Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 285

 

“Я” ХХК нарын нэр бүхий

10 компанийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Д.Мөнхтуяа

                                                    Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0110 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0241 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:   

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0110 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Я” ХХК, “Э г б” ХХК, “Г” ХХК, “Ц” ХХК, “Д о” ХХК, “О” ХХК, “С” ХХК, “Э” ХХК, “С х” ХХК, “Г ш” ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0241 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол    

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0241 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

5. Учир давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянах ёстой байсан. Гэтэл “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн” гээд хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

6. Хэргийн оролцогч нар “хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн талаар маргадаггүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд ийм зүйл байхгүй байхад энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй байсан.

7. Мөн нэхэмжлэгч компаниудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн талаар тодруулах шаардлагатай байсан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

8. Түүнчлэн, хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийг тодруулахгүй захиргааны хэрэг үүсгэсэн энэхүү алдаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт шууд нөлөөлөхгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй, зөвтгөх боломжтой юм.

9. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0241 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасантай нийцэхгүй байна.

11. Нэхэмжлэгч нараас хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоол нь нийтлэг шинжээр тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлж, түүнийг ашиглахтай холбоотойгоор гарсан Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоож буй захиргааны акт тул маргаан бүхий түүнийг үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй захиргааны хэм хэмжээний актын адил нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм.

12. Харин хариуцагчаас хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй нэхэмжлэгч нарт мэдэгдээгүй үйл баримт тогтоогдож байгаа боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь илт хууль бусад тооцох хангалттай үндэслэл болохгүй.  

13. Улаанбаатар хотын хүн амыг ундны цэвэр усаар найдвартай хангах зорилгоор баталсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар “Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолыг Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т тусгайлан заасан усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ундны усны эх үүсвэр, шугам сүлжээний хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг тогтоох, хот, тосгон, бусад суурин болон амралт, сувиллын газар, гол, мөрний эх, нуур, рашаан, булаг, шанд, уст цэгийн орчинг хамгаалах, эрүүл ахуйн шаардлагыг хангах тусгай бүсийн заагийг тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлсэн нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн зорилгодоо нийцсэн захиргааны акт гэж үзнэ.

14. Давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч “Э г б” ХХК, “Г” ХХК, “Ц” ХХК, “Д О” ХХК, “Г ш” ХХК-иудаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д, Б.Н нарт олгосон итгэмжлэлүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн  8.2, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.4-т заасан шаардлагыг хангахгүй байгаагийн улмаас нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх нь тодорхойгүй, “Э г б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г Л, “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж С Х нар монгол хэл мэддэг эсэх, итгэмжлэлийн учир холбогдол, үүсэх үр дагаврыг ойлгосон эсэх нь тодорхойгүй” гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д заасан “...шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэсэн хуулийн зохицуулалтыг анхаараагүй нь учир дутагдалтай байна.

15. Тухайн тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан, гүйцэтгэх захирал Г Л болон Ж С Х нар монгол хэл мэддэг эсэх нь энэ хэргийн шийдэлд нөлөөлөхгүй гэж үзэв.

16. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2018/0241 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0110 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН