Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                        Хэргийн индекс.114/2016/0034/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарйин бичгийн дарга Б.Саранчимэгийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн, Дархан сум, 11 дүгээр баг 6 дугаар хороолол, 5 дугаар байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* нэхэмжлэлтэй

            Хариуцагч:  Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

               Шүүх хуралдаанд:

               Нэхэмжлэгчийн өмгөөлөгч :                                         Б.Содболд                                       

               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                   Г.Энхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч Б.Содболдоос гаргасан тайлбарлахдаа:- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар захирамжаар “Дархан зочид буудал”-ын баруун талд байрлалтай газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж эхэлсэн бөгөөд хуульд заасан журмын дагуу газар эзэмших гэрчилгээ, гэрээгээ сунгуулж ирсэн. Хамгийн сүүлд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/289 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж, гэрээ байгуулж гэрчилгээгээ авсан байгаа. Газрыг эзэмшиж ирсэн цагаас газрын төлбөрийг төлж, тухайн газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Мөн эзэмшиж буй газраа “Худалдаа хөгжлийн банк”-ны Дархан салбартай “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулж, зээлийн барьцаанд тавьсан байсан.

            Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжаар А/289 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар дээр өөрийн биеэр очих үедээ мэдлээ.

            Иймд А.*******ын газар эзэмших зөрчигдсөн эрхийг сэргээж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10дугаар сарын 16-ны өдрийн А330 дугаар захирамжийн А.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.******* шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхсайхан шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:- Дархан-Уул аймгийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 472 дугаар захирамжаар 2400 м.кв газрыг иргэн А.******* нь үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх болон гэрчилгээг шилжүүлэн авсан байна. Мөн 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаар захирамжаар “Радио, телевиз, мэдээлэл технологийн Ди Би Эс компани”-д албан байрны өргөтгөлд 250 м.кв газрыг нэмж өгсөн байна. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/194 дүгээр захирамжаар иргэн А.*******ын нэр дээр 2475 м.кв газрыг 20 жилийн хугацаатай, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр эрхийн гэрчилгээг сунгасан байна.

Ингэж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг зөрчиж, эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт гаргах үед талбайн хэмжээг зөрүүтэй бичиж байсан., мөн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. Аймгийн засаг даргын 2014 оны 146дугаар захирамжийн дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн төлөөгүй, мөн аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 289 дүгээр захирамжаар газрын хэмжээг үндэслэлгүйгээр нэмж олгосог байна.

Иймд газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 187,188 дугаар захирамжийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны А/330  дугаар захирамжаар хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/330 дугаартай захирамжийн А.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд

Нэхэмжлэгч А.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээ сарын 18ны өдрийн А/289 дүгээр “Газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж газар эзэмшүүлэх тухай” захирамжаар хуучин эзэмшиж байсан 2475м.кв газрыг 3023 м.кв талбай хэмжээтэй болгож өөрчилсөн шийдвэрийг үндэслэн Газрын харилцаа хом байгуулалтын газартай 2015 оны 09дүгээр сарын 25ны өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ авсан болох нь 2015оны А/289 дүгээр захирамж, иргэнтэй газар эзэмших И-4728 дугаартай гэрээ, 000555478 тоот гэрчилгээ кадастрын зураг, нэхэмжлэгч, хариуцгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Дархан Уул аймгийн Засаг дарга А.******* нь 2015оны 10дугаар сарын 16ны өдөр А/330 дугаар “Захирамжуудыг хүчингүй болгох тухай” захирамж гарган захирамжийн 1дэх заалтаар газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчилж газар эзэмшүүлэх  тухай  А/289 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ монгол улсын Ерөнхий сайдын 2015оны 9сарын 18ны өдрийн 187-р захирамжаар Дархан Уул аймгийн Засаг дарга С.*******ыг үүрэгт ажлаас огцруулж. 188дугаар захирамжаар А.*******ыг Касаг даргаар томилсон шийдвэрүүд байхад С.******* нь туххйн өдөр А/289дүгээр захирамжийг батлан гаргасан байна гэж үзээд дээрх захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Монгол Улсын Ерөнхйи сайдын С.*******ыг Дархан-Уул аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан 2015оны 09 сарын 18-ны өдрийн 187р захирамжаар А.*******ыг Дархан уул аймгийн Засаг даргаар томилсон 188р захирамжууд нь Дархан уул аймгийн Засаг даргын тамгын газрын Ирсэн бичгийн бүртгэлийн картаар 2015 оны 9дүгээр сарын 21-ны өдөр ирсэнээр бүртгэгдсан мөн С.******* нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 23-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос улсын Кенги аймагт айлчилсан Дархан Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015оны 09 дүгээр сарын 24ний өдрийн “Аймгийн засаг даргын ажлыг хүлээлцсэн тухай комиссын хуралдааны 03тоот тэмдэглэл зэргээг болон Төрийн албаны тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”. Хөдөлмөрийн тухай хуулийн 43р зүйлийн 43.1д “Ажмл олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогоож уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” гэж тус тус зааснаар Дархан- Уул аймгийн Засаг дарга С.******* нь шинэ Засаг дарга А.*******од 2015оны 09р сарын 24ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул С.*******ыг Дархан Уул аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас 2015оны 09дүгээр сарын 24ны өдөр халагдсан буюу бүрэн эрхийн хугацаа тухайн өдөр дуусгавар болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.******* 2015оны 10дугаар сарын 16ний өдрийн А/330 дугаар захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 61р зүйлийн 61.1д Төрийн эрх бүхий байгууллга албан тушаалтан өөрийн шийдвэр үйлдэл/ эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийн таслан зогсооно” гэж заасныг баримталсан нь бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.Учир нь хариуцагч иргэн А.*******ыг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, газрын хэмжээг нэмэгдүүлсэн гэж шүүхэд тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь энэхүү газры “Тонимонтана” ХХК-с шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Засаг дарын 2015 оны А/289 дүгээр захирамжийн А.*******ад холбогдох хэсэг нь хууль зөрчсөн байхаас гадна бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчаас гаргасан маргаан бхий захиргааны актаар нэхэмжлэгч А.*******ын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдоц байх тул Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015оны 10дугаар сарын 16ний өдрийн А/330дугаар захирамжийн А.*******ад холбогдох хэсгийг нь хүчингмй болгох нь зүйтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12  дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ын шүүхэл гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/330 дугаар захирамжийн  А.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

                       

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       З.ЭНХТУЯА