Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/02735

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр

      Дугаар 102/ШШ2024/02735

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч З.Доржнамжин, Ш.Оюунтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 40 дүгээр байр, 19 тоотод оршин суух хаягтай, Х.Г

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Премиум палас 12-14 давхарт оршин байх хаягтай, “ТТ” ХХК /

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 14,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Х.Г  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Намуун

/Иргэдийн төлөөлөгч болон хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/ 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч “ТТ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл “ТТ” ХХК-д харуулаар ажилласан. Өглөөний 8 цагаас 8 цаг 30 минутын хооронд ээлж солилцдог, өдрийн нэг гарааны 40,000 төгрөгөөр ажиллаж байсан.

2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр өглөө ээлж солилцоход н.Баасандорж гэдэг гагнуурчин залуу дээр доороо төмөртэй хаалганы төмрийн зүүлт гагнуур хийсэн байсан. н.Суурь гэдэг залуу ковшоо авч явахдаа тэр сул хаалгыг надад бариулчхаад явсан. Би 30-40 минут хүлээж байгаад ирэхгүй болохоор нь чирээд тэндээсээ нэг бүс авч хөшиж ойртуулах гэж байсан. Хуучин болдог байсан ч н.Баасандорж дээр нь гагнасан байснаас дээгүүр нь давахгүй тэгж байгаад хаалгандаа даруулсан. Тэгээд босож чадахгүй ухаан алдсан. Энэ ослоос болж миний хөл хугарч түнх гэмтсэн.

Би гэмтсэнтэй холбоотой эмнэлгийн байгууллагад үзүүлж эмчилгээ хийлгэсэн бөгөөд хариуцагч компаниас дараах зүйлсийг нэхэмжилж байна. Үүнд:

1/ Эмчид үзүүлсэн болон эмчилгээний зардалд 675,000 төгрөг;

2/Хэрвээ би хөлөө гэмтээгээгүй байсан бол миний 2 жил буюу 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс шүүхэд хандах хүртэл хугацааны цалин 13,325,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “ТТ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж дахин төлөвлөн барилгажуулах” төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Багц-7 төслийн ерөнхий гүйцэтгэгчээр 2018 оноос ажиллаж байна.

Х.Г нь уг төслийн барилгын харуулаар ажиллаж байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сараас дур мэдэн ажлаа хаяж явсан.

2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс дуудсаны дагуу нэхэмжлэлийг гардан авч танилцахад, 2020 аны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Багц-7 төслийн барилгын талбайд хаалга нээх үедээ хөлөө хугалж гэмтсэн, уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж н.Отгонбаяр байцаагч шалгасан гэж нэхэмжлэлдээ дурджээ.

Манай барилгын талбайд тухайн цаг үед ийм осол гэмтэл огт болоогүй бөгөөд цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгаж шийдвэрлэсэн талаар манай компанид ямар нэгэн мэдэгдэл, шийдвэр ирээгүй.

Тухайн үед төсөл хариуцан ажиллаж байсан инженер техникийн ажилтнаас тодруулахад осол гэмтэл болсон талаар мэдээлэлгүй байгаа ба энэхүү асуудлын талаар Х.Гаас гаргасан нэхэмжлэл дээрээс олж мэдлээ. Х.Г нь гэмтсэн талаараа манай компанид огт мэдэгдээгүй байгаагаас үзэхэд шүүхэд худал нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  НӨАТ-ын баримтууд /хх5-8, 14/, үзлэгийн хуудас /хх10-11/, эмнэлгийн магадлагаа /хх12/, сэргээн засах эмчилгээний карт /хх13/, рентген зураг /х15-16/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 102/шз2021/08549 тоот захирамж /хх18/, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ /хх25-27/, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1759 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар /хх45-46/, итгэмжлэл /хх86/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 21/1409 тоот итгэмжлэл /хх20/, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 24/110 тоот итгэмжлэл /хх94/.

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/4077 тоот албан бичиг, хавсралт /хх57-68/, Б.Мөнхбаярыг гэрчээр асуусан /хх75-77/, рапортын дэвтэр.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1759 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол авагдсан. Уг тогтоолоор Х.Гын 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн “ТТ” ХХК-ийн барьж буй барилга дээр харуулын үүрэг гүйцэтгэж байхдаа хашааны төмөр хаалганд даруулж гэмтсэн гэх гомдлыг шалгаад ГССҮТ-ийн гэмтлийн эмчийн “…хугарал бий эсэхийг шалгах зорилгоор …томографик болон …2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн баруун чөмөгний үе, дунд чөмөгний рентген зургуудыг давтан …уншуулж үзүүлэхэд …ясанд гэмтлийн өөрчлөлтгүй гэсэн учир гэмтэл тогтоогдоогүй” гэх мэдүүлэг,

“…шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 402 тоот дүгнэлтэд ‘…баруун түнхний үений эгц, аарцаг яс, 2 талын түнхний үе, дунд чөмөгний эгц байрлалын рентген зургаар яс, үенд гэмтэлгүй, …яснуудын зах ирмэгээр ясны шохойжсон ургалтуудтай, …бүсэлхийн 4/5 нугалам хоорондын жийргэвч жигд цүлхийж нугас болон мэдрэлийн ёзоорыг шахсан байдалтай, …Х.Гын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлтүүдийг үндэслэн Х.Г нь хаалганд дарагдсаны улмаас гэмтэж, эрүүл мэндэд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан ба уг тогтоолд гомдол гаргах эрхийг Х.Гт нээж үлдээсэн байна.

 

2. Дээрх Прокурорын тогтоолд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, энэ талаар маргаагүй.

 

Хоёр.

 

1. 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч “ТТ” ХХК-д холбогдуулж гэм хорын хохиролд дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ Эмчилгээний зардалд 675,000 төгрөг; олох байсан цалин 13,325,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөг гаргуулах.  

 

2. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч компанийн барилгын талбайд харуулаар ажиллаж байхдаа төмөр хаалганд даруулж гэмтсэн, ...иймд эмчилгээний зардалд 675,000 төгрөг, хөлөө төмөр хаалганд даруулж хугалаагүй байсан бол 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс шүүхэд хандах хүртэл хугацаанд олох байсан орлого буюу цалинд 13,325,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагчийн зүгээс “...манай барилгын талбайд тухайн цаг үед ийм осол болоогүй бөгөөд цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгаж шийдвэрлэсэн талаар манай компанид ямар нэгэн мэдэгдэл, шийдвэр ирээгүй. Х.Г нь гэмтсэн талаараа манай компанид огт мэдэгдээгүй байгаагаас үзэхэд шүүхэд худал нэхэмжлэл гаргасан гэж үзнэ”  гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. 

 

Гурав.

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Энэхүү хохирол нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байх учиртай.

 

2. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ. 

 

3. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Г ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэмтэл авсан, түүнд нэхэмжлэлд дурдагдсан гэмтэл учирсан болон   нэхэмжлэгчид учирсан гэх хохирлыг хариуцах этгээд нь “ТТ” ХХК мөн болох нь тогтоогдсонгүй. 

 

4.  Иймд хариуцагч “ТТ” ХХК-иас 14,000,000 төгрөг гаргуулах тухай Х.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дөрөв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч “ТТ” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 14,000,000 төгрөг гаргуулах тухай Х.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ

 

                         ШҮҮГЧ                                                                    З.ДОРЖНАМЖИН

 

                                                                                                          Ш.ОЮУНТУУЛ