| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/03121/И |
| Дугаар | 102/ШШ2024/03231 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/03231
| 2024 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/03231 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Дулаахан байр хотхон, 45 дугаар байр, 8 тоотод оршин суух хаягтай, Ц.Б
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайван өргөн чөлөө гудамж, Гоулд 41 дүгээр байр, 15 тоотод оршин суух хаягтай, Р.М
Нэхэмжлэлийн шаардлага: 40,968,373 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч Р.М
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Төвшинтөгс
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч өөрийн шаардлага, үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлав. Үүнд: Миний бие 2015 оноос 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Гоулд 41 дүгээр байрны 1 дүгээр давхарт байх 100м2 үйлчилгээний талбайг хүнсний 8 нэрийн дэлгүүрийн зориулалттай түрээслэн ажиллуулсан.
Би хариуцагч Р.Мтай жил бүр бичгээр гэрээ байгуулах байдлаар талбайг түрээслэдэг байсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би хариуцагчтай түрээсийн гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан.
Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээг цуцалж, байр чөлөөлж өг гэсэн шаардлага тавьсан. Гэрээний дагуу сарын хугацаанд шаардлагыг биелүүлэх ёстой байсан ч хариуцагч Р.М дэлгүүрийн хаалганы түгжээний голыг сольсноор дэлгүүрт байсан бараа бүтээгдэхүүнээ авч чадаагүй, үлдэгдэл барааг 32,663,630 төгрөгөөр тооцож үлдээсэн. Үүнээс 10,200,000 төгрөгийг түрээсийн төлбөрийн үлдэгдэлд суутган тооцож өгсөн. Ингээд нэхэмжлэгч нь анх дэлгүүрт үлдээсэн барааны үлдэх үнэ 22,468,373 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар өөрчилж, ихэсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 41 дүгээр байрны нэг давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг дэлгүүрийн зориулалтаар түрээслэсэн. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “ППП” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээн дээр маргаж байна. Учир нь энэхүү гэрээний дагуу түрээслэсэн нэг давхарт байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Р.Мын өмчлөлд байх бөгөөд түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй.
Тиймээс дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар уг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Нэгэнт талуудын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус тул хариуцагч нь нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр шаардах эрхгүй болно.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрт төлсөн 18,500,000 төгрөгийг гаргуулна.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар дэлгүүрт үлдээсэн барааны үнэ болох 22,468,373 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Дээр дурдсанчлан хариуцагч Р.М дэлгүүрийн хаалганы түгжээний голыг сольсноор дэлгүүрт байсан бараа бүтээгдэхүүнээ авч чадаагүй, үлдэгдэл барааг 32,663,630 төгрөгөөр тооцож үлдээсэн. Үүнээс 10,200,000 төгрөгийг түрээсийн төлбөрийн үлдэгдэлд суутгасан. Хариуцагч нь уг барааны үнийг нэхэмжлэгчид төлнө гэж байсан ч төлөөгүй, одоо бараануудын хугацаа дууссан, ашиглах боломжгүй болсон. Ингээд нийт 40,968,373 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:
1/ Хариуцагч Р.М нь 2016 оноос хойш уг дэлгүүрээ нэхэмжлэгчид түрээслэж ирсэн, ингэхдээ жил жилээр гэрээ хийж явдаг. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Ц.Б болон Р.М нар №022/1 тоот “Ажлын байр түрээслэх гэрээ”-г байгуулсан. Гэрээний зүйл болох Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Гоулд 41 дүгээр байрны 1 дүгээр давхарт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч Р.М юм.
Хэдийгээр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн “Ажлын байр түрээслэх гэрээ”-нд “ППП” ХХК-ийн тамга дарагдсан боловч тус компанийн захирал нь Р.М. 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулахад тусгай зөвшөөрөл авдаг бөгөөд уг зөвшөөрлийг заавал хуулийн этгээдийн нэр дээр гаргадаг учир “ППП” ХХК-ийн нэр дээр гэрээг байгуулсан. Бодит байдал дээр уг гэрээ нь Ц.Б болон Р.М нарын хооронд байгуулагдсан. Үүнийг ч нэхэмжлэгч үгүйсгээгүй, энэ утгаараа хариуцагчаар хуулийн этгээд бус Р.Мыг татсан.
2/ Түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь 2 давхар, нийт 230.7м2 талбайтай бөгөөд нэхэмжлэгч нь нийт талбайгаас 100м2 талбайг л түрээсэлсэн. Талуудын байгуулсан түрээсийн гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй барилга бүхэлдээ бус харин тодорхой хэсэг нь түрээслэгдсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, үүнээс үүдэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ч 100м2 талбайг түрээслэж байсан талаараа бичсэн, энэ талаараа өөрөө маргаагүй. Гэрээ хүчин төгөлдөр учир нэхэмжлэгч түрээсэнд төлсөн мөнгөө буцаан нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
3/ Нэхэмжлэгч Ц.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ байгуулагдахаас өмнөх буюу 2019 оны 11 дүгээр сарын гэрээний түрээсийн үлдэгдэл, мөн 2022 оны гэрээ байгуулагдсан цагаас эхлэн түрээсийн төлбөр болон хэрэглээний ус, тог, дулааны мөнгөө тогтоосон хугацаанд төлөхгүй байсаар 2022 оны 12 дугаар сарын байдлаар нийт 10,345,779 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2022 оны гэрээ байгуулагдсан цагаас эхлээд л хариуцагч нь төлбөрөө төлж барагдуулахыг амаар, утсаар сануулсан, шаардсан. Гэвч зохих арга хэмжээг авахгүй байсан учир нэхэмжлэгчид түрээсийн гэрээ цуцлахыг эсхүл төлбөрөө барагдуулаад хамтран ажиллахыг санал болгон мэдэгдсэн. Нэхэмжлэгч өөрөө гэрээ цуцлахыг хүлээн зөвшөөрсөн учир эд зүйлээ аваад гэрээ дуусахад буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд түрээсийн талбайг чөлөөлөх шаардлага тавьсан. Гэвч тогтоосон хугацаанд чөлөөлөөгүй учир арга буюу 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр очиж өөрөө дэлгүүрийг суллаж авсан. Тухайн үед дэлгүүрт байсан барааны 50 хувь нь хугацаа дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон байсан.
Ингээд бид хоорондоо ярилцаад буюу нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 10,345,779 төгрөгийн барааг түрээсийн үлдэгдэл төлбөрт нь тооцож авсан. Хариуцагчийн зүгээс үлдэгдэл бараагаа хүлээж ав гэсэн шаардлагыг тавьсан боловч нэхэмжлэгч өөрөө ирж аваагүй, үндэслэлгүйгээр барааны мөнгийг шаардаж эхэлсэн. Одоо нэхэмжлэгчийн бараанууд нь агуулахад байж байгаа, ирж ав гэж хариуцагч зөндөө хэлсэн.
Нэхэмжлэгч Ц.Б нь гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний буруугаас гэрээ цуцлагдсан учир хариуцагч нь ямар нэг хохирлыг хариуцах учиргүй. Иймд хохирлын гэх төлбөрийг зөвшөөрөхгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: орлогын баримтууд /хх4-15/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх98/, дансны хуулга /хх184-189/, 3 ширхэг барааны бүртгэлийн дэвтэр.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх22/, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №022/1 тоот “Ажлын байр түрээслэх гэрээ” /хх23-25/, “ППП” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 022/201 тоот “Түрээсийн гэрээ цуцлах тухай” албан бичиг /хх 26/, “ППП” ХХК-ийн тусгай зөвшөөрөл /хх78/, “ППП” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх79/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, барааны үлдэгдлийн жагсаалт.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: үзлэг хийсэн тэмдэглэл /хх 46-68, 126-151, 156-180/. Ө.Оюунжаргалыг гэрчээр асуусан /хх80-84/.
6. Шүүхийн санаачилгаар дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, Гоулд 41 дүгээр байрны 1 дүгээр давхар /100м2 гэх/ хаягт хэдэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ гарсан талаарх дэлгэрэнгүй лавлагаа /өмчлөх гэрчилгээ тусдаа гарсан эсэх, өмчлөгчийн лавлагаа/, уг хаягт түрээсийн гэрээний бүртгэл хийгдсэн эсэх лавлагааг авсан /хх89-90/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. Хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №022/1 тоот түрээслүүлэгч “ППП” ХХК болон түрээслэгч Ц.Б нарын хооронд байгуулагдсан “Ажлын байр түрээслэх гэрээ” авагдсан ба уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:
1.1. Түрээслүүлэгч талын эзэмшилд буй байрны ажлын байрны зориулалттай талбайг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаагаар хүнсний дэлгүүрийн зориулалтаар ашиглуулна;
1.2. Дэлгүүрийн талбайн хөлс 1,500,000 төгрөг /цахилгаан, дулаан, ус, СӨХ, хэрэглээний төлбөрийг түрээслэгч тал 100 хувь төлнө/.
2. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Р.Мад холбогдуулж түрээсийн төлбөрт төлсөн 18,500,000 төгрөг, дэлгүүрт үлдээсэн гэх барааны үнэ 22,468,373 төгрөг, нийт 40,968,373 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан.
3. 18,500,000 төгрөгийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №022/1 тоот ‘Ажлын байр түрээслэх гэрээ’-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасны дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй учир уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлсэн хэлцэл бөгөөд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Талуудын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус тул хариуцагч нь нэхэмжлэгчээс түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрт төлсөн 18,500,000 төгрөгийг гаргуулна” гэж,
22,468,373 төгрөгийн шаардлагын үндэслэлээ “...дэлгүүрт үлдээсэн барааны үнэлгээ нь 22,468,373 төгрөг бөгөөд уг барааны үнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас гаргуулна” гэж тус тус тайлбарласан.
Хоёр.
1. Түрээсийн төлбөрт төлсөн 18,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага:
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.Б болон хариуцагч Р.М нарын цахимаар харилцсан ярианд хийсэн үзлэгийн тэмдэглэл, “…Баянгол дүүрэг, 2 дугаар хороо /16050/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 41 дүгээр байрны нэгдүгээр давхарт байршилтай, 230.7м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн Р.Мын өмчлөлд эрхийн улсын Ү-2205030971 дугаарт бүртгэлтэй” талаарх Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, түүний хавсралт, ЭТӨЧ гоулд 41 дүгээр байрны 1 давхарт спиртийн өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаа худалдах эрхийг “ППП” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл зэргийг зохигчийн шүүхэд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №022/1 тоот “Ажлын байр түрээслэх гэрээ” нь бодит байдал дээр түрээслүүлэгч Р.М болон түрээслэгч Ц.Б нарын хооронд байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсгүүдтэй харшлахгүй гэж шүүхээс дүгнэлээ.
Дээрх гэрээний заалт, агуулгаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээний хэлбэрийг заахдаа бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлж байгаа бол бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатайг хуульчилсан.
2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №022/1 тоот “Ажлын байр түрээслэх гэрээ”- Ц.Б болон Р.М нарын хооронд байгуулагдсан ба уг гэрээ нь бичгээр байгуулагдах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийн нэг гэрчилгээтэй талбай нь бүхэлдээ бус харин тодорхой хэсэг нь түрээслэгдсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, үүнээс үүдэн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгчийн “…түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул уг гэрээ нь байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгүүдэд зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрт төлсөн 18,500,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага хангагдахгүй.
Нөгөөтэйгүүр, үүрэг хүлээсэн хэлцэл нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байсан ч хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүртэл чөлөөлөөгүй тохиолдолд уг хугацаанд талбайг үнэ төлбөргүй ашиглаж, өөрийн хөрөнгөө хэмнэх замаар үндэслэлгүй хөрөнгөжих боломжгүй.
2. Барааны үнэ 22,468,373 төгрөг гаргуулах тухай шаардлага:
Хэдийгээр нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “...дэлгүүрт үлдээсэн барааны үнэлгээ нь 22,468,373 төгрөг бөгөөд уг барааны үнийг хариуцагч Р.Маас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу гаргуулна” гэж тайлбарласан боловч шаардлагын агуулгаас үзэхэд гэрээ хариуцагчийн буруугаас болж дуусгавар болсноос өөрт учирсан хохирлоо шаардсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, 227.2 дахь хэсэгт “Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй” гэж тус тус зохицуулжээ.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэхийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5 дахь хэсгүүдэд заажээ. Мөн түрээсийн гэрээний нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар гэрээг дуусгавар болгохыг Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.2.1 дэх хэсгүүдэд заасан.
2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №022/1 тоот “Ажлын байр түрээслэх гэрээ” болон Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасан эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ нэхэмжлэгч Ц.Б зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас дуусгавар болгосон болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна. Гэрээ цуцлагдсан явдалд түрээслүүлэгч буруугүй байх тул хохиролд 22,468,373 төгрөгийн хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Гурав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588,193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч Р.Маас 40,968,373 төгрөг гаргуулах тухай Ц.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588,193 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ