Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 0329

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Б.Бүжинлхам  

Шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ганхуягт холбогдох эрүүгийн 1725000000119 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

  1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Тайж овгийн Н.Г Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Баруун туруун суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 5-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: /

 

  1. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Н.Г нь 2017 оны 09 сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Орхон аймаг, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Баян худалдааны төвийн баруун урд талд таксины зогсоол дээр Н.Тэгшзаяатай маргалдсаны улмаас хувцасных нь ар зах хэсгээр татаж газарт унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Н.Тэгшзаяагийн .. “Тэр өдөр Баян худалдааны төвийн баруун талд байдаг таксины зогсоол дээр 03-53 ОРА гэсэн дугаартай мөнгөлөг саарал өнгийн машинтай хүнд Дэнж баг руу хүргүүлье гэсэн чинь тэр дүүгээ аваад явах гэж байна та нар арын машинд суу гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд уурлаж Увсын шээс гэж хэлсэн. Тэгээд түүнийг чи намайг хүргэж өгөхгүй юм бол машиныг чинь цохино, шилийг чинь хагална, гээд машин руу гүйсэн юм. Тэгсэн чинь тэр машинаа эвдүүлэхгүйн тулд миний араас гүйж ирээд цементэн зам дээр миний хувцасны ар зах хэсгээс татаад газарт унагаасан. Би газарт унаад хэсэг зуур ухаан санаа балартаад босч ирсэн юм. Тэгсэн чинь тэр залуу машинтайгаа явчихсан байсан. Босоод ирэхэд миний нүүрнээс цус гарч баруун шанаа хэсэг маань хавдчихсан байсан. Тэр залуутай хэрэлдэж маргалдаж байхад миний нүүр, нүд шанаа зүгээр байсан. Хохирлын мөнгө 250 000 төгрөг өгсөн. Одоо өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р хуудас/

 

2. Гэрч Л.Батдэлгэрийн “Тэгшзаяа тэр жолоочтой нутаг усаар нь доромжлон Увсын дөрвөд гэж хэлж байсан. Тэр хооронд би Баян худалдааны төвийн арын хогийн савын хажууд бие засчихаад буцаад тэр хоёр дээр ирж байхад нөгөө таксины жолооч ах Тэгшзаяаг хувцаснаас нь татаж нүүрээр нь газарт унагаасан юм. Намайг очоод түүнийг барьж авах гэсэн чинь жолооч ганцаараа хөдлөөд зугтаагаад явчихсан юм” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 34-р хуудас/

 

3. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 835 дугаартай дүгнэлтийн “Н.Тэгшзаяагийн биед тархи доргилт, нүүрэнд шарх, нэг шүдний хугарал, нүүр, зүү сарвуу, хоёр өвдөг, зүүн хөлийн эрхий хуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал үүсчээ. Дээрхи гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хх-ийн 31-р хуудас/

 

4. Шүүгдэгч Н.Ганхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн ... “2017 оны 09 сарын 30-ны өдрийн орой ажлаа тараад Говил багт байдаг найз Хүрэлбаатарын хадам ээжийн өвлийн гэрийг барилцаж өгчихөөд гэртээ харих гээд Дэнж баруу явах гэтэл машин бензин муутай байсан учир 3-4 хүн аваад явах санаатай Баян худалдааны төвийн баруун талын таксины зогсоол дээр 00 цаг өнгөрч байхад очсон. Ингэд Дэнж баг руу явах хүн хүлээгээд байж байхад эмэгтэй, эрэгтэй хоёр хүн хоорондоо маралдсан байдалтай, миний машины урд зогсож байсан. Энэ үед манай хүргэн надтай адилхан нэртэй Ганхуяг зам хөндлөн гараад нэг залуутай хүрээд ирсэн. Тэгээд би хүлээж байснаа болиод ер нь хүргэн дүүгээ аваад явъя гээд машинд суулгасан. Тэр хүн олоод ирье гээд буугаад явчихсан. Нөгөө эмэгтэй над дээр ирээд миний машинд суух гээд байсан. Би түүнд хандаж би хүн авч явахгүй би дүүгээ аваад явлаа гэж хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй чи дөнгөж сая хүн авчихаад яахаараа намайг авч явдаггүй юм гэж байсан. Тэгээд над руу дайраад гараараа цээж рүү цохисон. Намайг түүнээс зугтаагаад холдсон чинь араас цохиж авах гээд хөөгөөд байсан. Намайг түүнд баригдахгүй зугтаагаад байсан чинь тэгвэл машиныг чинь авах юмгүй болгоно гэж хэлээд миний машин руу гүйгээд явсан. Тэгэхээр нь би түүний араас очоод хувцаснаас нь татаж унагаачихаад машиндаа суугаад хөдлөөд явсан. Түүнийг татаж унагааж байхад нөхөр нь ирээд намайг цохих гээд байсан. Тэр хооронд манай хүргэн Ганаа нөхрийг нь надаас салгаж авч үлдсэн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн эмэгтэйгээс өөрийн санаачилгаар уучлалт гуйж нүүрнийхээ шарх сорвинд эм тариа, тос аваарай гэж 250 000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас / зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Г-г нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

            Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ганхуяг нь 2017 оны 09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Баян худалдааны төвийн баруун урд талын таксины зогсоол дээр Н.Тэгшзаяатай маргалдсаны улмаас татаж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Н.Тэгшзаяагийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 835 дугаартай дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

                     Шүүгдэгч Н.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Н.Тэгшзаяа нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайжхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.Г-т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС