Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/02552

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 14 өдөр

       Дугаар 102/ШШ2024/02552

Улаанбаатар хот

 

 

 

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, 6 дугаар байр, 47 тоотод оршин суух хаягтай, т.б

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Түв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Г.Бнэхэмжлэлтэй, холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 102/шш2022/01789 тоот захирамжаар зохигчдын эвлэрлийг баталсан.

Тус захирамжаар баталсан зохигчдын эвлэрэл буюу эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 102/шш2022/01789 тоот захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Т.Б эзэмшлийн улсын 04-04 УНН дугаартай тоёота венза жв /Тоуоta venza GV/ маркийн тээврийн хэрэгслийг үнэлж үнэлгээг 45,400,000 төгрөгөөр үнэлсэн ба энэ үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээ юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах учиртай бөгөөд шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь дээрх хуулиас гадна Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцэж явагдах шаардлагатай. Иймээс хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллагын үнэлгээ тогтоох ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавьж, хуулийн хүрээнд бодитой үнэлсэн гэж үзсэн тохиолдолд үнэлгээг холбогдох этгээдүүдэд мэдэгдэж тухайн үнэлгээгээр албадан дуудлага худалдаанд оруулах ёстой боловч дээрх эрх, үүргээ хэрэгжүүлээгүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасан. Гэтэл үнэлгээний тайлангаас харахад хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан дээрх шаардлагыг зөрчсөн. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг дурдсан байх боловч бусад аргыг хэрэглээгүй. Иймээс эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоогдоогүй.

Үнэлгээг тогтоох арга нь тодорхой байхад хуульд заасны дагуу үнэлгээг гаргаагүй. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шинжээч томилохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул үнэлгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн гэж үзэх боломжгүй.

Шинжээч дүгнэлтийн бүрдүүлбэр нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар 4-178/7098 тоот хөрөнгөний үнэлгээний талаарх “мэдэгдэл”-ийг 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр надад мэдэгдэж, гардуулсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан тул хуулийн хугацаанд нэхэмжлэлийг шүүхэд гаргав. Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122 дугаар зүйлийн 122.5-д “...иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1. 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж” гэж заасан байдаг. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 102/шш2022/01789 тоот захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэлийг гаргасан болно.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явагдаж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад улсын 04-04 УНН дугаартай тоёота венза жв /Тоуоta venza GV/ маркийн тээврийн хэрэгслийг 45,400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01789 дүгээр захирамжаар Т.Бгаас 180,626,475 төгрөгийг гаргуулж Г.Болгохоор шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22370599 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан Т.Бгийн эзэмшлийн 04-04 УНН улсын дугаартай тоёота венза жв /Тоуоta venza GV/ маркийн 4Т арлын дугаартай саарал өнгийн автомашиныг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 137/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 137/02 дугаар тогтоолоор хурааж үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4/20 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Виннэр Вэй” ХХК-иар тогтоолгоход 45,400,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4-178/7098 дугаар албан бичгээр талуудад танилцуулан үнэлгээг мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж, үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6/02 дугаар тогтоолоор 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр үнэ хаялцуулах дуудлага худалдаа зохион байгуулахыг талуудад 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 4-178/12851 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Анхны үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд худалдан борлоогдоогүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32023/12858 дугаар захирамжаар уг хэргийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/шш2022/01789 дугаар захирамжийн хуулбар /хх5-6/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4-178/7098 тоот “Үнэлгээний мэдэгдэл” албан бичгийн хуулбар /хх7/, хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /хх8-15/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 4-178/10270 тоот мэдэгдэл /хх24/, итгэмжлэл /хх40/, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх109-110/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/шш2022/04038 дугаар шийдвэрийн хуулбар /хх127-128/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 210/ма2023/00231 дугаар магадлалын хуулбар /хх129-130/, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 001/шхт2023/00309 дугаар тогтоолын хуулбар /хх131/.

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 01-137/133 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх32/, 22370599 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /хх45-108/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01/103 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх139/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрүүлсэн. Үүнд: О.Бат-Эрдэнийг гэрчээр асуусан /хх137-138/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 4-137/9147 тоот албан бичиг, хавсралт /хх145-158/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг.

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/шш2022/01789 дүгээр захирамжаар Т.Бгаас 180,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 626,475 төгрөгийн хамт гаргуулан Г.Бд олгохоор шийдвэрлэжээ.

 

2. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн захирамж гарч 00962 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22370599 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

3. 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Т.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дараах шаардлагыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

 

1/ Үнэлгээ хүчингүй болгуулах;

 

4. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа” гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно. 

 

Хоёр.

 

Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч Т.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох “Тоёота венза” /Тоуоta Venza GV/ маркийн, 04-04 УНН улсын дугаартай, саарал өнгийн суудлын автомашиныг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 137/01 тоот тогтоолоор битүүмжилжээ.

 

2. 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 137/02 тоот тогтоолоор дээрх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэжээ.

 

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгч Т.Бгаас автомашины хувьд 60,000,000 төгрөгийн үнийн санал өгснийг төлбөр авагч Г.Б хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид буюу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар тээврийн хэрэгслийн үнэлгээн дээр харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4/20 тоот тогтоолоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсгүүдэд нийцжээ.

 

6. Шинжээч дээрх эд хөрөнгийг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 45,400,000 төгрөгөөр үнэлсэн ба энэхүү хөрөнгийн үнэлгээ болон тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4-178/7098 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Т.Бмэдэгдсэн байна.

 

7. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. “Виннэрвэй” ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, эд хөрөнгийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ.

 

8. Дээрх байдлаар иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй буюу төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан, шинжээч томилсон, хөрөнгийн үнэлгээ болон тайланг холбогдох этгээдүүдэд мэдэгдсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Т.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

9. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6.4-т зааснаар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасан шаардлага хангасан этгээдэд шалгалт авах замаар олгоно.

 

10. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Үнэлгээний хуулийн этгээд дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна” гэж, мөн хуулийн 16.2.1 дэх хэсэгт “Хоёроос доошгүй үндсэн орон тооны үнэлгээчинтэй байх бөгөөд гүйцэтгэх захирал нь үнэлгээчний хугацаагүй эрх авсан байх” гэж заасан.

 

11. Үнэлгээчин О.Бат-Эрдэнэ нь “Виннэр вэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал ба хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн болон хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч байгууллагаас хуульд заасан журмын дагуу үнэлгээчин томилсон, мөн хуулийн этгээдээс хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “…НШШГ-аас О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилсон байхад хуулийн этгээд үнэлгээ хийсэн нь хуульд нийцэхгүй” гэх тайлбар үндэслэлгүй.

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Бгийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГАЛ