энэ хооронд 12 цаг 25 минутад 8899.......... гээд П гэдэг хүн Наран баг руу нөхөртэй түлш хүргэж өгөх гээд явна гэж утсаар ярьсан байдаг. 01 цаг 30 минутын орчим түлш хүргэж өгөх гээд явж байна гэж утсаар ярьсан байдаг. Н.Б-аас ирж цаг асуусан хугацаа нь 13 цаг 30 минут болж байсан гэж тайлбарладаг. Г.М 14 цагт над дээр ирсэн 30 минут болоод явсан гэж хэлдэг. Хэрэг учрал болсон хугацаа хэрэгт авагдсан баримтаас харахад 14 цаг 30 минутаас 17 цагийн орчим хэрэг учрал гарсан байсан гэж хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Тухайн хэрэг учрал болсон газар нь бензин хүргэж өгсөн газраас 7.1 километр зайд байдаг. Дундаа 2.5 километр радиус дотор утасны цэнэглэгч, утасны батарей зэрэг эд зүйл бусад эд мөрийн баримт олдсон байдаг. Гэтэл гэрч Н, М нарын мэдүүлгээр энэ цаг хугацаанд Н.Б нь М, Ч, Н нарын гэрийг буулгаж байхад ирээд адуу асуугаад, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Нямхүүгийн мэдүүлгээр нүдэнд харагдах толгой дээр сууж байгаад буцаж усан дээр ирээд ус юүлэлцээд тэндээ байж байгаад явсан гэж мэдүүлдэг. М энэ үед явахад машин байгаагүй. Ирэхэд “Howo” өвс ачсан машин байсан гэдэг. Энэ үед нь хэрэгт холбогдоод байгаа Н.Б нь Н болон М нартай хамт байсан байдал харагддаг.Энэ үед нэг хүн хоёр өөр газар байх боломж байхгүй. Ийм нөхцөл байдлын үед хэн үйлдсэн, хэргийн нөхцөл байдал тогтоогдсон эсэхэд шүүх эргэлзэхээс өөр арга байхгүй. Өөрөө ингэж мэдүүлж байсан учир үүнд нь үндэслээд шийдвэрлэе гэх юм бол магадгүй дараа нь цагаатгах юм уу, хэргийн бодит байдлыг тогтоогоогүйгээс хэргийн өөр нөхцөл байдал үүснэ. Тэгэхээр үүнд яараад байх зүйл байхгүй учир бодит байдлыг тогтоогоод шийдвэрлэх нь зүйтэй байх. Мөн хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй түүний сэдэл санаа зорилгыг тогтоох боломжгүй гэж прокурор тайлбарладаг. Гэтэл бид нар ямар гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг холбогдсон хүний өөрийн мэдүүлгээс үл хамааран тогтоож байж зүйлчилнэ. Тэгэхгүй бол гэмт хэргийн субъектив талын шинж нь гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг тогтоох боломжгүй болно. Үүнийг эд хөрөнгийг авсан, шунахайн сэдэлтэй эсэхийг хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоох боломжгүй. Өөрөө хүлээгээгүй бол бүх хэрэг гэмт хэргийн сэдэл санаа зорилгыг тогтоогоогүй буюу тогтоолгүй шүүхээр шийдвэрлэгдэх боломж байхгүй. Энэ хүнийг тухайн гэмт хэрэгт холбогдуулж байгаа бол яаж үйлдсэн байх боломжтой юм, ямар эрх ашиг сонирхол байгаа юм бэ гэдгийг тогтоох шаардлагатай. Нөхөр дээрээ очиж байгаа хүн архи уучихаад очих ямар ч боломж байхгүй. М, Л нар ямар ч архи уугаагүй байсан гэж мэдүүлдэг. Мөн зам зааж өгчихөөд явсан мотоцикльтой хоёр хүнийг хэн байсан хаана байсан гэдгийг тодруулаагүй. Шүүх хуралдаан дээр нэг зүйл тодорхой болсон нь амь хохирогчийн цусанд спиртийн агууламж илэрсэн. Тэгэхээр амь хохирогч хаана архи уусан бэ? Аймгаас гарахдаа уугаагүй байсан. Амь хохирогч үнэхээр Н.Б-ын ярьж байгаа шиг архи аваад явж байсан юм уу гэхээр машинд архи байгаагүй талаар М, Ц нар аль аль нь хэлдэг. Н.Б хээр хоносон учир өөрт нь ямар ч архи байгаагүй. Ц, М, хохирогчийн цуснаас архи илэрдэг. Ц, М нар архи уусан юм уу гэхээр бид нар замдаа архи уугаагүй гэж тайлбарладаг. Гэтэл шүүх хуралдаан дээр байгаль орчны байцаагчийнхаас гарахдаа М нь 0.5 литртэй архи авч гарч ирчихээд талыг нь уугаад үлдсэнийг өөрсдөө авч явсан гэдэг. М Ц нар хаанаас архи авсан юм бэ, хэдэн шил архи авсан юм бэ, замдаа уусан юм уу эсхүл хэргийн газар байгаа “Ерөөл” нэртэй архины шил олдоод байгаа юм уу, архи хаанаас авсан гэдгийг шалгаж тогтоогоогүй. Шүүхийн шийдвэрт энэ талаар тусгагдаагүй байсан.

 Н.Б-ын мэдүүлэгт танихгүй хүнтэй уулзаад шууд архи уугаад явах боломжгүй. Хэрэв Н.Б хэргээ мэдүүлж ярьсан бол уусан архины шил нь хаана байсанг заагаад өгөх боломжтой байсан. Гэтэл тийм зүйл хэрэгт байдаггүй. Үнэхээр нөхөр рүүгээ архи уучихаад явсан юм уу? хаана архи уусан бэ гэдэг дээр ирээд гацдаг. Яагаад ийм мэдүүлэг өгсөн бэ гэдэг нь хэрэгт тодорхой авагдсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэдэг дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Н.Б хоригдсон, үзлэг хийсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнууд биед нь үзлэг хийж авсан. Гэтэл нуруу, бусад биед нь улайсан, зулгарсан, бороохойдуулсан шарх соривтой байсан. Тэрийгээ тогтоол дээр мэдүүлгээр өгсөн байдаг. Мөн шөнийн 3 цагт мэдүүлэг авдаг. Шөнийн 3 цагт яах гэж эмч дуудаж тайвшруулах тариа хийлгэсэн юм бэ гэдэг асуудалд эрүү шүүлт явагдсан, зодсон байдал харагдаад байдаг. Хууль сахиулагчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн энэ үйл ажиллагаанаас болоод бид нарын үнэлэх гээд байгаа баримтууд үнэлэхэд эргэлзээ төрүүлээд байна. Ямар санаа зорилгоор үнэлэхэд эргэлзээ үүсгэж байгаа юм бэ, ямар санаа зорилгоор хэрэгт холбогдсон хүнийг зодох болсон юм бэ, ямар нэгэн шалтгаангүйгээр бол зодоогүй байх. Эрүү шүүлт тулгаж зодсон юм уу гэдэг байдлыг зайлшгүй энэ хэрэгт шалган тогтоох шаардлагатай. Энэ зодуулснаас болоод хагалгаанд ороод эдгэрсэн байсан эвэрхий задарсан. Дахиад сээтэг тавиулж эвэрхийний хагалгаанд орсон. Үүнийг шинжээч нар эвэрхий өвчин учир гэмтэлтэй хамааралгүй гэж янз бүрээр тайлбарласан байдаг. Энэ зөрчилтэй холбоотой бичлэг хийдэг. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2.6-д мөрдөгч прокурор дуу дүрсний бүрэн бүтэн байдлыг хариуцна гэж байгаа. Шүүх хүлээгээд авсан л бол шүүхийн буруу, тухайн үед үзээд авахгүй яасан юм бэ одоо бид нарт хамаагүй гэдэг байдлаар гомдол бичсэн байна. Аюулгүй байдал хангаж байгаа бол лацдаад үзүүлчихээд өөрсдөө лацдаад шүүх хуралдаан дээр өөрсдөө лацаа шалгаад үзүүлэх байсан. Нямхүүгийн өмнөх мэдүүлэг хэрэгт авагдаагүй байна. Хэрэв дахин мэдүүлэг авч байгаа бол өмнөх өгсөн мэдүүлэг зайлшгүй байх ёстой. Шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байгаад авсан юм уу, эсхүл ажил ихтэй байгаад цаасанд нь ороод алга болсон юм уу? гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөрдөгч, прокурор шүүгч нар чанд мөрдөж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ч чанд баримталж ажиллах ёстой. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй. Н.Б-ыг тэнд байгаа гэж тайлбарлаад байгаа хүмүүсээс дахин мэдүүлэг авах, гэрч Д чих муутай надад тэгж сонсогдох шиг болсон гэж тааж яриад байдаг. Тэр талаар тэгж ярьсан эсэх талаар О түүний эхнэр Я нараас мэдүүлэг авъя гэхээр өвчтэй гээд байхгүй байдаг. Д-ын мэдүүлгийг үнэлье гэхээр Н.Б-ын өмсөж байсан хувцсыг өөрөөр тайлбарладаг. Тухайн үед болсон үйл явдлыг Н.Б намайг ирсний дараа ирсэн гэж тайлбарлаад байдаг. Н.Б-ыг ирсний дараа ирсэн байдаг.

 Тэгэхээр өөр өөр байдлаар тайлбарлаад үнэлэхэд эргэлзээ үүсгэдэг. Иймээс хэргийн бодит байдлыг тогтоохын тулд эдгээр хүмүүсийг гэрчээр тодруулж асуух нь зүйтэй байх. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Өөр гэмт хэргийг халхавчлах зорилгоор машин шатаасан юм уу, өөр зорилго байсан юм уу гэдэг дээр энэ нь прокурорын яллах дүгнэлтэд ингэж бичсэн байсан. Өөр гэмт хэргийг халхавчлах зорилгоор гэж байгаа бол ямар гэмт хэрэг гэдгээ тодруул гэдэг байдлаар дурдсан. Энэ нь үндэслэлгүй гэж өөрөөр тайлбарлах боломжгүй байна. Хэрэг учрал болсон эргэн тойронд 2.5 километр радиус тогтооход хохирогчийн утасны цэнэглэгч, архины шил олддог. Түүн дээр өөр хүний хурууны хээ байдаг. Үнэхээр хэрэгт хамааралгүй эд мөрийн баримт байсан бол хэрэгт орж ирэхгүй. Тухайн хэрэгт хамааралгүй хэдэн баримт байгаа нь ч ойлгомжгүй байна. Тухайн баримтуудыг ач холбогдолтой гэж үзээд яллах дүгнэлтэд оруулаад шинжлэн судлуулсан байх гэж ойлгож байна. Гэтэл прокурорын эсэргүүцэл дээр тухайн баримтууд ач холбогдолгүй баримтууд байсан гэж тайлбарлаад байна. Үнэхээр ач холбогдолгүй байсан бол яах гэж шинжээч томилж хурууны хээ авахуулсан юм бэ? яах гэж шүүх рүү оруулж ирсэн юм бэ, ямар ч хамааралгүй байсан бол шүүх рүү ирүүлэх шаардлагагүй байсан. Шүүхэд ирүүлсэн баримтыг нь шүүх нотлох баримт гэж үзээд үүнийгээ тодруул гээд буцаахаар энэ хэрэгт ямар ч хамааралгүй байсан гэж эсэргүүцэл бичиж байгаа нь ойлгомжгүй байна. Бичлэг хэд хэдэн удаа тасардаг. Үнэхээр үргэлжлүүлэн хийх боломжгүй алслагдсан орон зайд байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулаад өгсөн байгаа. Ийм нөхцөлд тухай бүр тэмдэглэл үйлдээд баталгаажуулаад холбогдогчид мэдэгдээд явна гэсэн. Гэтэл тийм тэмдэглэл байхгүй. Камерын бичлэг гэнэт орж ирээд, урдуур нь хүмүүс гараа дарж явсан байдал харагддаг. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу бэхжүүлсэн нотлох баримт гэж үзэхэд үнэхээр эргэлзээ төрүүлж байна. Иймээс анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 Хохирогч М.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг гараад бараг 1 жил болох гэж байна. Хуулийн байгууллагад хандаж хэлэхэд үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна. Маш яаралтай. Энэ хүн буу тулгаад явсан гэж хэлж байна. Үнэхээр тийм бол нэрийг нь хэлээдэх. Нэг үг бичиж өгөөд үүний дагуу мэдүүлэг өг буу тулгасан гэж хэлж байна. Үнэхээр л тийм бол тэр хүнийхээ нэрийг хэлээдэх. Үнэхээр гомдолтой байна. Энэ хүн хэрэг хийгээгүй юм шиг эрх чөлөөтэй явж байна. Үүнийг цагдан хорьж болохгүй юм уу гэжээ.

 Хохирогчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн бодит байдал тогтоогоогүй, яарах хэрэг байхгүй гэж байна. Хүний амь нас хохироосон хүн эрх чөлөөтэй гадуур явж байгаа. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Тухайн өдөр амь хохирогч шүүгдэгчтэй таарсан байдаг. Гэтэл хөдөөний хүмүүс баримжаагаар цагийн байдлыг хэлдэг. Цагны асуудал тодруулахаар шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч нар орж ирдэг. Тухайн гэрч нар тодорхой цаг санахгүй байна гэж хэлдэг. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нэг хүн нэг цаг хугацаанд хоёр газар байх боломжгүй гэж хэлдэг. Хэргийн материалд авагдсан гэрчийн мэдүүлгээр цагны асуудлыг бүрэн тодорхой хэлдэггүй. Харин хавтаст хэрэгт цугларсан материалаас харж үзэхэд энэ хүн гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн мэдүүлгүүдэд болсон үйл явдалыг тодоос тод ярьдаг. Ямар учраас энэ хүний амь насыг хохироосон, энэ нөхцөл байдал цаг хугацаа, гэмт хэрэг гарсан байдлыг маш тодорхой ярьдаг. Гэтэл 2.5 километр газрыг самнаж үзлэг хийсэн гэдэг. Гэтэл тухайн баримтууд ихэнх нь шинжилгээнд тэнцдэггүй. Үүн дээр тоглолт хийгээд би эрхээ эдэлнэ гэж хэлээд эрхээ эдлээд эхэлдэг. Би гэмт хэрэг хийгээгүй гэдэг. Урьд нь яагаад тэгж хэлсэн юм бэ гэхээр намайг эрүүдэн шүүсэн асуудал ярьдаг. Эрүүдэн шүүсэн талаар асуудлыг зохих газарт нь удаа дараа хандаад явсан. Хүний амийг онц ноцтой харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг байхад энэ гэмт хэрэг биш байна. Гэмт хэрэг гарсан цаг хугацаа тодорхой биш байна. Хэн үйлдсэн нь тодорхой биш байна. Хэргийн сэдэл байхгүй гэж буцааж байгаа нь үндэслэлгүй хэргийн бодит байдалд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотлох баримтыг үнэлэх эсэх асуудал байгаа. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Ямар ажиллагааг юуг хийлгэх гэж байгаа нь тодорхойгүй байдлаар анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдаж өгсөн. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Тэр өдөр Н.Б амь хохирогчтой уулзсан, надаас зам асуугаад явсан гэж мэдүүлдэг. Энэ үйл баримтаас харахад тухайн цаг хугацаанд хэргийн газрын үзлэг, мэдүүлэг шалгах ажиллагаа, холбогдох хавтаст хэрэгт өгсөн Н.Б-ын маршрут, хувцсыг шалгасан. Н.Б тухайн амь хохирогчийн амийг хохироосон болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар хангалттай тогтоогдож байгаа. Иймээс анхан шатны шүүхээр гэм бурууг шийдвэрлэх хангалттай боломжтой гэж үзэж байна гэжээ.

 Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол гарах ёстой байсан. Гэтэл хэргийг прокурорт буцаасан шийдвэр гарч байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Анхан шатны шүүхийн тогтоолд дурдаад байгаа шиг асуудлуудыг шалгуулах ёстой байсан бол шүүх хуралдаан товлон зарлалгүйгээр, хэргийг шүүхэд шилжүүлэлгүйгээр товлон зарлах боломжтой байсан.

Хоёрдугаарт: Гэмт хэргийн сэдэл санаа зорилго тогтоогдоогүй гэж үзсэн бол хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө буцаах боломжтой байсан. Г.М-ын машиныг шатаах нь тусдаа гэмт хэрэг гэж үзсэн бол мөн шүүхэд шилжүүлэхээс өмнө буцаах боломжтой байсан. Гэрч нарыг асуух шаардлагатай гэж үзсэн бол урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт өгөөд гэрч нарыг оролцуулъя гэж байхад буцаах боломжтой байсан. Хэргийн газрын хээ, бичлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч томилсон тогтоолгүйгээр дүгнэлт гарсан гэдэг. Үнэхээр ингэж үзэж байсан бол шүүх хуралдаан товлон зарлалгүйгээр шалгуулах эрх нь байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан болсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр холбогдох гэрчүүд орж ирсэн. Гэхдээ энэ гэрчүүд бараг хэн нь дуудсан тодорхойгүйгээр асуулт асуух хүн тодорхойгүй байсаар байгаад эдгээр гэрчүүд явсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэнд дурдагдаад байгаа Н гэх мэт хүмүүст нөлөөлөх ажиллагаа явагдсан байсан. Өмнө нь өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Энэ хүн цагдан хоригдож байгаад Говь-Алтай аймгийн эрүүгийн шүүхийн шүүгч нар байхгүй гэдгийг далимдуулаад шүүгчээс татгалзсан. Тэрэнтэй холбоотой энэ хүн цаашид хоригдох боломжгүй болсон. Тэрийгээ ашиглаад мөрдөн байцаалтын ажиллагааг заваартуулах шатандаа орж гэрч нарт нөлөөлөх үйлдэл явагдсан. Гэрчид нөлөөлөөд өглөөгүүр ирсэн гэж ярьж байсан хүмүүс бүгд үдээс өмнө гэж энэ хүний хэрэг үйлдэгдсэн гэх хавтаст хэргээр тогтоогдоод байгаа цаг хугацааг маш сайн санаж эхэлсэн. Үйлдлээ мэдэхгүй би замдаа унтаад явж байсан хүн замд юу болсонг мэдэхгүй гэж хэлчихээд замаас төөрсөн гэдэг асуудал яригдахаар тухайн гэрч сэрүүн болсон. Эдгээр гэрч нарыг заавал мөрдөн байцаалтад буцааж мэдүүлэг авч байхаар шүүх хуралдаанд оролцуулаад асуугаад явах бүрэн боломжтой. Улсын яллагчийн тухайд маш тодорхой тайлбар хэлсэн. Г.М-ын машин шатсан асуудал дээр М-ыг хохирогчоор тогтоох асуудал яагаад гарч ирсэн юм бэ гэхээр миний бие мөрдөн байцаалтын шатанд Г.М-ыг хохирогчоор тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасантай холбоотой шүүгдэгчийн өмгөөлөгч үүнийг өлгөж авсан. Машин шатсантай холбоотой биш эхнэр нь алагдсан байна гэдэг асуудалтай холбоотой хүсэлт өгч байсан. Машин шатаасан гэдэг нь тусдаа гэмт хэрэг биш. Энэ хүн гэмт хэргийн ул мөрийг арилгахаар машин шатаасан. Г.М машин шатсан гэдэг дээр тусдаа хохирогчоор тогтоогдоод явах боломжгүй. Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй энэ хүн мөрдөн байцаалтын шатанд эрүү шүүлт тулгасан гэж бодоход яллагдагчаар өмгөөлөгчтэйгөө мэдүүлэг өгөхдөө цээжилсэн гэдэг асуудлыг бүгдийг нь нэг бүрчлэн мэдүүлж ярьсан байдаг. 2.5 километр радиус дотор шинжээчийн дүгнэлтээр юм гарч ирэхгүй болохоор мэдүүлгээсээ няцаж эхэлдэг. Эвэрхийний хагалгаанд орсон байдаг. Шинжээчийн дүгнэлтээр хүнд юм өргөхөөр эвэрхийний хагалгаа сэдэрдэг гэсэн. Мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаагаар километр газар алсан хүнийхээ цогцсыг өргөж явах хугацаанд эвэрхий сэдэрнэ. Мөн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Н.Б бид нартай хамт байсан гэж мэдүүлдэг гэрч нар байгаа. Энэ хүмүүс нүүж яваад Цахир булаг гэдэг газар түр буудалласан байдаг. Гэтэл Цахир булаг явах замд хохирогч замдаа таарах байсан, бензин авч явж байгаа М замд зогсож байх байсан. Гэтэл энэ хүмүүс тааралдаагүй. Тэгэхээр нөгөө гэрч нар өмнө нь өгсөн мэдүүлгээс буцаад Н.Б-ын мэдүүлэгтэй тааруулж эхэлсэн учраас байгаагүй, тааралдаагүй ийм нөхцөл байдал гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож эхэлдэг. Тэгэхээр гэрч нарыг шүүх хуралдаанд дуудан дахин оролцуулах бүрэн боломжтой. Заагаад өгсөн үгийг асуухгүй байхаар нь асуугаагүй асуултад хүртэл суусныхаа дараа хариулаад явж байх үйлдэл гарч ирсэн. Гэрч нарыг анхан шатны шүүх хуралдаанд дахин дуудаж оролцуулах бүрэн боломжтой. Бусад асуудлыг улсын яллагч дэлгэрэнгүй тайлбарласан. Мөрдөгчийн нэг тогтоол шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү явдаг. Чиглэл, чиглэлээр шинжээч дүгнэлт гардаг. Гэтэл тус тусад нь тогтоол нэхээд байдаг. Ийм асуудал байх боломжгүй. Тус тусад нь тогтоолтой байхаар шийдвэрийг анхан шатны шүүх гаргасан. Иймээс хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн тогтоол үндэслэлтэй болоогүй байна.

 

Тус аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.Б-ыг хүн алах гэмт хэргийг үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 13 дугаартай яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн 1916002790127 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тухайлбал гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал, мөн гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй гэж дүгнэсэн нь өргөн утга агуулгыг хамруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байдлыг үнэлж үзээгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

 Анхан шатны шүүх гэрч, иргэний нэхэмжлэгч Г.М-ын машиныг шатаасан үйлдэл нь бие даасан гэмт хэргийн шинжгүй зөвхөн хүн алсан үйлдэл, амь хохирогчийн эрүүл мэндэд ямар гэмтлүүдийг хаана, ямар зүйлээр учруулсан, ямар хүчин үйлчлэлээс үүссэн аль гэмтлийн улмаас, хэзээ нас барсан, гэмт хэрэг үйлдсэн Н.Б-ын ул мөр үлдсэн байх боломжуудыг үгүй хийх зорилгоор шатаасан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад ямар гэмт хэргийг нуун далдалсан гэдгийг тодорхой тогтоогоогүй хэмээн дүгнэснийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

 Гэрч З.Н, М, Ц.О, Б.Я, Н.Б болон бусад хүмүүсийг гэрчээр дахин байцаах гэж оруулсан байх бөгөөд дээр нэр дурдсан хүмүүсээс мөрдөн байцаалтын шатанд гэрчээр удаа дараагийн мэдүүлэг авсан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдэд шүүх өөрийн дүгнэлтийг хийх бүрэн боломжтой дээрх гэрчүүдээс чухам юу тодруулах талаар тогтоолд огт дурдаагүй байна.

 Гэмт хэрэг үйлдэгдсэн газраас архины шил илрээгүй бөгөөд хэргийн газрын үзлэгийг хэрэг үйлдэгдсэн газрын 3 км-т явуулж төв зам дагуу газруудаас архины шил, бусад эд зүйлсийг хураан авсан нь хэрэгт ач холбогдолгүй юм.

Яллагдагч Н.Б-ын амьдарч байсан гэх айл нь /Чацран/ хэрэг болсон газраас 50 км орчим, анх хээр хоносон гэх Наран багийн төв нь хэрэг учрал болсон газраас 15 км орчим байх бөгөөд тухай бичлэгийг тасралтгүй явуулах боломжгүй талаар дүрс бичлэгт мөрдөгч, цагдаагийн ахмад С.М дурдсан байна.

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5133, 5002, 5271, 5272, 5167 дугаартай дүгнэлтүүд нь шинжээч томилсон тогтоолгүй гэсэн байх ба ШШҮХ-д шинжээч томилсон мөрдөгчийн нэг тогтоол дээр шинжээчийн хэд хэдэн дүгнэлтүүд чиглэл тус бүрээрээ гарсан байгаа нь харагдаж байна. Жишээ нь: Бактериологи, Хими, Биологи, ДНХ-ийн шинжээчийн дүгнэлтүүд нь мөрдөгчийн нэг тогтоол дээр гарсан байна. Шинжээчийн 5133, 5002, 5272 дугаартай дүгнэлтүүд нь мөрдөгч С.М-ын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор 5271, 5167 дугаартай дүгнэлтүүд нь мөрдөгч С.М-ын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч томилох тогтоолоор шинжилгээ хийгдсэн байх ба тухайн шинжилгээний үр дүн нь хэргийг илрүүлэх ажиллагааны явцад хийгдсэн хөрсний дээжээс цус илрээгүй гэсэн 2 дүгнэлт, биологийн ул мөр илрээгүй гэсэн 3 дүгнэлт байгаа нь хэрэгт голлох ач холбогдол багатай байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдал, бусад байдалтай харьцуулан судалж, шалган, үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 Тиймээс анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

 2. Шүүгдэгч Н.Бурьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээдүүд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.Ж

 ШҮҮГЧИД Ч.Э

 Ш.Б