Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/48

 

Н.*******, Өндөр толгойн оргил ХХК-д тус тус

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр

Шүүгдэгч Н.*******

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Н.*******ын гаргасан давж заалдах гомдлоор Н.*******, Өндөр толгойн оргил ХХК-д тус тус холбогдох эрүүгийн 1914006360003 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Нарантуяагийн *******, .....оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг Мөрөөдлийн байшин 5 тоотод оршин суух хаягтай, Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн 000138817 дугаарт бүртгэгдсэн, 3135268 дугаарын регистрийн дугаартай, тоног -төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулах эрхтэй, “Өндөр толгойн оргил” нөхөрлөл, регистрийн дугаар 3135268,

“Өндөр толгойн оргил” нөхөрлөл нь 2019 оны 08, 09 саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан 11/г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 173.375 төгрөгийн хохирол учруулсан,

“Өндөр толгойн оргил” нэр бүхий нөхөрлөлийн ахлагч буюу хуулийн этгээдийн ахлагч Н.******* нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2019 оны 08, 09 саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Өндөр толгой” гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан 11 /г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 173.375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн прокурорын газраас Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2, Өндөр толгойн оргил ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар  зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Нарантуяагийн *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд, 3135268, регистрийн дугаартай “Өндөр толгойн оргил” нөхөрлөлийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.*******т хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 5.7 дугаар зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “Өндөр толгойн оргил” нөхөрлөлийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах газрын хэвлий нөхөн сэргээлт эвдэрсэн газрын болон биологийн нөхөн сэргээлт хийх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж

 шүүгдэгч Н.*******ын тэнссэн хугацаанд ашигт малтмалыг эрж, хайхтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 9-т зааснаар шүүгдэгч Н.*******т нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “Өндөр толгойн оргил” нөхөрлөлд оногдуулсан хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгийн торгох ялыг 2 жил 1 сарын дотор хэсэгчлэн буюу сар бүр 800000 төгрөг төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “Өндөр толгойн оргил” нөхөрлөлийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.*******аас гэмт хэргийн улмаас газрын хэвлийд учирсан хохирол болох 520.125 төгрөг, нөхөн сэргээлтийн төлбөр 67038 төгрөг нийт 587.163 төгрөг гаргуулж, Их Богд байгалийн цогцолбор газар хамгаалалтын захиргаанд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Hovo маркийн 98-42 БНАулсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 15.000.000 төгрөг, экскаватор машины үнэ 13.000.000 төгрөг нийт 28.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Hovo маркийн 98-42 БНА улсын дугаартай авто машиныг эзэмшигч Н.*******т тус тус буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хуулийн этгээд “Өндөр толгойн оргил” нөхөрлөлийн Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн 000138817 дугаартай тоног төхөөрөмж худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа  явуулах эрхийн гэрчилгээг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст, Hovo маркийн 98-42 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг шүүгдэгч Н.*******т буцаан олгож шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 21 дүгээр эсэргүүцэлдээ:

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй буюу шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Учир нь прокуророос ялтан Өндөр толгойн оргил нөхөрлөл нь 2019 оны 08, 09 саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргатай байгуулсан 11/г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгальд 173.375 төгрөгийн хохирол учруулсан,

 Өндөр толгойн оргил нэр бүхий нөхөрлөлийн ахлагч буюу хуулийн этгээдийн ахлагч Н.******* нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2019 оны 08, 09 дүгээр саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргатай байгуулсан 11/г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгальд 173.375 төгрөгийн хохирол учруулсан гэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхээс шүүгдэгч нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэх заалтыг зөрчсөн байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн,  хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хуульчлахдаа 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна’ гэсэн байхад шүүдэгч Н.*******ын эзэмшлийн хово маркийн 98-42 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшилд нь буцаан олгож, түүний үнэ болох 15 000 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь тухайн хово маркийн 98-42 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл шүүгдэгч Н.*******ын эзэмшлийнх болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдсон дээрх тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад түүний эзэмшилд буцаан олгосон нь буруу юм.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* нь тухайн тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан хэдий ч тал мөнгийг өгөөгүй, одоо миний эзэмшилд байгаа талаар мэдүүлсэн нь хууль ёсны хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөл, эзэмшилд шилжсэн гэж үзэхгүй болно.

Иймд шүүгдэгч Өндөр толгойн оргил нөхөрлөл хуулийн этгээд, Өндөр толгойн оргил нэр бүхий нөхөрлөлийн ахлагч буюу хуулийн этгээдийн ахлагч Н.******* нарт холбогдох хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Н.******* гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Манай Өндөр толгойн оргил нөхөрлөл нь 2019 онд Бөмбөгөр сумын Засаг даргатай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байсан.

Манай компани нөхөн сэргээлтээ хийж байхад гэрч Д.Мөнх-очир нь ирээд шалгалт бол хийж байгаагүй гэхдээ манай ажиллаж байсан талбайн зургийг үзээд ... тэр үед миний нөхөн сэргээгээрэй гэж хэлж байсан газар мөн байна... гэж мэдүүлсэн бөгөөд Д.Мөнх-Очир нь  та нар нэгэнт нөхөн сэргээж байгаа юм чинь зөвхөн өөрт хамаарснаа хийгээд яваад өгдөг шүү энэ газрыг ч гэсэн бул гэж газрыг нь булаад байж байхад шалгалт ирсэн. Түүнээс тэр газрыг зөвшөөрөлгүй ухсан зүйл байхгүй. Зөвхөн булж байсан. Мөн шийтгэх тогтоолын 8-т бичигдсэн НОVO маркын машиныг үнэ болох 15.000.000, экскавоторын үнэ 13.000.000 төгрөгийг улсын орлого болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар улсын орлого болгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн экскаватор нь миний өмчлөлийн зүйл биш байсан тиймээс хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй  хэвээр үлдээнэ үү гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурор В.Дэлгэрмаагийн   эсэргүүцэл, шүүгдэгч Н.*******ын гомдолд тус тус үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэл болон гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хавтаст хэргийн 128-129, 133-134 дүгээр талд авагдсан Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 03 дугаартай 2 тогтоолыг харьцуулан үзэхэд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2019 оны 08, 09 дүгээр саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан 11/г/022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгальд 173.375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Н.*******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Гэтэл мөн дугаартай тогтоолоор  Өндөр толгойн оргил нөхөрлөлийг 2019 оны 08, 09 дүгээр саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан 11/г/022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгальд 173.375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Н.*******ын нэрийг зааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт ...хуулийн этгээдийг яллагдагчаар татаж байгаа бол хуулийн этгээдийн нэрийг заана” гэж заасныг зөрчсөн, “Өндөр толгойн оргил” нөхөрлөлд холбогдуулан Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол үйлдээгүй, харин Н.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татаж улмаар яллагдагч Өндөр толгойн оргил нөхөрлөл, Н.******* нарт холбогдуулан үйлдсэн Прокурорын яллах дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Мөн түүнчлэн яллах дүгнэлтэд “...Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан 11/г/022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгальд 173.375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн ...” гэж дүгнээд   хууль бусаар  ашигт малтмал хайх, ашиглах, олборлосон  гэмт хэргийг   үйлдсэн гэж үзсэн нь халдлагын зүйлээ зөв тодорхойлоогүйгээс тодорхойгүй, ойлгомжгүй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалтай нийцээгүй, зөрүүтэй  дүгнэлт хийжээ.

Хавтаст хэргийн 56 дугаар талд авагдсан иргэн О.Байгальмааг  хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.1 дүгээр зүйлд заасан хуулийн  шаардлагатай нийцээгүй буюу Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг гэмт  хэрэгт хувь хүнийг хохирогчоор тогтоох боломжгүй харин тухайн нутаг орны иргэдийн эрх ашгийг хамгаалах хуулийн этгээдийг хохирогчоор тогтоож,  тухайн хуулийн этгээд нь төлөөлөгчөө томилж, тухайн төлөөлөгчөөр дамжуулан  иргэдийн  зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хуульд зааснаар хамгаалдаг болохыг анхаараагүй хуулийг ноцтой зөрчжээ. 

Анхан шатны шүүх Прокурорын гаргасан алдаатай эрх зүйн баримт бичгүүдийг анхааралгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэн эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр  нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх  шаардлагыг хангаагүй байна.

Мөн анхан шатны шүүх  гэмт хэргийн улмаас газрын хэвлийд учирсан хохирол 520.125 төгрөг, нөхөн сэргээлтийн төлбөр 67.038 төгрөг нийт 587.163 төгрөгийг  Их богд байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд олгохоор шийдвэрлэсэн нь яллах дүгнэлт болон хэрэгт авагдсан Нуман Алтай ХХК-ийн шинжээчийн гаргасан хохирлын үнэлгээтэй зөрүүтэй,  хохирлын мөнгийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулж шийдвэрлээгүй алдаатай болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа ашигласан техник хэрэгсэлийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож хурааж байхаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т  заасан байх тул хураагдаагүй техник хэрэгсэлийг хурааж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг  Прокурорт буцааж шийдвэрлэсэн тул  шүүгдэгч  Н.*******ын гомдлыг хэлэлцэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

                     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

                       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн   1.3  -т заасныг тус тус  удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/100 дугаар шийтгэх тогтоолыг  бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Баянхонгор аймгийн  Прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол  шүүгдэгч  Н.*******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                                                                   Н.ЭНХМАА