| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/02451/И |
| Дугаар | 183/ШШ2024/02254 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/02254
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, И овогт Б.Н /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, ** давхарт байрлах, С******* ГХО ХХК /РД:*******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 14 208 848 19 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэхийг даалгах, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс хууль бусаар суутгагдсан цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Н*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, А.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч С******* ГХОХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 14 208 848 19 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэхийг даалгах, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс хууль бусаар суутгагдсан төгрөгийг, сэтгэл санааны хохиролд 9 627 665 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б.Н******* миний бие 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн С******* ХХК-д туслах хуульчаар ажиллаж байна. Тус компанид Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Д*******ы А/58 дугаартай 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар миний биед “Албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ” авсаныг үл хүлээн зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд А/58 дугаартай “Албан тушаал бууруулах сахилгын арга хэмжээ” авсан тушаалыг хүчингүй болгож, туслах хуульчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг хариуцагч тал үл хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. С******* ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, ажилд эгүүлэн тогтоогоогүй тул миний бие нь албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасны үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсаны дүнд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-д заасан дагуу “... урьд нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох” тухай тушаалыг гаргаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргэсэн. Иймд С******* ХХК-иас 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэл /сүүлийн 3 сарын дундаж цалин 7 624 260 төгрөг, сарын дундаж цалин 2 541 420 төгрөг, нийт 123 хоног/ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 14 208 848 19 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 14 533 746 төгрөг гаргуулах, Захиргаа, хүний нөөцийн Ахлах менежер Д.Н*******, ахлах хуульч А.Э******* нар нь албан тушаал, эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу байдлаа ашиглаж, хөдөлмөрийн харилцаанд оролцохдоо ялгаварлан гадуурхалтанд удаа дараа өртүүлсэн, ажлын байран дээр хэл амаар доромжилж нэр төр, алдар хүндийг гутаасан, байнгын шинжтэйгээр сэтгэл зүйн хална, халагдах, хүчирхийлэл, дарамт шахалтыг үзүүлж, өш хонзонгийн арга хэмжээ авсан тушаалыг шүүхээр хүчингүй болгуулж, ажилдаа буцаж орсон, ажиллах хугацаандаа шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан сэдэлтээр үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь хасах сахилгын шийтгэл оногдуулсан тул С******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийгдсэн цалинг гаргуулах, сэтгэл санааны хохиролд 9 627 665 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж байна.
1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие эхлээд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргасан. Дараа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, цалин хөлснөөс хууль бусаар суутгаж авсан цалинг гаргуулах, сэтгэл санааны хохиролд 9 627 665 төгрөгийг гаргуулахаар ихэсгэсэн. Гэвч одоо нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахад сэтгэл санааны хохиролд 9 627 665 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Намайг ажилд эгүүлэн тогтоосон байдаг, мөн цалингийн зөрүүг гаргуулсан байдаг. 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тушаал гаргаж эргүүлж авсан. Тиймээс 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртлэх хугацааны цалин 14 208 848 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа. 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн байгаа, ажлын гүйцэтгэлийг хянах зорилгоор ажлын цагийг бүртгэсэн гэсэн. Ажлын цагийн талаарх журмыг 119 хуудас танилцуулаагүй, мэдэхгүй. Ажлын байрны тодорхойлолтыг надад танилцуулаагүй, 4 дүгээр сарын 22-ны өдөр танилцуулсан байдаг. Надад ямар ч ажил даалгаж хүлээлгэн өгөөгүй, камерийн бичлэг нь бүтэн бус тасдаад авсан, бүтэн өдөржингөө бичлэгийг минь аваагүй, 8 цагаар суудаггүй гэдгийг нотлохгүй. Өглөө хэдэн цагт ирсэн, орой хэдэн цагт тарсан, өдөр цайны цагаар хэдэн цаг гарсан гэдгийг бүртгээгүй. Намайг гарсан ажил тасалсан гээд байгаа боловч ариун цэврийн өрөөнд ороод ирсэн, ариун цэврийн өрөөнд нүүрээ будаж байсныг байхгүй гээд байна. Хөдөлмөрийн дотоод журмын 14-т ажлын цаг ашиглалтын тухай тодорхой заасан, өдөрт 8 цаг гэсэн байгаа. Мөн намайг ажил тасалсан гээд цалингаас суутгасан байдаг. Би ажлын 8 цагаа баримтлаад л суудаг байсан, надад Хяналтын тоног төхөөрөмж ашиглах журмыг танилцуулаагүй, бүтэн бичлэгийг нь надад үзүүлээгүй, би шүүх дээр л үзлэг хийхэд уг бичлэгийг мэдсэн. Мөн сахилгын шийтгэл ногдуулахдаа баримталсан тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн гэрээний 6.2.9-г үндэслээд байгаа нь буруу байна гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, эхний нэхэмжлэл нь ажилгүй байсан хугацааны цалинд 14 208 848 төгрөг гаргуулах гэсэн боловч ямар үндэслэлээр тооцоод байгааг ойлгохгүй байна. Дундаж цалин хөлсийг тооцох журамд заасны дагуу тооцох ёстой байдаг. Маргаантай холбоотой 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэл цалин нэхэмжилж байгаа, энэ хугацаанд ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, тиймээс нөхөн олговрын асуудлыг бол ярихгүй. Энэ хооронд ажиллах боломж бол байсан, зөрүү мөнгийг авах л боломж байсан, өөрөө ажил огт хийгээгүй тул цалин хөлс олгоно гэдэг чинь шударга ёсонд нийцэхгүй. Өөрөө ажлаа хүсээд хийгээгүй учраас бид үүрэг хариуцлага хүлээхгүй. Ажилд нь бид аваад хөдөлмөрийн гэрээг байгуулсан, өөрөө ажил эрхлэлтийн харилцаа сэргээсэн гээд бичсэн байгаа. Одоо ажлаа хийж байгаа, гэтэл шүүхэд маргаж байна, ажлын цагийг Хөдөлмөрийн дотоод журам дээр заасан, гадагшаа явахдаа заавал мэдэгдэх ёстой байдаг, ажлын цагийг зүй зохистой ашиглах ёстой, гэтэл байн байн гараад явчихдаг, гэтэл нэхэмжлэгч нь өөрөө ариун цэврийн өрөөнд орсон гэж байна, гэтэл ариун цэврийн өрөөнд орж болно, гэхдээ 1 цаг гаран нүүрээ будаад байж болохгүй. Бичлэгээр бүхэл бүтэн 21 цаг 03 минут тасласан байна. Гэтэл бид цалинг нь 3 сар 20 хувиар хассан байгааг анхаарч үзээрэй. Өөрөө ажилдаа ирээгүй, тэгээд амарч амарчихаад ирээд цалингаа авна гээд байна, ажилдаа ирдэггүй, ажлаа хийдэггүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь өөрөө ажлаа хийдэггүй, харин ч Хөдөлмөрийн гэрээний 5.2.7, 6.2.9-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэл ногдуулснаас хойш чөлөө зөвшөөрөл авч, мэдэгдэж ажлын байраа орхиж явахаа байсан. Ажлын байрны бичлэгийг тасдаад гээд байна, хэрэв бүтэн үзэх юм бол маш их хугацаа шаардагдана, тиймээс тасласан хэсгийг нь тасдаад авсан. Өөрөө ч энэ бичлэгийг үзсэн, шүүхэд ирээд л мэдсэн гэдэг нь үндэслэлгүй, өмнө нь танилцуулсан. Өөрөө зөвшөөрсөн. Бичлэгээр 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 8 цаг 03 минутад ирээд 17 цаг 05 минутад явсан. Мөн бусад өдөр ч бас ингэж хоцроод ирээд ажлаас орой 17 цагтаа тардаг байсан. Тиймээс ажиллаагүй хүний цалинг гаргуулах, ажлаа хийдэггүй, байн байн таслаад явчихдаг учраас сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №69 тоот хуралдааны тэмдэглэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02825 дугаар шийдвэр, С******* ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/164 дүгээр тушаал, иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 6 дугааар сарын 26-ны өдрийн №86 тоот тэмдэглэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023.06.09-ний өдрийн 12 тоот албан шаардлага, С******* ХХК-ийн 2023.05.23-ны өдрийн Б/352 тоот тушаал, С******* ХХК-ийн ажлын байрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, Тайлбар гэх баримт, Ярилцлагын тэмдэглэл, С******* ХХК-ийн 2023.02.20-ны өдрийн А/07 дугаар тушаал, Хяналтын тоног төхөөрөмж ашиглах журам /хэргийн 3-17, 41-45, 47-57, 109, 116-121-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/00018 дугаар магадлал, хариу тайлбар, С******* ХХК-ийн 2023.08.15-ны өдрийн 01/500 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичиг, мейлийн бичвэр, С******* ХХК-ийн 2023.03.01-ний өдрийн Б/01 тоот тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, 2018.07.23-ны өдрийн 01/274 тоот тушаал, Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг судлан шийдвэрлэх тухай журам, итгэмжлэл, орчуулгын хамт, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2023.08.22-ны өдрийн 03/40 тоот зөвлөмж, Эвлэрлийн гэрээний төсөл /хэргийн 22-24, 29-37, 64-98, 103-104, 110-114-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр С******* ХХК-ийн хяналтын тоног төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №2800 дугаар Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 145-147, 156 /хэргийн хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Н*******ын нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалинд 2 552 016 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, үлдэх ажилгүй байсан хугацааны цалинд 11 656 832 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, хууль бусаар суутгал хийсэн цалинг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч С******* ХХК нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон байхад шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ажилд эгүүлэн аваагүй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14 208 848 19 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал нь үндэслэлгүй тул хүчингүй болгуулж, цалин хөлснөөс хууль бусаар суутгагдсан цалинг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.
3.Хариуцагч С******* ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн ороогүй, ажилдаа эргэн орох санал санаачлага гаргаагүй, ажилдаа буцаж орсон боловч ажлын байраа зөвшөөрөлгүйгээр удаа дараа орхин явж ажлаа тасалсан тул сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь хуульд нийцсэн, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд талуудын шүүхэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02825 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хэсэгт зааснаар хариуцагч С******* ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н*******ыг С******* ХХК-ийн туслах хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч С******* ХХК-иас 9 836 268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н*******т олгож шийдвэрлэсэн.
4.2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/0018 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02825 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад 9 836 268 гэснийг 2 522 100 гэж, 3 дахь заалтын 172 331 төгрөг гэснийг 55 304 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй тул нэхэмжлэгч дахин шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэж, нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй.
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон байхад хариуцагч тал буюу ажил олгогч С******* ХХК нь нэхэмжлэгч буюу ажилтан Б.Н*******ыг өмнө эрхэлж байсан туслах хуульчийн ажилд нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр томилсон болох нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02825 дугаар шийдвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, С******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/164 дүгээр тушаал, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар талууд маргаагүй.
6.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан болох нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №69 тоот хуралдааны тэмдэглэл, сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцуулахаар Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан болох нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №86 тоот хуралдааны тэмдэглэлээр тус тус тогтоогдож байх бөгөөд талууд харилцан тохиролцоогүй тул шүүхэд хандсан талаар зохигч маргаагүй болно.
7.Талууд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаар маргаагүй, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.
8.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн тогтоосон 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс нийт 14 208 848 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
8.1.Хэрэгт авагдсан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №210/МА2023/00018 дугаартай магадлалд “...4.б.Харин анхан шатны шүүхээс “...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/58 дугаар тушаалын үр дагавар нь хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар үндэслэлгүй дуусгавар болгосон тул 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажлын 102 хоногийн цалин/нэг өдрийн 96 434 төгрөг нийт 9 836 268 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
...Хэрэгт авагдсан тодорхойлолт нь ажилтны цалин хөлсний цэс, задаргааг агуулаагүй байх тул нягтлан бодох бүртгэлээс Нийгмийн даатгалын байгууллагад гаргасан цалингийн тодорхойлолтод үндэслэн Б.Н*******ын туслах хуульчийн сүүлийн гурван сарын дундаж цалин 7 624 260 төгрөг, сарын дундаж цалин 2 541 420 төгрөг байна. Тус цалин хөлснөөс Б.Н*******ыг уурхайн даргын туслахаар томилж, нэг сарын үндсэн цалинг тогтоосон 2 037 000 төгрөгийн зөрүү /2 541 420 – 2 037 000=504 420/ 504 420 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацаа болох 5 сарын хугацаагаар цалингийн зөрүү /504 420х5=2 522 100/ 2 522 100 төгрөгийг тооцон олгох нь зүйтэй” гэжээ.
8.2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/02825 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг туслах хуульчийн ажилд нь эгүүлэн тогтоож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №210/МА2023/00018 дугаартай магадлалаар сарын дундаж цалин 2 541 420 төгрөг, нэг сарын үндсэн цалинг тогтоосон 2 037 000 төгрөгийн зөрүү 504 420 төгрөг болж байна гэж тооцсон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж дүгнэсэн болно.
8.3.Хариуцагч нь шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч Б.Н*******ыг ажилдаа өөрөө эргэн ороогүй, ажилдаа орох санал, санаачлага гаргаагүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийг 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Б/164 дүгээр “Б.Н*******ыг ажилд томилох тухай” тушаалаар 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн туслах хуульчийн ажилд нь томилсон байх тул хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах үндэслэлтэй байна.
8.4.Иймд шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойших буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүртлэх 5 сар, 13 хоногийн хугацааны ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүнд 2 552 016 төгрөгийг /504 420х5 сар=2 522 100 төгрөг, 1 хоногийн цалин 22 928 төгрөг, 22 928х13хоног=298 064 төгрөг, 2 522 100+298 064=2 552 016 төгрөг/ хариуцагч С******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******т олгохоор шийдвэрлэв.
8.5.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч нь “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
9.Нэхэмжлэгч Б.Н******* нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, хууль бусаар суутгал хийсэн цалинг гаргуулахаар шаардлагаа тодорхойлж, хариуцагчийн сахилгын шийтгэл оногдуулсан тушаал нь үндэслэлгүй, баримтаар гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг нь бүрэн бус, тасдаж авсан байна, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажлын 8 цагаар ажилласан болох нь ажлын цагийн бүртгэлээр нотлогдоно гэсэн.
9.1.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Н*******ыг ажлаа тасалсан, ажлын байраа дур мэдэн байнга орхин явдаг, холбогдох албан тушаалтнаас чөлөө, зөвшөөрөл авдаггүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаа зохих ёсоор гүйцэтгэхгүй байх тул сахилгын шийтгэл оногдуулсан, уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасныг зөрчөөгүй гэж мэтгэлцсэн.
10.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно”, 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж заажээ.
10.1.Хэрэгт авагдсан 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/352 дугаар Б.Н*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд “Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3, Хөдөлмөрийн дотоод журмын 18.8.9, Б.Н*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.1, 5.2.7, 6.2.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан чөлөө авалгүйгээр 2023 оны 4 дүгээр сарын 14, 17, 18, 19, 20, 24, 5 дугаар сарын 3, 4, 8, 12, 15-ны өдрүүдэд ажлын байраа орхиж явсны улмаас нийт 21 цаг 03 минут ажил тасалсан Захиргаа хүний нөөцийн хэлтсийн Туслах хуульч Б.Н******* /2800/-ын үндсэн цалинг гурван сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсугай “гэжээ.
10.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-д “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, Хөдөлмөрийн дотоод журмын 18.8.9-д “ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан чөлөө авалгүйгээр орхиж явсан”, Хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д “хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан, цаг хугацаанд нь гүйцэтгэх, ажлын цагийг үр бүтээлтэй, хариуцсан ажилдаа зориулан зарцуулах”, 5.2.7-д “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас албан үүргээ гүйцэтгэх, ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд харьяалагдах удирдлагад урьчилан мэдэгдэж зохих журмын дагуу чөлөө авах”, 6.2.9-д “ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр урьдчилан чөлөө авалгүйгээр орхиж явсан” гэж тус тус заасан байна.
10.3.Хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулах талаар нэхэмжлэгчид 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж, тайлбар гаргуулж, ярилцлагын тэмдэглэл үйлдсэн, уг тайлбараар нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тус тус ажлын байраа орхин явсан талаараа хүлээн зөвшөөрсөн, бусад хэсгийг зөвшөөрөөгүй гэсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаараа баримтаар нотлоогүй гэсэн.
10.4.Хэрэгт авагдсан хэргийн 116 хуудсанд авагдсан тайлбар гэсэн баримтад “...ажлын байраа орхиж явсан, тасалсан нийт цаг /цайны цаг хасаад/ 21:03” гэсэн байх бөгөөд ажлын цаг ашиглалтын талаар туслах хуульч Б.Н******* тайлбар өгсөн, уг баримттай 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр танилцсан, ярилцлагын тэмдэглэл үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг болон Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг судлан шийдвэрлэх тухай журмын 3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй, ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авсан байна гэж үзэв.
10.5.Нэхэмжлэгч нь Хяналтын тоног төхөөрөмж ашиглах журмыг танилцуулаагүй, ажлын цаг ашиглалтын талаарх бичлэгтэй танилцаагүй, энэ талаар мэдэгдээгүй, хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын 8 цагаар ажилласан болох нь цагийн бүртгэл, цалингийн хүснэгтээр тогтоогдоно гэсэн.
10.6.Хөдөлмөрийн дотоод журмын 14.1-д “долоо хоногийн ердийн 40 цагаар ажиллаж ажилтны нэг өдрийн ердийн ажлын үргэлжлэл 8 цагаас илүүгүй байна. Амрах, хооллох завсарлагааны хугацаа нэг цаг байх ба ажлын цагт тооцохгүй. Ажил эхлэх болон дуусах цаг, цайны завсарлагын цагийн хуваарийг Захиргаа, хүний нөөцийн хэлтсээс тухай бүрд уян хатан байдлаар зохицуулалт хийнэ” гэж заасан байх бөгөөд 14.30-д “ажилтанд түүний харьяалах удирдлага нь харьяалах хэлтсийн удирдлагын эзгүйд түүний эрх олгосон албан тушаалтан чөлөө олгоно”, 14.31-д “ажилтан чөлөө хүсэхдээ чөлөөний хуудсыг бөглөж өөрийн хэлтсийн удирдлагаар урьдчилан батлуулна”, 14.32-д “чөлөө хүсэж буй ажилтнаас компани нотолгоо шаардах эрхтэй бөгөөд ажилтан уг нотолгоог гаргах өгөх үүрэгтэй” гэж заасан байна.
10.7.Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн цагийн бүртгэлээр ажлын 8 цаг ажилласан болох нь тогтоогдоно гэсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг ажлын байраа орхиж явсан цаг нь нийт 21 цаг 03 минут болсон гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тус тус ажлын байраа орхин явсан талаараа хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн, хэрэгт авагдсан ярилцлагын тэмдэглэлээр ажлын цаг ашиглалтын бичлэгтэй танилцсан болох нь тогтоогдож байна.
10.8.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч С******* ХХК-ийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн бөгөөд уг үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Б.Н******* нь ажлын байрыг орхин явсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигч талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №2800 тоот Хөдөлмөрийн гэрээний 6.2.9-т “Ажлын байраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, урьдчилан чөлөө авалгүйгээр орхиж явсан” гэсэн үндэслэлээр хариуцагч нь сахилгын шийтгэлийг нэхэмжлэгч Б.Н*******т ногдуулсаныг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
11.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртлэх цалингийн зөрүүнд 2 552 016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******т олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилсэн 11 656 832 төгрөгийг гаргуулах болон 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, хууль бусаар суутгал хийсэн цалинг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 228 994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-иас 55 782 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н*******т олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар хариуцагч С******* ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүнд 2 552 016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Н*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 656 832 төгрөгийг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/352 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, хууль бусаар суутгал хийсэн цалинг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Н*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг төлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч С******* ХХК-нд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 228 994 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С******* ХХК-иас 55 782 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Н*******т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН