Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 216

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч М.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Мөнхжаргалын Шинэбаярт холбогдох эрүүгийн 201619000336 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Жаргалант  сум, Эрдэнэ 3 дугаар багийн Бор-Өндөр гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, НЕ82021776 дугаарын регистртэй, Боржигон овгийн Мөнхжаргалын Шинэбаяр

 

    Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

Яллагдагч М.Шинэбаяр нь согтуугаар, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Жаргалант 1 дүгээр багийн нутагт тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Тулгыг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

            1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч М.Шинэбаярын:

            2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр малчдын зөвлөгөөний хурал дээр архи уусан. Би колонкоос харих гэж байгаад Анхбуян гэх цагдаатай маргалдсан. Ч.Тулгад хохирол төлбөрт 3.0 сая төгрөг төлж, цагдаагийн дүрэмт хувцсыг нь авч өгсөн гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ч.Тулгын:

“...Би Төв аймгийн Цагдаагийн газрын Баянжаргалан суманд хэсгийн төлөөлөгч ажилтай бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сумын төвийн Соёлын төвд малчдын зөвлөгөөн болж байсан. Тэгэхэд би хэсгийн цагдаа Анхбуянгийн хамтаар эргүүл шалгалт хийж албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд орой 19 цагийн үед байцаалт авахаар хүн ирсэн гэсний дагуу хэсгийн байранд байцаалт аваад Анхбуян эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Анхбуян утсаар энд нэг залуу шатахуун түгээх газар тээврийн хэрэгслийн араас чирэгдээд явж байхаар нь тээврийн хэрэгслийг нь зогсоогоод та яагаад хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн араас чирэгдэж байгаа юм бэ гэж асуухад чи муу гөлөг төрийн хувцас өмчихөөд надад томрох болоогүй шүү, Тулга та хоёрыг хоёуланг чинь ажилгүй болгоно шүү, ямар ч боловсролгүй хоёр гөлөг гэж тэрүүгээр хашгираад намайг мөрлөж унагаад нөгөө тээврийн хэрэгсэлдээ суугаад явсан гэж мэдээлсэн. Тэгэхээр нь би хийж байсан ажлаа дуусгаад буцаж сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр гараад хэсгийн цагдаатай холбогдон уулзаж нөгөө тээврийн хэрэсэл хаана байна гэж асуухад цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг хайсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочтой уулзахад манай сумын иргэн биш Баян сумын иргэн байсан ба Шинээ ах колонк дээрээс бензин авчихаад хөдлөхөд машинаас чирэгдээд байсан. Тэгсэн цагдаа ирээд болохгүй гэхэд цагдаатай маргалдаад байсан. Тэгэхээр нь би аль Шинээ вэ гэхэд Заан Шинээ гэсэн ба одоо хаана байна гэхэд Соёлын төвийн үүдэнд буугаад үлдсэн гэхээр нь би цагдаагаа араас хүрээд ирээрэй гээд түрүүлээд Соёлын төвийн үүдэнд очиход сумын заан Шинэбаяр нь Соёлын төвийн гадаа 2-3 залуутай яриад зогсож байсан ба би тээврийн хэрэгслээ зогсоож буухад Шинэбэяр нь намайг хараад өөдөөс инээгээд яваад ирсэн ба би олны дунд хэрүүл маргаан үүсгээд яахав гээд та цагдаагийн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж яагаад хэл амаар доромжилж байгаа юм бэ гэхэд шууд заамдаж аваад чи муу гөлөг яах гээд байгаа юм бэ та нар намайг барахгүй шүү гэхэд нь би та наад хувцас урлаа тавь гэхэд шууд зүүн талын мөрдөс хуу татаж чи энгийгээ надаар хэдэн төгрөгөөр авахуулах юм гэсэн. Тэгэхээр нь та төрийн алба хаагчийн хувцсыг ураад байна энэ миний хувийн хувцас биш шүү гэхэд дахин баруун талын мөрдөс хуу татсан ба тухайн үед ноцолдож байгаад тавиулсан юм. Тэгэхэд тэнд байсан хүмүүс боль гээд намайг түүнээс салгасан. Тэгэхээр нь би Шинэбаяр гэгчийг хоёулаа олны өмнө ийм байдал үүсгээд яахав ажил дээр очиж асуудлаа шийдье гээд гарнаас нь бариад автал дахин намайг боож аваад би явахгүй чи муу чаддаг юм бол намайг аваад яваарай, чи муу авилга авсанаа мэдэж байна уу муу гөлөгөө чи муу авилгачин гөлөг биз дээ гээд тэрүүгээр нэг орилж байсан. Тухайн үед хэсгийн цагдаа нөхцөл байдлыг үнэлж хөндлөнгөөс бичлэг хийсэн байгаа. Тэгээд миний толгойг дарж сугандаа хавчуулж хөшсөн, тэгээд миний нүд харанхуйлаад явчихсан ба хажуугаас хүмүүс ирээд салгасан ба дээшлээд хартал сумын Энхбаатар гэх залуу, Хишгээ гэх хүүхэн хоёр ирж салгаж байсан. Тэгээд би Шинэбаярыг чи яг одоо миний машинд суугаад цагдаагийн хэсэг рүү яв гэхэд явахгүй гээд зууралдаж байгаад тээврийн хэрэгсэлд суулгаж явсан. Тэгээд хэсгийн байрны гадна ирж тээврийн хэрэгслээс буулгатал шууд зугтаасан ба араас нь гүйцэж очиж дээлнээс нь барьж аваад таттал эргэж хараад намайг заамдаж аваад кобоны хашаанд савж мөргүүлэхэд хашааны тоосгон багана нурсан ба хажуугаас хэсгийн цагдаа ирж хоёулаа хамжиж хашаанд шахаж хөлөгөөнийг нь хязгаарлаад байж байх үед та муу хоёр гөлгийг ажилгүй болгоно, надад зээд шүүхэд танил байгаа чм буу авилгачин гөлөг гээ биз дээ гэхээр нь чи хаанаас намайг авилга авч байгааг харсан юм бэ гэхэд чи Төв аймгийн Цагдаад жолооч байсан гээ биз дээ дарга нарын улыг долоож, авилга өгч байж ийм ажилтай болсон гээ биз дээ чи бол авилга өгөөд сурсан пизда байна лээ би Төв аймгийн Цагдаагийн үүдэнд 5 алхаад гараад явчихна гэсэн зүйл ярьж байсан. Шинэбаяр миний хоолойг цамцаар мань боосон, мөн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж уруул язалсан, хүзүү хөшсөн, хашаанд савж шахсан...” /хх-ийн 18-19, 20 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Б.Анхбуянгийн:

“...Би Төв аймгийн Жаргалант сумын хэсгийн цагдаагаар, цагдаагийн дэд ахлагч цолтой ажилладаг. 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 19 цагийн үед ажил үүргээ гүйцэтгээд Колонкийн хажуугаар мотоцикльтой эргүүлд гарч байсан. Тухайн үед Колонкын хажууд 1-5 хүн цугларсан байдалтай байхаар нь очтол цэнхэр өнгийн Портер маркийн машины жолоочийн эсрэг талын хаалганаас 30-40 насны орчим эрэгтэй хүн чирэгдээд байхаар нь явж очоод хөдөлгөөнд оролцож байгаа машины араас чирэгдэж болохгүй гэсэн чинь “чамд ямар хамаатай юм, чи муу боловсролгүй гөлөг юугаа мэддэг юм, би мэдэж байна, надад шаардлага тавихгүй шүү, би Тулга та муу хоёр гөлгийг ажилгүй болгоно шүү, дээд шүүхэд танилтай юм чинь яадаг юм, би найзаараа хүргүүлэх гэж байна гээд над руу орилоод байсан тэгэхээр нь би хэсгийн төлөөлөгч Тулгад утсаар үүссэн нөхцөл байдлыг хэлээд Тулгын хамт Шинэбаярыг хайгаад Соёлын төвийн гадаа байхад нь очоод Тулга төлөөлөгч Шинэбаярт хандаж та яагаад цагдаагийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд байгаа юм бэ, цагдаагийн хэсгийн байранд очих хэрэгтэй байна гэж хэлэхэд Шинэбаяр мэндийн зөрөөгүй шууд Тулга төлөөлөгчийг заамдаж аваад нааш, цааш нь сэгсрээд, чи муу гөлөг авилгачин гөлөг, та муу хоёр авилга авсан биз дээ, та муу хоёр гөлөг гэх зэргээр хүмүүсийн хажууд доромжлоод байсан. Тэгэхэд би гар утсаараа бичлэг хийж амжсан, Соёлын төвийн хажууд Шинэбаяр нь Тулга төлөөлөгчийг заамдаж аваад мөргөөд байсан. Сумын Энхбаатар гэх залуу салгаад Шинэбаярыг машинд суулгаад цагдаагийн хэсгийн байранд авч ирэхэд дахиад Тулга төлөөлөгч рүү агсраад заамдаж аваад хашаа мөргүүлээд дахиад мөргөөд би дээд шүүхэд танилтай, та нар муу гөлөг юу юм, Тулга чи цагдаагийн жолооч байсан биз дээ гэх зэргээр доромжлоод байсан. Шинэбаяр нилээд согтуу байсан. Тулга төлөөлөгч бид хоёр Шинэбаярыг зодож цохисон асуудал байхгүй...” /хх-ийн 21-22, 23 дугаар хуудас/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Н.Энхбаатарын:

“...2017 оны 05 дугаар сарын 13-ны дөөр сумын Соёлын төвийн Малчдын зөвлөгөөн болсон. Намайг Соёлын төвийн гадна хүмүүстэй зогсож байхад Шинэбаяр мотоцикльтой Соёлын төвийн үүдэнд ирж зогссон. Тэгтэл араас нь хэсгийн төлөөлөгч Ч.Тулга, машинтай ирж зогсоод Шинэбаяртай уулзаж байгаа харагдсан. Шинэбаяр хэсгийн төлөөлөгч рүү дайрч, цамцаар нь хоолойг нь боож заамдсан байхаар нь би очиж Шинэбаярыг юу болоод байгаа юм бэ боль гэхэд миний үгэнд орохгүй хэсгийн төлөөлөгч рүү дайраад байсан. Би Шинэбаярыг цагдаад зодож болохгүй гэж хэлсээр байгаад болиулсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч Шинэбаярыг машиндаа суулгаад аваад явсан...” /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Дондогдоржийн:

“...2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хэсгийн төлөөлөгч Ч.Тулга дуудаж ирж мэдүүлэг өг гэсний дагуу оройны 18 цагийн үед малаа хотлуулчихаад сумын төвд цагдаагийн хэсгийн байранд ирж хэсгийн төлөөлөгчтэй уулзаж мэдүүлэг өгөөд өрөөнд нь сууж байх үед хэсгийн төлөөлөгчийн утас дуугарч, утсаар яриад намайг түр хүлээж байгаарай гээд гараад явсан. Би өрөөнх нь гадна 20-30 минут болж байхад хэсгийн төлөөлөгч машинтай ирж хашааны гадна зогсож машинаасаа буухад араас нь сумын Шинэбаяр бууж ирээд дотогшоо ор гэхэд чадахгүй, пизда минь гэж хэлээд буцаад алхсан, араас нь хэсгийн төлөөлөгч гүйж очоод барьж авахад заамдаж аваад цагдаагийн байрны гадна талын хашааг нуруугаар нь мөргүүлж, хашааг нь нураасан, хэсгийн төлөөлөгч Шинэбаяртай ноцолдож байх үед цагдаа ирж салгахад Шинэбаяр чи намайг чаддаг юм бол бариарай гээд дайрч чихнээс нь барьж сэгсэрч байсан...” /хх-ийн 26 дугаар хуудас/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч А.Найдандоржийн:

“...2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манай сумын төвд малчдын зөвлөгөөнд болж Соёлын төвийн гадаа зогсож байх үед Шинэбаяр мотоцикльтой ирж зогссон. Араас хэсгийн төлөөлөгч Тулга машинтай ирж зогсоод Шинэбаяртай уулзах үед Шинэбаяр согтуу бололтой хэсгийн төлөөлөгч рүү дайрч цамцаар нь боогоод байгаа харагдсан...” /хх-ийн 27 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

2.6. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 271 тоот дүгнэлтэд:

“...1. Ч.Тулгын биед хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд урууланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Ч.Тулгын биед учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна...” /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд:

3.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

3.2. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн гэрэл зургууд /хх-ийн 9, 10-11 дүгээр хуудас/,

3.3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тухай гэрэл зургууд /хх-ийн 12, 13 дугаар хуудас/,

3.4. Төв аймаг дахь Цагдаагийн газрын даргын тушаалын хуулбарууд /хх-ийн 14, 15, 16-17 дугаар хуудас/,

3.5. Төв аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн Засаг даргын ам бүл, оршин суугаа газрын талаарх тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаарх тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлалаа.

 

Шүүгдэгч М.Шинэбаяр нь согтуугаар, 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын Жаргалант 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ч.Тулгыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнийг цамцаар нь хоолойг нь боож, нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж, хүзүүг нь хөшиж, хашаанд савж шахах зэргээр хүч хэрэглэж, элдвээр доромжилж харааж хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, улмаар зодож, түүний биед хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд урууланд зулгаралт бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Ч.Тулгын ...шууд зүүн талын мөрдөс хуу татаж чи энгийгээ надаар хэдэн төгрөгөөр авахуулах юм гэсэн..., ...дахин баруун талын мөрдөс хуу татсан..., ...Тухайн үед хэсгийн цагдаа нөхцөл байдлыг үнэлж хөндлөнгөөс бичлэг хийсэн байгаа..., ...Шинэбаяр миний хоолойг цамцаар маань боосон, мөн нүүрэн тус газар толгойгоороо мөргөж уруул язалсан, хүүү хөшсөн, хашаанд савж шахсан

гэрч Б.Анхбуянгийн ...чамд ямар хамаатай юм, чи муу боловсролгүй гөлөг юугаа мэддэг юм, би мэдэж байна, надад шаардлага тавихгүй шүү, би Тулга та муу хоёр гөлгийг ажилгүй болгоно шүү, дээд шүүхэд танилтай юм чинь яадаг юм, би найзаараа хүргүүлэх гэж байна гээд над руу орилоод байсан..., ...Шинэбаяр мэндийн зөрөөгүй шууд Тулга төлөөлөгчийг заамдаж аваад нааш, цааш нь сэгсрээд, чи муу гөлөг авилгачин гөлөг, та муу хоёр авилга авсан биз дээ, та муу хоёр гөлөг гэх зэргээр хүмүүсийн хажууд доромжлоод байсан. Тэгэхэд би гар утсаараа бичлэг хийж амжсан, Соёлын төвийн хажууд Шинэбаяр нь Тулга төлөөлөгчийг заамдаж аваад мөргөөд байсан..., ...дахиад Тулга төлөөлөгч рүү агсраад заамдаж аваад хашаа мөргүүлээд дахиад мөргөөд би дээд шүүхэд танилтай, та нар муу гөлөг юу юм, Тулга чи цагдаагийн жолооч байсан биз дээ гэх зэргээр доромжлоод байсан...,

гэрч Н.Энхбаатарын ...2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр... ...Шинэбаяр хэсгийн төлөөлөгч рүү дайрч, цамцаар нь хоолойг нь боож заамдсан байхаар нь би очиж Шинэбаярыг юу болоод байгаа юм бэ боль гэхэд миний үгэнд орохгүй хэсгийн төлөөлөгч рүү дайраад байсан...,

гэрч Д.Дондогдоржийн ...Шинэбаяр бууж ирээд дотогшоо ор гэхэд чадахгүй, пизда минь гэж хэлээд..., ...хэсгийн төлөөлөгч гүйж очоод барьж авахад заамдаж аваад цагдаагийн байрны гадна талын хашааг нуруугаар нь мөргүүлж..., ...хэсгийн төлөөлөгч Шинэбаяртай ноцолдож байх үед цагдаа ирж салгахад Шинэбаяр чи намайг чаддаг юм бол бариарай гээд дайрч чихнээс нь барьж сэгсэрч байсан...,

гэрч А.Найдандоржийн ...2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр..., ...Шинэбаяр согтуу бололтой хэсгийн төлөөлөгч рүү дайрч цамцаар нь боогоод байгаа харагдсан... гэх мэдүүлгүүд, мөн шүүгдэгч М.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд,

шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 271 тоот хохирогч Ч.Тулгын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан талаарх дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Шинэбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч М.Шинэбаярыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийн шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, үүссэн хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй ч шүүгдэгч М.Шинэбаярын холбогдсон гэмт хэргүүд нь энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн буюу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үүссэн хор уршгийг арилгасан, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялаас (Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс) түүнийг чөлөөлөх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Шинэбаяр цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхжаргалын Шинэбаярыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овгийн Мөнхжаргалын Шинэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулах ялаас (Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс) чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Боржигон овгийн Мөнхжаргалын Шинэбаяр цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

4. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигон овгийн Мөнхжаргалын Шинэбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ГАНДАНСҮРЭН