Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/02539

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр

       Дугаар 102/ШШ2024/02539

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 тоотод оршин байх, “ЭЭЭ” ХХК /

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Унда

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: “ЭЭЭ” ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/1795 дугаартай шүүгчийн захирамжаар Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэрэгт 5,847,704,837 төгрөг төлөх шүүхийн шийдвэр гарсан болно.

“ЭЭЭ” ХХК-ийн өмчлөлд байх Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 тоотод байрлах, 0 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 2829 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1м.кв талбайн үнэлгээг 4,500,000 төгрөг, нийт 12,730,500,000 төгрөг, 0 эрхийн улсын бүртгэлийн дугаартай 827м.кв газрыг 5,000,000,000 төгрөгөөр тооцож үл хөдлөх хөрөнгө болон газрын хамт зах зээлд зарагдаж байгаа үнэлгээг тооцож 17,730,600,000 төгрөгөөр үнэлж санал гаргасан.

2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 04-146/4976 дугаартай “Мэдэгдэл”-д дээрх үл хөдлөх хөрөнгө, газрын нийт үнэлгээг 6,681,502,058 төгрөгөөр үнэлгээ хийлгэж мэдэгдсэн мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэг “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг үнэлгээчнээр тогтоолгосон бол үнэлгээчний тайланг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, тайланг танилцуулж, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө” мөн хуулийн 33.1.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах, хуульд зааснаар дээд шатны албан тушаалтанд дахин үнэлгээг “ЭЭЭ” ХХК нь өөрсдөө хийлгэх тухай хүсэлтийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гаргасан боловч хариу өгөөгүй болно.

“Баян Модот” ХХК-ийн үнэлгээ нь зах зээлд дээр зарагдаж байгаа, ямар ч төрлийн, үйлдвэрлэл, үйлчилгээг шууд явуулж болох үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн нь, хувийн ашиг сонирхол бүхий, хувийн өмчийг хэт доогуур үнэлж төлбөр төлөгчийн санхүүгийн боломж тааруу байгаа байдлыг ашиглаж, зөвхөн төлбөр авагчийн эрх ашгийг хангасан үнэлгээ байна гэж үзэж дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д та”лууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01795 дугаар захирамжаар “ЭЭЭ” ХХК-иас 5,847,704,837 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор захирамжилсан. Төлбөр төлөгч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 тоот хаягт байршилтай 2.826 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот хаягт байрлах 827 м.кв талбайтай газрын хамт худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг тус газар нь 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч “ЭЭЭ” ХХК-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 тоот хаягт байршилтай 2.826 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө мөн тоот хаягт байрлах 827 м.кв талбайтай газрын хамт 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22250977/03 дугаар тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04/22250977 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар, өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч “ЭЭЭ” ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 тоот хаягт байршилтай 2.826 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө 12,730,500,000 төгрөгөөр, мөн тоот хаягт байрлах 827 м.кв талбайтай газрын 5,000,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн, төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн.

Талууд үнэлгээн дээр тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2/61 дугаар тогтоолоор “Баян модот” ХХК-ийн шинжээч С.Цэвээнроломыг томилон үнэлгээ тогтоолгоход эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 тоот хаягт байршилтай 2.826 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тоот хаягт байрлах 0 дугаарт бүртгэлтэй 827 м.кв талбайтай газрын хамт 6,681,502,058 төгрөгөөр үнэлэн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үнэлгээний тайланг ирүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анхны дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш үнийн санал ирээгүй, харин нэхэмжлэгч тал шүүхэд 5 дугаар сард гомдол гаргасан байна. Үнэлгээг мэдэгдсэнээс хойш 7 хонгийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг тул гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд хариуцагч талын саналыг дэмжиж оролцож байна. “ЭЭЭ” ХХК нь “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 4,930,000,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй 120 сар буюу 10 жилийн хугацаатай зээлдэж авсан. Уг зээлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Y-22дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвангийн өргөн чөлөө гудамж, 86 тоот хаягт байршилтай 2,826 м.кв талбайтай  үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө мөн тус хаягт байрлах 827 м.кв талбайтай газрын хамт барьцаалж холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан байгаа. “ЭЭЭ” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Худалдаа хөгжлийн банкны зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүгчийн захирамжаар “ЭЭЭ” ХХК-иас 5,833,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэр гарсан. Шүүгчийн захирамжийг Худалдаа хөгжлийн банкны зүгээс 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгүүлэх  хүсэлт гаргасан, улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад улсын бүртгэлийн Y-2 дугаартай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн зүгээс буюу “ЭЭЭ” ХХК нь зах зээлийн дүнгээс хэт өндөр буюу 17,000,000,000 төгрөгөөр үнэлсэн байгаа, уг саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байсан тул Худалдаа хөгжлийн банкны зүгээс Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан. Түүний дагуу 3 дугаар сарын 19-ний өдөр Баян модод үнэлгээний компаниас үнэлгээний тайлан гарсан. Барьцаат хөрөнгийг нийт 6,681,502,058 төгрөгөөр үнэлсэн байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээний тайлан гаргахад хууль зөрчсөн, хэт бага дүнгээр үнэлсэн байгаа гэдгийг тайлбарлаж байна. Үнэлгээний тайлантай танилцаж үзэхэд зах зээлийн судалгаа, харьцуулсан судалгаа, олон улсын судалгаа бүх судалгааг үнэлгээний тайланд оруулсан байгаа мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, хуулийн дагуу явагдсан. Баян модод гэдэг компанийн үнэлгээний тайлан зах зээлд нийцсэн, мэдэгдэл, үйл ажиллагаа явагдаж байгаа талаарх тайланг гаргасан тул хүчин төгөлдөр, хуульд нийцсэн зах зээлийн үнэлгээнд нийцсэн байгаа. Харин 17,000,000,000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ нь хэт өндөр үнэлсэн учраас хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн зүгээс анх шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлээд зээлийн хүү зогсон, гэрээнд заасан мөнгөн төгрөгийг бүрэн авч чадахгүй байгаа байдалтай тул Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн эрх ашиг маш их зөрчигдөж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх5/, итгэмжлэл /хх6-8/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 04-146/4976 тоот мэдэгдэл /хх11/, “ЭЭЭ” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 20 тоот албан бичиг /хх12/, “ЭЭЭ” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 27 тоот албан бичиг /хх13/, “Баян модот” ХХК-ийн №23ТК13200143 дугаартай тайлангийн хуулбар /хх14-42/.

 

5. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1-146/321 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх54/, 22250977 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /хх70-148/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1-142/549 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх163/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1-146/197 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх172/.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХК дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх49/.

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 326Ш/24 дугаартай дүгнэлт /хх168-170/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/шш2022/01795 дугаар захирамжаар “ЭЭЭ” ХХК-иас 5,833,008,242.20 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 14,696,595.61 төгрөгийн хамт гаргуулан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

2. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн захирамж гарч 102/гх2022/01103 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 22250977 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

3. 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дараах шаардлагыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах;

 

4. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа” гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй. 

 

Хоёр. Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох эрхийн бүртгэлийн 0 дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 тоот хаягт байршилтай, 2826 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн 0 дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 тоот хаягт байрлах, 827 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22250977/03 тоот тогтоолоор битүүмжилжээ.

 

2. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 04/22250977 тоот тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэжээ.

 

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч “ЭЭЭ” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгүүдийн хувьд нийт 17,730,600,000 төгрөгийн үнийн санал өгснийг төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид буюу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар эрхийн бүртгэлийн 0 дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 тоот хаягт байршилтай, 2826 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн бүртгэлийн 0 дугаартай, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 86 тоот хаягт байрлах, 827 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай газрын үнэлгээн дээр харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2/61 тоот тогтоолоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсгүүдэд нийцжээ.

 

6. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 6,681,500,000 төгрөгөөр үнэлсэн ба энэхүү хөрөнгийн үнэлгээ болон тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 04-146/4976 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч “ЭЭЭ” ХХК-д мэдэгдсэн байна.

 

7. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. “Баян модот” ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ.

 

8. Дээрх байдлаар иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй буюу төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан, шинжээч томилсон, хөрөнгийн үнэлгээ болон тайланг холбогдох этгээдүүдэд мэдэгдсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “ЭЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “ЭЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ