Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/079

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/283 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2114000000177 дугаар хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, .....оршин суух, урьд 2021 оны 3 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар /*******/

******* нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор сумын ............ тоот хашааны гадна талд байсан иргэн *******ын эд хөрөнгө болох Charming гэх нэртэй улаан өнгийн мтоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: шүүгдэгч ******* овогт *******ийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлан авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д 6/зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний зах, хүнсний дэлгүүр, эрхэлж буй ажил гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн нударгатай дээл 1 ширхэг, шар өнгийн дээлийн бүс 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******д буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: ******* миний биеийг анхан шатны шүүхээс 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн билээ. Энэ ялыг эдлэхэд заавал утасны сүлжээтэй байх ёстой гэж би дуулсан билээ. Миний хувьд хүүхэд байхаасаа Баян-Овоо суманд мал маллаж ирсэн малчин хүн билээ. Зуны цагт сумынхаа Шар бүрд, өвлийн цагт Улаан толгой нутгаар нутаглаж амьдардаг. Энэ нутагт зуны цагт юнителийн сүлжээ бага сага орж ирдэг, өвөлжөөний нутагт ямар нэг утасны сүлжээ барьдаггүй, 1-2 км газарт сүлжээн дээр гарч холбоо барьдаг газар юм. Аймгийн төвд удаан хугацаагаар амьдран суух орон гэргүйн дээр амьжиргаа залгуулдаг малыг минь надаас өөр малладаг хүн байдаггүй юм. Би өөрийн бодлогогүй, болчимгүй зангаасаа болж аймагт бензин, хүнсний нөөцөө базаах гэж өдрийн хугацаагаар ирэхдээ энэ хэрэгт холбогдсон. Миний түмэн буруу. Үүнээсээ болж хавраас хойш олон ч удаа нааш цааш явлаа. Үндсэн ажлаа ч цалгардуулж зарлага ч их гаргалаа. Ийм хор хохиролтой байдгыг би сайн ухаарч ойлгож авсан. Цаашдаа зөв шударга явахыг би хичээж байгаа. Иймд та бүхэн миний ахуй амьдралыг байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн сольж өгнө үү. Би цаашид дахин алдаа дутагдал гаргахгүй зөв амьдрах болно гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

******* нь 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор сумын .......... тоот хашааны гадна талд байсан иргэн *******ын эд хөрөнгө болох Charming гэх нэртэй улаан өнгийн мтоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь хавтаст хэргийн 21-25 дугаар талд авагдсан “... улаан өнгийн суудал дээрээ ногоон өнгийн хулдаасан бүтээлэгтэй төмрөн багтай гялтгар мотоцикль байхгүй байсан бөгөөд мөрийг нь харахад бакалтай хүн түрж яваад төв гудамжны төв зам ороод асаагаад явсан байсан...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

Хавтаст хэргийн 33-34 дүгээр талд авагдсан “...Би гэртээ байж байхад манай хашаанд ******* /Шармай/ аавыг нь Буяа гэж дууддаг, манай хөдөөний саахалтын айлын залуу манай гэрт орж ирээд цэнхэр өнгийн дээлээ тайлснаа 5-6 хоночихлоо гээд надаас мөнгө сурсан. Тэгэхээр нь би 10000 төгрөг өгсөн чинь мотоциклио үлдээлээ өглөө ирж авна хэлсэн. Шармай гэх хүний бүтэн нэрийг би мэдэхгүй. Аавыг нь Буяа гэж дууддаг манай хөдөө гэр саахалт байдаг төдий , ээж, аав нь Пүүжээ гэж дуудаад байдаг санагдаж байна. Мустанг маркийн улаан өнгийн, суудал дээгүүрээ ногоон юм уу цэнхэр өнгийн бүтээлэгтэй мотоцикль байсан...” гэх гэрч н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

Хавтаст хэргийн 37-38 дугаар талд авагдсан “...Би гэртээ унтаж байхад Шармай намайг сэрээгээд 10000 төгрөг байна уу гэхээр нь өгсөн. Тэгэхэд Шармай гэх залуу цэнхэр өнгийн дээлээ тайлаад мотоциклио танайд хашаанд оруулаад тавьчихлаа өглөө ирээд авна гэж хэлээд гараад явсан. Шармай гэх хүний бүтэн нэрийг би сайн мэдэхгүй. Аавыг нь ******* гэж дууддаг, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчин айл байдаг. Манай хашаанд авчирсан мотоцикль улаан шаргал өнгийн суудал дээрээ ногоон билүү цэнхэр өнгийн бүтээлэгтэй байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

Хавтаст хэргийн 41-43 дугаар талд авагдсан “...Би усанд яваад ирэхэд Шармай гэх залуу манай хашааны урд сууж байсан гэртээ ороод сууж байхад цагдаа, нэг залуугийн хамт орж ирээд танай гэрээс 20-30 минутын өмнө гарсан хүн байна уу гэхэд манай нөхөр Шармай гэх залуу гарч явсан гэж хэлсэн. Намайг усанд яваад ирэхэд алдсан гэх мотоцикль хашааны ард талд байж байсан мөн хажуухан талд нь Шармай гэх залуу сууж байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа манай нөхрийн дүү Д.Дамдиндоржийг дагуулаад Шармайгийн очдог гэх айл руу явсан. Тэгээд 1 цагийн дараа Дамдинсүрэн буцаад гэртээ ирэхэд Б.Бат- Өлзий гэх хүний хашаанд хулгай хийсэн мотоциклио үлдээгээд мөн цэнхэр өнгийн дээлийг тайлаад гараад явсан байна гэж хэлсэн. Шармай гэх залуу манайхаас цэнхэр өнгийн дээл, бакал, шар бүс, хар малгайтай гарч явсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

Хавтаст хэргийн 46-48 дугаар талд авагдсан “... Шармай гэх залуу манайд орж ирээд ганц хоёр пиво ууж байгаад манай хашааны ард сууж байгаад яваад өгсөн. Тэгээд төд удалгүй байж байгаад цагдаа, нэг залуугийн хамт орж ирээд танайхаас 20-30 минутын өмнө хэн гарч явсан гэж асуухад би Шармай гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа манай дүү С.Дамдиндорж хамт Шармайгийн очиж болох нэг газар луу явсан. Тэгээд манай дүү гэртээ ирэхдээ надад мотоцикл болон өмсөж явсан дээл нь саахалт айлынх нь Б.Бат-Өлзий гэх хүний хашаанд байна өөрөө гараад явсан байна гэж хэлсэн. Шармай гэх залуу манайхаас цэнхэр өнгийн дээл, хар өнгийн бакалтай гарсан. Цагдаагийн машины ард талд байсан цэнхэр дээл, шар бүс Шармай гэх хүний өмсөж явсан дээл мөн байсан...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

Хавтаст хэргийн 51-54 дүгээр талд авагдсан “... манайд Шармай гэх гэх залуу ирээд бид хэд цуг архи ууж байгаад гэр лүүгээ явлаа гээд гэрээс гаргаад явуулсан. Тэгтэл манай гэрийн ард талд бараг 20-30 минут сууж байгаад гэнэт алга болсон байсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нэг залуугийн хамт манайд орж ирээд танайхаас 20-30 минутын өмнө гарч явсан хүн байна уу гэхэд Шармай гэх залуу цэнхэр өнгийн дээлтэй, бакалтай, хар малгайтай гарч явсан гэж хэлэхэд танай хашааны хажуу талаас мотоцикл алга болсон байна гэж хэлсэн. Би Шармай гэх залуу урд өмнө машин хулгайлж байсан. Наад залуу чинь авсан байх магадлалтай гэж хэлэхэд цагдаа намайг цуг яваад очдог газар нь очоодохъё гэж хэлсэн. Тэгээд “Хөх толгойд” байхад айлынх нь ахын хашааг зааж очтол тус хашаанд хулгайд алдагдсан гэх мотоцикл байж байсан бөгөөд тус хашаа нь эзэнгүй байсан хүлээхэд саахалт айлын ах нь эхнэр, хүүхдийнхээ хамт ирсэн. Тэгээд цагдаа энэ юун мотоцикл гэж асуухад Шармай ирээд дээлээ тайлаад мотоциклоо тавьчихаад гараад явсан гэж хэлсэн. Шармай гэж Пүүжээ гэж дуудаад байдаг санагдаж байна. Аавыг нь ******* гэж дууддаг, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн малчин байдаг. Шармай гэх залуу хулгай хийх талаар надад ямар ч тийм юм яриагүй...” гэх гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг

Хавтаст хэргийн 60 дугаар талд авагдсан “...Charming нэртэй улаан өнгийн мотоцикль 1 ширхэг 1400000 төгрөг, Цэнхэр өнгийн хамгаалах малгай 1 ширхэг 10,000 төгрөг, Хулгайд алдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 1.410.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ний шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 143 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-14 дүгээр тал/ болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/283 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9  дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/283 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД 17.1Б.АРИУНБАЯР

 Б.БОЛОР-ЭРДЭНЭ