Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 00038

 

 

 

 

 

 

 

 

 

 “У” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02726 дугаар шийдвэртэй, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Б холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт нийт 187 505 284 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Т-гийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Иргэн Б.Б-тэй 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлын өрөө хөлслөх гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэгт байрлах нэхэмжлэгчийн өмчлөлийн үйлчилгээний барилгын хоёр давхрын 312 м.кв талбайг түрээсэлсэн. Б.Б түрээсийн талбайд “Н” нэртэй караоке ажиллуулсан. Гэрээний хугацаа 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жил, сарын түрээсийн төлбөр 5 304 000 төгрөг гэж тохиролцож өрөө хөлслөх гэрээ байгуулсан. 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр караоке, баарныхаа тохижилтыг сайжруулахаар засвар хийх болж 3 сарын түрээсийн төлбөр 4 305 000 төгрөгөөр төлөх хүсэлт гаргасныг хүлээж авсан. Б.Баасанхүү 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрийг зохих ёсоор төлсөн. Үүнээс хойш төлбөрийг өөрийн дураар 4 305 000 төгрөгөөр, хүссэн хугацаанд төлөх болсноор 2016 оны 1 дүгээр улиралд 1 005 000 төгрөг, 2 дугаар улиралд 4 875 000 төгрөг, 3 дугаар улиралд 6 293 000 төгрөг, 4 дүгээр улирал болон 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 9 820 000 төгрөг, нийт 21 994 000 төгрөгийн өр үүсгэсэн.

Хариуцагч дээрх өр төлбөрт 2017 оны 01 дүгээр улиралд 12 000 000 төгрөг, 2 дугаар улиралд 5 000 000 төгрөг, 3 дугаар улиралд 4 800 000 төгрөгийг төлж, 2017 онд 193 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бидэнтэй уулзаж үлдэгдэл төлбөр 193 000 төгрөг, 2017 оны 6, 7 дугаар сарын цахилгааны төлбөр 335 000 төгрөг, 8 дугаар сарын цахилгаан 184 905 төгрөг, 9 дүгээр сарын цахилгаан 233 885 төгрөг, нийт 946 125 төгрөгийг төлж барагдуулна гээд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн “Хаан банк” ХХК-ийн данснаас 945 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингэхдээ тоног төхөөрөмжөө 30 000 000 төгрөгөөр зарагдах юм бол төлбөрөө төлөөд ажлын байрыг хүлээлгэж өгье гэсэн боловч 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй, талбайг чөлөөлөөгүй.

Хэрэгт авагдсан 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн өрөө хөлслөх гэрээ гэх баримт нь хуурамч юм. Учир нь, тухайн үед “У” ХХК-ийн захирлаар н.Ж байгаагүй ба 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Ж.Б ерөнхий захирлаар томилогдсон байсан нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд орсон өөрчлөлтөөр нотлогдоно. “У” ХХК нь “N” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй, Л.Б миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна. Харин Б.Б-тэй байгуулсан хэд хэдэн удаагийн гэрээ хэрэгт авагдсан. Үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг түрээсэлсэн учраас улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй, бүртгүүлэх бодит боломж ч байхгүй. Нийт 17 587 м.кв талбайн аль хэсгийг бүртгэлийн газар 312 м.кв гэж бүртгэх нь тодорхойгүй учир бодит байдалд биелэх боломжгүй. Хариуцагч гэрээг хүчин төгөлдөр бус гэж тайлбарлах боловч энэ талаар сөрөг шаардлага гаргаагүй тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлын байрыг хүлээлгэж өгөх акт үйлдэж хүлээлгэн өгсөн. 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 26 сар 18 хоногийн хугацааны төлбөр 141 086 400 төгрөг. Үүнээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 8 000 000 төгрөгийг хасч 133 086 400 төгрөг болох хэдий ч 120 744 000 төгрөгийг, алданги 60 372 000 төгрөгийн хамт гаргуулна.

Үүнээс гадна 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулж, 1 давхрын 155 м.кв талбайг 1 жилийн хугацаатай, сарын 2 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. Б.Б энэ талбайд тоглоомын төв ажиллуулна гэсэн боловч бидний зөвшөөрөлгүй нийтийн караоке ажиллуулсан ба засвар хийгээд тухайн байрны хэвийн байдлыг алдагдуулсан. Уг засвараа гүйцээхгүй орхиж биднийг хохироосон атлаа түрээсийн төлбөрийг төлөхгүй, гэрээг дуусгавар болгохгүйгээр орхиж явсан. Түүний хариуцлагагүй байдлаас болж хэвийн байдлаа алдсан талбайг 35 м.кв, 120 м.кв-аар 2 хувааж, 120 м.кв-ыг 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бусдад түрээслүүлсэн. 35 м.кв нь эвдрэл их байсан тул 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бусдад түрээсэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацааны 1 сар 16 хоногийн түрээсийн төлбөрт 3 833 000 төгрөг, алдангид 1 916 500 төгрөг, харин 35 м.кв талбайн хувьд 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 сар 4 хоногийн түрээсийн төлбөрт 639 784 төгрөг болох тул Б.Б-гээс 2 гэрээний түрээсийн төлбөрт 125 216 784 төгрөг, алдангид             62 288 500 төгрөг, нийт 187 505 284 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

 

Хариуцагч тал тайлбартаа: Анх 2007 онд “У” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж 312 м.кв талбайг түрээсэлж төлбөрийг 10 гаруй жилийн хугацаанд харилцан итгэлцлээр шударгаар төлж ирсэн, гэрээний хугацаа дуусч 2017 оны 11 дүгээр сард түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн. Одоо өөр байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Түрээсийн төлбөрийг “У” ХХК-ийн нягтлан бодогч Д.Ш-т кассын орлогын баримт болон бэлнээр өгдөг байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ажлын байр хүлээлцэх 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн акт нь  талууд эвлэрлийн гэрээ байгуулахдаа ажлын байр хүлээлгэж өгөх гэсэн заалт оруулсан. Уг заалтын дагуу мөн өдөр ажлын байр хүлээлгэж өгсөн баримт үйлдсэн нь хавтаст хэргийн 51 дэх талд авагдсан шүүгчээс татгалзсан захирамжид тодорхой тусгагдсан.

Хариуцагчийн хувьд 2017 оны 11 дүгээр сард ажлын байраа хүлээлгэж өгөх гэтэл нэхэмжлэгч дараагийн түрээслэгчийг олж өг гэснээр сонинд зар өгч 2017 оны 12 дугаар сараас н.М караокег түрээсэлж, үүнээс хойш хугацаа Б.Б-д огт хамааралгүй болсон. Талуудын байгуулсан гэрээ нь өрөө хөлслөх гэрээ бөгөөд агуулгаас нь үзвэл түрээсийн гэрээ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт хэрэв энэ шаардлагыг хангаагүй бол тус гэрээ нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Хууль тогтоогч түрээсийн гэрээг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, хэрэв бүртгүүлээгүй бол гэрээ хүчин төгөлдөр бус байна гэдгийг тодорхой заасан байна.

2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 3 дугаартай Улсын дээд шүүхийн зөвлөмжид Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 болон 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулаагүй, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бол гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаврыг хуулиар зохицуулсан гэж тайлбарласан. Түрээсийн гэрээг байгуулахдаа дээрх журмыг зөрчсөн, эд хөрөнгө хөлслөх гэрээг хэрэглэсэн хуулийн ноцтой алдаа гарч байна. Түрээсийн гэрээг заавал бичгээр байгуулж, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой. Нэхэмжлэгч 2 гэрээг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-гээс 187 505 284 төгрөг гаргуулах тухай “У” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1 095 480 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 20, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан “Өрөө хөлслөх гэрээ” гэж нэрлэсэн гэрээний зүйл нь “бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө” бус харин “бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө”-ийн нэг хэсэг болох нь хэргийн 5 дах талд авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн Г-0051587 дугаар гэрчилгээгээр нотлогдоно. Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн түрээсийн гэрээнд хамаарна. Түрээсийн гэрээ бичгээр байгуулах хуулийн шаардлага хангасан, үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус хэсгээр түрээсэлсэн нь зохигчдын тайлбар, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангагдах боломжгүй, үүнээс үүдэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй юм.

Зохигчдын хооронд байгуулагдсан, маргаан бүхий гэрээний зүйл нь дээр дурдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн 17 587 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, энэхүү шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх зохицуулалтад хамааралгүй болно. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэхэд гэрээг улсын бүртгүүлэх шаардлагагүй тул хэлцэл хүчин төгөлдөр байх бөгөөд анхан шатны шүүхийн “... хүчин төгөлдөр бус гэрээ байна” гэх дүгнэлт буруу, шийдэл нь үндэслэлгүй. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний хэлбэрийн шаардлага гэрээний зүйлийн ашиглалтыг үгүйсгэхгүй атал шүүх хариуцагчийн ажлын байрыг ашигласан буюу түрээслэсэн хугацааны түрээсийн хөлс төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь огт ойлгомжгүй, илт үндэслэлгүй болсон.

Шүүх, зохигчид 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний үүрэг буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үүргийг төлөөгүй болохоо тайлбарлаж, төлөх үндэслэлгүй гэж маргасан байдал, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний 35 м.кв талбайн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны төлбөрийн үүргийн талаар зохигчид маргасан, хариуцагч энэ хугацааны төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй байдлыг үл харгалзан, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрийн үүрэг шаардсан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байх тул өөрлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрт 115 856 784 төгрөг, түүний алдангид 57 608 500 төгрөг, нийт 173 465 284 төгрөгийг гаргуулах, 312 м.кв ажлын байрны талбайг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлын байрыг актаар хүлээн авсантай холбогдуулж, талбайг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагаасаа татгалзаж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 125 216 784 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 62 288 500 төгрөг, нийт 187 505 284 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 55/

 

Хэрэгт 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн өрөө хөлслөх гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ тус тус авагдсан байна. /хх15-19/ Өрөө хөлслөх гэрээгээр “У” ХХК нь хөлслөгч Б.Б-д өөрийн өмчлөлийн 312 м.кв талбай бүхий 10 өрөөг 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 36 сарын хугацаагаар, ажлын байрны зориулалтаар, 1 сарын 5 304 000 төгрөгөөр хөлслүүлэх, “ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээ”-ээр Б.Б нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл сарын 2 500 000 төгрөг төлөх нөхцлийг тус тус харилцан тохиролцсон байна.

 

2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний зүйл болох 312 м.кв талбайд хариуцагч Б.Б нь “Н” нэртэй караоке ажиллуулсанд болон 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний зүйлийг нэхэмжлэлд дурдсан хугацаанд ашигласан эсэх талаар зохигчид маргаагүй, харин дээрх гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн талаар маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг хууль зүйн үндэслэлтэй тодорхойлсон атлаа бичгээр байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Талуудын хувьд түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус, харин түүний нэг хэсэг гэдэгт маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0051587 дугаар гэрчилгээгээр тогтоогджээ. /хх5-6/ Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь нийт 1 758.7 ам.метр талбайтай байх бөгөөд хариуцагч үүний 312 м.кв, 155 м.кв  талбайд нь тус тус гэрээ байгуулсан байна. Үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдэх, ийнхүү бүртгүүлээгүй гэрээ хүчин төгөлдөр бус байх талаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар зохицуулсан боловч талуудын хооронд үүссэн дээрх харилцаанд энэхүү заалт хамаарахгүй юм. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд тухайн гэрээний зүйлийн ашигласан хугацааны хөлсийг түрээслэгч тал төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлохдоо, хариуцагч Б.Б-г 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний зүйлийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл өөрийн эзэмшилд байлгасан гээд, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөр 120 744 000 төгрөг, алданги 60 372 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээний төлбөр болон алдангид 6 389 284 төгрөг, нийт 187 505 284 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хэргийн 119-123 дах талд авагдсан бэлэн мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордер зэрэг баримтаас үзвэл, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд “Н караоке түрээс” гэх гүйлгээний утгаар нийт       23 800 000 төгрөг төлөгджээ. Уг төлбөрийг нэхэмжлэгч 2016 оны түрээсийн үлдэгдэл төлбөрт хамаарч тооцогдсон гэх боловч талууд энэ талаар тохиролцсон зүйлгүй буюу уг тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. Энэхүү төлбөрийг төлсөн баримтаас үзвэл 2017 оны 2 дугаар сараас мөн оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг тухайн саруудад нь төлсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 125 216 784 төгрөгөөс дээрх 23 800 000 төгрөгийг хасч тооцвол хариуцагч нь түрээсийн төлбөрт 101 416 784 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч тал 2017 оны 11 дүгээр сард түрээсийн гэрээний зүйлийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн, улмаар өөр бусад этгээдүүд түрээсийн талбайг түрээслэсэн гэж маргах боловч хэрэгт авагдсан “Ажлын байр хүлээлгэн өгөх акт” /хх48/ болон талуудын тайлбараар 312 м.кв талбай бүхий ажлын байрыг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээлцжээ.  Талууд төлбөр төлөх хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох талаар гэрээ тус бүртээ тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцэж байх тул хариуцагчийн төлөөгүй төлбөр  болох 101 416 784 төгрөгийн алдангийг үнийн дүнгийн 50 хувиар тогтоож 50 708 392 төгрөг тооцохоор байна.

 

Гэвч зохигчид 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 312 м.кв бүхий түрээсийн талбайг ашиглаагүй гэдэгт хэн аль нь маргаагүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэх талаар тодорхой санал гаргаж байсан зэрэг үйл баримтууд болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэснийг үндэслэн ашиглагдаагүй хугацааны алдангийг хариуцагчаас гаргуулах шаардлагагүй  гэж давж заалдах шатны шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл, ашиглаагүй 1 жил 2 сарын хугацааны түрээсийн төлбөр 74 256 000 төгрөгт тооцогдох алданги 37 128 000 төгрөгийг нийт алданги болох 50 708 392 төгрөгөөс хасч 13 580 392 төгрөгийн алдангийг түрээсийн төлбөр 101 416 784 төгрөгийн хамт буюу 114 997 176 төгрөгийг хариуцагч Б.Б-гээс гаргуулж, үлдэх 72 508 108 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Үүнээс гадна, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн ажлын байрны талбай, өрөө хөлслөх гэрээний төлбөрт хамаарах мөнгөн төлбөрийн талаар татгалзсан тайлбар гаргаагүй ба талууд уг гэрээний төлбөрийн тухайд маргаагүй болно. 

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад хуульд заасны дагуу өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2019/02726 дугаар шийдвэрийн, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-гээс түрээсийн гэрээний үүрэгт нийт               114 997 176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 72 508 108 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 095 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 732 936 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 095 480 төгрөгийн 732 936 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                        Т.ТУЯА