Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2018/ДШМ/12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж,

шүүгч Б.Намхайдорж,

шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэйхийсэн шүүх хуралдаанд;

Улсын яллагч Ц.Сайнхүү

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Б.Эрдэнэбат /онлайнаар/, Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Б.Б, Б.Э-А, М.Д нарын өмгөөлөгч Б.Болормаа

Шүүгдэгч Б.Лын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Тн овогт Лын Б, А овогт Бийн Б, А овогт Бын Э-А, Т овогт Бын Л, С овогт Мн Д нарт холбогдох 201707000063 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1964 оны 12 дугаар сарын 12-нд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнес удирдлагын менежер мэргэжилтэй, “Тулга Алтай” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 00 тоотод оршин суух хаягтай, 1990 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заанаар, 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан, ДБ00000 регистрийн дугаартай, Т овогтой Лын Б,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1961 оны 11 дүгээр сарын 15-нд төрсөн, 57 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 7-7 тоотод оршин суух хаягтай, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан, ДР00000 регистрийн дугаартай, А овогтой Б-н Б,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1972 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1-12 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ДП00000 регистрийн дугаартай, С овогтой Мн Д,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1990 оны 09 дүгээр сарын 27-ны өдө төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхай ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Хөгжил хороололын 5-2А тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1984 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант 2-8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Нар нь Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Э, хэсгийн төлөөлөгч Б.Б нарыг албан үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогдожээ.

 

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарт холбогдох эрүүгийн 201707000063 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Дж, Б.Л нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарт холбогдох эрүүгийн 201707000063 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, Шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Мөрдөн байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүгдэгч Б.Бын, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүгдэгч Б.Эын, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүгдэгч Л.Бын эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгохыг дурдаж, Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн мулдок, 3900 гэсэн бичиглэл бүхий цахилгаан үүсгүүр зэргийг эзэмшигч Б.Бд, регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Б.Э, регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Л.Бд, регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг шүүгдэгч Б.Бд тус тус олгож, шүүгдэгч Б.Л, С.Д нарын иргэний үнэмлэхний лавлагааг хэрэгт хавсаргахыг дурдаж, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эын 80 литр А80 бензины үнийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нар хохирлоо нэхэмжлэх эрхтэйг болон шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хохирогч Б.Баярманлай хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Л, С.Д нарын иргэний үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тусдурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэл, давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Уг хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Д.Ариунжаргал ээлжийн амралтаа авсан байгаатай холбоотойгоор аймгийн Прокурорын газраас орлогч прокурор намайг энэ хэргийн шүүх хуралдаанд томилж оролцуулахаар албан бичиг хүргүүлсэн байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Ариунжаргалын бичсэн 4 дугаартай эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцоно. Эсэргүүцлийн үндэслэлийг хоёр янзаар тайлбарлая гэж бодож байна.

 

 Нэгдүгээрт нь анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай цагаатгах тогтоолыг хууль ёсны болон үндэслэлтэй гаргаагүй талаар тайлбарыг хэлнэ.

Хоёрдугаарт тухайн хэргийн үйл баримт буюу нотлох баримтад үндэслээд шүүгчийн дүгнэсэн дүгнэлтийг няцаалт хийх замаар эсэргүүцлийг хамгаална гэж бодож байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа талаарх тайлбараа хэлье. Цагаатгах тогтоолыг харахаар анхан шатны шүүх 3 янзаар дүгнэлт хийсэн байдаг.

 

Нэгдүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

 

Хоёрдугаарт нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч үүнийг гэмт хэрэгт тооцохгүй гэдэг байдлаар дахиад дүгнэсэн.

 

Гуравдугаарт нь тухайн гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэдэг байдлаар дүгнэсэн. Ийм гурван янзаар дүгнэлт хийгээд хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Цагаатгах тогтоолыг хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Дээрээс нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гаргасан 80 литр бензиний үнийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь буруу гэж үзэж байгаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

 

 Харин гэмт хэргийн шинжгүй бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхино гээд хуулийн заалт байсаар байтал дээрх байдлаар хэргийг гурван янзаар дүгнэсэн. Энэ гурван янзаар дүгнэсэн дотор нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг шүүх хийгээгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна гэж үзэж байгаа.

 

Шүүгдэгч Б.Б бага боловсролтой гэж хэлсэн мөртлөө шүүхийн шатанд боловсролгүй гэж хэлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийг зөрчсөн байна гэж шүүх үзсэн байгаа.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт монгол хэл бичиг мэдэхгүй хүн бол өмгөөлөгч оролцуулна гэж заасан. Уг заалтыг уншихаар боловсролгүй бол өмгөөлөгч оролцуулна гэсэн заалт байхгүй агуулгаараа тэгж харагдахгүй байгаа.

 

Анхан шатны шүүх хуралдаан дээр тухайн хүнийг боловсролгүй гэдгийг шүүх ямар нотлох баримтыг үндэслээд энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч нь хэргээ шийдүүлэхгүй байх зорилгын үүднээс би боловсролгүй гэдэг байдлыг ярьсан байхыг үгүйсгэхгүй.

 

Ингэж шүүгдэгчийн ярьсан зүйлийг нотлох баримтад тулгуурлалгүйгээр шүүх дүгнэлт хийсэн нь буруу байна гэж үзэж байгаа. Мөн гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн бол хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах хуулийн зохицуулалт байсаар байтал прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлүүдийг дурдахад анхан шатны цагаатгах тогтоол хуулийн шаардлага хангаагүй байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Цагаатгах тогтоолд дурдсан асуудал өөрөөр хэлбэл цагаатгах болсон үндэслэлүүд нотлох баримтад тулгуурлаагүй байна гэж үзэж байна. Ямар шаардлагыг яаж эсэргүүцсэн болохыг тодорхойлоогүй байна гэж үзсэн.

 

Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаас тодорхой харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хохирогч Б.Бийн 1хх59-62х дээр байгаа мэдүүлэг дээр байж байгаа. Засаг даргын орлогч Д трактор хово, ланд хоёр машин явж байна тэрийг шалга гээд бүрэлдэхүүн шалгахаар явсан.

Эхлээд хоёр хүнийг шалгахад бичиг баримт нь байгаагүй. Жолооны үнэмлэх бичиг баримтыг аваад Энхтуул тэмдэглэл үйлдэж мэдрэгчийн таваг, мулдак, цахилгаан үүсгэвэр зэргийг түр хураан авч Засаг даргын тамгын газрын машинд ачсан. Л.Б-с бичиг баримтыг нь нэхэхэд танай цагдаа авсан гээд бичиг баримтаа үзүүлээгүй.

Эрх бүхий албан тушаалтан аливаа сэжигтэй тохиолдол бүрийг шалгах эрхтэй, өөрөөр хэлбэл бичиг баримтыг нь үзэх эрхтэй. Гэтэл бичиг баримтаа үзүүлээгүй мөртлөө зөрүүлээд эрх бүхий хоёр албан тушаалтны бичиг баримтыг үзье та нарт ямар эрх байна тийм эрх хэмжээ байна уу гэдэг асуудлыг тавьсан.

 

Ийм шалгалтаар явж байна гээд хоёр эрх бүхий албан тушаалтан үзүүлсэн. Бичиг баримтаа үзүүлэхэд нь шууд аваад өвөртөө хийж байгаа үйлдэл нь эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлага биелүүлээгүй байна гэж үзэж байгаа. Бичиг баримтаа авъя гэхэд өгөөгүй байгаа үйлдэл нь эрх бүхий албан тушаалтны шаардлага биелүүлээгүй байна гэж харж байна.

 

Дээрээс нь прокурорын зөвшөөрөл хүсээд хураалгасан эд зүйлийг буцааж авна гэсэн шаардлагыг тавьсан байдаг. Энэ хэрэгт авагдсан нотлох баримтаас харагддаг. Энэ хэрэг шинэ хууль батлагдахаас өмнө гарсан. 2017 оны 3 сард гарсан хэрэг. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг бид нар давхар харах ёстой. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 133 дугаар зүйлийн 133.2 дахь хэсэгт хойшлуулшгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтан буюу цагдаагийн албан тушаалтан хураан авах нэгжлэг хийх ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй явуулахаар хуульчилсан байгаа.

 

Хэрвээ тухайн үйлдэлд нь саад учруулах юм бол албадан гүйцэтгэх хуулийн заалт нь байж байгаа. Цагдаагийн албан хаагч машиныг чинь шалгая багаажаа онгойлго, бичиг баримтаа шалгуулгэсэн шаардлагыг тавьсан. Энэ нь бүх гэрч нарын мэдүүлгээр тодорхой байгаа, мөн яллагдагч нарын мэдүүлэг дээр ч гэсэн байдаг.

Энэ шаардлагыг биелүүлээгүй болох нь хангалттай харагдсаар байхад цагаатгах тогтоол дээр ямар шаардлагыг яагаад биелүүлээгүй байна гэж үзсэн нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь шүүхийн буруу дүгнэлт байна гэж харсан. Хуучин мөрдөж байсан хууль, захиргааны хариуцлагын тухай хууль дээр зөрчил илэрсэн, эсхүл зөрчил гарсан байх үндэслэл байх юм бол эд зүйлд нь үзлэг хийгээд шаардлагатай тохиолдолд тухайн эд зүйлийг түр хураан аваад тухайн зөрчлийг шалгаж дуустал хадгалах эрхийг нь улсын байцаагчид олгосон хуулийн заалт байж байна.

Энэ эрхийнхээ дагуу хэсгийн төлөөлөгч болон улсын байцаагч тухайн шаардлагыг тавьж эд зүйлийг нь хураан авсан байхад хүчээр буцаагаад эд зүйлээ авч байгаа дээрээс нь бичиг баримтыг нь өөрсдөө хураагаад авсан энэ үйлдлүүд нь харагдаж байна.

 

Улсын байцаагч болон хэсгийн төлөөлөгчийн тавьсан шаардлагыг тодорхой хэмжээгээр биелүүлээгүй байгаа. Мөн хүч хэрэглээд хуулийн дагуу явуулсан ажиллагааг нь үгүйсгээд буцаагаад эд зүйлээ авсан болох нь хангалттай нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдээр харагдаж байгаа.

Шүүхийн бас нэг дүгнэсэн асуудал нь Ц.Эыг цохисон гэсэн асуудал нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байна гээд яллагдагчид ашигтай байдлаар дүгнэлт хийсэн. Гэрч нар мэдүүлэхдээ цохиогүй гэдэг мэдүүлэг өгөөгүй. Би цохисон эсэх асуудлыг нь хараагүй гэдэг асуудал ярьдаг.

 

Шүүхээс ингэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж харж байгаа. Хохирогч Ц.Э нь намайг цохиод унагаасан би бичиг баримтаа авах гэсэн чинь цохиод унагаасан, эд зүйлээ авах гэхээр нь хориглосон чинь намайг цохиж унагаасан гэдэг асуудал ярьдаг.

Хохирогчийн энэ мэдүүлэг нь ямар эх сурвалжаар тогтоогдож байна гэхээр тухайн үед хажууд нь байсан гэрч нар хэлдэг. Б, Д, С мөн хохирогч Б бас хэлсэн байдаг. Ц.Э уначихаад босч ирээд намайг цохиод унагаачихлаа гэдэг зүйлийг тухайн үед нь хэлсэн байдаг.

 

Хараагүй боловч дамжмал нотлох баримтаар цохисон гэдэг нь харагдаж байгаа. Гэхдээ ганц цохисон гэдгээр нь хүч хэрэглэсэн гэж ярих биш, хүч хэрэглэхээр заналхийлсэн гээд хуулийн объектив талын шинж нь байж байгаа.

 

 Шинэ Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж байгаа. Хүч хэрэглэсэн гэдэг ойлгомжтой хүний үйлдлээр хийгдэж байгаа үйлдлийг хэлэх байх. Хэрэг дотор хүч хэрэглэсэн гэдгийг хохирогч нь хэлдэг.

 

Хохирогчийн хэлснийг дамжмал нотлох баримтаар бусад гэрч нар нотолдог. Хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлүүд нь хангалттай давхар харагдаж байна. Энэ хэргийн хувьд миний зүгээс хүч хэрэглэсэн гэж үзэж байгаа. Заналхийлж байгаа нь сэтгэл санаанд нь хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгоно гэж бүгд мэдэж байгаа. Тухайн сэтгэл санаад нь нөлөөлж байгаа заналхийлж байгаа үйлдлийг үгээр болон бодит байдлаар үзүүлж байгаа үйлдлийг хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж ойлгоно. Хэргийн тухайд бичиг баримтаа авъя гэхэд Б нь тодорхой мэдүүлсэн байдаг. Бичиг баримтаа авъя гэж өөрөө ноцолдож байгаад унасан гэдэг асуудал ярьдаг. Тэр хүн хүний бичиг баримт хурааж авах эрх байхгүй. Үнэхээр прокурорын зөвшөөрөл гэж мэддэг бичиг баримт нь тийм байсан гэдэг асуудал ярьдаг бол дараа нь гомдол саналаа гаргаад тухайн ажиллагааг хүчингүй болгуулах эрх хэмжээ нь тэр хүнд байсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Булаалтын асуудал ярьдаг. Б.Л нь гар утсыг Л.Быг ав гэхээр нь авсан гэдэг асуудал ярьдаг. Өмгөөлөгч нь энэ булаалтын гэмт хэрэг байна гэсэн боловч тухайн хугацаанд нь үзлэг хийгээгүй, үнэлгээ гаргаагүй байна тийм учраас булаалтын гэмт хэрэг гэж зүйлчлэгдэхгүй гэж ярьсныг шүүх хангах үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

 

Булаалтын гэмт хэрэг гэж юуг хэлдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Булаалтын гэмт хэрэг чинь бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр эл аргаар хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн болон бусдын өмчлөлд шилжүүлж байгааг булаах гэмт хэрэг гэнэ. Ашиг олох зорилготойгоор бусдын эд зүйлийг өөрийн болгож байгаа үйлдлийг булаалтын гэмт хэрэг гэж үзнэ гэж тодорхой ойлголттой өмчийн эсрэг гэмт хэрэг байхад энийг булаалтын гэмт хэрэг гэж үзсэн өмгөөлөгчийн санал нь зүйтэй байна гээд шүүх дүгнэсэн.

 

Яагаад ингэж дүгнэсэн талаараа цагаатгах тогтоолд дурдаагүй. Энэ хүмүүс яагаад гар утсыг нь булааж авах болсон гэдэг нь гэрч нарын мэдүүлгээс харагддаг. Энэ утсыг нь ав гэсэн тэгээд авсан гэдэг зүйлийг ярьдаг. Өөрсдийнх нь буруутай үйлдлийг нь баримтжуулсныг устгах нуух зорилготой, гэмт хэргээ нуун далдлах зорилготойгоор тухайн утсыг булааж аваад цааш нь дамжуулаад алга болгосон. Дараа нь энэ утсыг нь буцааж өгсөн байдаг. Тэгэхээр үүнийг булаалтын гэмт хэрэг гэж үзэх ямар ч боломжгүй байгаа юм.

 

Эцэст нь хэлэхэд тухайн гэмт хэрэг маань хор хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг байгаа. Цагаатгах тогтоолд дурдсан асуудал нь энэ гэмт хэргийн улмаас хэнд ямар хор, хохирол учирсан нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн байдаг. Яагаад ингэж дүгнэсэн талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Тухайн гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хор, хохирол учирсан байхыг шаардахгүй гээд хууль тогтоогч оруулаад өгсөн. Дээрх нөхцөл байдлаас харахад энэ гэмт хэрэг үйлдэгдсэн нь хангалттай тогтоогдсон нотлох баримтууд хуулийн дагуу авагдсан байхад энэ гэмт хэргийг цагаатгасан цагаатгах тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй, нотлох баримтад бодитой дүгнэлт хийгээгүй. Цагаатгаад хэргийг прокурорт буцааж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байгаа гэв.

 

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Ж.Мөнхнасан: Л.Бын өмгөөлөгчөөр эрүүгийн хэрэгт оролцож байгаа. Л.Бын тухайд энэ үйлдэл нь зөрчил мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй.

 

Зөрчил мөн байсан бол зөрчлийн тэмдэглэл ч үйлдээгүй. Энэ хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас харахад зөрчлийн тэмдэглэл үйлдээгүй. Зөрчил мөн байсан бол шийтгэврээр арга хэмжээ авах боломжтой байсан. Тухайн үед хохирогч гээд байгаа Ц.Э, Б.Б нар зөрчил шалган тогтоогоод арга хэмжээ авах боломжтой байсан. Энэ зөрчил мөн үү, эрүүгийн хэрэг мөн үү гэдэг асуудлыг шалгаж шийдвэрлээгүй байж шууд эрүүгийн хэрэг үүсгээд явсан. Мөн хохирогчоор Ц.Э, Б.Б хоёр нь хоёулаа орж ирсэн байгаа. Л.Бын тухайд энэ хэрэг дээр ямар нэгэн зөрчил гаргаад хууль сахиулагч нарын тавьсан шаардлагыг хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн асуудал хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас тогтоогддоггүй юм.

Мөн Ц.Эыг цохисон гэдэг асуудал байна. Энэ дээр хэрэгт авагдсан бүх гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч Б.Бийн мэдүүлгээр Ц.Эыг ямар байдалтай байхад нь Л.Батжаргал яаж цохиж яаж гэмтэл учруулсан түлхэж унагасан юм уу, цохиж унагасан юм уу энэ нь тогтоогддоггүй юм. Бүгд нэг доор байж байсан, нэг машин тойроод зогсож байсан асуудал. Л.Б энэ хүмүүсээс тусад нь бусад хүний нүднээс далд энэ хүнийг түлхээд юм уу, цохиод унагаасан асуудал биш юм. Б.Бийн мэдүүлэгт байдаг Ц.Э намайг зодчихлоо гэсэн тэгэхэд намайг харахад Л.Б энэ өөрөө шургаад уначихлаа гээд зогсож байсан гэсэн мэдүүлэг байж байгаа.

Мөн гэрч нар ч гэсэн бүгд хэлдэг. Энэ дээр Л.Быг Ц.Эыг зодсон гэсэн асуудал нь тогтоогдоогүй. Хурааж авах ажиллагаа гээд яриад байх шиг байна. Энэ нь ямар зөвшөөрлөөр хурааж авсан нь бичгээр авсан нотлох баримтаар тогтоогддоггүй юм. Л.Бын хувьд энэ ажиллагаа дууссаны хойно ирдэг. Энэ хүмүүс яг ямар зөрчил гаргасан нь тогтоогддоггүй. Хээр явж байсан машин дээр очоод та нар зөрчил гаргах гэж явна гээд ийм асуудал болсон байгаа.

Энэ хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож шалгагдсан асуудал байдаггүй юм. Шүүхийн зүгээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотолбол зохих бүхий л нотлох баримтыг нотолсон боловч шүүгдэгч нарын гэмт буруутай эсэх дээр эргэлзээ төрж байгаа тул гээд цагаатгаж шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлтэй гарсан.

 

Ийм учраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.

 

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Б.Эрдэнэбат: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж байгаа үндэслэлээ тодорхой бичсэн байна гэж зааж өгсөн. Гэтэл энэ эсэргүүцэл дээр тодорхой бичээгүй байгаа. Шүүхийн цагаатгах тогтоолын үндэслэл болсон дүгнэлт хэсгийг энэ нь буруу байна. Энэ нь энгээр няцаагдаж байна гэдэг байдлаар бичсэн зүйл огт байхгүй юм. Үндэслэл тодорхойгүй, нотлох баримт үндэслээгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөрдөн байцаах ажиллагаагаар цугларсан нотлох баримтыг үгүйсгэсэн тухайгаа цагаатгах тогтоолд заагаагүй гэсэн зүйл бичээд байгаа. Юу нь тодорхой бус байгаа юм ямар нотлох баримт нь болохгүй байгаа юм ямар байдал нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа юм энэ бүгдийг бичгээр ирүүлнэ гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан байгаа. Гэтэл энэ эсэргүүцэлд бичээгүй байгаа, энэ хуулийн шаардлагыг хангахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эсэргүүцлээ бичгээр гаргана гэсэн байгаа. Эсэргүүцлийн хуулбарыг оролцогч нарт хүргүүлж байх ёстой.

 

Шүүх хуралдаан дээр өөр томилолтоор орж ирсэн прокурор ямар нэгэн тайлбар амаар хэлээд байгааг эсэргүүцэл гэж үзэхгүй юм. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа бичсэн үндэслэлээс уншъя шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Ж.Мөнхнасан, Б.Оюунбилэг, Б.Эрдэнэбат нарын байгаль орчны улсын байцаагч эсхүл хэсгийн төлөөлөгчийн тавьсан ямар шаардлагыг, хэн нь яаж эсэргүүцсэн гэдэг нь яллах дүгнэлт болон улсын яллагчийн дүгнэлтэд тусгагдаагүй, ерөнхий байдлаар бичигдсэн байна.

 

Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл гаргаагүй, ямар нэгэн зөрчил гаргаагүй, тухайн зорьж явсан газраа очоогүй байхад нь эд зүйлийг хурааж авсан нь Байгаль орчны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний тээврийн хэрэгсэл болон баримт бичгийг шалгах, зөрчил илэрсэн тохиолдолд тухайн баримт бичиг хууль бусаар олборлосон, ашигласан эд зүйл тоног төхөөрөмжийн хураан авах талаар заасныг зөрчсөн, Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

 

Мөн Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан.

 

Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий харуулсан боловч хэнд хохирол учирсан нь тодорхойгүй гэсэн дүгнэлтүүдийг шүүх хангах үндэслэлтэй гэж дүгнэжээ. Тухайн утас нь хэдэн төгрөгийн үнэтэй байсан талаар, тухайн утсанд үзлэг хийсэн асуудал байхгүй.

 

Тэгэхээр энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнрүү орох боломжгүй, гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг хангах үндэслэлтэй байна.Хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх үйлдэл нотлогдон тогтоогдохгүй, улсын яллагчийн шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарыг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ гэж цагаатгах тогтоолд маш үндэслэлтэй тодорхой бичсэн байна.

 Энэ үндэслэлийг яаж няцааж байгаа талаар юу ч бичээгүй байна. Энэ утгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хүлээж авахааргүй эсэргүүцэл байна. Баримт бичгийг нь үнэлэх эрхтэй гэж байна. Үнэлж болно, гэхдээ үзүүлж байгаа баримт бичгүүд нь хүчин төгөлдөр байх хэрэгтэй. Байгаль орчны байцаагч хуурамч хүчин төгөлдөр биш бичиг баримттай байна гэж яагаад хэлж болдоггүй юм. Ямар нэгэн зөрчил гаргаагүй. Замд явж байсан хүмүүс, гэмт хэрэг гэж үзээд байгаа, эсэргүүцсэн гэж үзээд байгаа нь ямар ч үндэслэл байхгүй. Цагдаагийн албаны тухай хуульд гэм хэргийн талаар гарсан гомдол мэдээллийг бүртгэнэ. Энэ талаар ямар ч журналд бүртгээгүй, ямар ч мэдээлэл бүртгэл байхгүй. Цагдаагийн албан хаагчид гэмт хэрэгтэй тэмцэнэ, нийгмийн хэв журмыг тогтооно, гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ гэж байгаа.

 

Байгаль орчны тухай хуулийг цагдаагийн ажилтан сахиулна гэсэн хууль хаана байна. Үзлэг хийж болно, харин зөрчил илрэх юм бол эд зүйлийг нь хурааж авч болно. Тэр хүмүүс ямар зөрчил гаргасан юм, газар дээр тоног төхөөрөмжөө тавиагүй байхад гэмт хэрэг гэж үзээд байгаа. Ямар ч гэмт хэргийн шинжгүй, хохирогч Баярмагнай надтай онлайнаар шүүх хуралдаанд орсон. Тэр хүн Л.Батжаргал ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй гэж ярьсан.

 

Хохирогч Ц.Э машинаас тойрч гарч ирэхдээ уначихлаа гэж хэлсэн би хажууд нь сууж байсан тэр хүн тийм л зүйл ярьж байсан. Прокурор булаалтын хэрэг гээд яриад байна эсхүл Эрүүгийн байцаан шийтгэх хууль хуучин хууль хэрэглэх ёстой байсан, харах ёстой байсан гээд байна.

 

Шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй гэж заасан. Өөр хууль хэрэглэе, булаалтын хэрэг гээд яриад тайлбарлаад эсэргүүцэл бичээд байгаа нь нотлох баримтаар үнэлэгдэхгүй. Хэлээд байгаа тайлбаруудаа бичгээр гаргаагүй.

 

Хэргийг прокурорт буцаасан нь буруу шийдвэр гээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл дээр хэрэгсэхгүй болгосон хэргийг буцаана гэсэн хуулийн заалттай. Энийг анхан шатны шүүх барьсан байсан. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм чинь хохирол ямар хамаатай юм гээд байна. Үйлдлээ тогтоогоогүй, эсэргүүцсэн үйлдэл чинь хаана байна. Алийг хэлээд байгаа юм. Тэрийгээ тогтоогоогүй байж хэлбэрийн бүрэлдэхүүнтэй юм чинь хохирол учирсан, учраагүй нь хамаа байхгүй гээд байна.

 

Гэмт хэргийн бүрэлдэхүүний гол шинж бол үйлдлээ тогтоох ёстой. Анхан шатны шүүх үйлдэл, эс үйлдэхүй ч алга байна гэж үзсэн.Ямар үйлдлээр хэнд ямар хор уршиг учраад байгаа нь тогтоогдоогүй. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн 25 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Б, М.Д, Б.Э нарын өмгөөлөгч Б.Болормаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Б, Б.Э, М.Д нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Б.Б, Б.Э, М.Д нарын тухайд байгаль орчны байцаагч, хууль сахиулагчийг эсэргүүцсэн юм уу гэсэн тийм байдал хавтаст хэрэгт байдаггүй.

 

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн энэ хүмүүсийн тухайд байхгүй. Яагаад байхгүй гэж байгаа юм гэхээр тухайн явж байсан машин зөрчил гаргаагүй. Энэ машин дээр байгаль орчны байцаагч, хэсгийн төлөөлөгч нар өөрсдөө очоогүй.Эд нар өөрсдөө зогсож байсан бор ногоон өнгийн жаран ес дээр өөрсдөө очоод шалгуулсан асуудал байдаг. Байгаль орчны байцаагч тухайн үед машинаа шалгуул, багаажаа онгойлго гээд машиныг шалгаад эд зүйлийг нь хурааж авсан байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах явцдаа тухайн иргэний тээврийн хэрэгслийн баримт бичгийг шалгана.

 

Зөрчил илэрсэн тохиолдолд баримт бичиг, хууль бусаар агнасан түүсэн, олборлосон байгалийн баялаг ашигласан техник тоног төхөөрөмжийг хураана гэсэн байдаг. Эд нар ямар нэгэн зөрчил гаргаагүй зүгээр явж байсан машин. Өөрсдөө очиж шалгуулаад машиныг нь хураагаад авсан асуудал байдаг. Б.Бын тухайд нэгдүгээр ангид сурч байгаад сургуулиас гарсан бага боловсролгүй, бичиг үсгийн чадваргүй хүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хүний ямар нэгэн өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байдаг. Би бол шүүхийн шатанд орсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн гэдгийг анхан шатны шүүх тогтоогоод өгсөн байдаг. Энэ хэрэг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болсон асуудал. Гэтэл байгаль орчны байцаагчийн эрхийн үнэмлэхийн хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон хүчингүй болсон үнэмлэхээр энэ хүн ажил хийгээд яваад байсан. Энэ хүнийг хууль сахиулагч гэж үзэх үү, үзэхгүй юу гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн үнэлэлт дүгнэлт өгөх байх гэж бодож байна. Мөн хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж яриад байна. Миний гурван үйлчлүүлэгч хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй.

Өөрөөр хэлбэл тэр хүмүүсд сэтгэл санааны зовиур үүсгээгүй ямар нэгэн байдлаар хэл амаар доромжлоогүй, айлган сүрдүүлээгүй. Айлган сүрдүүлсэн аливаа үйлдэл гаргаагүй. Хуруугаа ч хөдөлгөөгүй зогсож байгаад юмаа хураалгасан байдаг. Тэгэхээр энэ дээр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл байна уу, үгүй юу гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч үнэлэлт дүгнэлт өгөх байх гэж бодож байна.

Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Энэ тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Л өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ: Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Лын өмгөөлөгчөөр оролцож байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчөөр оролцож эхэлсэн. Хэргийн талаар ярихаас өмнө энэ хүмүүсийг буруутгаад байгаа зүйл анги гэмт хэрэг нь юу юм бэ гэдэг дээр тодорхой тайлбарыг хэлье гэж бодож байна. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн гэж энэ хэрэг тогтоогдсон байдаг.

Тэгэхээр өмнөх хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд төрийн албан хаагч, хэв журам хамгаалагч, олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн бол хүч хэрэглэхээр заналхийлсэн, хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол гэж байгаа. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж болно. Гүйцэтгэхдээ хуульд нийцсэн байхыг шаардаад байгаа. Б.Л гэж хүнийг өөрсдийн хууль бус үйлдэл гэмт хэргээ далдлах зорилгоор утсыг нь булааж авсан гэж байна. Б.Лтай холбоотой үйлдэл тусдаа үйлдэл болоод явж байгаа.

Б.Болормаа өмгөөлөгчийн үйлчлүүлэгч нар хурааж авсан зүйлийг буцааж аваад тавиад байгаа чинь тусдаа өөр газар болсон. Өөр газар, өөр цаг хугацаанд болсон хоёр үйлдэл тусдаа яригдаж байгаа. Б.Лыг хохирогч Ц.Э, Б.Б нарт хохирол учруулсан гээд яриад байна. Б.Л Э гэдэг хүний барааг хараагүй. Б.Б Б.Лыг машин дотор жолоочийн хажууд сууж байхад нь хөл гарнаас нь татаад чирээд буулгадаг. Төрийн албан хаагч, цагдаагийн албан хаагч иргэн хүн дээр очихдоо ёс зүй болоод тогтоосон дүрэм журам байдаг.

 

Хамгийн эхлээд амрыг эрье тийм ажлаар явж байна гээд өөрийгөө танилцуулахаас эхэлдэг. Ийм ажиллагаа болоогүй. Том машинд сууж байсан хүнийг хөл гарнаас нь татаж чангаагаад толгойгоо өөд нь болго нүүрээ нуулаа гээд зандраад эхэлсэн. Энэ хавтаст хэрэгт цуг явж байсан хүмүүс нь хэлсэн байдаг. Тэгэхээр нь гартаа бариад явж байсан утсыг нь булааж авсан. Үүнийг Б.Баярманлай юу гэж тайлбарладаг вэ гэхээр миний гарыг мушгиж байгаад 3 залуу ирж авсан гэж ярьдаг. Гэтэл хавтаст хэргээс болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогддоггүй. Хамт явсан хүмүүс нь Б.Лын талд мэдүүлэг өгдөг юм гэхэд Б.Бтай хамт явж байсан гэрчүүд нь бариад явж байсан утсыг нь араас нь суга татаад авсан гэж бүх гэрч нар удаа дараа ингэж мэдүүлдэг. Хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг ойлголт нь юу байдаг юм бэ гэхээр 2007 оны 10 сарын 29-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол дээр тайлбарласан байдаг. Хүч хэрэглэх гэдэг нь бие мах бодийн хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхитэй үйлдлийг хэлнэ. Б.Л ямар ч тийм хүчтэй үйлдэл хийгээгүй. Хүч хэрэглэхээр заналхийлэх гэдэг нь бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгоно. Энэхүү ойлголт нь хүчтэй үйлдлээр илрэх бөгөөд гэмт хэрэгт үйлдсэн этгээд нь үгээр илэрхийлэхээс гадна биет байдлаар үзүүлсэн байж болно гэж байна. Араас нь очоод утсыг нь булаагаад авсан. Тэгэхээр энэ хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдэл бол Б.Лутбаярын хувьд байдаггүй.

Тэгэхээр төрийн албан хаагчийг ямар үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн бэ гэхээр төрийн албан хаагч ямар ч хууль ёсны дагуу шаардлагаа тавиагүй. Хүнийг дугтчаад хөл гарнаас нь чангаагаад тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шалгах ёстой байсан бол жолоочийн бичиг баримтыг шалгаад явах байсан. Хажууд нь сууж байгаа хүн рүү очоод халдаж өөрөө зүй бус үйлдлийг гаргадаг. Төрийн албан хаагч ажлаа хууль ёсны дагуу дүрэм журамд заасны дагуу гүйцэтгэх ёстой байсан. Би өмгөөлөгчийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу гээд үзэхээр энд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна.

 

Шинэ хуулиар хууль сахиулагчийг хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэх гэж байгаа. Энд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлэх үйлдэл байдаггүй. Хүний юмыг булаагаад авсан юм байна. Булаалтын гэмт хэргийг прокурор заавал шунахайн сэдэлттэй байх ёстой гэж тайлбарлаж байх шиг байна. Заавал шунахай байх албагүй өөрийн ашиг сонирхолд нийцүүлээд хүний эд зүйлийг нь хууль бусаар авч байгаа үйлдэл.

 

Булаалт гэдэг гэмт хэрэг шинэ хууль дээрээ байхгүй болсон булаалт гэдэг үйлдэл дээр холбогдолтой зүйлийг огт шалгадаггүй. Утас нь хэдэн төгрөгний үнэтэй байсан, утас нь гэмтсэн байсан юм уу, гэмтээгүй байсан юм уу энэ асуудал хавтаст хэрэгт огт шалгагдаагүй. Шалгаад ороод ирлээ гэж бодоход булаах гэмт хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан.

Ийм үйлдлүүд байна гэдгээр би анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан. Үүнийгээ мөн дэмжиж байна. Б.Лын хувьд хэсгийн төлөөлөгчийн эсрэг хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл огт гаргаагүй.

Тийм учраас энэ хүний үйлдлийг цагаатгах үндэслэлтэй байна гэж дүгнэлтийг хийж байсан. Энэ дүгнэлтээ дэмжиж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй буюу хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Хэргийн бодит байдал ч тийм байгаа. Өнөөдөр энд анхан шатны шүүх хуралдаан дээр суугаагүй хүмүүс ч энд байгаа. Хохирогчийн зүй бус үйлдэлтэй болох нь шүүх хуралдааны явцаас маш тодорхой харагдсан.

 

Өмгөөлөгч нарыг асуулт асуухаар өөдөөс нь хэг ёг хийдэг, харилцааны соёлгүй. Өмгөөлөгч нарыг улсын яллагчаас ялгаж харьцдаг. Улсын яллагч нэг асуулт асуухаар шал өөр хариулдаг.

Өмгөөлөгч нар асуулт асуухаар наашаа харж байгаад ярь гэдэг юм уу, тэнд хамт сууж байгаа өмгөөлөгчтэйгээ байнгын тэрсэлдэж өдөөстэй хатгаастай байсан. Шүүх хуралдааны үйл ажиллагаанд тэгж оролцож байгаа хүн хээр хөдөө байж байгаа жирийн иргэдтэй яаж харилцах нь шүүх хуралдааны явцаас маш тодорхой харагдсан. Үүнийг би давж заалдах шатны шүүгч нарт хэлэхийг хүсэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүхээс шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх үйлдэл нотлон тогтоогдохгүй, улсын яллагчийн шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй гэх байна гэж үзлээ. “ гэсэн эрх зүйн дүгнэлт хийн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх, гэмт үйлдэл нь нотлон тогтоогдоогүй, шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэрэг нь гэмт хэргийн шинжгүй байна гэх хоорондоо хамаарал үгүй ялгаатай нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж түүнийгээ тайлбарлан дүгнэлгүйгээр цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийн эрүүгийн хэрэгт хамааралтай ямар нотлох баримтыг шалгасан нь шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд яагаад эргэлзээ төрүйлэхүйц байсан учир шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй. Яллах болон цагаатгах талын нотлох баримтыг харьцуулан үзэж үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

 

Хохирогч Ц.Эыг хууль сануулж байцаасан мэдүүлэгт “ шүүгдэгч Л.Б тохойгоороо мөр, шанааг дамнуулан цохиж унагаасан.” гэх мэдүүлгийг бусад гэрч нарыг хараагүй, сайн мэдэхгүй гэх мэдүүлгээр тогтоогдохгүй няцаагдсан гэж дүгнэсэн.

Хохирогч худал мэдүүлэг өгөөд байна уу, шүүгдэгч нар өөрсдийн эрх ашигт нийцүүлэн мэдээгүй гэх байдал илэрхийлж байна уу гэдэгт бодитой дүгнэлт өгөөгүй. Хохирогч Б.Бийн “ байгаль орчны улсын байцаагч Ц.Эын машины хойд талд унаад өнхөрсөн би Л.Быг барьж аваад та яахаараа төрийн албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэдэг юм гэхэд та нарт ямар эрх байдаг юм гээд хураалгасан эд зүйлсээ аваад машиндаа хийсэн. “ гэх мэдүүлэг, гэрч Ц.Бийн мэдүүлэг хх-н 63-64, гэрч Б.Сын мэдүүлэг хх-н 69-рт, гэрч М.Бын мэдүүлэг хх-н 74-рт буй зэрэг яллах талын нотлох баримтад үндэслэл бүхий тодорхой, үнэлэлт дүгнэлт хийж няцаалт өгөлгүй, цагаатгах талын буюу шүүгдэгч нарын мэдүүлсэн нотлох баримтад ямар учираас илүү ач холбогдол өгч үнэлсэн талаар эрх зүйн дүгнэлт хийлгүй цагаатгах тогтоол гаргасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж дүгнэв.

 

Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 25 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарт урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 09-ны өдрийн 25 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Шүүгдэгч Л.Б, Б.Б, Б.Э, М.Д, Б.Л нарт урьд авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.