Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ДШМ/80

 

О.Эрдэнэбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ж.Энхбат

 Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/832 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн эсэргүүцлээр О.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн 2114000000254 дүгээр хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Авга овогт Очирын Эрдэнэбаатар, ......оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /ВА87020910/

О.Эрдэнэбаатар нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-11-1249 тоот хашаанд өөрийн найз Х.Пүрэврагчааг чулуугаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохиол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас О.Эрдэнэбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалснаар хэрэгт зайлшгүй мөрдөн шалгах ажиллагааг явуулах үндэслэл байна гэж үзлээ.

Үүнд: 2021 оны 09 дүгээр сарын 02-ний өдрийн 46 дугаартай Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн:

1. О.Эрдэнэбаатарын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт / хх-ийн 104-105, /, гарсан бөгөөд уг дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “болсон хэргийн товч байдал дээр 2021 оны 06 дугаар сарын 04-нд бусдад зодуулсан гэх” гэж бичжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд үйл баримтыг 2021 оны 06 дугаар 04-ний өдөр болсон гэж бичжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч О.Эрдэнэбаатар нь “Х.Пүрэврагчаад зодуулсны улмаас хөнгөн гэмтэл авсан" талаар мэдүүлж байгаа, мөн О.Эрдэнэбаатар яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Тэгээд машинаас буухад Пүрэврагчаа чи яах гэж дахиад зодоон хийх гэж байна уу үзэх үү гээд дахиад хэрүүл гуйгаад унасан, тэгээд би өөдөөс нь очсон чинь миний нүүр лүү цохисон тэгэхэд Базарсүрэн миний араас тэврээд авахад Пүрэврагчаа дахиад намайг цохисон, тэгээд би доошоо суугаад гараараа газар тулахад гарт чулуу баригдахаар нь тэр чулууг аваад Пүрэврагчаа руу шидсэн” гэх мэдүүлгээс дүгнэхэд хохирогч Х.Пүрэврагчаагийн буруутай үйл ажиллагаа энэ хэрэгт нөлөөлсөн. Мөн Х.Пүрэврагчаагийн үйлдлээс болж О.Эрдэнэбаатарын биед хөнгөн гэмтэл учирсан болох үндэслэлтэй байна. Харин уг хөнгөн гэмтлийг учруулахад Ч.Базарсүрэн хамтран оролцсон эсэхийг шалгах нь зүйтэй байна. Мөн Ч.Базарсүрэн, Х.Пүрэврагчаа нарын үйлдэл нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн эсэхийг шалгах нь зүйтэй байна.

Мөн хэрэгт гэрч Ч.Базарсүрэн, Хохирогч Х.Пүрэврагчаа болон яллагдагч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байх тул шаардлагатай бол гэр хохирогч болон яллагдагч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1, 25.4 дүгээр зүйлийн 2-д заасныг баримтлан нүүрэлдэн мэдүүлэг авах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. Үүний үндсэн дээр яллагдагч О.Эрдэнэбаатарын үйлдэл, зүйлчлэлийг зөв тогтоох нь зүйтэй гэж дүгнэж хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Энхбат 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр О.Эрдэнэбаатарт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй ба дахин 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шинжилгээ хийлгэхэд О.Эрдэнэбаатарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тогтогдсон. Уг гэмтлийг О.Эрдэнэбаатар нь урьд мотоциклоос унаж гэмтэл авсан талаар 2 дахь удаа яллагдагчаар О.Эрдэнэбаатар нь 2 дахь удаа өгсөн “Хөнгөн гэмтэл гарсан тэр хугарал нь би 2020 онд мотоциклтой явж байгаад осолдсон юм тэгээд хамраа хугалсан. Пүрэврагчаа нь цохисноос болж хугараагүй юм. Пүрэврагчаа намайг зохисноос болж миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй” гэж мэдүүлсэн тул 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хөнгөн гэмтэл нь Х.Пүрэврагчаагийн үйлдлээс хамааралгүй, хэрэг үйлдэгдэхээс өмнө О.Эрдэнэбаатарт учирсан гэмтэл байна. Шинжээчийн дүгнэлтэд уг гэмтэл учирсан цаг хугацааг тогтоох боломжгүй гэж дурдсан болно.

Тухайн үйл явдал болох үед байсан хүмүүс хоорондоо найзууд, шүүгдэгч болон хохирогч, гэрч нар нь шүүгдэгч О.Эрдэнэбаатарын байшингийн хундаамыг цутгаж байсан бөгөөд бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь согтуурал шалгасан магадлагаа болон өөрсдийнх нь мэдүүлгээр тогтоогдсон байна.

Гэрч Базараагийн мэдүүлгээр “...Би наана нь нэг хүнтэй утсаар ярьж байсан болохоор тэр хоёроос жаахан холдсон байсан. Утсаар ярьж дуусаад очиход Х.Пүрэврагчаагийн толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд би “Юу болов та хоёр чинь” гэхэд Х.Пүрэврагчаа, О.Эрдэнэбаатар чулуугаар цохилоо” гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Д.Шаравнямын мэдүүлгээр “...Базарсүрэн бид хоёр салгахад Эрдэнэбаатар газраас чулуу авч Пүрэврагчаагийн толгой руу нь цохисон...” гэх мэдүүлгүүдээр уг хэрэгт Базарсүрэн хамтран оролцсон оролцоо байхгүй байна. Харин тухайн үед Пүрэврагчаа, Эрдэнэбаатар нарын хоорондын зодооныг салгасан байна. Хэрэгт тухайн цаг хугацаанд байсан хүмүүсээс бүгдээс мэдүүлэг авч хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг бүрэн хийсэн байна.

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд “ олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг гэж нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд халдаж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл энэ үйлдэлд нь өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийг танхайрах гэмт хэрэг гэж тодорхойлсон. Уг гэмт хэрэг үйлдэгдэх үед Базарсүрэн, Пүрэврагчаа нар нь бүлэглэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зүйлгүй. Базарсүрэн нь хүмүүсийн хэрүүл маргааныг таслан зогсоох, салгах үйлдэл хийсэн нь гэрч Д.Шаравнямын мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүхээс гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй гэж үзсэн бол шүүхийн хэлэлцүүлэгт гэрч, хохирогч нарыг оруулан мэдүүлэг авч зөрүүтэй гэх мэдүүлгийн зөрүүг гаргах боломжтой, энэ нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу гэм буруугүйн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байхад буцаасан нь үндэслэлгүй байна.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ШЗ/832 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Ж.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тус хэргийн яллагдагч О.Эрдэнэбаатар нь амиа хорлож нас барсан бол түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч О.Эрдэнэбаатар нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х70 шалтгаанаар нас барсныг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нас барсны бүртгэлийн 6401000238-рт бүртгэж, нас барсны гэрчилгээ олгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар О.Эрдэнэбаатарт холбогдох 2114000000254 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/832 дугаар хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч О.Эрдэнэбаатарт холбогдох 2114000000254 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийн “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэсгийг хангаж, Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/832 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч О.Эрдэнэбаатарт холбогдох 2114000000254 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

 ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

 Б.БОЛОР-ЭРДЭНЭ