Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 0349

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Л.О-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч С.Г- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г-д холбогдох эрүүгийн 1725000000134 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

С овгийн С.Г, Монгол Улсын иргэн, ** оны ** сарын **-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, “Эрдэнэт бест” массажны төвд бариач ажилтай, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, ** баг, ** тоотод оршин суух, урьд нь Орхон аймаг дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт 2 жил хорих ялаар, 2013 оны 11 сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 10 сарын 28-ны өдөр тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай /РД: /

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч С.Г нь 2017 оны 10 сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоот гэртээ эхнэр Л.О-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч Л.О-гийн “2017 оны 10 сарын 07-ны өдөр 21 цагийн үед гэртээ байж байхад нөхөр гаднаас орж ирээд чи хаагуур янхандаад байгаа юм гэж дарамтлаад намайг үсдэж чирээд элэгдэж унагаад толгой дээрээс баахан цохиж байгаад ална гээд гэрт түгжиж байгаад зодсон. Тэгээд би зугтааж гараад цагдаа дуудсан. Хоорондоо таарч тохирохгүй бие биенээ хардсанаас болж 4-5 удаа маргалдсан. Тэрнээс ямар нэг гэмтэл учруулахаар цохиж зодож байгаагүй. Би түүнийг цохиж авч байсан удаа байгаа” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-6-р хуудас/

 

2.Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 866 дугаартай дүгнэлтийн “Л.О-гийн биед зүүн гар, зүүн дал баруун шилбэ, доод эрүүнд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 10-р хуудас/

 

3. Шүүгдэгч С.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... “Эхнэр тэр өдөр болон маргааш нь гэртээ ирж хоноогүй. Дүүгийнхээ гэрийг 3 давхарт байдаг гэж хэлж байна лээ. Уг нь дүүгийнх нь гэр 6 давхарт байдаг юм. Тэгээд хаана хоносныг нь асуухад Өсөхөө гэдэг найзындаа хоносон. Нэг бол ажил дээрээ хоносон гээд худлаа яриад байсан. Тэрээр надад бэлгийн замын өвчин халдааж байсан. Мөн худлаа ярьж гадуур хоноод байгаа болохоор нь түүнийг нь ярьж маргалдсан. Гэрт гал түлчихсэн би орон дээрээ хэвтэж байхад тэр над дээр ирж хэвлий орчимд хэд хэдэн удаа маажиж мөн мөрөн дээр хазсан юм. Тэгэхээр нь би босч ирээд толгой руу нь гараараа 2-3 удаа цохиод цааш нь түлхээд унагасан. Тэрнээс өөрөөр зодоогүй. Би нүдний өвчнөөр группэд байдаг. Нэг нүд хараагүй юм. Нөгөө нүд бараантсан зүйл харагддаг. Ганцаараа бол явж чадахгүй. Би хүний араас нь хөөж чадахгүй хүнээр хөтлүүлж явдаг юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 52-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Г- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Хохирогч Л.О- мэдүүлэхдээ “ Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г- нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоот гэртээ эхнэр Л.О-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.О-гийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 866 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

                     Шүүгдэгч С.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч С.Г-д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС