Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 91

 

                                                        

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

       Шүүгдэгч: Б.Д,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Б-ийн Д-д холбогдох эрүүгийн 1735000390014 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн  дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Тариалан сумын Хархираа багт оршин суудаг, гавъяа шагналгүй, РД:ОМ80052311, О овгийн Б-ийн Д.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Н зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

                1. Хохирогч Ц.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Ц-ын хамт “Хар толгой”-д байдаг хадлангийн талбайгаа усалж дуусаад гэрлүүгээ явж байтал манай Хархираа багийн Д гэх ах биднийг гараараа даллаад байсан. Тэгээд нөхөр бид хоёр Д ахын хажууд очсон. Тэгтэл Д ах манай нөхрийг татаж үнсээд, бас намайг үнсэх гэхэд нь би үнсүүлээгүй юм.  Д ах бид хоёрт хандаж “Машин түлхээд өг” гэхээр нь бид хоёр машиныг нь түлхээд асахгүй болохоор нь би нөхөртөө “Би ядраад байна, явья” гэхэд манай нөхөр мотоцикль дээрээ суугаад би ард нь суух гэж байтал Д ах араас ирээд бид хоёрыг мотоциклоос түлхэж унагаасан. Тэгээд Ц-г заамдаж аваад газарт унагаагаад цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би “Та яагаад тус болсон хүнийг цохиод байгаа юм” гэхэд “Чамд ямар хамаатай юм бэ? янхан, банзал минь” гэж хэлэхээр нь би “Та намайг янхан, банзал явсныг хаана харсан юм бэ” гэж хэлэхэд Д ах “Би чамайг мэднэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та намайг ингэж хэлж байгаа юм чинь би таныг шүүх, цагдаад өгнө” гэхэд “Сумын хоёр цагдааг би танина, чи чаддаг юм бол хэлээд гараад ир” гээд утасны дугаар хэлээд миний цамцыг татаж энгэр лүү шүлсээ цацсан. Тэгээд “Надад ном байгаа, би чамайг номын хүчээр давна” гэж хэлэхээр нь би “Тэгвэл би таныг авга ахдаа хэлнэ” гэж хэлээд нөхрөө салгаж аваад “Гурван тээл”-д байдаг гэр лүүгээ явсан. Гэртээ очоод болсон зүйлийн талаар гэрийнхэндээ хэлэхэд манайхан цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Д ах миний толгой болон ар нуруу, зүүн гарын булчин хэсэг рүү чулуу шидсэн ба  миний зүүн хөлний өвдөг хэсгээр шүргээд өнгөрсөн. Одоо миний нуруугаар хөшиж өвдөөд, толгой эргээд, дотор муухайраад хүзүүгээр хөшиж өвдөж байна. Давааням ах нөхөр бид хоёрыг мотоцикль дээр сууж байхад түлхэж унагаах үед би зүүн талаараа газарт унаснаас болоод миний зүүн талын ташаа болон бүдүүн гуя хэсгээр өвдөж зовиурлаж байна. Зодуулснаас болж миний бие муудаж аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 4 хоног эмчилгээ хийлгэсэн бөгөөд гаднаас эм тариа авч байсан. Тухайн үед гарсан зардлаа Д ахаар төлүүлж авмаар байна. Одоо надад хохирлын тооцооны баримт байхгүй, өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн” гэх мэдүүлэг / хх-ийн 13-14-р тал/,

                 Хохирогч Ц.Н-ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: Б.Д-аар зодуулах үед би 2-3 сартай жирэмсэн байсан. Гэхдээ миний жирэмсэн байсныг манай нөхрөөс өөр хүн мэдээгүй байсан, гаднаас харахад жирэмсэн гэдэг нь  мэдэгдэхгүй байсан, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, ураг хэвийн бойжиж байна гэж эмч нар хэлсэн. Надад Б.Д-аас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг,

                 2. Гэрч Э.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би эхнэр Н-ийн хамт “Хартолгой” орж хадлангийн талбайгаа услаад буцаж явтал замд манай багийн Д ах машиныхаа хажууд зогсож байхад нь очиж уулзахад “Машин асахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр машиныг нь түлхээд асаагүй. Тэгтэл манай эхнэр “Машиныг түлхээд  асахгүй байна, 2-лаа  явья, миний бие ядраад байна” гэж хэлэхээр нь би мотоцикль дээрээ очоод суухад эхнэр Н араас ирээд мөн мотоцикль дээр суусан. Тэгээд  мотоциклийн түлхүүрээ эргүүлээд асаах гэж байтал Д ах миний мотоциклийн урд талд ирж зогсоод хамгаалалтын төмөрнөөс бариад “Багийн төв ороод гэрээс аккумляатор аваад ирье” гэхээр нь би “Чадахгүй, манай эхнэрийн бие муу байна. Гэрт хүүхэд хүлээж байгаа. Бид хоёр таньд тус болоод машиныг чинь түлхэж өглөө” гэхэд “Чи юу болчихсон юм” гэж хэлээд миний мотоциклийг түлхээд унагаачихсан. Тэр үед эхнэр бид хоёр мотоциклтойгоо хамт унахад Д миний хоолойн дээр дараад заамдаад авсан. Тэр үед манай эхнэр Н “Та яаж байгаа юм бэ” гэж хэлээд салгах гэхэд Д тохойгоороо манай эхнэрийн толгойг цохисон. Тэгэхээр нь би босоод мотоцикл руу явж байтал Д араас ирээд миний толгой руу цохиход эхнэр “Та болиоч” гэхэд Д эхнэрийн цээж рүү шүлсээ цацаад толгой руу нь хэдэн удаа цохисон. Тухайн үед манай эхнэр жирэмсэн байсан бөгөөд болсон асуудлаас айсан байх, гэртээ ирээд бие нь муудахаар нь түргэн тусламж дуудаж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

                3. Гэрч У.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Б.Д нь миний авга дүү юм. Д надад “ архи уусан согтуу байхдаа эхнэр, нөхөр хоёрыг цохиж гэмтээсэн” талаараа хэлсэн. Д ажил төрөлд сайн, даруухан, хүнд муу санаж явдаггүй, гарын дүйтэй, модоор гэрийн модон эдлэл хийдэг, газар тариалан эрхэлдэг, хавар намрын улиралд хүмүүсийн хадлан тариаг хурааж өгдөг тусч сайн залуу байгаа юм. Би урьд өмнө Д-г хүн цохиж, зодсон гэж сонсож байгаагүй бөгөөд Д их даруухан залуу юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

            4. Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн №444 дугаартай шинжээч эмчийн: “Үзүүлэгч Ц.Н-ийн биед гэмтэл учирсан байна. Зүүн өвдөгт цус хуралт, зүүн бугалга, бүсэлхийн зүүн ард зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Умайн хүзүү 1,5 см нээлттэй байна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Ц.Н нь 13-14 долоо хоногтой жирэмсэн байна. Умайн хүзүү нээлттэй байгаа ч жирэмсний тээлтийн явц одоогоор хэвийн үргэлжилж байна” гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/,

            5. Шүүгдэгч Б.Д-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р тал/,

            6. Шүүгдэгч Б.Д-ын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33-р тал/,     

       7. Хохирогч Ц.Н-ийн хохирол, гомдол, нэмэмжлэх зүйлгүй талаархи хүсэлт /хх-ийн 42-р тал/,

            8. Гэрч Ч.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Д гэртээ ирээд надад  “Миний машин явж байгаад унтраад асахгүй болохоор нь асаах гээд оролдож байтал мотоцикльтой хоёр хүн явж байхаар нь дуудахад манай багийн Цр, Н хоёр байсан. Тэгээд тэр хоёр миний машиныг түлхсэн боловч асаагүй юм. Би тэр 2-т хандаж,  “Ахын дүү багийн төв ороод аккумляатор дөхүүлээд өг” гэсэн чинь “Чадахгүй пизда минь, би гэрлүүгээ яарч байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Чи ямар сонин залуу вэ, аккумляатор дөхүүлж өгөөд надаас мөнгийг нь ав” гэж хэлэхэд Ц надтай маргалдаад эхэлсэн” гэж ярьсан. Тухайн үед Ц нь эхнэр Н хамт явж байсан гэсэн. Тэгээд маргааш нь цагдаагийн газраас манай нөхөр лүү “Аймгийн цагдаагийн газар дээр ир” гэж ярьсан. Түүний дагуу манай нөхөр аймаг орж цагдаагийн газарт очиж уулзаад буцаж ирэхдээ “Ц, Н нар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна” гэж хэлсэн. Түүний дараа 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Д надад “Ц-ын эхнэр Н жирэмсэн байсан байна” гэж хэлэхээр нь би “Тухайн өдөр чиний машин түлхэж байхад чи хараагүй юм уу” гэхэд “Тэр өдөр бид гурав машин түлхэж байхад жирэмсэн гэж анзаарагдаагүй, би шинжээч эмчийн дүгнэлттэй танилцаад мэдлээ” гэж хэлсэн. Манай нөхөр Д нь ямар ч хүнтэй амархан найз нөхөд, ахан дүүс болчихдог хүн юм. Бид хоёр гэр бүл болоод 12 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Сэлэнгэ аймагт очиж ажиллаж байсан. Д нь газар тариалангийн болон өөр ямар ч ажлыг их нямбай, хурдан шуурхай хийдэг бөгөөд гарын ур дүйтэй учир мужаан хийж олон хүмүүст гэрийн мод хийж өгсөн. Хүн бүр л манай нөхрөөр ажил төрлөө хийлгэх гэж ирдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 77-р тал/,

            9. Шүүгдэгч Б.Д-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэтэд байдаг манай хамаатны ах Д манайд хоноод маргааш нь Эрдэнэт явах ёстой байсан. Бид хоёр 2017 оны 08 дугаар сарын 02-ны өглөө манайд нэг шил 0,75 граммтай “Тэргүүн” нэртэй архи хувааж уусан. Тэгээд би Д ахыг явах машинд нь суулгаж өгчихөөд буцаад явж байтал миний машин унтраад асахгүй байсан тул машин, мотоцикльтой хүн ирэхийг хүлээгээд зогсож байтал надаас холхон мотоцикльтой хүн явж байхаар нь дуудахад хүрээд ирсэн. Тэр хүмүүс Хархираа багийн Н, Ц гэх таньж мэддэг эхнэр, нөхөр хоёр байсан тул “Машин асахгүй байна, та хоёр түлхээд өгөөч” гэхэд тэр хоёр миний машиныг түлхсэн боловч асахгүй байсан тул Н, Ц хоёр мотоцикль руугаа явчихсан. Тэгэхээр нь би араас нь очоод “Чи надад мотоциклоороо багийн төвөөс аккумляатор дөхүүлээд өг” гэхэд Ц “Чадахгүй, би хүүхэд рүүгээ яарч байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мотоциклийнх нь урд талд гарч зогсоод гэрлийн хамгаалалт төмрөөс нь бариад мотоциклийг нь хоёр тийш хөдөлгөж байгаад түлхэхэд тэр хоёр газарт унасан. Ц газарт унаад босож ирээд бид хоёр муудалцаж нэг нэгнийгээ цохисон. Тэгтэл хажуунаас эхнэр Н нь надтай хэрэлдээд байхаар нь эхнэр Н нь толгой тус газар нэг хоёр удаа цохиод цээж рүү нь шүлсээ хаясан. Би тухайн үед согтуу байсан болохоор өөрийгөө хянах чадваргүй, мөн машин асахгүй байсанд бухимдуу байсан тул ийм асуудал гаргасан. Би Н-д эмчилгээний төлбөр гэж 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Мөн хадланг нь хадаж, тээвэрлэж хүргэж өгсөн. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү’’ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Н-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Н, гэрч Э.Ц нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Д-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №444 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                  Шүүгдэгч Б.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Н-ийн  эрүүл мэндэд Зүүн өвдөгт цус хуралт, зүүн бугалга, бүсэлхийн зүүн ард зөөлөн эдийн  гэмтэл учирсан байх ба уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Б.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Н-ийн  эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаархи нотлох баримт авагдаагүй боловч мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Д нь хохирогч Ц.Н-д 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг хохиролд тооцон өгсөн нь хэрэгт авагдсан хохирогчийн гаргасан хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

                  Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.               

                   Шүүгдэгч Б.Д анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршгийг сайн дураараа төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн болно. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, , 36.6 дугаар зүйл, 36.7дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч О овгийн Б-ийн Д-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                                   

 

                                                   ДАРГАЛАГЧ,                                      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН