Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2016/00791

 

Ч.Цэрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 101/ШШ2016/01371 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 737 дугаар магадлалтай,

Ч.Цэрэнгийн нэхэмжлэлтэй

“Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит” ХХК-д холбогдох,

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Маргад-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Цэрэн, өмгөөлөгч С.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга  нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Цэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Багануур дүүргийн Мэдээлэл холбооны сүлжээний газрын даргаар томилогдож, ажил үүргээ сайн гүйцэтгэж, сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй. 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын Соён гэгээрүүлэх хэлтсээс Багануур дүүрэгт 2014, 2015 онуудын тушаал, шийдвэрүүдтэй танилцаж шалгалт хийгээд явсан. Уг шалгалтын дараа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажлаас халах тушаал гарсан гэж сонссон. Надаас ямар нэгэн тайлбар аваагүй. Ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа асуухад Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн гэсэн. 2013 оны гүйцэтгэх захирлын үр дүнгийн урамшуулал олгох журам, үүний дагуу газрын дарга нарын ажлыг сар бүр дүгнээд урамшуулалт цалинг хавсралтаар бодож олгодог учраас урамшууллаа авсан. Мониторингийн хяналтын алба шалгасан ба хувьдаа ашиг авсан, хууль зөрчиж компани хохироосон зүйлгүй. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан болохыг тогтоож, өмнө ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит” ХХК-ийн орлогч захирал Г.Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт Авлигатай тэмцэх газраас хяналт шалгалт хийсэн. Ажлын хэсгээс гарсан дүгнэлт, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-д хандсан байдаг. Уг албан бичгээр Ч.Цэрэн өөртөө 7.750.000 төгрөгийн урамшуулал олгохдоо хууль зөрчиж олгосон. 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг баярын арга хэмжээнд зарцуулсан нь хууль зөрчсөн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа учраас арга хэмжээ ав гэсэн албан бичиг ирсэн. “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн зүгээс баярын арга хэмжээнд зарцуулсан мөнгө төлөвлөгдсөн ажил байсан учраас хууль зөрчөөгүй, гүйцэтгэх захирлын тушаалаар бид урамшуулал олгодог. Харин Ч.Цэрэн тушаал гаргахдаа өөрийн нэрийг оруулсан нь хэлбэрийн төдий алдаа болсон гэж Авлигатай тэмцэх газарт хандсан боловч тус газраас Авлигатай тэмцэх тухайн хуулийн 4.1.3-д зааснаар Ч.Цэрэнг ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдэгдэл гаргаагүй, Ашиг сонирхлын тухай хуулийн 29.1.3-д заасан арга хэмжээ авч, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах гэсэн хариу албан бичиг ирсэн. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг хамгаалах тухай хуулийн 29.2.4-д зааснаар Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-иас нийтийн албанаас халах сахилгын арга хэмжээ авсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 101/ШШ2016/01371 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/448 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил буюу Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит ХХК-ийн Багануур дүүргийн газрын даргын албан тушаалд Ч.Цэрэнг эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 1.380.723 төгрөгийг хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Ч.Цэрэнд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Цэрэнгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-иас 70.200 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 737 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/01371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Маргад-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 101/ШШ2016/01371 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 737 дугаар магадлалын зарим заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үүнд:

1. Шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсэгт “Нэхэмжлэгч нь хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын олгосон урамшилт цалинг дахин тушаал гаргаж, өөртөө олгосон нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заалт, Авлигатай тэмцэх газрын гаргасан шийдвэрийг хянан хэлэлцэж шийдвэрлэж хууль зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заалтыг зөрчсөн байна.

2. Шүүхийн шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ НЬ” хэсэгт Ч.Цэрэнг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11 дэх зүйлийг зөрчсөн нь тогтоогдож байна гэж үзсэн ч Ч.Цэрэн нь албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж үндэслэл муутай шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт Авлигатай тэмцэх газрын гаргасан шийдвэрийг тайлбарлахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4-т заасан “... нийтийн албанаас халах” хариуцлага ногдуулах талаар тухайлан заагаагүй гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөн бол авах арга хэмжээг тодорхой тусгасан. Гэтэл тухайлан заагаагүй гэж үзсэн. Авлигатай тэмцэх газрын албан бичигт Ч.Цэрэн нь Авлигын эсрэг хуулийн 8, 11 дүгээр зүйлийг зөрчсөнийг тогтоосон байхад зөрчөөгүй мэтээр тайлбарлажээ. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт “ ... хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын төрлөөс ажлаас халах сахилгын шийтгэл хүлээх хэмжээний зөрчлийг нэхэмжлэгч гаргасныг баримтаар нотлоогүй” гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүй байна. Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйл заалтыг зөрчсөнийг Авлигатай тэмцэх газар тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдсан байхад нотлогдохгүй байна гэж үзэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, иргэн Ч.Цэрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Цэрэн нь “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/448 тушаалыг үндэслэлгүй гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Ажил олгогч дээрх тушаал гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4, Авилгатай тэмцэх газрын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/7549 дугаар албан бичгийг үндэслэсэн байх ба уг албан бичигт “...урамшууллыг олгохдоо ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаагүй, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн...” гэжээ /хавтаст хэргийн 7, 160, 164 дүгээр тал/.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, 11 дүгээр зүйлийн 11.1-т “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэжээ.

Ч.Цэрэн нь “Мэдээлэл холбооны сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн захирлын шагналт цалин олгох тушаалыг үндэслэн, уг тушаалд заасан хэмжээгээр урамшилт цалин авсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна /хавтаст хэргийн 48-120 дугаар тал/.

Иймд нэхэмжлэгчийг өөрийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргасан гэж үзэхгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж заасан ба мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, Авлигын эсрэг хуулийн 18.4.16-т зааснаар Авлигатай тэмцэх газар нь хуулийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрхэн дагаж мөрдөж байгаад хяналт тавих мөн хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлаар бичгээр дүгнэлт, зөвлөмж гаргах бүрэн эрхтэй.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд Авлигатай тэмцэх газар нь хяналт шалгалт хийхдээ дүгнэлт, зөвлөмж гаргах бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Ч.Цэрэнг ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 101/ШШ2016/01371 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 737 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч П.Маргад-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ