Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0459/З |
Дугаар | 128/ШШ2023/0700 |
Огноо | 2023-09-19 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2023/0700
2023 09 19 128/ШШ2023/0700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т...” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ц..., Ж.Э...
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б...
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б...
Гуравдагч этгээд: “Т....” ХХК
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.А..., Э.О...
Нэхэмжлэлийн шаардлага: “Т...” ХХК-ийн оноосон нэртэй давхардуулан бусдыг төөрөгдүүлэх, ижил төсөөтэй, ялгагдах шинжгүй “Т....” ХХК оноосон нэрийг баталгаажуулсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, “Т...” ХХК оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б..., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У...нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Т...” ХХК-ийн оноосон нэртэй давхардуулан бусдыг төөрөгдүүлэх, ижил төсөөтэй, ялгагдах шинжгүй “Т...” ХХК оноосон нэрийг баталгаажуулсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, “Т....” ХХК оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Улсын бүртгэлийн ерөнхий газар 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 9011047057 дугаарт /51... регистрийн дугаартай/ “Т...” ХХК-ийг бүртгэж, 00.... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээ олгосон байна.
2.2.Гэтэл “Т....” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 90.... дугаарт /58.... регистрийн дугаартай/ “Т....” ХХК-ийг бүртгэж, 00.... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.
2.3 Дээрх маргаантай холбоотой асуудлаар “Т....” ХХК-ийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Компанийн албан ёсны нэршлийн тодруулга хийж, гомдол шийдвэрлүүлэх тухай” хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гомдол гаргажээ.
2.4.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр “Т....” ХХК-д “транс” гэсэн үгээр ялгаатай байх тул уг нэрийг хүчингүй болгох боломжгүй талаар мэдэгдсэн байна.
2.5.Тус шүүх “Т....” ХХК-ийн гаргасан “Т....” ХХК-ийн оноосон нэртэй давхардуулан бусдыг төөрөгдүүлэх, ижил төсөөтэй, ялгагдах шинжгүй “Т....” ХХК оноосон нэрийг баталгаажуулсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, “Т....” ХХК оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нийтийн тээврийн үйлчилгээний “Т....” ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэн үүсгэн байгуулагдсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 4 салбар авто бааз, засвар үйлчилгээний иж бүрэн станцтай бөгөөд Улаанбаатар хотод 11 чиглэлд, өдөр тутмын 135 автобусны гаралтаар нийт 420 орчим ажилтан ажиллагсадтайгаар 17 дахь жилдээ нийслэлийн иргэдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэж байна. Гэтэл олон нийтийн цахим сүлжээнд “Т....” ХХК гэх нэртэй, манай компанийн бэлгэ, тэмдэг, өнгийг дуурайсан Бүгд Найрамдах Солонгос улсад ажлын байранд зуучлах үйлчилгээ, авто машины засвар, үйлчилгээ, авто машинаар ачаа тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг гэх компани реклам, шууд дамжуулалтууд түгээд байна. Энэ нь 17 жилийн түүхтэй манай компанийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, ажилтан ажиллагсад, хамтран ажилладаг байгууллагууд, хэрэглэгчид, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх гэрээтэй Нийтийн тээврийн газар гэх мэт олон харилцагчдад буруугаар ойлгогдох, андуурагдах нөхцөл байдал үүсээд байна. Харин “Т.....” ХХК-ийн хувьд зах зээлд амар хялбар нэвтрэх, олон нийтэд танигдах, манай компанитай ямар нэг байдлаар хамаарал бүхий мэт буруу ташаа ойлголт төрүүлэх, улмаар манай компанийн авто тээврийн салбарт өрсөлдөж болзошгүй нөхцөл байдлыг үүсгээд байна.
Ингээд манай компанийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 63 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд түүний хариуг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 5/1260 дугаар албан бичгээр "Т....." ХХК-ийн нэр нь танай компанийн нэрээс "транс" гэдэг үгээр ялгаатай байх тул уг нэрийг хүчингүй болгох боломжгүй байна." гэх хариуг өгснийг эс зөвшөөрч байна.
Бид 2021 онд өөрийн компанийн салбар авто баазууд болох "Т....2-р авто бааз" (РД:67.....), "Т.... 4-р авто бааз” (РД:67....)-ууд энэхүү нэрээр улсын бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлт гаргахад нэр давхардуулж, төсөөтэй олгох боломжгүй гэсэн үндэслэлээр татгалзсан тул Т.... 2-р авто баазыг "Ог...." ХХК, Т.... 4-р авто баазыг "О....” ХХК гэж тус тус улсын бүртгэлд бүртгүүлж байсан. Гэтэл Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага нь "Т.... гэх нэрийг өөр хуулийн этгээдэд давхардуулан олгосон нь бусдад давуу байдал олгосон, хуулийг нэг мөр хэрэглээгүй хууль бус үйлдэл юм.
Иймд Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын "Т....” ХХК гэх нэрийг баталгаажуулсан үйлдэл нь манай компанийн бизнесийн нэр хүндэд халдсан, харилцагчдад төөрөгдөл үүсгэх, хуулийн этгээд нь ялгамжтай, давхардалгүй оноосон нэртэй байх зэрэг хууль журамд заасан эрхийг зөрчиж байна.
Хууль, журам зөрчсөн талаар: Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл "нэр томьёоны тайлбар" хэсэгт 4.1.2. "хуулийн этгээдийн нэр" гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг ойлгоно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй, гэж заасан бөгөөд Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор баталсан "Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам"-д хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтад тавигдах шаардлага, хязгаарлалтыг тогтоохдоо 3.1-д "Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмаар тогтоосон шаардлага, хязгаарлалтыг хангасан нэрийг баталгаажуулна", 3.10-д "Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй:" 3.10.1-д "хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд "Төмөр” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Т....”, “Т....”, “Төмөр холдинг”, “Т....” гэсэн нэрийг;" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
"Т...." ХХК нэрийг баталгаажуулсан захиргааны актыг (дугаар огноо) бидэнд өгөөгүй бөгөөд тус маргаан бүхий захиргааны актыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байна.
Иймд холбогдох хууль, журмыг зөрчиж "Т....” ХХК гэж нэрийн баталгаажуулалт олгосон Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үйлдлийг /Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын хэдэн оны, ямар дугаар бүхий нэр баталгаажуулах хуудсаар "Т...." ХХК нэрийн баталгаажуулалт олгосон талаарх мэдээлэл нь нийтэд ил мэдээлэл биш бөгөөд манай компанид энэ талаар мэдээлэл өгөөгүй болно. Хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. гэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Т....ХХК 2006 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаагаа эхлэхдээ энэ нэрээр бүртгүүлээд явсан. Нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагааг дагнан явуулдаг бөгөөд Улаанбаатар хотын нийтийн тээврийн 30-аад хувийг бүрдүүлдэг. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр жүжигчин А.... гэдэг хүний фейсбүүкт тавигдсан байсан шууд дамжуулалтыг үзсэн. Шууд дамжуулалтаар “Т....” ХХК гадагшаа ажилтан зуучилж байна гэх утгатай шууд дамжуулалт байсан. Шууд дамжуулалтыг харахад компанийн нэр нь манай компанитай ижил төстэй байсан.
Тухайн компанийн цахим хуудас руу ороод харахад манай тээврийн зурагтай логотой маш ижил төстэй логотой компани байсан. Улмаар манай компанийн зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт хуулийн этгээдийн нэр давхардсан бөгөөд ижил төстэй андуурагдахаар байж болохгүй. Манай компанийн нэртэй адил нэртэй компани бүртгэсэн талаар Улсын бүртгэлд хандсан. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас үүнийг ижил төстэй гэж үзэхгүй. Тиймээс бүртгэлээ өөрчлөхгүй гэдэг хариу өгсөн. Улмаар манай компани шүүхэд хандсан. Шүүхэд хандсан үндэслэл “Т....” ХХК 2006 онд бүртгэгдсэн байсан гэтэл 2014 онд “Т...” ХХК шинээр бүртгэгджээ. Энэ нэрийг баталгаажуулах нь захиргааны шийдвэр гаргаж байгаа үйл ажиллагаа.
Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан хуулийн этгээдийн нэр нь давхардахгүй буюу андуурагдахаар ижил төстэй байхыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Ингэж давхардсан ижил төстэй нэртэй компани бүртгэснээрээ манай компанийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж уг нэхэмжлэлийг гаргасан. “Т....” ХХК, “Т....” ХХК-ийн нэрийг давхардуулан бүртгэ гэсэн сүүлийн 2014 оны бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гарсан. Эрх ашиг зөрчигдсөн байдлын хувьд нэр гэдэг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт заасан компанийн эдийн бус хөрөнгө байдаг. Эдийн бус хөрөнгө ямар онцлогтой хөрөнгө гэвэл 1 дүгээрт, энэ нэрээрээ бусад компаниудаас ялгагдаж байгаа. Хоёрдугаарт нэр хүндийн илэрхийлэл болдог. Манай компани 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулаад хэд хэдэн удаа нийтийн тээврийн шилдэг компаниар шалгарсан бөгөөд топ 100 аж ахуй нэгжээр хэд хэдэн удаа шалгарсан. Ажилчид болон нийгэмд үзүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах чиглэлд тасралтгүй анхаарч ирсэн салбарынхаа манлай компани. Сүүлийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр шийдвэр гаргаж түгжрэлийг бууруулах, утааг бууруулах төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа 800 шинэ автобусыг худалдаж авч нэвтрүүлж байна. Мөн брэнд нэрийнхээ хүрээнд Т.... гэх спорт клубийг ажиллуулдаг. Т.... гэх волейболын лиг улсын чанартай, Олон улсын чанартай тэмцээнүүдэд олон удаа компанийнхаа нэрийн өмнөөс тоглож ялалт авсан байдаг. Гэх мэтчилэн брэнд хөгжүүлэлт, нэр хүндээ өсгөх тал дээр маш их ажилласан. Гэтэл “Т....” ХХК-ийг үүсгэн байгуулсан байдаг. Үүсгэн байгуулагч нь Т.... ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан. Хувьцаа эзэмшигч байж байгаад хувьцаагаа худалдах худалдан авах гэрээ хийгээд “Т....” ХХК байгуулаад явсан байна. Тэгэхээр шууд санаатайгаар ижил төрлийн нэртэй, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компани байгуулж байгаа юм. Ингэж ижил төстэй нэрээр компани байгуулснаараа манай компанийн нэр хүндэд халдах зорилготой байсан гэж үзэж байна. гэв.
5.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т....” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Т....” ХХК-ийн оноосон нэртэй давхардуулан бусдыг төөрөгдүүлэх, ижил төсөөтэй, ялгагдах шинжгүй “Т....” ХХК оноосон нэрийг баталгаажуулсныг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гардан аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. “Тэнүүн огоо транс” оноосон нэрийг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр баталгаажуулан авсан байна. Тухайн нэрийг баталгаажуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах, журмын 3 дугаар зүйлд заасан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулахад тавигдах шаардлагад бүрэн нийцүүлэн “Т....” ХХК-ийн нэрээс ялгагдах байдлаар “Т....” ХХК гэж олгосон байна. Нэхэмжлэлд дурдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам” нь Монгол улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан байх нэрийг олгоход дээрх журмыг үндэслэл болгоогүй болно. Иймд “Т....” ХХК, “Т....” ХХК гэх давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэхгүй бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан хууль, журамд нийцүүлэн олгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манайх “Т...” ХХК, “Т....” ХХК гэдэг нэрийг давхардсан, Иргэний хуульд заасан 27 дугаар зүйлийн 27.3-д заасан ижил төсөөтэй гэдгийг заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам гэж байдаг. Журмыг Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан заалтыг тодорхой болгохоор гаргасан гэж үзээд журмын дагуу Т.... ХХК-ийн нэрээс Тэнүүн огоо транс гэх компанийн нэр транс гэдэг үгээр ялгагдах байдлаар нэрийг олгосон. Уг 2 компанийн үйл ажиллагааны чиглэл нь өөр бөгөөд ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй. “Т....” ХХК арай өөр үйл ажиллагааны чиглэлтэй гэсэн үг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
7.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй “Т....” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Бидний зүгээс “Т....” ХХК нэрийг “Т...” ХХК-ийн тухайн үеийн эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авч холбогдох баримт бичиг бүрдүүлэн улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж байсан. Мөн анх “Т....” ХХК-ийн үүсгэн байгуулахад Сүхбаатар овогтой Мягмарсүрэн нь тус компани хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байсан. Улмаар зөвшөөрөл олгосон албан бичгийг үндэслэн улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн газраас тухайн нэрийг бидэнд олгосон. Бидний материалыг хадгалж буй Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт тус нэрийг ашиглах зөвшөөрлийн бичиг хадгалагдаж байгаа. Мөн тухайн үеийн эрх зүйн зохицуулалтад зөвшөөрөл авч нэрийг авдаг байсан. Манай компанийн зүгээс “Т....” ХХК-тай ямар нэгэн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд, тусдаа өөр үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн байдлаар төөрөгдүүлэх, бизнесийн мэргэжлийн нэр хүндэд халдах оролдлого хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
8.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Т.... компанийн ерөнхий захирал Ганхуяг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр асуулгая гэж байсан С... овогтой М.... нар нь садан төрлийн холбоотой хүмүүс. Тухайн үед хувьцаа эзэмшигч байсан, та хувьцаа эзэмшигчийнхээ тодорхойлолтыг өгөөд ав гэсэн. Үүнийхээ дагуу өөрийн гэсэн компаниа байгуулсан. Өнөөдөр гэхэд уг компани байгуулагдаад бараг 10 жил болчихсон. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар Т.... ХХК-тай нэг чиглэлд үйл ажиллагаа явуулаад компанийн нэр хүнд нь хууль бусаар халдаад ашиг сонирхлоо олоод нэрийг нь хууль бусаар ашигласан зүйл бол байхгүй.
Өнөөдрийн байдлаар “Т....” компани Бүгд Найрамдах Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилд зуучлах үйл ажиллагаа явуулдаг. Веб сайтын нэр нь уг компаниас өөр нэртэй буюу Софт.мн гэсэн фейсбүүк хаягтай. Тэгэхээр ямар нэг байдлаар бид нар Т....-ийн хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндөөд, нэр төрийг нь харлуулаад, нэрийг нь ашиглаж тээврийн салбарт үйл ажиллагаа явуулаад ашиг сонирхол олж байгаа асуудал байхгүй. Тээврийн чиглэлд үйл ажиллагаагаа явуулаад, нэрийг нь хууль бусаар ашиглаж төөрөгдөлд оруулж байсан асуудал байдаг бол Т... ХХК-ийн хууль ёсны сонирхлыг зөрчөөд байна гэж үзэхээр байна. Гэтэл манай компани энэ салбарт ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй. Тухайн үед үндэслэж байсан хууль тогтоомж нь Засгийн газрын тогтоомж дээр бүртгэгдээд хүчин төгөлдөр болоогүй байсан асуудал байгаа. Тийм учраас Улсын бүртгэлийн газар тухайн үед хууль дүрэм журам заасныхаа нэрийн үйл ажиллагаа эрхэлсэн. Бид нар нэрийг ашиглалтынхаа дагуу ямар нэгэн байдлаар бусдын хууль ёсны эрх сонирхлыг хохироох үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь
2.Нэхэмжлэгчээс “манай компанийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, хэрэглэгчид, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх гэрээтэй нийтийн тээврийн газар, харилцагчдад буруугаар ойлгогдох, андуурагдах, нөхцөл байдал үүсгэх, “Т...” ХХК-ийн хувьд зах зээлд амар хялбар нэвтрэх, олон нийтэд танигдах, манай компанитай хамаарал бүхий мэт буруу ташаа ойлголт төрүүлэх, улмаар манай компанитай авто тээврийн салбарт өрсөлдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна гэж”, хариуцагчаас “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 742 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулахад тавигдах шаардлагад бүрэн нийцүүлэн “Т....” ХХК-ийн нэрээс ялгагдах байдлаар “Т....” ХХК-д олгосон гэж” тус тус маргажээ.
3.Анх иргэн С.Э..., А.Г... нарын хооронд байгуулагдсан “Т...” хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай гэрээг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 9011047057 дугаарт /5103258 регистрийн дугаартай/ “Т....” ХХК-ийг бүртгэж, 0000089213 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээ олгосон байна.
4.Нэхэмжлэгч “Т...” ХХК нь одоогоор хот орчим, хотын доторх нийтийн тээврийн үйлчилгээ, гадаад худалдаа гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулж байна.
5.Харин “Т....” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 9011..... дугаарт /58.... регистрийн дугаартай/ “Т....” ХХК-ийг бүртгэж, 00.... дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээ олгожээ.
6.Гуравдагч этгээд “Т....” ХХК нь одоогоор дотоодод хөдөлмөр зуучлах, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, авто машинаар ачаа тээвэр, авто машины засвар, үйлчилгээ, гадаад худалдаа гэсэн 5 таван төрлийн үйл ажиллагаа явуулж байна.
7.Иргэний хуулийн 27 дугаар зүйл.“Хуулийн этгээдийн нэр”, 27.3.“Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.” гэж зааснаас үзвэл хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохооргүй байна.
8.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 16 дугаар зүйл. “Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг”, 16.8.“Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллага цахим шалгаж баталгаажуулна.” гэж зааснаас үзвэл бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг шалгаж шийдвэрлэхээр байна.
9.Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Журам батлах тухай” 742 дугаар тушаалаар “Хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулах, хадгалах журам”-ыг баталжээ.
10.Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг шалгахдаа дээрх журмыг баримтлахаар байна.
11.Уг журмын Гурав. “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулахад тавигдах шаардлага”, 3.1.“Хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй улсын хэмжээнд давхардаагүй байна.” гэж заасан байх бөгөөд хуулийн этгээд нэр олгохтой холбоотой харилцааг уг журмаар нарийвчлан зохицуулжээ.
12.Дээрх хууль болон журмын заалтуудаас үзвэл хуулийн этгээдийн нэр нь өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан, бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохооргүй байна.
13.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь 2014 онд гуравдагч этгээд “Т....” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэхдээ дээрх хууль болон журмын заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
14.Тодруулбал, “Т....” ХХК, “Т....” ХХК гэх хуулийн этгээдүүдийн нэр нь хоорондоо давхардаагүй “транс” гэдэг үгээр ялгагдаж байх тул хариуцагчийг гуравдагч этгээдийн нэрийг бүртгэхдээ нэхэмжлэгчийн нэртэй ижил бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй нэрийг бүртгэсэн гэж буруутгах үндэслэлгүй байна.
15.Мөн нэхэмжлэгч “Т....” ХХК нь нийтийн тээврийн үйл ажиллагаа, гуравдагч этгээд “Т....” ХХК гадаад улсад хөдөлмөр зуучийн үйл ажиллагаа тус тус эрхэлдэг байх бөгөөд тус компаниуд нь нэг зах зээлд өрсөлдөгч нар биш байх тул төөрөгдөл үүсэн гэх үндэслэлгүй тогтоогдохгүй байна.
16.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Т...” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “...“Т....” ХХК-ийн оноосон нэртэй давхардуулан бусдыг төөрөгдүүлэх, ижил төсөөтэй, ялгагдах шинжгүй “Т....” ХХК оноосон нэрийг баталгаажуулсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, “Т....” ХХК оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.8-д заасныг тус тус баримтлан “Т....” ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “... “Т.... ХХК-ийн оноосон нэртэй давхардуулан бусдыг төөрөгдүүлэх, ижил төсөөтэй, ялгагдах шинжгүй “Т...” ХХК оноосон нэрийг баталгаажуулсан эрх зүйн харилцаа байгааг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, “Т..." ХХК оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ