Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/03020

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 07 өдөр

      Дугаар 102/ШШ2024/03020

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 105 дугаар байр, 51 тоотод оршин байх, О

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн 35, 107 тоотод оршин байх, “Б

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 29 дүгээр хороо, цайз 14а хаягт оршин суух Боржигон ургийн овогтой Д

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Дайчдын хөшөө 1, 4б тоотод оршин байх, “Д

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б.О хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,019,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чу

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Па

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлав. Үүнд: Нэхэмжлэгч Б.О нь Баянгол дүүрэг, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДД” нэртэй салонд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж гоо сайханчаар ажилд орсон. Уг салоныг хариуцагч Э.Д ажиллуулдаг бөгөөд нэхэмжлэгч нь анх ажилд ороод “...хөдөлмөрийн гэрээ хийх үү” гэж асуухад хариуцагч нь “яваандаа хийнэ” гэж хэлж байсан.

Б.О 2023 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байхад салбар хариуцсан менежер болох н.Хэрлэнчимэгийг мөнгө завшсан асуудалд холбож, хамт ажиллаж байсан намайг болон бусад 2 ажилчныг ажлаас халсан. Нэхэмжлэгч нь мөнгө завшсан асуудалд хамаагүй, дансанд нь ямар ч илүү мөнгө орж байгаагүй, энэ талаараа тайлбарласан боловч үндэслэлгүйгээр гүтгэж ажлаас халсан.

Нэхэмжлэгч нь энэ талаарх шийдвэрийг эрс эсэргүүцэж Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хандахад ажил олгогч компани болох “БББ” ХХК-ийн гүйцэтгэх захирал болох Э.П нь “гомдлоо буцаагаад авчих, хохирлыг чинь барагдуулна” гэж хэлсэн учир тухайн үед нэхэмжлэгч нь гомдлоо буцаагаад авсан. Гэвч Э.П нь бонус цалин болох 400,000 төгрөгөөс өөр юм өгөөгүй.

Ингээд нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дахин Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч гүйцэтгэх захирал болох Э.П нь хурал дээр эвлэрэх боломжгүй гэж мэдэгдсэн учир нэхэмжлэгч нь хариуцагч “БББ” ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, жирэмсний тэтгэмж гаргуулах, цалингаас суутгаж байсан эрсдэлийн сангийн 10 хувийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогч нь өөр хүн, хуулийн этгээд байх боломжтой нөхцөл байдал илэрсэн учир хэрэгт хамтран хариуцагчаар Э.Д, “ДД” ХХК-иудыг тус тус татан оролцуулсан.

Улмаар хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагч “БББ” ХХК болон “ДД” ХХК-иудад холбогдох шаардлагаасаа татгалзсан ба өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг мөн дараах байдлаар өөрчилсөн, уг шаардлагаа дэмжиж байна. Үүнд:

Б.О хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,019,000 төгрөгийг гаргуулах, 2022 оны 9 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, гоо сайханчийн ажилдаа эгүүлэн тогтоолгоно.

Хариуцагчийн “...нэхэмжлэгчтэй хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд орсон” гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь хувь хүн байж болох ба Э.Д нь нэхэмжлэгчтэй байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ заавал байгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй. Мөн нэхэмжлэгчийг хууль бусаар өөрийн ажиллуулдаг ДД салоны гоо сайханч ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Д нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б.Оыг гоо засалчаар хөлсөөр ажиллуулах болсон. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ хийгээгүй, учир нь “хөлсөөр ажиллах гэрээ хийе” гэхэд Б.О зөвшөөрсөн. Би хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй гэдгээ Б.Оад хэлсэн. Б.О “би өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураараа хувиараа төлөөд болох юм байна” гээд ямар нэг гэрээ хийгээгүй.

Ингээд хөлсөөр ажиллуулах болсон тул Б.Отай өдрийн хөлсийг дараах байдлаар тохирсон. Үүнд:

1/ Өдөрт гоо засалчаар ажиллахдаа үйлчилгээ /багц гоо сайхны эмчилгээний/-ний хөлсний 15 хувийг авч байна.

2/ Курс эмчилгээ, бараа бүтээгдэхүүн борлуулсан тохиолдолд тухайн үнийн дүнгээс 20 хувийн урамшуулал авч байна.

3/ Ажлын болон курс эмчилгээ, бараа бүтээгдэхүүн борлуулсны урамшууллын хөлсийг нь 15 хоногт нэг удаа тооцож олгож байхаар тохирсон.

Манай салонд хөлсөөр ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө хүсвэл курс болон бараа бүтээгдэхүүн борлуулсны урамшуулал 20 хувийг өдөрт нь олгох тохиолдол байсан. Энэ нь Э.Хэрлэнчимэг, Э.П миний болон мөнгө шилжүүлж байсан хүмүүсийн дансны хуулгаар батлагдана.

Б.О итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан гэж үзэж Б.О хөдөлмөр эрхлэлтийг харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхнө олговорт 19,019,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх тус тус хүлээнэ” гэсний дагуу Э.Д Б.О нарын хооронд бичгээр хийгээгүй боловч хөлсөөр ажиллах талаар тохиролцсон байгаа нь мөн зүйлийн “ Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно” гэсэнтэй нийцэж байгаа.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Амаар хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.1.1-д “ хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон” гэснээс үзэхэд ажлын хөлсийг хэрхэн яаж олгох талаар Б.Отай тохирсон. Бидний хооронд хийсэн хэлцэлд тодорхой хугацаа тохироогүй. Ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлсийг цаг тухайд нь олгож явсан.

Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх орлогоос курс эмчилгээ, бүтээгдэхүүн борлуулсны урамшуулал болох 20 хувиар тооцож 1,553,000 төгрөгийг дансаар болон бэлнээр дүү Э.Хэрлэнчимэгтэй хуйвалдаж авсан болохыг олж мэдсэн учир цаашид ажиллуулахгүй гэдгийг дүү Э.Паар хэлүүлсэн.

Б.О нь надтай тооцоо нийлж эрсдэлийн сангаас 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өөр хүртэл хугацаанд нийт 881,600 төгрөгийг суутгаж авсан байснаас 400,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын ажлын хөлс болох 423,010 төгрөгийн хамт нийт 823,000 төгрөгийг өгөөд ажлын хөлсний тооцоогүй болсон. Иймд Б.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтас, хх2/, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №34 тоот Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /1 хавтас, хх3-5/, итгэмжлэл /1 хавтас, хх 49/, Хаан банк дахь дансны хуулга /1 хавтас, хх54-72, 206-243/.

 

4. Хариуцагч “БББ” ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 хавтас, хх 8/, итгэмжлэл /1 хавтас, хх 9/, хуулийн этгээдийн гэрчилгээ /1 хавтас, хх 14/, дүрэм /1 хавтас, хх15-18/.

 

5. Хариуцагч Э.Даас дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1хавтас, хх 94/, хариу тайлбар /1 хавтас, 122-123/, чадамжийн гэрчилгээ, үнэмлэх /1 хавтас, хх 124-125/.

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Үзлэг хийсэн /1 хавтас, хх82-85/; Б.О “БББ” ХХК-д холбогдуулж Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурав талт хороонд гаргасан гомдол, уг гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх холбогдох баримтууд /1 хавтас, 96-100/; “Хаан банк” ХК-иас  тоот данс эзэмшигчдийн лавлагаа /1 хавтас, 102/, 5114013889 тоот дансны 2022.09.15-2023.03.31 хүртэл хугацааны хуулга /1 хавтас, хх141-180/; Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс лавлагаа /1 хавтас, хх 181-182/; Татварын Ерөнхий газраас “БББ” ХХК /ДД салон/, Энхбаатарын Даваажаргал нь татвар төлөгч эсэх, татварын мэдээлэл, лавлагаа /1 хавтас, хх 103-107/; Нийгмийн даатгалын Ерөнхий газраас “БББ” ХХК /ДД салон/, Энхбаатарын Даваажаргал нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн эсэх, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргаж өгдөг эсэх лавлагаа /1 хавтас, хх108-110, 184-187/; Нийгмийн даатгалын Ерөнхий газраас “ДД” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн эсэх, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргаж өгдөг эсэх лавлагаа /1 хавтас, хх 140/; Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ДД салон нэртэй хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагаа /1 хавтас, 111-121/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.О хариуцагч “БББ” ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, жирэмсний тэтгэмж гаргуулах, цалингаас суутгаж байсан эрсдэлийн сангийн 10 хувийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

2. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хамтран хариуцагчаар Э.Дыг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “ДД” ХХК-иудыг тус тус татан оролцуулсан.

 

3. 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Б.О нь өөрийн шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн. Үүнд:

1/ Б.О хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох;

2/ Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,019,000 төгрөгийг гаргуулах;

3/ 2022 оны 9 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх;

4/ Ажилд эгүүлэн тогтоолгох.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч нь хариуцагч “БББ” ХХК болон “ДД” ХХК-иудад холбогдох шаардлагаасаа татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдүүдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

5. Ингэснээр нэхэмжлэгч Б.О нь шүүх хуралдаанд хариуцагч Э.Дд холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,019,000 төгрөг гаргуулах, 2022 оны 9 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, хариуцагч Э.Дын ажиллуулдаг “ДД” салонд “гоо сайханч”-ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагуудаа дэмжиж оролцсон болно.

 

6. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...хариуцагч Э.Д нь нэхэмжлэгчтэй байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ заавал байгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх хуульд заасан үүргээ биелүүлээгүй,  нэхэмжлэгчийг хууль бусаар өөрийн ажиллуулдаг ДД салоны гоо сайханч ажлаас чөлөөлсөн, ...иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулна” гэж тайлбарласан.

 

7. Хариуцагч Э.Д нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний бус харин Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, ...уг харилцаа дуусгавар болсон буюу төлбөрийг бүрэн төлсөн” гэж тайлбарласан.

 

Хоёр.

 

1. Зохигчид талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн эсэх тал дээр маргаантай байна.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг”, 4.1.3-т “ажилтан” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг”, 4.1.15-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа” гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг” тус тус хэлнэ.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнд гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, цалин хөлсний талаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэхээс өмнө танилцуулах үүрэгтэй”,

41.2-т “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ”, 

41.3-т “Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно” гэжээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтууд буюу 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №34 тоот Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, нэхэмжлэгч Б.О Хаан банк дахь дансны гүйлгээний утга, үзлэг хийсэн тэмдэглэл, нэхэмжлэгчийн “...намайг ажлаас халсан гэдгийг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр надад ирсэн чатнаас мэдсэн” гэсэн тайлбар, хариуцагч Э.Дын шүүхэд гаргасан тайлбаруудаас үзэхэд дараах дүгнэлтэд хүрэхээр байна. Үүнд:

3.1. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Э.Дын ажиллуулдаг “ДД” оноосон нэртэй салонд гоо сайханчаар ажиллаж эхэлсэн буюу нэхэмжлэгч Б.О нь Э.Дтай хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон.   

3.2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болгосон.  

 

Гурав.

 

1. Хэрэгт Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 115 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг авагдсан. Уг албан бичигт “...Иргэн Б.О нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд “БББ ХХК”-тай холбогдуулан гомдол гаргасан. Гомдлыг хянан хэлэлцэх хуулийн хугацаанд гомдол гаргагч нь ажил олгогч талтай эвлэрсэн тул гомдлоосоо татгалзсан. Талуудын тохирсон хугацаанд ажил олгогч тал нь нэхэмжилсэн мөнгийг шилжүүлээгүй гэсэн үндэслэлээр 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дахин Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандан гомдол гаргаж хуулийн хугацаанд хурлаар хэлэлцүүлсэн болно. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нь тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэдэггүй. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар тогтоолын 4.5 (Аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хорооны ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэнэ)-д заасны дагуу иргэнээс ирүүлсэн өргөдлийг хуулбарлан Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хуулбар үнэн тэмдгийг дарж хүргүүлэв” гэжээ.

  

2. Мөн хэрэгт 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Б.Оаас Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан нь дараах утга бүхий өргөдөл авагдсан. Уг өргөдөлд “...миний бие Б.О нь БББ ХХК-д гаргасан гомдол, өргөдлөө буцаан эх хувиар нь авъя. Компанийн удирдлагатай эвлэрсэн болно. Dr skin 2 салбар буюу Баянгол дүүрэг дэх салбар дахь ажилласан хугацааны цалин 460,000 төгрөгийг бэлэн авсан. 160,000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 29-нд өргөдлөө өгөөд авна” гэж тусгагдсан байна.

 

3. 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Б.О нь Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд “БББ” ХХК-д холбогдуулж дараах утга бүхий өргөдлийг гаргасан. Үүнд: “...Б.О нь 2023.03.24-нд ‘БББ’ ХХК-д өргөдөл гаргаад 2023 оны 3 дугаар сарын 30-нд менежер болох Хэрлэнчимэг хохирол барагдуулна гэж гуйж өргөдлөө авчих 1 сарын дотор хохиролгүй болгоно гэж хэлсний дагуу өргөдлөө буцаан авсан. Мөн гүйцэтгэх захирал Паг ажлаас гарахаас өмнө бонус цалингийн үлдэгдэл 460,000 төгрөгийг бэлэн 160,000 төгрөгийг 2023.03.29-нд, үлдэгдлийг 2023.03.30-нд дансаар авсан. Үүнээс хойш хэлсэн хугацаа нь болсон боловч менежер Хэрлэнчимэг, гүйцэтгэх захирал Пагмадулам өгөхгүй гэсэн хариу авсан болно. Өнгөрсөн хугацаанд миний бие тааруу, ар гэрийн асуудлаас болоод ахин хөөцөлдөж чадахгүй удсан. Миний бие ‘БББ’ ХХК-д 7 сар ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, гэнэт халагдсаны цалин, ...цалингаас суутгадаг байсан 10 хувийг нөхөн төлөхийг шаардаж байна” гэжээ. 

 

4. Дээрх гомдлыг Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос хянаад 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр №34 тоот “...талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх харилцан тохироогүй тул ажиллагааг дуусгавар болгов. Иймд ажилтан энэхүү тэмдэглэл/шийдвэр-ийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандан маргааныг шийдвэрлүүлж болно” гэсэн шийдвэрийг гаргасан. 

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж заасан.  

 

6. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүй дуусгавар болгосон талаарх гомдлоо нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнөө мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш ямар хугацаанд, хэрхэн гаргах талаар дээрх байдлаар нарийвчлан зохицуулсан байна.  

 

7. Хэрэгт цугларсан дээрх баримтуудыг нэхэмжлэгчийн шүүхэд хандсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч Э.Дыг татан оролцуулсан цаг хугацаатай харьцуулан судлахад нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй гэж үзнэ.

 

8.  Иймд хариуцагч Э.Дд холбогдох Б.О нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

      

Дөрөв.

 

1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “БББ” ХХК болон “ДД” ХХК-иудад холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Э.Дд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19,019,000 төгрөг гаргуулах, 2022 оны 9 дүгээр сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.О шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ