Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 0334

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Ч.Очгэрэл

Шүүгдэгч П.Батхаан нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Батхаанд холбогдох эрүүгийн 1725000000145 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Боржигон овгийн П.Б Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Бүтээл ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: /

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч П.Б нь 2017 оны 10 сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүтээл” ХХК-ны байранд Ч.Очгэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ч.Очгэрэлийн ... “2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлынхаа байрны хувцас сольдог өрөөнд хамт ажил хийгээд Батхаан гэдэг залуутай 2000 төгрөгийн мөрийтэй хөзрийн буур гэдэг тогтоом тоглосон. Тоглоод би хожигдсон юм. Би түүнд мөнгө өгөлгүй хувцасаа солиод ирье гэсэн юм. Хувцасаа солих гээд явж байсан чинь Батхаан чи яагаад мөнгөө өгдөггүй юм бэ гээд миний араас барьж аваад миний нуруу руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад түүнийг барьж авсан. Тэгтэл Батхаан миний элэг рүү өшиглөсөн. Би гараараа түүнийг заамдаад тулсан байсан. Би түүнийг заамдаж байгаад тавьсан чинь зодоон болоод үргэлжлээд явсан. Би сандалд тээглээд унасан. Тэгтэл Батхаан миний элэг рүү өшиглөсөн. Босоод ирсэн чинь миний шүд рүү цохисон. Тэгтэл миний урд талын шүд мултраад унасан чинь миний элэг рүү нилээн хүчтэй өшиглөсөн. Би багтраад шалан дээр унасан” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17-р хуудас/

 

2. Гэрч Б.Хүнбаатарын ... “Ажилчид ажлын хувцас солих өрөөнд орж байсан чинь Очгэрэл Батхаанд тамхинд мөрийтэй тоглох уу гэж хэлсэн. Тэгтэл Батхаан чи тамхигүй байж яаж тоглох гэж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Очгэрэл би чамд мөнгө өгье, чи хожигдох юм бол тамхи өгөөрэй гэж хэлээд тэр хоёр хөзөр тоглосон. Батхаан хожоод Очгэрэл мөнгө өгөх болсон бөгөөд Очгэрэл мөнгө өгөхгүй дахин тоглоно гэсэн. Очгэрэл босч ирээд дахин үзнэ, мөнгө байхгүй, гээд Батхааныг түрүүлээд заамдаад авсан. Тэгсэн Батхаан чи тоглож чадахгүй байсан юм бол яах гэж тоглож байгаа юм гээд түүнийг түлхсэн чинь сандал дээгүүр даваад хойшоо саваад унасан. Очгэрэл босч ирээд чи яасан овоо хүн түлхдэг пизда вэ гээд Батхааныг заамдаад авсан. Тэгээд Батхаан нүүр рүү нь нэг удаа алгадсан. Тэгсэн Очгэрэл Батхааны нүүр рүү цохисон чинь хамраас нь цус гарч байсан. Тэр үед Ганбаатар ах салгах гээд дундуур нь орж байсан” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-29-р хуудас/

 

3. Гэрч Ганбаатарын ... “2017 оны 10 сарын 11-ний өдөр 12 цагаас ажилдаа гарахаар болсон юм. Тэгээд хувцас солих өрөөнд хувцасаа солиод байж байтал Очгэрэл, Батхаан хоёр хоорондоо хөзөр тоглохоор болсон юм. Тэгээд хөзөр тоглохдоо тамхинд тоглосон юм байна лээ. Тэгээд Батхаан хожсон чинь Очгэрэл тамхи байхгүй, 2000 төгрөг өгье гэж хэлсэн чинь Батхаан мөнгөө авъя гэж нэхсэн чинь хувцасаа сольчихоод дахиад тоглоё гэж ярилцаж байгаад хоорондоо маргалдаж улмаар барьцалдаж аваад нэг нэгийгээ цохисон юм. Тухайн үед Батхааны хамраас цус гарсан. Очгэрэл газар эвхрээд унасан юм. Хүнбаатар бид хоёр салгасан. Очгэрэлийн  шүд нь хугарч унаад цус шүүрч байсан юм . Өөр зүйл болоогүй” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/

 

4. Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 885 дугаартай дүгнэлтийн .. “Очгэрэлийн биед дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт, дээд урууланд шарх, цээжинд цус хуралт, нүүр, нуруунд зулгаралт үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дээд зүүн нэгдүгээр шүдний булгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар дээд урууланд шарх, цээжинд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-р хуудас/ болон П.Батхааны яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх 3-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 37-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Батхаан нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 500 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Одоо нэхэмжилж байгаа 1 660 000 төгрөгийг төлж чадахгүй” гэв.

 

Хохирогч Ч.Очгэрэл мэдүүлэхдээ “Одоо шүд хийлгэх 1 660 000 төгрөгийг нэхэмжилнэ. Шүдээ хийлгэх хэрэгтэй байна. Шүдээ хийлгэвэл өөр зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Батхаан нь 2017 оны 10 сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүтээл” ХХК-ны байранд Ч.Очгэрэлийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ч.Очгэрэлийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 885 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

                     Шүүгдэгч П.Батхааны үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

            Хохирогч Ч.Очгэрэл нь шүд хийлгэх эмчилгээний зардалд 1 660 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримт хангалтгүй байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна. Иймд нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржгинхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.Очгэрэл нь шүд хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС