Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 00350

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба  

            Улсын яллагч Б.Бүжинлхам 

            Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адуучин овгийн Д.М-д холбогдох 1725000000099 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт.

           

Адуучин овгийн Д.М, Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн 1-1-111 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх. РД:

            .

2.Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Д.Мөнхсайхан нь 2017 оны 09 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах авто зам дээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7а, 9.2 дахь хэсэгт заасыг тус тус зөрчин 02-23 ОРО дугаартай Соната-6 маркийн автомашиныг согтуугаар жолоодож яваад зам тээврийн осол гаргаж машинд зорчиж явсан Ц.Ганболорын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1.Хохирогч Ц.Ганболорын  “2017 оны 09 сарын 17-ны өдөр Улаанбаатар хот явах болоод манай ээжийн эзэмшлийн автомашинтай Хүрэлбаатар машин бариад Мөнхбаатар, Мөнхсайхан бид гурав 1 шил архи хувааж уугаад гарсан. Хүрэлбаатар машин бариад Улаанбаатар хот руу гарсан. Явж байхад машины хроп нь дуугараад байсан чинь Улаантолгойн наана Мөнхсайхан машиныг чинь нэг  бариад үзье гээд бариад явсан. Би машины ард талын суудал дээр Хүрэлбаатартай хамт суусан. Мөнхбаатар жолоочийн эсрэг талд сууж явсан. Мөнхсайхан машин бариад явж байхад урдуур нэг амьтан гүйх шиг болоод замын урагшаа ороод урдуураа мөргөөд машин өнхрөх шиг болсон. Нэг мэдсэн манай машин 4 дугуйн дээрээ Хүрэлбаатар миний хөлийг дарсан хэвтэж байхаар нь түлхээд хаалга онгойлгоод мөлхөж гараад Хүрэлбаатарыг татаж байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Намайг эмнэлэг ирээд авч явж байсан. Миний биеийн байдал гайгүй. Баруун хөлийн яс хугарсан гэмтэл байгаа. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/

2. Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхсанаагийн “Миний эзэмшлийн 02-23 ОРО улсын дугаартай автомашиныг миний хүү Ц.Ганболор нь Өмнөговь аймагт ажил хийхээр явахдаа унаж явсан. Гэтэл замдаа Мөнхсайхан гэж залуу согтуу бариад зам тээврийн осол гаргаад манай хүү Ганболох хөлөндөө гэмтэл авсан. Мөн миний эзэмшлийн машиныг онхолдуулж надад 3 457 000 төгрөгийг хохирол учруулсан. Авто машины засварт гарсан 3 457 000 төгрөгийг төлж барагдуулсан. Надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэлүүлэг. /хх-ийн 26-27-р хуудас/

3. Гэрч Г.Хүрэлбаатарын “Би 2017 оны 09 сарын 17-ны өглөө 09 цагийн үед Мөнхбаатарын хамт Ганболорын машинтай Ганболорын гэрт нь очиж аваад хамт явах байсан Мөнхсайханыг очиж авч явсаар байгаад үдээс хойш болсон. Тэгээд хотоос мөнгө ирэхийг хүлээж байгаад мөнгө аваад “Эрдэнэт үйлдвэр”-ийн хойд талд байдаг булаг дээр очоод Ганболор, Мөнхсайхан, Мөнхбаатар нар нэг шил архи хувааж уусан. Тэгээд би машин бариад машиндаа газ хийгээд Улаанбаатар хот явсан. Гурван замын пост өнгөрөөд Эрдэнэт хотын хаалга өнгөрөөд явж байхад Мөнхсайхан ах нь машиныг чинь бариад үзье гээд байхаар нь би жолоогоо шилжүүлээд явж байсан чинь Улаантолгойн наахан талд гэнэт машин эвгүй шарваад явсан. Би яг жолоочийн арын суудал дээр сууж явсан. Машин зам дээр хөндлөн шарваж яваад би урд талын сандал мөргөөд нүдээ дараад тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Мөнхсайхан ах намайг сэрээгээд би өөрөө машинаас хаалга онгойлгоод буусан. Тэгээд бид нар түргэн болон цагдаа иртэл осол болсон газар сууж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28-р хуудас/

4. Гэрч О.Мөнхбаатарын “Ганболор, Хүрэлбаатар, Мөнхсайхан нартай Орхон аймгаас Улаанбаатар хот руу Соната-6 маркийн автомашинтай явж байгаад Улаантолгойн наана яг хаана явж байсан талаар би санахгүй байна. Тэгээд гэнэт машин хоёр тиймээ болоод займчаад шарваж байгаад хажуу талын жалга руу урд талаараа унасан. Хүрэлбаатараас бусад нь архи уусан байсан. Мөнхсайхан гэх залуу машин жолоодож явсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-р хуудас/

5. Замын цагдаагийн албаны 2017 оны 09 сарын 21-ний өдрийн дүгнэлтийн “Жолооч Д.Мөнхсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдаг бий болгохгүйгээр зорчино. 2.7 жолоочид дор дурьдсан зүйлийн хориглоно. а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад гарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн. Д.Мөнхсайхан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7а, 9.2 заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гарсан байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 36-37-р хуудас/

6. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 779 дугаартай дүгнэлтийн “Ц.Ганболорын биед цээжний битүү гэмтэл, дотор эрхтэний доргилт, баруун шилбэний тахилзуур ясны гадна хавчаарын далд хугарал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцарсан шарх, нүүр, баруун гарт олон тооны зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Баруун шилбэний тахилзуур ясны гадна талын далд хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрсан шарх, цээжний битүү гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан хөдөлмөрйин чадвар тогтонгт алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт.  /хх-ийн 43-р хуудас/

7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 232 дугаартай дүгнэлтийн “Д.Мөнхсайханы цусанд этилийн спирт 1.4 промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 51-р хуудас/

8. Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 17/02/00266/ дугаартай дүгнэлтийн  “автомашины эвдрэл нийт 3 457 000 төгрөг” гэсэн үнэлгээ. /хх-ийн 55-р хуудас/

9. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/

10. Жолооны үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82, 101-р хуудас/

11. Шүүгдэгч Д.Мөнхсайхан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг “Би 2017 оны 09 сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Машиныг Орхон аймгаас Хүрэлбаатар бариад явсан. Замд явж байхад машины хроп сонин дуугараад байхаар нь наад машин чинь Улаанбаатар орох юм уу би нэг бариад шалгаад өгье гээд бариад явсан. Би 5 дугаар араандаа хийгээд 90 км-ээс дээшээ гаргахгүй явж байгаад гайгүй машин онгойгоод 120 км цагийн хурдтай явж байсан чинь зам дээгүүр нэг амьтан хөндлөн гүйхээр нь дарсан чинь машин дайвалзаад би 2-3 удаа дайвалзахад нь тогтоогоод гайгүй боллоо гэж бодоод хааз өгсөн чинь шарваад замын урд тал руу очоод ирмэг мөргөөд тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн машины дөрвөн дугуйн дээрээ зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/  болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхсайхан мэдүүлэхдээ “гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Мөнхсайхан нь 2017 оны 09 сарын 17-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэт- Дарханы чиглэлийн авто зам дээр согтуугаар 02-23 ОРО дугаартай Соната-6 маркийн автомашиныг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль зөрчиж зам тээврийн осол гарган Ц.Ганболорын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Д.Мөнхсайханд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч Д.Мөнхсайхан нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

            Хохирогч Ц.Ганболор, иргэний нэхэмжлэгч Д.М нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                     ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Адуучин овгийн Д.М-ыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг шүүгдэгч Д.Мөнхсайханд анхааруулсугай.

 

            4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС