Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2023/0437

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б*** ХХК /РД:***/

Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд: ***,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.З***, Г.М***

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Б***, А.Б***

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.О***

 

Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840,601,195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч ***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З***, Г.М***, хариуцагч Ч.Б***, А.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч Б*** ХХК нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Б***, А.Б*** нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840,601,195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах-аар маргасан.

2.Б*** ХХК-ийн 2015-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар 7,244,021,680.50 төгрөгийн зөрчилд нийт 973,017,276.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг татвар төлөгч эс зөвшөөрч, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянан хэлэлцээд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчдын үйлдсэн шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газарт ирүүлсний дагуу дахин шалгаж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна.

          3.Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** тоот нөхөн ногдуулалтын актаар 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд 593,108,616.52 төгрөгийн нөхөн Татвар 193,134,987.58 төгрөгийн торгууль, 120,702,072.07 төгрөгийн алданги, нийт 906,945,676.17 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

4.Б*** ХХК нь дээрх нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс 22,776,300.00 төгрөгийн зөрчилд ногдох 2,277,620.00 төгрөгийн нөхөн татвар, 683,286.0 төгрөгийн торгууль, 455,524.00 төгрөгийн алданги нийт 3,416,430.00 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 6,329,352,149.48 төгрөгийн зөрчилд ногдох 590,830,996.52 төгрөгийн нөхөн татвар, 192,451,701.58 төгрөгийн торгууль, 120,246,548.07 төгрөгийн алданги нийт 903,529,246.17 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хандсан.

5.Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ы өдрийн 09 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар нөхөн ногдуулалтын актаар 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд 593,108,616.52 төгрөгийн нөхөн татвар, 193,134,987.58 төгрөгийн торгууль, 120,702,072.07 төгрөгийн алданги, нийт 906,945,676.17 төгрөгийн төлбөрөөс хугацаанд нь төлөөгүй зөрчилд ногдуулсан 25,287,255.39 төгрөгийн торгуулийн төлбөрийг бууруулж, 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд ногдох 593,108,616.52 төгрөгийн нөхөн татвар, 167,847,732.19 төгрөгийн торгууль, 120,702,072.07 төгрөгийн алданги, нийт 881,658,420.78 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн.

          6.Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.         

          7.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1-д заасан зөрчлийн талаар: М ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хийсэн Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2016 онд 3,099,519,737.60 төгрөг дансаар төлөгдсөнөөс гүйцэтгэсэн ажлын дүнгээр 1,665,857,672.14 төгрөгийн борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 сарын НӨАТ-ын тайланд, 1,151,887,543.86 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын НӨАТ-ын тайланд борлуулалтын орлогоор тайлагнасан болно. Мөн К ХХК-иас шилжүүлсэн 480,853,472.00 төгрөг буюу 437,139,520.00 төгрөгийн урьдчилж орсон орлогыг 12/31/2017-нд эцсийн хэрэглэгчээр НӨАТ-ын баримт үүсгэж, 2018 оны НӨАТ-ын тайланд борлуулалтын орлогоор тайлагнасан болно.

          Татварын байцаагч нар шалгалт хийхдээ дараагийн онуудад тайлагнасан орлогыг нягталж үзээгүй ба манай компани 2015-2022 онд харилцах дансаар нийт 15,992,667,143.77 төгрөг буюу НӨАТ ороогүй дүнгээр 14,538,788,312.52 төгрөгийн борлуулалтын орлого олсон нь нотлогдоно. Энэ орлогоос 2015 онд 334,398,155.52 төгрөг, 2016 онд 5,742,527,859.09 төгрөг, 2018 онд 7,340,461,535.10 төгрөг, 2022 онд 1,121,400,762.81 төгрөгийн, 14,538,788,312.52 нийт борлуулалтын орлогыг НӨАТ-ын тайлангаар тайлагнасан. Өөрөөр хэлбэл ажлын гүйцэтгэлийн үе шатнаас хамаарч он дамжин дараагийн онуудад хүлээн зөвшөөрч татвар ногдуулсан орлогод нөхөн ногдуулалтын актаар татвар ногдуулсан нь нэг төрлийн орлогод давхар татвар ногдуулж, татвар төлөгчийг хохироосон үйлдэл болсон гэж үзэж байна.

          2. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 2, 4-д заасан толгой компанид (БНХАУ-д бүртгэлтэй, байнга оршин суугч) шилжүүлсэн 2,156,477,790.54 төгрөгт ААНОАТ-ын суутган татвар, НӨАТ ногдуулаагүй гэх зөрчлийн талаар: Б***к, Б*** 2 компанийн хооронд Б***к нь 2 хэмжээст чичирхийллийн тоног төхөөрөмжийг түрээслэх, уг тоног төхөөрөмжийг ажиллуулах ажилчдыг бэлтгэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий компаниудын зөвшөөрөл бүхий талбайд газрын тосны хайгуулын ажил хийхээр Б*** ХХК-тай гэрээ хийсэн. Татварын улсын байцаагч нар нь энэ зөрчлийг тодорхойлон, татвар ногдуулахдаа дараахь 2 алдааг гаргасан гэж үзэж байна.

          А.Б***к, Б*** хооронд хийгдсэн тоног төхөөрөмж түрээслэх болон тухайн тоног төхөөрөмжийг ажиллуулах ажилчдын цалин хөдөлмөрийн хөлсийг төлөх шинж чанартай Ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээг Түрээсийн гэрээ гэж буруу тодорхойлсон. Түрээсийн гэрээ нь түрээслэгчийн эзэмшилд эд хөрөнгийг шилжүүлэх буюу Монгол Улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 "Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэж зааснаас харахад түрээсийн хөрөнгийг ашиглах, эзэмших эрх нь түрээслэгч талд шилжих ба ажиллуулах хүн хүчийг түрээслэгч хариуцахаар ойлгогдож байна.

          Харин манай компани болон Б***к-ийн гэрээний 2.1-д Б***к нь өөрийн зардлаар Төхөөрөмжийг ажиллуулахаар /22/ажилтныг илгээнэ", гэж заасны дагуу БНХАУ-аас Б***к-ийн 22 ажилтан ирж уг тоног төхөөрөмжийг ажиллуулсан ба гэрээний 5.1-д "Төхөөрөмж ба ажилтны зардал 13000 ам.доллар байна" заалтын дагуу Б***к нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт 1,091,794,761.88 төгрөг, 1,060,945,524.12 төгрөгийн ажилчдын цалин хөлсийг тус тусад нь нэхэмжилсэн байдаг. Татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн "7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:" гэж заасны дагуу 1,060,945,524.12 төгрөгийн ажилчдын цалин, хөлсөнд НӨАТ ногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.4-т заасан "Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, урамшуулалд албан татвар ногдуулахгүй" гэсэн суурь заалтыг зөрчсөн байна.

          Б.Түрээсийн гэрээний орлого гэж татварын улсын байцаагч нар тодорхойлсон мөртлөө ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр өөр төрлийн Эрхийн шимтгэлийн орлогод хүчээр хамааруулан татвар ногдуулсан. Эрх гэдэг ойлголт нь ямар нэгэн эдийн бус шинжтэй, санхүүгийн хувьд биет бус хөрөнгө бөгөөд эрх шилжүүлэх, ашиглуулах нь Франчайз, Мерчандайз гэсэн гэрээ хийгддэг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/-ын Үнэ шилжилтийн талаарх зөвлөмжийн Зургаадугаар бүлгийн А.Биет бус хөрөнгийг тодорхойлох А.1. Нийтлэг зүйл 6.6. Иймээс энэ зөвлөмжид "биет бус хөрөнгө" гэдгийг аливаа биетэй бодитой оршдоггүй хөрөнгө эсхүл санхүүгийн бус хөрөнгө, ... гэж тодорхойлсон байна.

          Эндээс дүгнэхэд Түрээсийн гэрээнд "түрээслэх эд зүйл" нь биет чанартай хөрөнгө байдаг бол "эрхийн шимтгэл" гэдэг нь биет бус хөрөнгийг ашиглуулахтай холбоотой байна. Гэтэл татварын улсын байцаагч нар "Татварын давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" /цаашид "Давхар татварын гэрээ гэх"-ийн 12-ийн 3-т заасан "Энэхүү зүйлд хэрэглэгдэж буй "шан харамж, эрхийн шимтгэл" гэдэг ойлголтод, ... эсвэл үйлдвэрлэл худалдаа буюу шинжлэх ухааны багаж хэрэгсэл, эсвэл үйлдвэр худалдаа буюу шинжлэх ухааны туршлагатай холбоотой мэдээллийг ашигласан буюу ашиглах эрх эдэлсний төлөө төлж буй бүх төрлийн төлбөрийг хамруулна" гэсэн заалтыг хэрэглэхдээ мэдээлэл ашигласны эрхийн шимтгэлийг үйлдвэрлэл худалдаа буюу шинжлэх ухааны багаж хэрэгслийн түрээсийн орлоготой андуурсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.Энэ хуулийн 9.1.2- т заасан эрхийн шимтгэлийн орлогод дараах төлбөр хамаарна: 9.2.5. үйлдвэр, худалдааны талаархи болон шинжлэх ухааны туршилттай холбогдсон мэдээллийг ашигласны төлбөр; заалтаас тодорхой харагдаж байна.

          Иймд энэ тоног төхөөрөмжийн түрээс болон ажилчдын гүйцэтгэсэн ажил үйлчилгээ нь Давхар татварын гэрээний 7 дугаар зүйл /Аж ахуйн үйл ажиллагааны ашиг/-ээр зохицуулагдах бөгөөд 7.1-д Хэлэлцэн тохирогч Улсын аж ахуйн нэгж нь хэлэлцэн тохирогч нөгөө Улсын нутагт байрладаг төлөөлөгчийн газраар дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхлээгүй тохиолдолд зөвхөн хэлэлцэн тохирогч Улс татвар ногдуулна. Хэрэв аж ахуйн нэгж нь дээр дурдсан үйл ажиллагаа эрхэлбэл уг аж ахуйн нэгжийн ашгийн зөвхөн тухайн төлөөлөгчийн газарт хамаарах хэсэгт Хэлэлцэн тохирогч нөгөө улс татвар оногдуулж болно" гэж заасан "үйл ажиллагааны орлого"-д хамаарах орлого тул Монгол Улсад төлөх орлогын албан татвараас чөлөөлөгдөх ба БНХАУ-д албан татвар ногдох орлого юм. Өөрөөр хэлбэл гэрээ болон ажил үйлчилгээний мөн чанараар "аж ахуйн үйл ажиллагааны орлого"-ыг татварын улсын байцаагч нар "эрхийн шимтгэлийн орлого" гэж үзэн Давхар татварын гэрээг буруу хэрэглэсэн байна.

          3.Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 5-д заасан 2016 онд 185,113,505.72 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчлийн талаар: Манай 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар үүссэн ногдол 187,533,450.85 төгрөгийн НӨАТ-ыг 2016 оны 6 дугаар сарын 14-нд 100,000,000.00 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 23-нд 80,000,000.00 төгрөгийг бэлнээр, 7,533,450.85 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын НӨАТ-ын тайлангийн илүү төлөлтөөр төлж барагдуулсан. Татварын улсын байцаагч нар энэ ногдлын 185,113,505.72 төгрөгт хугацаандаа төлөөгүй гэж үзэн хуульд заасан үндэслэлгүйгээр 16,871,501.74 төгрөгийн торгууль, 9,059,996.43 төгрөгийн алданги ногдуулсан.

          Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.5. "Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна", 11 дүгээр зүйлийн 11.1. "Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй", 11.3.2. "тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын төрлийн хувьд тухайн жилийн 12 дугаар сарын буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс:", Татварын ерөнхий газрын даргын 2010 оны 578 дугаар тушаалаар батлагдсан "Татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги тооцох, ногдуулах журам"-ын 3.2-т Татварын тайлангаар ногдуулсан хугацаанд нь төлөгдөөгүй татварын өрийн үлдэгдэлд тооцогдох торгууль, алдангийг татварын төрөл бүрээр тооцох бөгөөд, татвар төлөх эцсийн хугацааг дараах байдлаар тодорхойлно: 2.НӨАТ- дараа сарын 10 /тооцооллын хүндрэлтэй байдлаас үүдэн дараа оны эхний сарын 10- наас/ гэж заасныг дүгнэхэд тухайн тайлант оны дараа оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаарх дутуу үлдэгдэлд торгууль, алданги тооцохоор байна.

          Татварын улсын байцаагч нар татварын хяналт шалгалт хийж, Нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх;, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;", 24 дүгээр зүйлийн 24.4. "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно", Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 5.1.3.шударга байх", Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.2.6 "татвар төлөгчийн хувийн хэрэг, тайлан, тодруулга мэдээлэл, судалгаа, үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээллүүдийг дотоод, гадаадын эх үүсвэрээс цуглуулж, дараах судалгаа шинжилгээг хийнэ. 4.2.6.1. татвар төлөгчийн эрхэлж буй өөрийн болон салбарын үйл ажиллагааны ерөнхий мэдээлэл, эдийн засаг, зах зээлийн төлөв байдлын; 4.2.6.3. санхүү, татварын тайлан, хувьцаа, хөрөнгө оруулалтын мэдээлэлд шинжилгээ хийж, гол үзүүлэлтүүдийг салбарын үзүүлэлттэй харьцуулах; 4.3. Гүйцэтгэх үе шатанд татварын улсын байцаагч дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: хяналт шалгалтын явцад зөрчилтэй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх; зэрэг заалтуудыг зөрчсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.6. иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;" гэж үзэх үндэслэл байгаа тул Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840,601,195.06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

          8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          НӨАТ-ын тухай хуулийн 10.2.1 дэх хэсгийг дурдаж байна. Орлогыг хүлээн авсан өдөр гээд. Гэтэл хуульд орлогыг буцаасан, мөнгийг заагаагүй, мөнгө бол дансаар орж ирж болно. Орлогыг хэзээ хүлээн зөвшөөрөх вэ гэдгийг байцаагч нар тодорхойлоогүй, тайлагнах ёстой гээд акт тавьчихсан. Гэтэл санхүүгийн тайлагналын олон улсын стандартын 15 дээр орлого гэдэг бол нөгөө талд ажил ярьсныг бүрэн хүлээн зөвшөөрсөн тохиолдолд орлого гэж зөвшөөрсөн байх ёстой. Бараа материал худалдсан бол тэр хүн өмчлөлдөө шилжүүлж авсан, ажил үүрэг гүйцэтгэсэн бол тухайн хүн энэ ажил үйлчилгээ гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гэрээний орлого гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Бид орлогыг гэрээлэгчтэй актаа үйлдээд, нөгөө талдаа үр дүнг нь өгөөд хүлээж авсан бол бид нар тэр орлогыг зөвшөөрөх ёстой.

          Гүйлгээний утга дээр төхөөрөмжийн түрээсийн орлого гэж бичсэн нь тухайн ажил үйлчилгээг дүгнэх хангалттай үзүүлэлт биш. Системээр нь ажил үйлчилгээг харвал тоног төхөөрөмж, ажилчид байна. Эд нар байснаар ажил явагдаж байгаа. Дээр нь Монгол улсаас эх үүсвэртэй орлого гэж ярилаа. Монгол улсаас эх үүсвэртэй орлого гэдгийг бол шинээр 2020 оны Татварын ерөнхий хуульд орж ирсэн. Бидний маргаж буй үйл явдал бол 2015, 2016 оны үйл явдал. Монгол улсаас эх үүсвэртэй орлого болгонд татвар ногдуулдаг юм биш, энэ бол давхар татварын гэрээгээр зохицуулагддаг. Дээр нь торгууль, алданги тооцохтой холбоотой зүйл дээр татварын алба бол НӨАТ-г сар болгон тайлагнана, дараа сарынхаа 10-ны өдөр төлөх ёстой гэж байна. Гэтэл татвар төлөгчийн тухайн сард илүү төлсөн мөнгийг татварын албан буцаан олгодоггүй, хэдэн жил дараалан байлгасаар байгаад татварын өрөнд суутгадаг ч юм уу тийм байдлаар ажилладаг. Хэрэв сар болгон ингэж тооцох байсан бол татвар төлөгчийн илүү төлсөн төлөлт дээр хүү тооцож татвар төлөгчид олгодог, татвараас нь суутгадаг ч юм уу тийм байх ёстой. Ингэж байж татвар төлөгчийн эрх ашгийг хамгаална. Тэгэхээр эд нар бодох болохоор нэг төгрөгт ч алданги, торгууль бодоод байдаг, илүү төлөлт дээр ямар ч дэмжлэг урамшуулал байдаггүй. Энэ бол татварын тэгш байх, шударга байх зарчимтай харшилж байна. гэв.

          9.Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:

          Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчдын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар 7,244,021,680.50 төгрөгийн зөрчилд нийт 973,017,276.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцаах шийдвэр гаргаж, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газарт 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21/35 тоот албан бичгээр ирүүлсэн.

          Уг шийдвэрийн дагуу Б*** ХХК-ийн 2015-2017 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Б***, Г.Б******* нар хяналт шалгалтыг дахин хийж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай нөхөн ногдуулалтын актаар 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд нийт 906,945,676.17 төгрөгийн төлбөр ногдуулсан.

          Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг тус зөвлөл 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 5, 6 дахь зөрчилд ногдох торгуулийн дүнг 10 хувиас хэтрэхгүй гэж үзэн 25,287,255.39 төгрөгөөр бууруулж, нийт төлбөрийн дүнг 881,658,420.78 төгрөг болгон өөрчилсөн.

          Б*** ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцан дараах тайлбарыг хүргүүлж байна.

          1.Нэхэмжлэлийн 1-т дурдсан, актын Тэмдэглэх хэсгийн 1 дэх зөрчлийн талаар: Б*** ХХК нь М******* *** ******* ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 20 өдрийн UVS1-2016-2D-001 дугаар "Монгол Улс *** -1 талбайн хоёр хэмжээст чичирхийллийн хээрийн бичиглэл, боловсруулалт, тайлал хийх ерөнхий гүйцэтгэлийн гэрээ" байгуулж, ажил гүйцэтгэсэн. Б*** ХХК-ийн Голомт банкны *** дугаартай ам.долларын харилцах дансаар 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,097,800.00 ам.доллар буюу 2,134,628,188.00 төгрөг /тухайн өдрийн Монгол банкны ханш 1,944.46/, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 439,120.00 ам доллар буюу 971,851,601.60 төгрөг /тухайн өдрийн Монгол банкны ханш 2,213.18/-ийн орлого орсон боловч Б*** ХХК нь 2016 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1000000 регистртэй эцсийн хэрэглэгчээр 1,665,857,672.00 төгрөгийн орлого тайлагнаж, үлдсэн 1,158,214,864.18 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй байсан нь гэрээ, харилцах дансны хуулга, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, падааны мэдээ зэрэг баримтаар нотлогдсон.

          Мөн М******* *** ******* ХХК-ийн 2016 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О***-тай холбогдож уг гэрээт ажил хийгдсэн эсэхийг лавлахад гэрээний дагуу ажил хийгдэж ажлын хөлсийг тухай бүр шилжүүлсэн тухай ярьсан. Б*** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "... 1,151,887,543.86 төгрөгийг 2018 оны 3 дугаар сарын НӨАТ-ын тайланд борлуулалтын орлогоор тайлагнасан болно." гэсэнд дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

          1.М******* *** ******* ХХК-иас ажил гүйцэтгэсний орлогыг 2016 онд харилцах дансаар шилжүүлсэн нь нотлогдсон. Иймээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т "Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно: 10.2.1.борлуулагч бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогыг хүлээн авсан өдөр;" гэж заасны дагуу 1,158,214,864.18 төгрөгийн орлогыг тус компани 2016 оны НӨАТ-ын тайланд тусгах ёстой байсан.

          2.Нийслэлийн Татварын газраас Б*** ХХК-ийн 2015-2017 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтын ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хийж, шийтгэлийн хуудас үйлдсэн, Маргаан таслах зөвлөлийн 99 дүгээр түдгэлзүүлсэн шийдвэрийн дагуу Татварын хяналт шалгалт, арга зүйн газар 2012 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдрийг дуустал хугацаанд шийтгэлийн хуудсаар 2015-2017 онд хамаарах илрүүлсэн зөрчлийн хүрээнд хяналт шалгалтын ажлыг хийсэн. Иймд 2018 оны татварын тайлагнал хамаарахгүй болно. Гэвч хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн зүгээс өгсөн тайлбарын дагуу 2018 оны НӨАТ-ын тайлагналыг харгалзан үзэж зөрчлийн дүнг тооцсон нь Маргаан таслах зөвлөлийн тогтоолд дурдагдсан байгаа.

          3.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 2018 оны тайланд тусгасан борлуулалтын орлогын падааныг задлан үзвэл М******* *** ******* ХХК-иас орсон 1,151,887,543.86 төгрөгийн орлогыг тусгаагүй байгаа нь нотлогдоно. Мөн К ХХК-иас орсон 437,139,520.00 төгрөгийн /НӨАТ-гүй дүнгээр/ орлогыг 2017 оны 12 сард и-баримтаар шивсэн боловч Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 2017, 2018 оны тайланд тусгаагүй болно. Нөхөн ногдуулалтын акт 2021 оны 07 сард, Маргаан таслах зөвлөлийн тогтоол 2022 оны 11 сард гарсан тул 2022 оны татварын тайлагналыг харгалзан үзэх боломжгүй юм.

          Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд "Татварын тайланд залруулга хийх: 31.1. Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно." гэж заасны дагуу Б*** ХХК нь 2016 оны тайланд 2017 онд, 2017 оны тайланд 2018 онд залруулга хийх боломжтой байсан. Тайлангаа залруулж татвар ногдох орлогыг тайлагнаагүй атлаа тайлагнасан, давхар татвар ногдуулж, татвар төлөгчийг хохироосон гэх гомдол нь үндэслэлгүй юм.

          Иймд М******* *** ******* ХХК-иас 2016 онд харилцах дансаар шилжүүлсэн ажил гүйцэтгэсний орлого 1,158,214,864.18 төгрөг, К ХХК-иас 2017 онд харилцах дансаар шилжүүлсэн ажил гүйцэтгэсний орлого 437,139,520.00 төгрөг, нийт 1,595,354,384.18 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 159,535,438.42 нөхөн татвар ногдуулсныг хуульд нийцсэн гэж үзэж байна.

          2.Нэхэмжлэлийн 2.А-д дурдсан, актын Тэмдэглэх хэсгийн 2 дахь зөрчлийн талаар: БНХАУ-д байрладаг Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компани нь Б*** ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр *** дугаар Тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээ байгуулж, үйлчилгээ үзүүлсэн. Гэрээнээс харахад түрээсийн гэрээ, түрээслүүлэгч, түрээслэгч гэсэн нэр томьёог татвар төлөгч өөрөө тодорхойлсон гэж үзэхээр байна. Гэрээний дагуу "Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компани нь үйлчилгээ үзүүлсэн орлогыг нэхэмжлэхийн дагуу хүлээн авч, түүнээс ажилчдынхаа цалин болон бусад зардалд зарцуулах нь тухайн компанийн үйл ажиллагаа байх тул Б*** ХХК-д тус ажилчдын цалин хамаарахгүй, гэрээний дагуу тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг шилжүүлснээс тусад нь ажилтнуудын цалин хөлс гэж ажилтанд шилжүүлсэн төлбөр байхгүй байсан.

          Татвар төлөгчийн гомдолд дурдсан 1,060,945,524.12 төгрөг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.4-д "Хөдөлмөрийн гэрээгээр байнга болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэнд олгосон цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, тэтгэвэр, тэтгэмж, шагнал, урамшуулалд албан татвар ногдуулахгүй." гэсэн заалтад хамаарахгүй. Учир нь Б*** ХХК нь Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компанийн ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, цалин олгосон баримт байхгүй болно.

          Иймд тус компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч, БНХАУ-д байрладаг Хятадын үндэсний газрын Тосны корпораци Б***к компанид тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого гэж 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 641,563.47 ам.доллар буюу 1,461,237,790.54 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханш 2,277.62 төгрөг/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 280,000.00 ам.доллар буюу 695,240,000.00 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханш 2,483.00 төгрөг/, нийт 2,156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ татвар суутган тооцож төсөвт төлөөгүй зөрчилд 323,471,668.58 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй юм.

          3.Нэхэмжлэлийн 2.Б-д дурдсан, актын Тэмдэглэх хэсгийн 4 дэх зөрчлийн талаар: Нөхөн ногдуулалтын актад тэмдэглэх хэсгийн 4 дэх зөрчлийг "түрээсийн гэрээний орлого" гэж тодорхойлоогүй, харин "тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого гэж ... шилжүүлэхдээ" гэсэн байна. Б*** ХХК-ийн харилцах дансны хуулганы гүйлгээний утга хэсэгт "rent payment", "payment of equipment rental" гэж шилжүүлэг хийсэн нь нотлогдоно.

          Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр тогтоолын Үндэслэх нь хэсгийн 4-т. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно: 9.1.1-д хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого", 17 дугаар зүйлийн 17.2-т "Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:... 17.2.9. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар: ...в... түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого" зааснаас үзэхэд БНХАУ-ын байнга оршин суугч этгээдэд шилжүүлсэн тоног төхөөрөмжийн түрээсийн орлогод 20 хувиар тооцож татвар ногдуулахаар байна. ... Тоног төхөөрөмжийн түрээсийн орлогыг хүлээн авагч нь БНХАУ-ын байнгын оршин суугч мөн эсэхийг татварын улсын байцаагчид хяналт шалгалтын явцад нотлоогүй, мөн магадалгаанд нотлох баримт ирүүлээгүй...... татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар тоног төхөөрөмжийн түрээсийн орлогыг БНХАУ руу шилжүүлэхдээ татварыг суутган авч төлөөгүй зөрчилд 10 хувиар татвар ногдуулсныг цаашид тодруулах шаардлагатай, мөн тоног төхөөрөмжийн түрээсийн орлогыг хүлээн авагч нь БНХАУ-ын байнгын оршин суугч гэдэг асуудлыг дутуу шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна." гэсэн үндэслэлээр татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн. Иймд хяналт шалгалтын явцад орлого хүлээн авагч "Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компани" нь БНХАУ-ын байнга оршин суугч мөн эсэхийг тодруулж, Б*** ХХК- иас и-мэйлээр ирүүлсэн оршин суугчийн тодорхойлолтын шаардлага хангаж байгаа эсэх, татвар ногдуулах үндэслэлийг "Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Хятад Монгол Ард Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр"-ээр хэрхэн зохицуулсан талаар чиглэл авахаар Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газарт хандсан.

          Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдөр и-мэйлээр ирүүлсэн чиглэлд:

          "Татвар төлөгчөөс ирүүлсэн оршин суугчийн тодорхойлолтыг холбогдох албан хаагчдаас тодруулж, татварын хяналт шалгалтад хамрагдаж буй тухайн 2016, 2017 онуудын хувьд ирүүлсэн байгааг шаардлага хангаж байна гэж үзэв. Б***гаас болон Б***к компанийн хооронд үүссэн "Төхөөрөмж түрээслэх" тухай харилцааг ДТГ-ний хүрээнд Эрхийн шимтгэлийн тухай 12 дугаар зүйлээр зохицуулна. Уг зүйлийн 12.3-т ДТГ-ний дагуу эрхийн шимтгэлийн тухай ойлголт, түүний хамрах хүрээг тайлбарласан байдаг. Монгол-Хятадын ДТГ-ний Эрхийн шимтгэлийн тухай 12 дүгээр зүйлийн 3-т заасан үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг түрээслүүлсэн орлогод ногдуулах албан татвар мөн гэрээний 12.2-т заасны дагуу 10%-иас ихгүй байна гэж заасан. Иймд дээрх орлогод 10%-иар татвар ногдуулах юм. ААНОАТТХ /2006/-ийн 17.2.9-д гадаадын компани Монгол Улсаас олсон орлогод 20%-иар татвар ногдуулна гэсэн. Энэ тохиолдолд дээр дурдсанаар 2 орны хооронд байгуулсан ДТГ-ний Эрхийн шимтгэлийн тухай 12 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу шилжүүлсэн орлогод 10%-иар татвар ногдуулна.

          Дээрх хэргийн хувьд ДТГ-ний 12.1-т БНХАУ татвар ногдуулах боломжтой гэж заасан байгаа боловч 12.2-т зааснаар төлбөр хүлээн авч буй этгээд нь эцсийн эзэмшигч бол Монгол Улсад татвар ногдуулахаар зохицуулсан. Эцсийн эзэмшигчид толгой компани хамаардаг тул 12.1-ийг үл харгалзан 12.2-ыг хэрэгжүүлэх бөгөөд бид дотоодын хуулиа баримтлах бололцоо бүрдэж байгаа юм. Гагцхүү дотоодын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хувь хэмжээнд хязгаар тогтоосон байгаа нь 10% дээд хязгаар болно. Нөгөөтээгүүр энэ дээд хязгаарыг дотоодын хуулийн хувь хэмжээ, ДТГ-ний хувь хэмжээний аль багыг хэрэглэх гэж ойлгож болох юм.

          БНХАУ-ын тал татвар ногдуулсан гэж байгаа нь гэрээний буруу хэрэглээ болно. Гэрээнд тусгасан үйлчилгээ нь хугацааны хувьд төлөөний газар болохгүй нь гарцаагүй юм. Гэвч энэ нь төлөөний газрын бус эрхийн шимтгэлийн асуудал тул ДТГ-ний 5-р зүйлийг баримтлах шаардлага байхгүй. Гэрээний 2.1-д Б***к нь өөрийн зардлаар Төхөөрөмжийг ажиллуулахаар /22/ ажилтныг дагалдуулан илгээнэ гэж заасан байна. Гэтэл Гэрээний 5.1-д Төхөөрөмж, ажилтны зардал 13,000 ам.доллар/өдөр гэсэн байгаа нь ойлгомжгүй байна. /Монголын тал хөдөлмөрийн хөлс олгож байгаа эсэх?/ Үүнийг бид Гэрээний 2.1-ийг баримтлан зөвхөн Төхөөрөмжид төлж буй 13,000 ам.доллар гэж үзэж болно.

          Иймд дээр дурдсан эрхийн шимтгэлийн 10%-ийг 13,000 ам.доллароос ногдуулан авах нь зүйтэй. Нэгэнт гэрээнд Хятадын тал ажилчдын өөрийн зардлаар хүргүүлж байгаа, ажилчид нь Төхөөрөмж түрээслэх харилцааны салшгүй нэг хэсэг болох тул 13,000 ам доллароос ажилчдын цалинг салган авч ДТГ-ний өөр зүйлийг ашиглах шаардлагагүй юм." гэж ирүүлсэн.

          Иймд компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч, БНХАУ-д байрладаг Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компанид тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого гэж 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 641,563.47 ам.доллар буюу 1,461,237,790.54 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханш 2,277.62 төгрөг/, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 280,000.00 ам.доллар буюу 695,240,000.00 төгрөг /Монголбанкны тухайн өдрийн ханш 2,483.00 төгрөг/, нийт 2,156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ татвар суутган тооцож төсөвт төлөөгүй зөрчилд 323,471,668.58 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй юм.

          4.Нэхэмжлэлийн 3-д дурдсан, актын Тэмдэглэх хэсгийн 5 дах зөрчлийн талаар: Нэмэгдсэн өртгийн албан татвар 2016 онд 185,113,505.72 төгрөгийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1-д "Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; ... 18.1.4. татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх" гэж заасны дагуу татвар төлөгч нь ногдсон татварыг хуулийн хугацаанд төлөх үүрэгтэй. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.5-д "Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх тайлагнах эцсийн хугацаа адил байна", Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан ж*******р дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа татварын албанд тушаана. 16.1.1. тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө; ..." гэсэн заалтыг үндэслэн торгууль алданги ногдуулсан.

          Энэ нь татвар төлөгчийн өөрөө тодорхойлон татварын тайланд тусгасан төлбөл зохих татварын ногдол тул Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 11 дүгээр зүйлийн 11.2-т Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй" гэсэн заалтаар зохицуулагдахаар байна. Татвар төлөгчөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн баримт материалыг хүлээн авч, ярилцлагын тэмдэглэл хөтөлсөн. Уг тэмдэглэлд өмнөх хяналт шалгалтын шийдвэрээр илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тухай нэг бүрчлэн асууж, хариултыг авсан. Мөн татвар төлөгчийн зүгээс ирүүлсэн баримт материал нь тэдгээр зөрчилтэй холбогдон гарсан ажил гүйлгээний баримтууд байсан бөгөөд удаа дараа ерөнхий журнал болон эдгээр зөрчлийн талаар нэмж ирүүлэх нотлох баримт байгаа эсэхийг лавлаж утсаар холбогдож байсан боловч оффис олон удаа нүүсэн, нягтлан бодогч солигдсон зэрэг шалтгаанаас өмнөх оны баримт олдохгүй, ерөнхий журнал байхгүй гэдгээ мэдэгдсэн нь татварын удирдлагын нэгдсэн системд оруулсан утасны тэмдэглэлээр нотлогдоно.

          Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр тогтоолын хүрээнд *** дугаар шийтгэлийн хуудсаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийг дахин хянан шалгаж, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй, татварын улсын байцаагчийн эрх үүргийн хэмжээнд Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасан хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилласан бөгөөд нөхөн ногдуулалтын актыг хуульд нийцсэн эрх зүйн бүрэн чадамжтай баримт бичиг гэж үзэж байна. гэжээ.

          10.Хариуцагч нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          2016 болон 2017 оны харилцах дансаар орж ирсэн орлогыг орлого биш гэж нэхэмжлэгч үзэж байна. Өнөөдөр шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримт дээр гэрээгээ дүгнэж, тооцоо нийлсэн акт байдаг. Тухайн актын огноог харвал 2017 онд үйлдсэн байдаг. 2017 онд орлогоороо хүлээн зөвшөөрсөн юм бол тухайн оны тайлан дээрээ яагаад тусгаагүй юм бэ энэ нь өөрийнх нь гаргасан баримт нь тайлбартайгаа зөрчилдөж байна. НӨАТ-ын тухай хуулийн 10.2.1 дэх хэсэгт зааснаар борлуулалтын орлогыг хүлээн авсан өдрөөр, гэрээний заалтаар ч гэсэн ажлын гүйцэтгэлийг үе шаттайгаар гүйцэтгэнэ гэдгээ тохиролцсон байсан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Нэхэмжлэгч Б*** ХХК-иас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Ч.Б***, А.Б*** нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840,601,195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах-аар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, актаар тогтоосон төлбөрийг бууруулж, төлбөрийн зарим хэсгийг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт зөрчлийг дараах байдлаар эс зөвшөөрч маргасан.

2.1.М*** ХХК-иас 2016 онд харилцах дансаар орсон ажил үйлчилгээний орлого 1,158,214,864.18 төгрөгийн .... орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгалгүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дээрх орлого нь Б*** ХХК-ийн борлуулалтын орлого биш.

2.2.К ХХК-иас шилжүүлсэн 480,853,472.00 төгрөг буюу 437,139,520.00 төгрөгийн урьдчилж орсон орлогыг 2018 оны НӨАТ-ын тайланд борлуулалтын орлогоор тайлагнасан.

2.3.100 хувийн хөрөнгө оруулагч Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компанид тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого шилжүүлсэнд төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, тоног төхөөрөмжийн түрээс гэж үзсэн 2,152,740,286.00 төгрөгийн 1,060,945,524.12 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй төлбөр болох ажилтнуудын цалин хөлс бөгөөд үүнийг Б***к компанитай хийсэн гэрээ, нэхэмжлэхээс тодорхой харагдана.

2.4.Б*** ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компанид тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого нь Давхар татварын гэрээнд заасан "шан харамж, эрхийн шимтгэлийн орлого" биш, БНХАУ-тай байгуулсан Давхар татварын гэрээний дагуу БНХАУ-ын байнга оршин суугч татвар төлөгч, төрийн өмчит компанид шилжүүлсэн "үйл ажиллагааны орлого"-д хамаарах орлого тул Монгол Улсад төлөх орлогын албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй.

2.5.Тэмдэглэх хэсгийн 5, 6-д хугацаандаа төлөөгүй татварт торгууль ногдуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татвараар 2016 оны 185,113,505.72 төгрөгт 22,200,663.29 төгрөгийн, 2017 оны 164,338,285.40 төгрөгт 21,058,666.61 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2017 оны 71,590,393.10 төгрөгт 19,803,704.24 төгрөгийн торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19-ийн "Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэсэн заалтыг зөрчсөн.

3.Татварын улсын байцаагчид 2016 онд 1,158,214,864.18 төгрөг, 2017 онд 437,139,520.00 төгрөг нийт 1,595,354,384.18 төгрөгийн ажил үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 159,535,438.42 төгрөгийн нөхөн татварын төлбөр ногдуулсан байна.

Б*** ХХК 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр М*** ХХК-тай *** дугаар "Монгол Улсын газрын тосны *** талбайд хоёр хэмжээст чичирхийллийн хээрийн бичиглэл, боловсруулалт, тайлал хийх ерөнхий гүйцэтгэл гэрээ" байгуулан *** аймагт орших газрын тосны блок-1 талбайд чичирхийллийн хайгуулын судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт М*** ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,097,800.00 ам.доллар буюу 2,128,370,728.00 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрээний дагуу 439,120.00 ам.доллар буюу 971,149,009.60 төгрөг, нийт 1,536,920.00 ам. доллар буюу 3,099,519,737.60 төгрөгийг тус компанийн Голомт банкны ам.долларын *** дугаар харилцах дансанд шилжүүлсэн орлогоос 1,665,857,672.14 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын "ТТ-03а Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан"-д эцсийн хэрэглэгчээр бүртгэж тайлагнан, үлдэх 1,158,214,864.18 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй болох нь татварын удирдлагын нэгдсэн системийн тайлангийн мэдээллээр нотлогдсон байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр К ХХК-тай #2017CарCorpSeis01 дугаар Монгол Улс дахь блок IV, V дахь 3D ба 20 газрын чичирхийллийн хайгуулын үйлчилгээний гэрээ байгуулан ***, *** аймагт орших газрын тосны блок 4, 5 талбайд хоёр болон гурван хэмжээст чичирхийллийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. К ХХК гэрээт ажлын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу 2018 оны 1 дүгээр улиралд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,314,315,122.62 төгрөг, 02 дугаар сарын 01-ний өдөр 230,971,752.00 төгрөг, 03 дугаар сарын 01-ний өдөр 1,541,730,771.61 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь гомдол гаргагчийн Голомт банкин дахь төгрөгийн *** дугаар харилцах дансны хуулгаар нотлогджээ.

Мөн Б*** ХХК-ийн 2018 оны "ТТ-03а Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан"-гийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалт, харилцах дансны хуулганы орлогын гүйлгээтэй тулгалт хийхэд К ХХК-иас гэрээний дагуу ажил үйлчилгээний төлбөрт 2018 оны жилийн дүнгээр 7,207,230,256.77 төгрөг шилжүүлснийг гомдол гаргагч нь тайландаа борлуулалтын орлогоор тайлагнасан.

К ХХК-ийн шилжүүлсэн 2018 оны 1, 2 дугаар сарын гэрээт ажлын төлбөр 2,313,897,158.75 төгрөгийг нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын "ТТ-03а Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан"-д борлуулалтын орлогоор эцсийн хэрэглэгчээр бүртгэж тайлагнасан нь татварын удирдлагын нэгдсэн системийн тайлангийн мэдээллээр нотлогдсон байна.

К ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 480,853,472.00 төгрөгийг Голомт банкин дахь төгрөгийн *** дугаар харилцах дансанд шилжүүлж, 2017 оны 12 дугаар сард борлуулалтын орлогоор падаан бичсэн боловч тайлагнаагүй болох нь татварын удирдлагын нэгдсэн системийн татварын тайлан болон тооцооллын мэдээллээр нотлогдсон.

Нэхэмжлэгчээс "... 437,139,520.00 төгрөгийн урьдчилж орсон орлогыг 2018 оны НӨАТ-ын тайланд борлуулалтын орлогоор тайлагнасан болно" гэсэн гомдол үндэслэлгүй бөгөөд оршин суугч бус этгээдээс суутгасан албан татварыг "ТТ-036 Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан"-гаар тайлагнах үүргээ биелүүлээгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, "үйлчилгээ", мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Албан татварыг доор дурдсан ж*******р ногдуулна: 8.1.1. бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан тухай бүрд" гэж зааснаар ажил үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. гэж зааснаар нөхөн ногдуулалтын актаар 2016 онд 1,158,214,864.18 төгрөг, 2017 онд 437,139,520.00 төгрөг нийт 1,595,354,384.18 төгрөгийн ажил үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгалгүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 159,535,438,42 төгрөгийн нөхөн татварын төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй байна.

4.Нэхэмжлэгч нь Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компанид тоног төхөөрөмж түрээслүүлсний орлогод шилжүүлсэн 2,152,740,286 төгрөгийн 1,060,945,524.12 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй төлбөр болох ажилтнуудын цалин хөлс гэж маргах боловч тус компанийн хөрөнгө оруулагч Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компанид 2016 онд тоног төхөөрөмж түрээслүүлсний төлбөрт 2,156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцож, төсөвт төлөөгүй зөрчилд 215,647,779.05 төгрөгийн нөхөн татвар, 64,694,333.72 төгрөгийн торгууль, 43,129,555.81 төгрөгийн алданги нийт 323,471,668,58 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Нэхэмжлэгч нь Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компанитай 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр BGPMN-11-2016 дугаар Тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээг байгуулан, тоног төхөөрөмж болон ажиллах хүчийг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлтэй газрын тосны тодорхой талбайд чичирхийллийн судалгаа, хайгуулын үйлчилгээг гэрээгээр хийж гүйцэтгэсэн. Энэхүү гэрээний 1-д "Түрээслүүлэгч нь ... хавсралт 1-д заасан тоног төхөөрөмжийг түрээслүүлэх", 2-т "Дээрх тоног төхөөрөмжөөс гадна түрээслүүлэгч нь мэргэжилтнүүдийг нийлүүлэх бөгөөд хавсралт 1-д заасан мэргэжилтнүүд нь тоног төхөөрөмжийг ажиллуулах ..., 2.1 Түрээслүүлэгч нь ажиллах хүчний цалин, урамшуулал болон холбогдох нийгмийн даатгал болон төлбөрийг төлнө" гэж заажээ.

Мөн гэрээний 5 дахь хэсэг "Төлбөр тооцоо"-ны 5.1-д "Тоног төхөөрөмжийн түрээс болон ажиллах хүчний нийлүүлэлтийн нэг өдрийн зардал 13,000.00 ам.доллар /арван гурван мянган ам.доллар/ байх бөгөөд үнийн задаргааг хавсралт 1-д зааснаар тооцно", 5.3- д "Б*** нь нэхэмжлэх дээр байгаа гарцаагүй дүнгээр Түрээслүүлэгчийн банкны данс руу цахилгаан шилжүүлгээр төлнө", хавсралт-3 үнийн саналд "тоног төхөөрөмжийн төлбөрийн өдрийн үнэлгээ нь 13,000.00 ам.доллар, тэмдэглэгээ хэсэгт операторын үйлчилгээ ороод" гэж зааснаас харахад түрээсийн гэрээ болон хавсралтад түрээсийн төлбөрийг тоног төхөөрөмжийн түрээсийг ажиллах хүчний хангалтын нэг өдрийн зардалтай хамтад нь нийт дүнгээр тодорхойлсон байна.

"Тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээ"-ний дагуу "Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компани нь 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт ажилласан 159 өдөрт хоногийн 8,025.00 ам.доллароор тооцож нийт 1,275,975.00 ам долларын BGP/MN-001-ээс BGP/MN-008 хүртэл дугаартай "Техникийн түрээсийн нэхэмжлэх"-ийг нэхэмжилсний дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 641,563.47 ам.доллар буюу 1,458,158,285.89 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 280,000.00 ам.доллар буюу 694,582,000.00 төгрөг, нийт 921,563.47 ам доллар буюу 2.152,740,285.89 төгрөгийг шилжүүлсэн нь Голомт банкны *** ам.долларын харилцах дансны хуулганы зарлагын гүйлгээгээр нотлогдож байна.

2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан өмнөх гэрээний дагуу ажиллагсдын цалин хөлсний төлбөрийг тусад нь салгаж заагаагүй бөгөөд "ажлын тодорхойлолтыг гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрт хоногийн 8,025.00 ам. доллар"-аар гэж нэхэмжилсний дагуу төлбөрийг шилжүүлсэн болох нь түрээслүүлэгч талын 8 үндсэн нэхэмжлэх болон түүний албан ёсны орчуулгаар нотлогдсон тул "... 1,060,945,524.12 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй төлбөр болох ажилтнуудын цалин хөлс ..." гэх гомдол үндэслэлгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.2- т "Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна.....7.2.5. оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ", 11 дүгээр зүйлийн 11.1-д "Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна" мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан ж*******р дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана:, 16.1.2-т оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө" гэж заасан тул оршин суугч бус этгээдээс ажил, үйлчилгээг худалдан авахад албан татварыг суутган авч төсөвт төлж тайлагнах үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн 2016 онд тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого 2,150,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцож, төсөвт төлөөгүй зөрчилд 215,647,779.05 төгрөгийн нөхөн татвар, 64,694,333.72 төгрөгийн торгууль, 43,129,555.81 төгрөгийн алданги нийт 323,471,668.58 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

5.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч нь Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компанид 2016 онд тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого 2,156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тооцож, төсөвт төлөөгүй зөрчилд 215,647,779.05 төгрөгийн нөхөн татвар, 64,694,333.72 төгрөгийн торгууль, 43,129,555.81 төгрөгийн алданги нийт 323,471,668.58 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Б*** ХХК нь магадалгаанд компанийн хөрөнгө оруулагч болох Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компанийг БНХАУ-ын байнга оршин суугч татвар төлөгч болохыг нотолсон Улсын татварын газрын Жуожөү мужийн татварын албаны 2015-2017 оны татварын жилийн тодорхойлолтыг ирүүлсэн бөгөөд "Татварыг давхардуулж ногдуулахгуй 6 байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Хэлэлцэн тохирогч улсад бий болж байгаа бөгөөд хэлэлцэн тохирогч нөгөө улсад байнга оршин суугчид төлж буй шан харамж, эрхийн шимтгэлд Хэлэлцэн тохирогч нөгөө улсад татвар ногдуулж болно", 12.2-т "Гэхдээ Хэлэлцэн хохирогч улсад бий болж байгаа шан харамж, эрхийн шимтгэлд тухайн улсын хуулийн дагуу татвар оногдуулж болох боловч уг шан харамж, эрхийн шимтгэлийг хүлээн авагч нь түүний жинхэнэ эзэмшигч мөн бол ийнхүү оногдуулж буй татвар шимтгэлийн нийт хэмжээний 10 хувиас хэтэрч үл болно", 12.3-т "Энэхүү хэрэглэгдэж буй нь шан харамж, эрхийн шан харамж, эрхийн шимтгэл" гэсэн ойлголтод, эсвэл үйлдвэрлэл худалдаа буюу шинжлэх ухааны багаж хэрэгсэл, ашигласан буюу ашиглах эрх эдэлсний төлөө төлж буй бүх төрлийн төлбөрийг хамааруулна" гэсэн заалтыг үндэслэж Хятадын үндэсний газрын тосны корпораци Б***к компанид газрын тосны тодорхой талбайд чичирхийллийн судалгаа, хайгуулын үйлчилгээ үзүүлэхээр түрээсэлсэн тоног төхөөрөмжийн төлбөрт төлж буй орлогод төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ""суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг", мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д "Монгол Улсад байрладаггүй албан татвар, төллөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар: ...в/эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого" гэж заасан.

Иймд, гомдол гаргагчийн "Давхар татварын гэрээнд заасан "шан харамж, эрхийн шимтгэлийн орлого" биш, ... БНХАУ-ын байнга оршин суугч татвар төлөгч, төрийн өмчит компанид шилжүүлсэн "үйл ажиллагааны орлого"-д хамаарах орлого тул Монгол Улсад төлөх орлогын албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй юм" гэсэн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байх тул нөхөн ногдуулалтын актаар хөрөнгө оруулагч компанид 2016 онд тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого 2,156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тооцож, төсөвт төлөөгүй зөрчилд 215,647,779.05 төгрөгийн нөхөн татвар, 64,694,333.72 төгрөгийн торгууль, 43,129,555.81 төгрөгийн алданги нийт 323,471,668.58 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

6.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 2016-2017 онд 349,451,791.12 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 43,259,329.90 төгрөгийн торгууль, 23,293,686.16 төгрөгийн алданги, нийт 66,552,766.06 төгрөг, 2017 онд 71,590,393.10 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 19,803,704.24 төгрөгийн торгууль, 10,694,000.29 төгрөгийн алданги, нийт 30,497,704.53 төгрөгийн төлбөрийг тус тус ногдуулжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2016 оны жилийн эцсийн тайлангаар ногдуулсан 2017 оны эхний дутуу төлөлт 71,590,393.10 төгрөгийн үлдэгдэлд торгуулийг 18.2-32.4 хувиар, нэмэгдсэн өртгийн албан татварын 2016-2017 оны сар бүрийн тайлангаар тайлагнасан дутуу төлөлтөд торгуулийг 13.6-30.4 хүртэл хувиар ногдуулсан байна.

Зөрчлийн тухай хууль /2019.03.22-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д "Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэж зааснаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэн тооцож үзэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд торгуулийн хэмжээг 10 хувиар ногдуулахад 2017 онд 13,124,664.93 төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 10 хувиар торгуулийг тооцож үзэхэд 2016-2017 онд 12,162,590.46 төгрөгөөр тус тус илүү тооцсон байна.

Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.4. татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх" гэж заасны дагуу татвар төлөгч нь ногдсон татварыг хуулийн хугацаанд төлөх үүрэгтэй байна.

Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д "Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг доор дурдсан ж*******р дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.1. тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө", Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2008 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ" гэж тус тус заасан.

Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар 2017 онд 71,590,393.10 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 19,803,704.24 төгрөгийн торгууль, 10,694,000.29 төгрөгийн алданги, 2016-2017 онд 349,451,791.12 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 43,259,329.90 төгрөгийн торгууль, 23,293,436.16 төгрөгийн алданги, нийт 83,063,034.14 төгрөгийн торгууль, 33,987,436.45 төгрөгийн алданги, нийт 97,050,470.59 төгрөгийн төлбөрөөс 25,287,255.39 төгрөгийн торгуулийг бууруулж, 37,775,778.75 төгрөгийн торгууль, 33,987,436.45 төгрөгийн алданги, нийт 71,763,215.20 төгрөгийн төлбөрийг төлүүлэх үндэслэлтэй байна.

7.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангаарх 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар буцаан авах татварын 198,291,264.50 төгрөгийн үлдэгдлийг 1,595,354,384.18 төгрөгийн зөрчилд ногдох 159,291,264.50 төгрөгийн нөхөн татварын дүнгээр бууруулж 38,755,826.08 төгрөг болгож баталгаажуулсан.

          Татварын удирдлагын нэгдсэн сангийн мэдээлэлд нэхэмжлэгч компанийн татварын тооцооллын дансны хяналт шалгалтаар үүссэн нөхөн татварын тооцоогоор 2021 онд нөхөн ногдуулалтын актаар 159,291,264.50 төгрөгийн ногдол үүссэн бөгөөд уг дүнгээр давхар ногдол үүсээгүй, нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нөхөн татварын урьдчилгаа төлбөрт 90,694,68.00 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

          8.Нэхэмжлэгчийн гаргасан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840,601,195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийт актаар тогтоосон 906,945,676.17 төгрөгийн төлбөрөөс хугацаанд нь төлөөгүй зөрчилд ногдуулсан 25,287,255.39 төгрөгийн /торгууль/ төлбөрийг бууруулж, актаар тогтоосон /Маргаан таслах зөвлөлийн 09 дүгээр тогтоолоор өөрчлөн тогтоосон/ 881,658,420.78 төгрөгийн төлбөрийн зарим хэсэг болох 41,057,225.00 төгрөгийн төлбөртэй нэхэмжлэгч маргахгүй гэдгээ илэрхийлж хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Татварын Ерөнхий хууль /2008 он/-ийн 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 7.2.5, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 11 дүгээр зүйлийн 1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2, 4, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/- 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.2.9, 21 дүгээр зүйлийн 21.4, Татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3. дахь хэсгийг тус тус баримтлан Б*** ХХК-иас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840,601,195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, актаар тогтоосон 881,658,420.78 төгрөгийн төлбөрийг 25,287,255.39 төгрөгийн /торгууль/ төлбөрийн хэмжээгээр бууруулсугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаар Нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 881,658,420.78 төгрөгийн төлбөрийн зарим хэсэг болох 41,057,225.00 төгрөгийн төлбөртэй нэхэмжлэгч маргахгүй гэдгээ илэрхийлж хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах ж*******р гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН