Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0975

 

 2023         12           13                                     128/ШШ2023/0975

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Эбосорт сийдэм ХХК/РД:6658016/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн Д.Нямхорол нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямхорол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Эбосорт сийдэм ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний №А/537 “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/32 дугаар тушаалыг үндэслэн Эбосорт сийдэм ХХК-д Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Бумбатын ам нэртэй 43366 м.кв талбайг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон байна.  

3. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/537 дугаар тушаалаар нэхэмжлэгч Эбосорт сийдэм ХХК-ийн Бумбатын аманд ашиглаж байсан газрыг хүчингүй болгож, ингэхдээ Газрын тухай хуулийн 40 зүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзжээ.

 

4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны 02/1238 дугаар албан бичгээр гардан авч шүүхэд нэхэмжлэл байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид эх загвар зургаа мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар зуруулж эрх бүхий этгээд болох Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар хүргүүлсэн. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газар мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дэмжиж байна гэж зөвшөөрсөн. Мэргэжлийн зөвлөлийн хуралтай холбогдох Монгол улсад мөрдөгдөж байгаа норм дүрэм, стандартад хяналт тавьж шийдвэр гаргасан байдаг. Иймд манай төслийг стандарт, дүрэм, журам, холбогдох хуульд нийцэж байгаа талаар мэргэжлийн зөвлөл дүгнэж зөвшөөрсөн. Газрын төлбөрийн хувьд 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Эбосорт сийдэм ХХК-иас газрын төлбөртэй холбоотой эрх бүхий этгээд болох Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст хүсэлт хүргүүлсэн. Тус хүсэлтийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс хүлээн авч графикийн дагуу татвараа төлөөд явж байгаа талаар тодорхойлолт ирүүлсэн байгаа. График зөрчигдсөн зүйл байхгүй. Газрын төлбөрийн тухайд 2019 он батлагдсан Газрын тухай хууль болон холбогдох өөрчлөлтөөр газрын төлбөрийн асуудал Монгол улсын татварын нэг хэсэг буюу төлбөр гэдэг утгаар татварын байгууллага ноогдуулж нөхөн төлбөрийн асуудал хийдэг. Татварын ноогдол нөхөн төлбөрийн асуудалд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа ямар нэгэн эрх идэлж үүрэг хүлээхгүй. Эбосорт сийдэм ХХК-ийн тухайд газрын төлбөрийн талаар огт Байгаль орчны аялал жуулчлалын яам болон Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд харилцан мэдээлэл солилцох хүрээнд аваагүй. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны явцад сонсох ажиллагааг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа мэдэгдэлдээ газар ашиглах эрх цуцлах болсон үндэслэл нь ажил явуулж байгаа буюу үйл ажиллагаа явуулж байгаа газрыг хүчингүй болгох талаар мэдээлэл өгч байсан. Үүнд газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэл дурдагдаж байгаа. Иймд мэдэгдэх буюу сонсох ажиллагааны явцад газрын төлбөрийн талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа харилцан мэдээлэл солилцох үүргийн дагуу төлбөрийг төлүүлэх үүрэгтэй холбоотой тусгай зөвшөөрлийг цуцлах гэдэг хөшүүргийг ашиглаж өнөөдрийн нөхцөл байдал үүсгэсэн. Бид нар тухайн бүрд нь төлбөрөө төлөөд явж байсан.  Иймд сонсох ажиллагаанд мэдэгдээгүй үндэслэл, баримтаар газар ашиглах зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй.” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Газрын төлбөрийн хувьд Баянзүрх дүүргийн татварын албанд сар бүр төлөхөөр график байгуулсан боловч тус графикийн дагуу төлбөрийг төлөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байгаа. Графикийн дагуу 5, 6, 8, 9 татвар төлөөгүй. Газар эзэмших, ашиглах эрхийг цуцалсны дараа 10 сард төлсөн асуудал байдаг. Нэхэмжлэл гаргасны дараа буюу маргааш нь төлсөн асуудал байдаг. Иймд газрын төлбөрийг төлөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байна.  Байгаль орчин, аялал жуулчлалын яамд мэдээлэл ирээгүй байхад газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэл барьж цуцалсан гэж хэлээд байна. Газрын төлбөр төлөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой болсон тушаалтай нийцэж байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл тодорхой байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар стандартад заасан зааснаар ингэж зөрчсөн гэж тодорхойлж хэлэх боломжгүй байна. Барилга баригдаж дуусаагүй байгаа. Ажил явж байсан. Тухайн ажил явж байхад газрын унган төрхийг алдагдуулж ухаад эхэлсэн асуудал байдаг. Энэ асуудал нь төрийн бус байгууллагын мэдээлэл болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналаас тодорхой харагдаж байгаа. Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй байна гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.

3. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/537 дугаар тушаалаар Эбосорт сийдэм ХХК нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Гэвч Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас Эбосорт сийдэм ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/32 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгосон боловч газар ашиглах гэрээг 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан байна.            

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлийн тухайд:

4.1. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоол, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа сунгах тухай тогтоол, 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 154 дүгээр тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоол, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор Корона вирус буюу цар тахлын нөхцөл байдал байсан нь нийтэд илэрхий баримт байна. Эбосорт сийдэм ХХК цар тахал гарахаас өмнө төлбөрийг хураах эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаж хуваарь гаргаж төлбөрөө төлж байсан талаар баримтаар тогтоогдож байна. Иймд хугацаандаа бүрэн төлөөгүй нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан байна гэж үгүйсгэгдэж байна.

4.2. Мөн Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/6041 дүгээр албан бичгээр “татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй “Эбосорт сийдэм ХХК нь 2023 онд нийт 171,973,975.0 төгрөгийн газрын төлбөрийн ногдол үүссэн, Эбосорт сийдэм ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хуваарь гарган төлөх хүсэлт ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 57,233,980.0 төгрөгийн газрын төлбөрийн төлбөрөө хуваарийн дагуу барагдуулсан нь үнэн болно” гэх хариуг ирүүлсэн бөгөөд үүнээс нэхэмжлэгч газрын төлбөрөө төлбөрийн графикийн дагуу хугацаанд нь төлж байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай үзэхээр байна.

4.3. Түүнчлэн хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдаас маргаан бүхий акттай холбоотой сонсох ажиллагаа хийсэн талаар баримт байхгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаагүй.

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд:

5.1. Нэхэмжлэгчээс 2021, 2022 онд газар ашиглах эрх олгосон бөгөөд энэ үед цар тахлын нөхцөл байдал байсан нь нийтэд илэрхий үйл баримт.

5.2. Түүнчлэн нэхэмжлэгчид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 03 дугаар сарын 347 дугаар албан бичгээр “...солбицол бүхий газартаа “Ашид таван эрдэнэ” ХХК-аар байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийлгэж тайланг Хамгаалалтын захиргаанд ирүүлсэн бөгөөд тайлантай танилцсан тул байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэж ерөнхий үнэлгээ хийх зөвшөөрөл өгсөн байна.

5.3. Үүний дагуу нэхэмжлэгч Эбосорт сийдэм ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн МЗХ2023/10-002 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж үүний дагуу тархины саажилттай хүүхдийн амралт, сувиллын газар-г байгуулахаар Стандарчлалын үндэсний зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байх сууц, Үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013”-ын дагуу барилгын загвар зургийг хийлгэсэн байна.

5.4. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг заавал харгалзан үзэж, дээрх нөхцөл байдал байсан талаар нягтлан шалгаж, тогтоогоогүй, газрын үзлэг хийгээгүй байна.

5.5. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

5.6. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтад Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэжээ.

6. Мөн шүүхээс хийсэн газрын үзлэгээр маргаан бүхий Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар тусгай хамгаалалттай газар нутгийн Бумбатын ам нэртэй газарт газраа ашиглаж байгаа болох нь тогтоогдсон.

7. Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг графикийн дагуу төлж байсан, газраа зориулалтын дагуу ашиглахад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон, хариуцагчийн шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус байх тул захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтуудыг тус тус баримтлан Эбосорт сийдэм ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/537 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эбосорт сийдэм ХХК-д олгосугай.

             Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ОДМАА