Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/076

 

Ц.Бат-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Н.Нямдорж

Хохирогч Б.Чөдөрбат, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Бурмаа

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Баянхонгор аймгийн Ерөнхий прокурорын бичсэн эсэргүүцлээр Ц.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2114001650279 дугаар хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Өндөр хясаа овогт Цогтжаргалын Бат-Эрдэнэ, ......... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВО96110916

Ц.Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түвшин Арвижих” мини маркетын замын урд талын төв зам дээр өөрийнхөө эзэмшлийн 17-96 БНР улсын дугаартай “Тоёота приус 11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчинтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 10.3 дугаар зүйлд заасан “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас У.Эрдэнэбаяр, Б.Чөдөрбат нарыг мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож байх үед нь мөргөж зам тээврийн осол гарган, Б.Чөдөрбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буюу авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн...” гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Өндөр хясаа овгийн Цогтжаргалын Бат-Эрдэнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Өндөр хясаа овгийн Цогтжаргалын Бат-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /01/ жилийн хугацаагаар хасаж, зургаан /06/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар оногдуулсан зургаан /06/ сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /01/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч нь цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 -т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох 1036786 дугаартай жолоочийн үнэмлэхийг ЦЕГ-ийн лицензийн төв хүргүүлж эрхийг хасуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тээврийн хэрэгслийн 02834776 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Ц.Бат-Эрдэнэд хэрэгцээний дагуу буцаан олгохыг шүүгчийн туслахад тус тус даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Ерөнхий прокурор Н.Амарсанаа тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалт нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрч тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичиж байна.

Үүнд: Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан нэмэгдэл болон үндсэн ялыг аль алиныг нь оногдуулж байгаа нь хууль буруу хэрэглэжээ. Шүүхээс шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, зургаан сар /06/ -ын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийг хэрэглэхэд удирдамж болгох суурь хэм хэмжээг ерөнхий ангид хуульчилсан бөгөөд тусгай ангийн буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүхээр гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээс 03 жил хүртэл хугацаагаар заавал хасахаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулах ялын санкцад эрх хасар ялыг үндсэн ялд оруулан хуульчилсан байхад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийг журамлах шаардлагагүй. Харин шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан ял дээр нэмж эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулахаар бол эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийг журамлах нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл тусгай ангийн тухайн зүйл хэсгийн санкцад буюу үндсэн ялд эрх хасах ял хуульчлагдаагүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлд зааснаар нэмж оногдуулах тохиолдолд хэрэглэнэ гэж үзэхээр байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйл гэснийг хасуулах, Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчжээ.

Учир нь шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтад “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1,.2.3-д зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй” гэжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэгдэл болон үндсэн ял оногдуулсан шүүгдэгчийг ялаас чөлөөлж байгаа бол ялаас бүхэлд нь чөлөөлж байгаа юу эсхүл аль нэг төрлийн ялаас чөлөөлж байгаа юу гэдгийг тогтоолд тодотгож бичээгүйгээс ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсч байна. Иймд шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт ялаас чөлөөлсүгэй гэсний өмнө хорих ялаас гэж оруулах.

Иймд шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлийг дэмжиж оролцоно. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэв.

Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна гэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймгийн Ерөнхий Прокурор Н.Амарсанаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд холбогдуулан түүнийг “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түвшин Арвижих” мини маркетын замын урд талын төв зам дээр өөрийнхөө эзэмшлийн 17-96 БНР улсын дугаартай “Тоёота приус 11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчинтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 10.3 дугаар зүйлд заасан “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас У.Эрдэнэбаяр, Б.Чөдөрбат нарыг мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож байх үед нь мөргөж зам тээврийн осол гарган, Б.Чөдөрбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буюу авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн...” гэж яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг илэрхийлж улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч Өндөр хясаа овгийн Цогтжаргалын Бат-Эрдэнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /01/ жилийн хугацаагаар хасаж, зургаан /06/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-д зааснаар оногдуулсан зургаан /06/ сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /01/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн тэмдэглэл, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтүүд, техникийн шинжээчийн дүгнэлт, яллагдагч Ц.Бат-Эрдэнийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан үзэж шинжлэн судлахад шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг зөрчжээ.

Прокурорын яллах дүгнэлтийн товч утга хэсэгт шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ нь 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр, согтуугаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5 дугаар нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түвшин Арвижих” мини маркетын замын урд талын төв зам дээр өөрийн эзэмшлийн 17-96 БНР улсын дугаартай “Тоёота приус 11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа У.Эрдэнэбаяр, Б.Чөдөрбат нарыг мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож байх үед нь мөргөж зам тээврийн осол гарган, Б.Чөдөрбатын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буюу авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэж үйл баримтыг хийхдээ У.Эрдэнэбаяр, Б.Чөдөрбат нарын хэн нь, хэний эзэмшлийн, ямар маркийн тээврийн хэрэгслийг ямар байдалтай жолоодож явсан болохыг орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлыг нотлоогүй гэж үзэх үндэслэл болж байна.

Энэ нь: хавтаст хэргийн 23, 25 дугаар талд авагдсан “...У.Эрдэнэбаяр согтолтын зэрэг 1.21 хувийн согтолттой байсан, мэдүүлэг өгөх боломжгүй байсан...”,

Ц.Бат-эрдэнэ нь 0.50 хувийн согтолттой байсан, мэдүүлэг өгөх боломжгүй байсан...” гэх мөрдөгчийн тэмдэглэлүүд,

Хавтаст хэргийн 64 дүгээр талд авагдсан “...эргэх гэсэн чинь гэнэт мотоцикл гарч ирээд бид хоёрын урдаас мөргөсөн....” гэх шүүгдэгч Ц.Бат-эрдэнэтэй тухайн үед хамт явсан Х.Амармэндийн гэрчээр өгсөн мэдүүлэг

Хавтаст хэргийн 113 дугаар талд авагдсан “...Цагдаагийн лавлагаанаас шүүхэд У.Эрдэнэбаяр /ВС 93022111/ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байна” гэх техникийн шинжээчийн дүгнэлт,

Хавтаст хэргийн 119 дүгээр талд авагдсан 17-92 тээврийн хэрэгсэлд их хэмжээний эвдрэл, гэмтэл үүссэн , ирж хэмжилт хийлгэх боломжгүй гэх авто тээврийн төвийн 117 тоот албан бичиг,

Хавтаст хэргийн 123-124 дүгээр талд авагдсан ...“Үнэлгээг мотоциклийг биетээр үзээгүй үнэлгээг 105 000 төгрөг гэж гаргасан...” гэх Энх-нахиа ХХКийн шинжээчийн дүгнэлт,

Хавтаст хэргийн 133 дугаар талд авагдсан “...би дохиогоо өгөөд зүүн гар тийшээ эргэхэд эсрэг урсгалаар нэг мотоцикл орж ирээд мөргөсөн ...тухайн 2 хүн 2 уулаа согтуу байсан...” гэх шүүгдэгч Ц.Бат-эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Мөн түүнчлэн хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан “зам тээврийн ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл” тэмдэглэлийн бичвэр хэсгийг бүрэн бичээгүйгээс гадна тэмдэглэл үйлдсэн эрх бүхий албан тушаалтны гарын үсэггүй,

Ашиг сонирхлын зөрчил үүссэн мэдэгдлийг 2021оны 7 дугаар сарын 21-ний өдөр хийсэн /Б.Чөдөрбаттай ээжийн төрсөн ахын хүүхэд гэж У.Доржсүрэн бичсэн/ ба хэргийн газрын үзлэгийн болон зам тээврийн ослын тэмдэглэл , бүдүүвч зураг зэргийг 2021 оны 7 сарын 13-ны өдөр хийжээ.

Мөн Баянхонгор аймгийн Прокурорын газраас Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчинтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 10.3 дугаар зүйлд заасан “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэлд зөвхөн шүүгдэгч Ц.Бат-Эрдэнэ гэм буруутай гэж үзэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.3-д тус,тус нотолбол зохих байдлын талаар шалгаж хэргийн үйл баримтыг бүрэн тогтоож чадаагүй, дээрх эргэлзээтэй нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “ мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-д Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчим зэрэгтэй нийцээгүй байна.

У.Эрдэнэбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байх үүргээ биелүүлээгүй, 2.7-т заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн дээр дурдсан зөрүүтэй нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр болгон гүйцэд шалган хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн тул Прокурорын эсэргүүцлийг хэлэлцээгүй болно.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3 -д тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ц.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                   ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

 Б.АРИУНБАЯР