Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0471

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З*** ХХК /РД:***,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***ийн ***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ***гийн ***,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э***,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээх шийдвэр гаргах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзавъяа, нэхэмжлэгч Б.***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч З*** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            2.Нэхэмжлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын газар хянаад, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** дүгээр албан бичгээр хариу өгч, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 128/ШЗ2023/0504 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

            3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            З*** ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай *** тоот газар ашиглах тухай гэрээ байгуулж, Улаанбаатар хотын Налайх дүүргийн *** байгалийн цогцолборт газарт Аялал жуулчлалын ажиллагаа эрхлэх зорилгоор 1.0 га газрыг 5 жилийн хугацаанд, жилийн 1,200,000.00 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг төлж ашиглах эрхтэй болсон хэдий ч үйл ажиллагаа явуулах боломжоор хангаагүй дараах асуудлууд гарсан.

Үүнд: 2017 онд *** байгалийн цогцолборт газрын захиргаанаас зохион байгуулсан тооллогоор Байгаль орчин аялал жуулчлалын яам болон тус газрын кадастрын зургуудын огтлолцлын цэгүүд болон газрын байршил зөрсөн учраас тус компани Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хандаж тодруулга авахад 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр яамны мэдээллийн санд бүртгэлтэй, бусад газар ашиглагч нарын газартай давхцалгүй гэсэн бичиг ирсэн. Улмаар 2018 онд түр хашаа барьж, төслөө эхлүүлэхээр контейнер болон барилгын тоног төхөөрөмжүүдээ байршуулж бэлтгэл ажлаа хангах үед нь гэнэт давхцал гарч тус талбай дээр өөр айл дүнз мод буулгаж байшин барьж эхэлснээс маргаан үүсэж, улмаар *** байгалийн цогцолборт газар хандахад маргаан шийдэгдтэл 2 газрын үйл ажиллагааг зогсоосон хэдий ч одоо хүртэл шийдвэр нь гараагүй бөгөөд шийдэгдсэн эсэх нь тодорхой бус байдалтай байна.

Дээрх асуудал шийдэгдээгүй хэдий ч 2019 оны 6 дугаар сард газар ашиглалтын ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэж, цахилгааны техникийн нөхцөлөө гаргуулсан боловч газрын давхцалын улмаас бүтээн байгуулалтын ажил саатсан хэвээр энэ асуудал нь манай компанийн хүсэл зоригоос үл хамаарах ажил байсан.

Мөн Налайх дүүргийн зам засварын ажил, Дэлхийн цар тахал Ковид-19 нөхцөл байдал зэрэг шалтгаанаар тус газарт үйл ажиллагаагаа явуулах боломж олдоогүй.

Мөн манай компанийн зүгээс тухайн газрын анхны дуудлагын үнэ болох 5,000,000.00 төгрөг, байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх 2,800,000 төгрөг, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд 5,000,000 төгрөг, 6 жилийн газрын төлбөр, цахилгаан эрчим хүчний техникийн нөхцөл гаргуулж зураг хийлгэхэд 1,800,000 төгрөг хуурай салгуурын урьдчилгаанд 10,000,000 төгрөг түр хашаа барих зардал гэх мэт 20 гаруй сая төгрөгийн зардал гаргаад байгаа билээ.

            Манай компанийн зүгээс газрын төлбөрт 2016-2022 он хүртэл нийт 6,594,000 төгрөг төлж дахин газар ашиглах гэрээг сунгуулах тухай хүсэлтээ хүргүүлсэн хэдий ч бидний асуудлыг шийдэж өгөхгүй байсаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** тоот тушаалаар газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлээр манай газар ашиглах эрхийг цуцалсанд гомдолтой байна.

Нэхэмжлэлийн үндэслэл:

1. Газрын төлбөрийн асуудал дээр бүрэн төлсөн төлбөр тооцоогүй тухай 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 112 тоот акт зэргээр төлбөрийн үлдэгдэлгүйгээр баталгаажуулсан. /2016-2020 онуудад 4,530,000 төгрөг/ Налайхын газрын албаны нэхэмжлэлийн дагуу 2021, 2022 онуудад 2,064,000 төгрөгийг 100 хувь, төлсөн.

2. 2021 оны 4 дүгээр сард газрын ашиглах эрхийг сунгуулах хүсэлтээ өгсөн боловч манай хүсэлтийг шийдвэрлээгүй учир дахин 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *** тоот албан бичгээр дахин Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандсан хэдий ч шаардлагатай арга хэмжээ аваагүй.

3. Газрын давхцал, зам засвар, цар тахал гэх мэт нэмэлт давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас манай компани үйл ажиллагаагаа эхлэх боломж нөхцөл бүрдээгүй.

Шүүхийн өмнөх шатны ажиллагаа болгон дээрх 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож өгөх талаар 2022 оны 11 сарын 23-ны өдөр хандсан боловч тус яамнаас 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот албан бичгээр хариу өгснийг хүлээн аваад хүлээн зөвшөөрөх боломжгүй учир шүүхэд хандаж байгаа болно.

            Иймд Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** тоот тушаалыг хүчингүй болгож газар ашиглах гэрээний хугацааг сунгаж, ашиглах гэрээ байгуулахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Газрын давхцалын улмаас маргаан үүсээд байсан тул тус маргааныг дууссан дараа газар дээрээ үйл ажиллагаа явуулж болно гээд 2018, 2019 онуудад газраа ашиглах боломжгүй байсан. Түүнээс хойш тусгай хамгаалалтын газар хандсан ч хариу өгөөгүй. Төлбөрийн хувьд 2020 оноос өмнө хоцорсон асуудал байгаа. 2021 оны төлбөрийг хугацаандаа төлсөн. Газар ашиглах эрх цуцлагдсан байсан ч 2022 оны газрын төлбөрийг төлсөн. Биднийг ямар нэгэн нөхцөл боломжоор хангаагүй тул үйл ажиллагаа явуулах боломж байгаагүй.

            Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж байна. Хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг өөр ойлголт. Өөрөөр хэлбэл 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *** тушаалд төлбөр бүрэн төлөгдөөгүй талаар дурдаагүй байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн татварын сайтаас гарсан нотлох баримтаар нотлогдож байгаа.

            Мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа хоёр жил ашиглаагүй гэдэг дээр тайлбар хэлэхэд 2016 онд үйл ажиллагаа явуулах гээд холбогдох техникийн нөхцөл, газрын үнэлгээний дүгнэлт гарах ёстой байсан. Өөрөөр хэлбэл тэр газарт байгалийн унаган байдлыг алдагдуулахгүйгээр ямар үйл ажиллагаа явуулах, байшин баривал түүнийгээ яаж ээлтэй байдлаар ашиглах талаар дүгнэлтүүд нь гарч явдаг. Үүнийгээ албан ёсны ажил болгоё гэхэд газрын давхцалын асуудал үүсдэг байсан. 2017 онд газрын давхцалтай гээд үйл ажиллагаа явуулаагүй. 2018 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газрын давхцалгүй гэсэн хариуг ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан.

            Түүнээс хойш 2019, 2020 онуудад үйл ажиллагаа явуулах гээд манай талаас газрын үнэлгээ, дүгнэлтүүдээ гаргаад явахад мөн газрын давхцалын асуудал үүссэн. Контейнер авч ирж тавьсан, дүнзээр байшин барьсан нь фото зургаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тэгээд үйл ажиллагаа явуулах гэхэд газрын давхцалтай, юмнуудаа буулга гэдэг байсан. Тэнд манайхаас гадна өөр айлууд байсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хэрэг дээр хүлээцтэй хандсан болов уу гэж харж байгаа. гэв.

            5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

            "Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар тус компанид *** байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, Тэрэлжид аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон байдаг.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай" *** дугаар тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т ".. газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх...", 35.3.4-т ...газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх...", 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...", 40.1.6- д"...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй..." гэж заасныг удирдлага болгосон.

            Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

            Мөн хамгаалалтын захиргаанаас 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 тоот албан бичиг, 8 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал ирүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

            6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Тус захиргааны актыг эрх зүйн үндэслэлтэй буюу алдаагүй захиргааны акт гэж үзэж байна. Актын гол үндэслэл нь газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5, 41.6. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэг нь газар ашиглагч нь газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэл байдаг. Маргаантай байгаа газрын акт гарах үед Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн мэдэгдэл нь нотлох баримтаар авагдсан байгаа. *** байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар *** мэдэгдлээр *** байгалийн цогцолборт газрын хамгаалалт, хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа 39 иргэн, аж ахуй нэгжид төлбөрийн мэдэгдлийг хүргүүлсэн. Тус мэдэгдлийн 28 дахь хэсэгт З*** ХХК-ийн талаар дурдагддаг. Газрын төлбөрөө төлсөн ч 2022 оны сүүлд 1007862 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн бичиг ирсэн.

            Хэрэгт газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт авагдсан. Үүнээс харвал нэхэмжлэгч компани нэг жил алгасаад дараа жил нь төлөх байдлаар төлөөд эцсийн үлдэгдэл нь 0 төгрөг гэж харагдаж байгаа ч Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар улирал бүрийн сарын эхний 25-ны өдөр хугацаанд нь бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нь харагдаж байна. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт заасан тухайн ашиглаж буй газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл байдал илэрсэн.

            Энэ нь маргаан бүхий актын үндэслэл хэсэгт дурдаж байгаа *** байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тус газрын ашиглах эрхийг цуцлах санал ирүүлсэн. Тус саналд бодит нөхцөл байдлыг тогтоож, газрын үзлэг, газрын төлбөр төлсөн нөхцөл байдлыг тогтоосон талаарх баримтуудыг ирүүлсэн нь хэрэгт авагдсан. 2022 оны 08 дугаар сарын байдлаар нэхэмжлэгч тал газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газар нь хоосон байгаа зургийг ирүүлсэн. Нэхэмжлэгч тал 2016 онд газар ашиглах эрх авсан ч үүнээс хойш зориулалтын дагуу газраа ашиглаагүй нь харагддаг. Мөн газрын гэрчилгээний хугацаа нь дууссан байсан.

            Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу эрхийн гэрчилгээ эзэмшигч нь хүчин төгөлдөр хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг гаргах ёстой байдаг. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамд *** байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани газар ашиглах эрхийн хугацаа дууссаны дараа газар ашиглах эрхийг сунгаж өгөн үү гэсэн хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сард гаргасан. Үүнээс газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаанд нь гаргаагүй нь харагдаж байна. Эдгээр баримтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэгч З*** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, газар ашиглах гэрээний хугацааг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан.

            2.1.Газрын төлбөрийн асуудал дээр бүрэн төлсөн төлбөр тооцоогүй, төлбөрийн үлдэгдэлгүйгээр баталгаажуулсан.

            2.2.2021 оны 4 дүгээр сард газрын ашиглах эрхийг сунгуулах хүсэлтээ өгсөн боловч манай хүсэлтийг шийдвэрлээгүй учир 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дахин Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хандсан хэдий ч шаардлагатай арга хэмжээ аваагүй.

            2.3.Газрын давхцал, зам засвар, цар тахал гэх мэт нэмэлт давагдашгүй хүчин зүйлүүдийн улмаас манай компани үйл ажиллагаагаа эхлэх боломж нөхцөл бүрдээгүй.

                        3.З*** ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/156 дугаар тушаалаар *** байгалийн цогцолбор газарт Аялал жуулчлалын ажиллагаа эрхлэх зорилгоор 1.0 га газрыг ашиглах эрхтэй болж, 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газартай *** тоот газар ашиглах тухай гэрээ байгуулсан.

Мөн З*** ХХК нь ашиглах эрх бүхий газрын давхцалын талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тодруулга хүсэхэд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 06б/523 дугаар албан бичгээр ...мэдээллийн санд бүртгэлтэй, бусад газар ашиглагч нарын газартай давхцалгүй гэсэн хариу өгчээ.

Түүнчлэн тус шүүхэд хариуцагчаас ирүүлсэн З*** ХХК-ийн ашиглаж байсан 1.0 га газрын байршлын зургаар бусдын эзэмшил ашиглалтын газартай ямар нэгэн давхцалгүй байна.

4.Нэхэмжлэгчээс газрын анхны дуудлага худалдааны үнэ, Байгаль орчны ерөнхий үнэлгээ, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, цахилгаан эрчим хүчний техникийн нөхцөл гаргуулж зураг, цахилгааны шугам, хуурай салгуурын түр хашаа барих зэрэгт 20 гаруй сая төгрөгийн зардал гаргаж газрын төлбөрт 2016-2022 он хүртэл нийт 6,594,000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэлдээ дурджээ.

5.З*** ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 112 дугаар актаар Газрын төлбөрийн тооцоо 2016-2020 онд 4,530,000 төгрөг төлж, төлбөрийн үлдэгдэлгүй болохыг баталгаажуулсан, 2021, 2022 онд 2,064,000 төгрөгийг төлсөн нь банкны шилжүүлгийн баримтуудаар түүнчлэн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 23/665 дугаар албан бичгээр ирүүлсэн судалгаанд З*** ХХХ нь газрын төлбөрөө төлсөн бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; гэх үндэслэл тогтоогдсонгүй.

6.Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 06, 2020 оны 9 дүгээр сарын 01, 2021 оны 4 дүгээр сарын 14, 2021 оны 7 дугаар сарын 23, 2022 оны 9 дүгээр сарын 012022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тус тус Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хандан газар ашиглах эрхийг сунгуулах хүсэлт өгсөн байна.

            7.Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй талаарх холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй гэж хариуцагч тайлбарлах боловч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4.Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно., 27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна., 27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна. гэж заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоолгүй маргаан бүхий актыг гаргажээ.

8.Түүнчлэн *** байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 22/361, 8 дугаар сарын 16-ны өдрийн 22/529 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг хариуцагчид хүргүүлсэн боловч нэхэмжлэгч З*** ХХК-ийн хүсэлт, тайлбарыг харгалзан үзээгүй.

9.Нэхэмжлэгчээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан /хязгаарлалтын бүсэд/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах; гэж заасны дагуу газар ашиглах журмыг зөрчөөгүй, газрын төлбөрийг бүрэн төлсөн тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

10.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 1.Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч З*** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дугаар тушаалын З*** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, З*** ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6, 1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 27.5, 27.6-д зааснаар нэхэмжлэгч З*** ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар *** тушаалын З*** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, З*** ХХК-ийн газар ашиглах гэрээний хугацааг сунгахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН