| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 2014003700004 |
| Дугаар | 2021/ДШМ/075 |
| Огноо | 2021-12-07 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2021/ДШМ/075
А.Цэрмаад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Н.Нямдорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Н.Энхжаргал /цахимаар/
Шүүгдэгч А.Цэрмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Цэрмаагийн гаргасан давж заалдах гомдлоор А.Цэрмаад холбогдох эрүүгийн 2014003700004 дугаар хэргийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Морьт овогт Амгалангийн Цэрмаа, ...........тоотод оршин суудаг, Эхийн алдар одонтой, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВЮ76040903/
А.Цэрмаа нь 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Шар бүрд” супер маркетын орчим дуудлагаар очсон хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Б.Өсөхбаяр, эргүүлийн цагдаа Б.Ёндонтүвшин, мөрдөгч У.Доржсүрэн нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Цэрмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Морьт овогт Амгалангийн Цэрмааг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.10-д зааснаар шүүгдэгч Морьт овогт Амгалангийн Цэрмаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч А.Цэрмаа нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт үйл баримтын бичлэг бүхий СД 3 ширхгийг эд мөрийн баримтаар флаш 2 ширхгийг хэргийн хамт хавсарган ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч А.Цэрмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Цэрмаа гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие А.Цэрмаа нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Тус шийтгэх тогтоолоор намайг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Дараах үндэслэлүүд байгаа тул дээрх байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:
Тус үйл явдал нь 2020 оны 7 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах манай газар луу Шар бүрд дэлгүүрийн эзэд хашаагаа сунган барьснаас үүдэн тухайн хүмүүстэй маргаан үүсгэснээс болсон бөгөөд маргаан дууссаны дараа машиндаа сууж байхад цагдаагийн алба хаагч нар ирсэн. Тухайн цагдаагийн алба хаагч нар нь гомдлын дагуу ирэхдээ бидэнтэй зүй бус харьцаж, цагдаагийн алба хаагчийн дүрмээ мөрдөөгүйгээс болсон үйл явдал юм.
Тухайн маргаан гарах үед цагдаагийн алба хаагч Өсөхбаяр нар нь ирээд манай нөхрийг машинаас нь шууд авч явна гэсэн. Би газраа алдчихсан иргэн хүн, өнөөдөр амралтын өдөр учраас маргааш өглөө явж очоод энэ асуудлаа шийдвэрлүүлье та бүхний ажлыг ойлгож хүндэлж байна гэдгээ манай нөхөр илэрхийлсэн. Гэтэл Өсөхбаяр гэх цагдаа нь за за гэж хэлснээ, Ёндондаш гэх цагдаагаас гаваа нууцаар дамжуулан авч гэтэж байгаад манай нөхрийг гавлаж чирснээс болж, бий болсон үйл явдал юм. Цагдаагийн алба хаагчийн зүй ёсны шаардлага, албан үүргээ биелүүлэх гэдэг нь бусдыг хуурч мэхлэх ажиллагаа мөн гэж би үзэхгүй байна. Үүнээс үүдэн би зүгээр явж байгаа хүнийг яагаад гавлаж байгаа юм. Ийм юм байдаг юм уу гэсэн шаардлагыг хэлэхэд цагдаагийн алба хаагч нар элдэв үгээр шууд доромжилж хэлсэн. Мэдээж би эхнэр хүний хувьд нөхрөө өмөөрч хэдэн үг хэлсэн бөгөөд хохирогч Б.Өсөхбаяр, Б.Ёндонтүвшин У.Доржсүрэн нарын мэдүүлэгт өгсөн шиг шууд бууж ирээд цохиж зодсон асуудал байхгүй. Тухайн хүмүүс нь хэрэгт худал мэдүүлэг өгсөн байдаг.
Гэтэл тухайн мэдүүлэг худал уу үнэн үү гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг ч удаа шалгаж үзээгүй бөгөөд нөхөр бид 2-ын хажууд хамт явж байсан хүмүүсийг нэг ч удаа гэрчээр асуугаагүй, зөвхөн цагдаагийн алба хаагч нарын мэдүүлгээр тус зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэж ял шийтгэж байгаад гомдолтой байна. Төрийг би иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах сэргээх иргэнээ хамгаалах үүрэгтэй гэж ойлгож байгаа болохоос биш төрийн нэр барьсан хүмүүсийн /төрийн албан хаагчдын / худал мэдүүлгээр иргэнээ хохироох ёсгүй гэж үзэж байна.
Хэрэв тухайн цагдаагийн албан хаагчид шаардлагаа зөв тавиад хараалын үг хэрэглээгүй, хулгайч мэт аашилж гэтэж бусдын гарыг гавлах гэж оролдоогүй бол тухайн үйл явдал болохгүй байх байсан.
Цагдаагийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн 2.2-т Хүний эрх эрх чөлөөг хүндэтгэх, 2.2.2-т “цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх, 2.2.3-т албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа алба хаагчидтай, адил тэгш, хүлээцтэй харилцаж, тэдний нэр төр алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, 2.4,1-т “ өөрийн болон албаны нэр төрийг цэвэр ариун байлгах, иргэдтэй соёлтой хүнлэг, хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх” талаар заасан байна.
Гэтэл цагдаагийн алба хаагчийн хийсэн видео бичлэгийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлахад цагдаа нар өөрсдөө эхэлж “... гөлгөө, өө муу новшнуудаа гэх мэтээр харааж өдөөн турхирч, бусдыг бүдүүлэг үгээр доромжилж байгаа нь авагдсан байна. Энэ байдал нь цагдаа нар өөрсдөө зөв шаардлага тавьсан алба хаагчид мөн үү? гэдэгт эргэлзээ төрүүлж байна.
Цагдаагийн албаны тухай хуулийн 3.1.2-т “нийтийн хэв журам хамгаалах” гэдэг нь гудамж, талбай, олон нийтийн бусад газарт хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журмыг сахиулах үйл ажиллагааг хэлдэг байна. Гэтэл биднийг элдвээр хэлж доромжилж хулгайч шиг араас гэтэж гавлах гэх мэтээр үйлдэл үзүүлж байгаа алба хаагчдын үйлдэл нь хууль ёсны зүй ёсны, дүрэм журам сахиулах хуулийн дагуух арга хэмжээ мөн үү гэдэгт энгийн иргэд бид эргэлзэж байна.
Тухайн цагдаагийн алба хаагчдын зүй зохисгүй аашилж байсныг тухайн үед хамт хараад зогсож байсан Энхтогтох Дэнсмаа, Уянга, Чимэддулам, Хандмаа нар мэдэх боловч иргэн, цагдаагийн алба хаагч хоёрын хүч тэнцвэргүй гэдгийг нотолж хэнээс нь ч мэдүүлэг аваагүй бөгөөд зөвхөн цагдаа нарын худал мэдүүлгээр л хэргийг шийдсэн нь хэтэрхий нэг талыг барьсан гэж иргэн хүний хувьд их гомдож байна. Ёстой л нөгөө ноёнтой заргалдвал толгойгүй гэгч зүйр цэцэн үг шиг санагдаж байна.
Мөн шүүх хуралдаан дууссаны дараа шүүгч нь цагдаагийн алба хаагч нар нь ёс зүйн дүрмээ ноцтой зөрчсөн байна. Үүнийг шийдвэртээ зааж өгнө гэж хэлсэн боловч тус шийтгэх тогтоолд энэ талаар ямар ч үг үсэг бичигдээгүй байна.
Харин тус шийтгэх тогтоолд Цагдаагийн алба хаагч нарыг Цагдаагийн албаны тухай хуулийн 23.1, 23.5, 23.6, 23.7-д тус тус заасныг биелүүлсэн гэж үзсэн нь тухайн үйл явдалтай тохирохгүй байна гэж үзэж байна. Учир нь энэ заалтууд нь цагдаагийн алба хаагчийн хуулийн дагуу явуулж байгаа ажиллагааг ойлгоно гэж бодож байна. Гэвч эдгээр хүмүүс нь өөрсдөө хууль зөрчиж бусдыг өдөөчхөөд дараа нь өөрсдөө хохирогч мэтээр жүжиглэж худал мэдүүлж, өөрсдийнхөө давуу байдлыг ашиглан үгсэн тохирч хохирогчийн дүрд тоглож байна.
Эдгээр хүмүүсийн мэдүүлсэн мэдүүлэг худал гэдгийг видео бичлэг нотолж байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүсийн мэдүүлэгтээ хэлсэн шиг би бусдыг цохиж зодсон, бусдын гарыг хавчсан, толгой руу цохсон үйлдэл нь тогтоогдоогүй, бичлэгт авагдаагүй байсан учраас цагдаа нар нь худал мэдүүлэг өгсөн нь тодорхой болсон. Би тухайн үед архи уугаагүй байхад намайг согтуу байсан гэж гүтгэсэн байсан. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.
Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Н.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Цэрмаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
А.Цэрмаа нь 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Шар бүрд” супер маркетын орчим дуудлагаар очсон хууль сахиулагч болох Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч Б.Өсөхбаяр, эргүүлийн цагдаа Б.Ёндонтүвшин, мөрдөгч У.Доржсүрэн нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь 2 дугаар хавтаст хэргийн 7-9 дүгээр талд авагдсан “... Миний бие 2020 оны 07 дугаар сарын 14-ний 17 цаг 00 минутаас шөнийн 01 цаг 00 минут хүртэл эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Ёндонтүвшин, олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Оюунчимэг нарын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон. Тэгээд Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал 21 цагийн үед жижүүрийн шуурхай албаны 10 дуудлагатай станцаар- Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Шар бүрд худалдааны төвд номер 6 гэж хэлсэн. Номер 6 гэдэг нь зодоон цохион болж байгаа талаарх товчилсон мэдээлэл байгаа юм. Тэгээд Б.Ёндонтүвшин бид хоёр шууд явж Шар бүрд худалдааны төв дээр очиход худалдааны төвийн ажилтан Алгаа гэх эмэгтэй байсан бөгөөд тэрээр- С.Батбаяр нь орж ирж агсан тавиад пост машин шидэж эвдэлчхээд гараад явлаа гэж хэлсэн Тэгээд бид нар худалдааны төвийн камерын хяналтын дэлгэцээс дотор камерын бичлэгийг ухрааж үзэхэд С.Батбаяр нь худалдааны төвд орж ирээд пос машиныг шидэж байгаа бичлэг байсан. Тэгээд худалдааны төвөөс гарсан чинь С.Батбаяр нь Шар бүрд худалдааны төвийн хажууд байх Соёмбо рестораны урд ,машиныхаа хажууд зогсож байхаар нь бид нар явж очиход тэрээр С.Батбаяр нь-Энд газрын маргаан болсон, та нар яах гэж ирсэн юм гэхээр нь би Та шар бүрд худалдааны төвд орж эд зүйлийг нь эвдэлж зөрчил гаргасан байна, тантай уулзах шаардлагатай байна гэхэд С.Батбаяр Та нартай уулзах шаардлагагүй гэж тавьсан шаардлага эсэргүүцсэн, тэгтэл түүний машины жолооны ард сууж байсан охин нь утсаараа бичлэг хийж, машины арын суудалд сууж байсан эхнэр нь- Та нар зайлцгаа гээд салавч гарган, хэл амаар доромжилсон, тэгээд С.Батбаяр нь шууд машинтай суусан. Тэгэхээр түүнд- Та зөрчил гаргасан болохоор тантай уулзаж асуудлыг шийдэх шаардлагатай, та гараад ир, эсвэл та охиноороо машинаа бариулаад дагаад явчих, цагдаагийн газар дээр очъё гэхэд шаардлага биелүүлэхгүй байсан. Тэгж байгаад С.Батбаяр нь машинаасаа бууж ирээд хамт явахгүй, уулзахгүй гээд бид нарын хууль ёсны тавьсан шаардлага эсэргүүцэх дахин зөрчил гаргаад байхаар нь түүнд гав хэрэглэхээр нэг гарт нь гав хийсэн чинь машины арын суудалд сууж байсан эхнэр А.Цэрмаа нь бууж ирээд миний толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод, газраас чулуу аваад чулуутай гараараа миний зүүн нүдний доод хэсэг цохиж, зүүн нүдний дээд хэсэгт маажсан.Тэгээд хамт цагдаа Б.Ёндонтүвшингийн духны хэсэгт нь чулуу барьсан гараараа цохисон. Тэр үед А.Цэрмаагийн ээж нь гэх хөгшин эмэгтэй, машиных жолооны ард сууж байсан охин нь бид нарын хувцас хунараас татаж чангааж эсэргүүцээд байсан. Тэгээд тухайн хүмүүс машиндаа ороод хаалгаа дотроосоо цоожлоод онгойлгож өгөөгүй. Тэгээд би станцаар цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд Шар бүрд худалдааны төв дээр дуудлагын дагуу ирэхэд бид нарын хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд, биед халдлаа гэж дуудлага мэдээлэл өгсөн. Дуудлага мэдээллийн дагуу мөрдөгч У.Доржсүрэн, багийн цагдаа Л.Мөнхзаяа нар ирсэн. Тэгээд цагдаа Л.Мөнхзаяаг газанд явуулж авчирсан. С.Батбаяр болон түүний эхнэрт бид нар-Машинаасаа буух талаар олон удаа буюу ойролцоогоор 2 цаг орчмын хугацаанд шаардлага тавьсан. Мөн тухайн үед замын цагдаагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар ирээд шаардлага тавихад машиныхаа хаалгыг онголоогүй. Тэгээд би С.Батбаяр болон эхнэрт нь Та нарт олон удаа шаардлага тавилаа, хаалгаа онгойлгохгүй бол тусгай хэрэгсэл газ хэрэглэлээ гэж хэлэхэд тэрээр “Чаддаг юм бол хэрэглэ” гээд байхаар нь машины цонхны завсраар нь бага хэмжээ газ цацсан чинь бүгд машинаасаа бууж ирэхээр нь С.Батбаярыг албан авто машинд суулган авч явахад эхнэр, охин хоёр нь цуг суугаад явсан. Тэгээд Цагдаагийн газарт ирээд С.Батбаярын согтуурлыг шалгахад гэхэд шалгуулахгүй байсан бөгөөд илт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан тул эрүүлжүүлээд эхнэр, охиныг нь явуулсан. Миний хувьд тухайн үед С.Батбаярын эхнэрийн нэрийг мэдэхгүй байсан бөгөөд дараа нь А.Цэрмаа гэдэг гэж мэдсэн. С.Батбаяр нь нэлээн согтолттой байсан. Түүний эхнэр А.Цэрмаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Харин охин нь эрүүл байх шиг байсан. А.Цэрмаагийн согтуурлын зэргийг шалгаагүй. Тухайн үед буюу А.Цэрмаа Б.Ёндонтүвшин бид хоёрын биед халдах үед олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Оюунчимэг, С.Батбаяр, охин нь, А.Цэрмаагийн ээж гэх настай эмэгтэй, Соёмбо рестораны үйлчлэгч бололтой 2-3 эмэгтэй зэрэг хүмүүс байсан бөгөөд олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Оюунчимэг гар утсаараа бичлэг хийсэн. Мөн цагдаа Б.Ёндонтүвшин энгэрийн камераар бичлэг хийсэн. С.Батбаяр охин гар утсаараа бичлэг хийж байгаа бололтой байсан. Тэгээд намайг өгсний дараа мөрдөгч У.Доржсүрэн, цагдаа Л.Мөнхзаяа нар ирсэн. Мөрдөгч У.Доржсүрэнгийн малгайг нь А.Цэрмаагийн ээж гэх настай эмэгтэй аваад өгөхгүй байсан. Тэгээд бид нар С.Батбаяр машиныхаа хаалгыг онгойлгохгүй байхаар нь машиныг улсын дугаарыг тайлж авах үед мөн хажуу талаас татаж чангааж эсэргүүцсэн Цэрмаа нь чулуу барьсан гараараа миний Б.Ёндонтүвшин бид хоёрыг цохиж, самардаж биед халдсан, бусад хүмүүс биед халдаагүй. Миний хувьд С.Батбаяр нь цагдаагийн алба хаагч нарын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн зөрчил гаргасан бөгөөд уг зөрчлийг таслан зогсоохын тулд Цагдаагийн албан тухайн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2 дахь заасан үндэслэлээр гав хэрэглэсэн, гэхдээ нэг гарт нь гав хийсэн чинь эхнэр А.Цэрмаа нь толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж, чулуу барьсан гараараа цохиж, маажиж биед халдсан. Тэгээд дараа нь машиндаа орчхоод машиныхаа хаалгыг онгойлгохгүй шаардлага эсэргүүцэхээр нь машины цонхны завсраар бага хэмжээний газ цацаж хэрэглэсэн...” гэх хохирогч Б.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар талд авагдсан “... Тухайн үед А.Цэрмааг нь газраас чулуу аваад миний духны зүүн талд цохисон. Түүнээс зүүн нүдний доод талд цохиогүй. Надаас мэдүүлэг авсан мөрдөгч андуурч бичсэн байна. Уг газар нь нилэнхүйдээ чулуу ихтэй газар байсан болохоор яг ямар чулуугаар цохисон, тэр чулуугаа яасан талаар мэдэхгүй байна. Тухайн үед надад энгэрийн камер байсан. Би уг энгэрийн камераар болсон үйл явдлыг бичиж авсан. Мөн “Шар бүрд” худалдааны төвийн дотор талын камерын бичлэгийг камерын хяналтын дэлгэцнээс бичиж авсан. Би энгэрийн камер дээр байсан 3 хэсэг бичлэгийг DVD-нд буулгасан. Одоо надад байгаа. Уг 3 хэсэг бичлэгийн 2 бичлэг нь А.Цэрмаа, С.Батбаяр нарын шаардлага эсэргүүцэж байгаа бичлэг байгаа. Харин 1 бичлэг нь “Шар бүрд” худалдааны төвийн дотор талын камерын бичлэгийг камерын хяналтын дэлгэцнээс бичиж авсан бичлэг байгаа... Би тухайн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 14-ний 17 цаг 00 минутаас шөнийн 01 цаг 00 минут хүртэл хэсгийн байцаагч Б.Өсөхбаяр, олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Оюунчимэг нарын хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилогдсон. Тэгээд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад буюу 21 цагийн үед жижүүрийн шуурхай албаны 10 дуудлагатай станцаар- Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Шар бүрд худалдааны төвд дээр хэрүүл маргаан болсон гэх дуудлага мэдээлэл ирлээ гэж мэдэгдсэний дагуу Шар бүрд худалдааны төв дээр очиход худалдааны төвийн ажилтан Г.Алгаа гэгч нь- С.Батбаяр нь орж ирж агсан тавиад пост машин эвдчихээд гараад явлаа гэж хэлсэн. Тэгээд худалдааны төвийн дотор талын камерын үзэхэд Соёмбо рестораны эзэн С.Батбаяр нь худалдааны төвд орж ирээд пос машиныг шидэж байгаа бичлэг байсан. Тэгээд худалдааны төвөөс гарсан чинь С.Батбаяр нь Шар бүрд худалдааны төвийн хажууд байх Соёмбо рестораны урд .машиныхаа хажууд зогсож байхаар нь бид нар явж очиход тэрээр С.Батбаяр нь-Энд газрын маргаан болсон, та нарыг дуудаагүй гэж хэлсэн. Тэгтэл хэсгийн байцаагч Б.Өсөхбаяр- Та шар бүрд худалдааны төвд орж эд зүйлийг нь эвдэлж зөрчил гаргасан байна, тантай уулзаж гаргасан зөрчлийн чинь талаар шалгах шаардлагатай байна гэхэд С.Батбаяр- Би та нартай уулзах шаардлагагүй гэж тавьсан шаардлага эсэргүүцсэн, машины арын суудалд сууж байсан эхнэр нь- Та нар зайлцгаа гээд салавч гарган, цагдаа нар согтуу байна гэж хэл амаар доромжилж шаардлага эсэргүүцсэн, тэр үед машины урд талд буюу жолооны ард сууж байсан охин нь гар утсаараа бичлэг хийж байх шиг байсан. Тэгээд С.Батбаяр нь машиндаа ороод хаалга цоожилчхоод гарч ирэхгүй байсан бөгөөд эхнэр нь машин дотроос биднийг доромжилж байсан. Тэгээд С.Батбаяр нь дахин бууж ирээд бид нартай хамт явахгүй, газрын маргаан болсон, би зөрчил гараагүй гээд тавьсан шаардлага эсэргүүцээд байсан тул хэсгийн байцаагч Б.Өсөхбаяр түүний нэг гарт гав хийсэн чинь машинаас эхнэр хүүхдүүд нь бууж ирээд эхнэр А.Цэрмаа нь хэсгийн байцаагч Б.Өсөхбаярын толгой руу хэд хэдэн удаа гараараа цохиод газраас чулуу аваад чулуутай гараараа түүний нүүр лүү цохисон, тэгээд би -Болиоч та нар гээд очсон чинь тэрээр чулуутай гараараа миний духны зүүн талд цохисон. Тэр үед А.Цэрмаагийн ээж гэх хөгшин хүн Б.Өсөхбаярын малгайг авч шидээд бид нарын хувцас хунараас татаж чангааж эсэргүүцсэн. Тэгээд тухайн хүмүүс дахин машиндаа суугаад дотроосоо хаалгаа цоожлоод тайлж өгөхгүй байсан. Б.Өсөхбаяр цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд дуудлага өгсөн. Удаагүй мөрдөгч У.Доржсүрэн, цагдаа Л.Мөнхзаяа нар ирсэн. Мөн л шаардлага тавьсан боловч машиныхаа хаалгыг тайлж өгөөгүй, тэгээд авто машиных нь улсын дугаарыг тайлж аваад, Б.Өсөхбаяр машины цонхны завсраар бага хэмжээний газ цацаад машинаас бууж ирэхээр нь С.Батбаярыг Цагдаагийн газарт хүргэж эрүүлжүүлсэн. Түүнтэй эхнэр А.Цэрмаа, охин нар нь явсан. С.Батбаяр, А.Цэрмаа нар нь хоёулаа архи уусан согтуу байсан. Тухайн үед буюу А.Цэрмаа нь хэсгийн байцаагч Б.Өсөхбаяр бид хоёрын биед халдах үед олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Оюунчимэг, С.Батбаяр, охин нь, А.Цэрмаагийн ээж гэх настай эмэгтэй, Соёмбо рестораны үйлчлэгч бололтой 2-3 эмэгтэй зэрэг хүмүүс байсан.Тухайн үед би энгэрийн камераар, олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Оюунчимэг гар утсаараа бичлэг хийсэн. С.Батбаярын охин гар утсаараа бичлэг хийж байсан. Тэгээд дараа нь мөрдөгч У.Доржсүрэн, цагдаа Л.Мөнхзаяа нар ирсэн. Мөрдөгч У.Доржсүрэнгийн малгайг нь А.Цэрмаагийн ээж гэх настай эмэгтэй аваад өгөхгүй байсан. А.Цэрмаа нь чулуу барьсан гараараа Б.Өсөхбаяр бид хоёрыг цохиж, самардаж биед халдсан, бусад хүмүүс биед халдаагүй. Тэдгээр хүмүүст хууль ёсны шаардлага тавьсан. Тэгээд тавьсан шаардлага биелүүлэхгүй эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн дахин зөрчил гаргасан учраас зөрчлийн таслан зогсоохын Б.Өсөхбаяр тусгай хэрэгсэл хэрэглэсэн. Одоо миний биеийн байдал хэвийн тухайн үед учирсан духны хэсэг дэх зулгаралт эдгэрсэн...” гэх гэх хохирогч Б.Ёндонтүвшиний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 101-102 дугаар талд авагдсан “... 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр миний бие Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын ёс журмын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл тухайн өдрийн 18 цаг өнгөрч байхад Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд Баянхонгор аймгийн Баянхонгор сум Номгон 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Шар бүрд” худалдааны төв дээр дуудлагаар очсон. “Цагдаагийн хаагч нарын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд, хэл амаар доромжлоод байна” гэсэн мэдээлэл ирсний дагуу би тухайн газарт явж очиход гаргасан гэх С.Батбаяр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй нэг талынхаа гарт гавтай машиныхаа хажууд зогсож байсан. Мөн түүний эхнэр А.Цэрмаа гэх эмэгтэй, ээж нь бололтой настай эмэгтэй, хүүхэд нь й охины нар байсан бөгөөд А.Цэрмаа нь архи уусан шинжтэй байсан. байцаагч, Цагдаагийн дэслэгч Б.Өсөхбаяр, эргүүлийн цагдаа Б.Ёндонтүвшин, олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Оюунчимэг нар нь Цагдаагийн газарт очоод асуудлаа шийдүүлээдэх гээд шаардлага тавиад байж байсан бөгөөд нөгөөдүүл нь эсэргүүцээд байж байсан. Тэгээд би С.Батбаярын гавыг тайлаад Цагдаагийн газарт очих шаардлага тавихад тэд нар машиндаа орж суугаад машиныхаа хаалгыг дотроосоо цоожлоод шаардлага биелүүлээгүй бөгөөд намайг цонхоор нь гараа оруулчихсан байж байхад миний гар луу А.Цэрмаа нь цохисон. Тэгээд машиныхаа хаалгыг онгойлгохгүй болохоор нь авто машиных нь улсын дугаарыг авах гэж байхад А.Цэрмаагийнх нь ээж гэх настай эмэгтэй “Та нар манай хүүхдүүдийг зүгээр явуулж” гэж хэлээд миний цагдаагийн малгайг авчхаад өгөхгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа машиныхаа хаалгыг нээхээр нь С.Батбаяр, А.Цэрмаа нарыг Цагдаагийн газарт авчирч С.Батбаярыг эрүүлжүүлэх саатуулах байранд оруулж эхнэр А.Цэрмааг нь явуулсан. Намайг тухайн газарт очихоос өмнө А.Цэрмаа нь Хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Б.Өсөхбаяр, эргүүлийн цагдаа Б.Ёндонтүвшин нарын тавьсан шаардлагыг эсэргүүцээд бие эрх чөлөөнд нь халдсан үйлдэл гаргасан гэж байсан. Мөн олон нийтийн цагдаагийн ажилтан Г.Оюунчимэг нь тухайн хүмүүсийн шаардлага эсэргүүцэж байсан, цагдаагийн ажилтнуудын бие эрх чөлөөнд халдсан үйлдлийг гар утасны камераар бичлэг хийж авсан гэж ярьсан. Намайг машиных нь цонхоор гараа оруулаад машиныхаа хаалгыг онгойлгох шаардлага тавьж байхад А.Цэрмаа нь -Гараа ав гээд миний гар луу цохисон. Өөрөөр миний биед халдаагүй, хувцас хунар урагдаагүй. Миний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Харин тэдгээр хүмүүс тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилсон, мөн албаны малгайг авчхаад өгөхгүй байсан. Үүргээ гүйцэтгэж байсан Цагдаагийн алба хаагч нарын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдсан. А.Цэрмаад хариуцлага хүлээлгэх ёстой гэж бодож байна....” гэх хохирогчийн У.Доржсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
2 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар талд авагдсан “... Би тухайн үед буюу 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд явж байсан бөгөөд үдээс хойш 17-18 цагийн орчим эхнэр Г.Алагаа над руу утсаар яриад С.Батбаяр нь согтуу орж ирээд “намайг байхгүйд газар сунгасан байна” гэж агсан согтуу тавиад, эд зүйл эвдчихээд гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би түүнтэй ярьчхаад өөрийнхөө утаснаас аймгийн Цагдаагийн газрын 7044102 дугаарын утсанд “Шар бүрд” худалдааны төвд С.Батбаяр нь согтуу орж ирээд агсан тавьж, эд зүйл эвдэлсэн гэнэ гэж дуудлага өгсөн....гэх гэрч Л.Чимэдцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дүгээр талд авагдсан “... Тус өдөр миний бие эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Гончигдоржийн хамт 1 болон 10 дугаар багийн нутгаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад газрын ерөнхий жижүүрээс станцаар холбогдоод “Шар бүрд” худалдааны төвийн гадна нэмэлтээр очоорой гэж хэлсэн.
Үүний дагуу 18 цаг өнгөрч байхад байх тус газар луу яваад очиход Батбаяр гэх хүн машиныхаа урд талын сандалд суугаад хаалгаа нээсэн байдалтай харин эхнэр нь гэх Цэрмаа нь болохоор тэнд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Өсөхбаяртай болон эргүүлийн цагдаа Ёндонтүвшин нартай маргаад зогсож байсан.
Тухайн үед Өсөхбаярын нүднийх нь дээд хэсгийг самардсан, Ёндонтүвшингийн дух руу нь чулуугаар цохисон гэсэн ба тэр хэсэг нь улайсан байсан. Бид нарыг очихоос өмнө тэгж самардсан юм шиг байна лээ. Би ерөнхийдөө очингуутаа утсаараа бичлэг хийсэн юм. Тэгээд бид нарыг очоод байж байхад хэсэг хугацааны дараа ёс журмын цагдаагийн дэслэгч У.Доржсүрэн, эргүүлд гарч байсан дэд ахлагч Мөнхзаяа, Түмэнтогтох замын цагдаа а/ч Батбаяр нар ирсэн юм. Цэрмаа болон түүний хүүхэд нь дуудлагаар очсон алба хаагчдыг согтуу байна гэж хэлсэн юм. Тэгсэн ёс журмын эргүүл Доржсүрэн мөн хэсгийн байцаагч Өсөхбаяр нар та хэд ингэж ярьж байгаа бол бид нарыг дагаад цагдаагийн газарт очоод шалгуулчих цуг явъя гэхэд машинаа дотроосоо түгжээд мөн машиныхаа цонхыг хаачхаад буухгүй байсан. Манай алба хаагчид тэдгээр хүмүүс буюу Батбаяр, түүний эхнэр Цэрмаа нарыг удаа дараа сануулаад, шаардлага тавьсан боловч биелүүлээгүй харин урдаас нь гөлөг минь банди минь та нарыг би дуудаагүй гэх байдлаар Цэрмаа нь хэлж байсан. Хамгийн анх болохоор “Шар бүрд” худалдааны төвийн эд зүйлийг эвдсэн гэх дуудлагаар дэслэгч Өсөхбаяр очоод үүний дагуу эд зүйлийг эвдсэн гэх Батбаяраас юм тодруулахаар очиход урдаас нь эсэргүүцсэн юм шиг байна лээ. Хамгийн анх юу болсныг нь би сайн мэдэхгүй байна. Машиныхаа цонхоо нээхгүй машинаа түгжчихээд байгаад байхаар нь манай алба хаагчдаас цагдаагийн дэслэгч У.Доржсүрэн сануулаад, анхааруулаад нэг бүрийн тусгай хэрэгслийг ашигласан. Цэрмаа гэх хүн манай алба хаагч нарын биед нь халдаж хэл амаар доромжлоод байсан... гэх гэрч Г.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар талд авагдсан “ ...Тус өдрийн хувьд миний бие 4 болон 5 дугаар багийн нутагт оройн эргүүлд гарч ажилласан юм. Тэгээд эргүүлд гараад явж байхад Цагдаагийн газраас ерөнхий жижүүр станцаар холбогдоод “Шар бүрд” худалдааны төвийн гадаа яваад очоорой гэж хэлсэн. Мөн надад хэлэхдээ “Тийшээ очихдоо амьсгал боогдуулагч аваад очоорой” гэж хэлсэн. Үүний дагуу би амьсгал боогдуулагч аваад очсон юм. Тус газарт яваад очиход Доржсүрэн машины цонхны завсраар гараа оруулсан нөгөө хүмүүс нь цонхоо нээхгүй байсан ба дэслэгч У.Доржсүрэн хэсэг тайлбарлаж өгөөд сануулаад тавьсан шаардлагын биелүүлэхгүй байхаар нь амьсгал боогдуулагчийг хэрэглэсэн юм. Тэрийг хэрэглэсэн чинь дотор байсан хүмүүс гарч ирээд тэгээд тэдгээр хүмүүсийг цагдаагийн газар луу авч ирээд Батбаяр гэх хүнийг эрүүлжүүлсэн байх. Эхнэр нь согтуу байсан боловч эмэгтэй мөн эрүүлжүүлэх шаардлагагүй байна гэж үзээд явуулсан. Анхнаасаа очоогүй болохоор сайн мэдэхгүй байна. Намайг очиход Доржсүрэн “Машинаасаа бууж ирж шалгуул” гэсэн боловч тэдгээр хүмүүс хаалга нээхгүй бууж ирэхгүй байсан...” гэх гэрч Л.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтад мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дүгээр талд авагдсан “...Би Шар бүрд худалдааны төвөөс гарч ирээд байж байсан чинь цагдаа нар дуудлагаар ирлээ гээд хүрээд ирсэн. Тэгээд намайг авч явна гээд миний гарыг гавласан тэгэхээр нь би гавлуулмааргүй байсан гэсэн манай эхнэр Цэрмаа манай нөхөрт зүй ёсны шаардлага тавиач гэсэн... Намайг гавлаад байж байсан чинь миний урд талаар ороод та нар хүнд зүй ёсны шаардлага тавиарай гээд зогсож байсан. Миний ханийг битгий гавлаач гэж хэлсэн. Миний харснаар манай эхнэр Цэрмаа цагдаагийн биед халдаагүй...Би “Шар бүрд”-рүү ороод дэлгүүрт Алгаа эгчтэй газрын маргаанаас болоод маргалдсан юм аа. Тэгсэн чинь цагдаад дуудлага өгсөн байсан....Тэнд байсан асуудал болохоороо манай урд байдаг “Шар бүрд”-ний хүмүүс миний төлөвлөсөн байрлалд хамаарал бүхий газрын хэсэг байрлал хоорондын зай руу “ Шар бүрд”-ний дунд байсан бохирын шугамыг манай талбай руу ойртуулж шилжүүлсэн байсан үүнд маш их бухимдсан байсан. Манай эхнэрт буруу байхгүй. Миний эхнэр төрийн албанд 23 жилдээ ажиллаж байгаа 5 сайхан хүүхдийн ээж сайн хань минь билээ. Хэрвээ буруу зүйл хийсэн бол миний бие өмнөөс нь та бүхнээс уучлалт гуйж байна...” гэх гэрч С.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг
1 дүгээр хавтаст хэргийн 143 дугаар талд авагдсан “... Б.Өсөхбаярын биед зүүн дээд зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 398 дугаар шинжээчийн дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дүгээр талд авагдсан Б.Ёндонтүвшиний биед духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 396 дугаар шинжээчийн дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар талд авагдсан “... У.Доржсүрэнгийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Флаш дискенд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 222-224 дүгээр тал/ болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч А.Цэрмааг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, улмаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосон нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Тус гэмт хэрэг гарахад цагдаагийн албан хаагч нарын ёс зүйгүй үйлдлээс шалтгаалсан гэх утга бүхий шүүгдэгч А.Цэрмаагийн давж заалдах гомдол болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал зэргийг дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/241 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Цэрмаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Б.БОЛОР-ЭРДЭНЭ