Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/49

 

Б.Лхамсүрэн, Б.Цэдэнжигмэд нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Яллагдагч нарын өмгөөлөгч П.Өлзийбаяр

Яллагдагч Б.Лхамсүрэн, Б.Цэдэнжигмэд

Нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн 2020/ШЗ/472 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар эсэргүүцлээр Б.Лхамсүрэн, Б.Цэдэнжигмэд нарт холбогдох эрүүгийн 1714006720410 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Жаран овогт Батжаргалын Лхамсүрэн, .....оршин суух, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал гэмтлийн тасагт их эмч ажилтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Монгол Улсын иргэн, Боржигон Осор овогт Бумчанагийн Цэдэнжигмэд, ... оршин суух, Хүрэн жинсний овоо ХХК-ийн захирал ажилтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Б.Лхамсүрэн нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас унаж эрүүл мэндээ хүнд хохирол авсан Д.Батсайханыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед үзүүлэхээр ирэхэд нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон гэмт хэргийг,

 Б.Цэдэнжигмэд нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан буюу түүний хариуцан бариулж байсан барилгаас унаж эрүүл мэнддээ хүнд хохирол авсан Д.Батсайханд баригдаж буй барилгын үл ажиллагаанд оролцох шаардлагагүй гэдгийг тайлбарлан танилцуулаагүй болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Лхамсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт, Б.Цэдэнжигмэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл шүүгдэгч Б.Цэдэнжигмэд, Б.Лхамсүрэн нарт холбогдох хэрэгт цугларсан болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах үндэслэл тогтоогдов.        Үүнд

1/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1№52 дугаар дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Д.Батсайханы рентген зургууд нь цээжний эгц болон баруун зүүн түнх, өвдөгний үеийн эгц байрлалын рентген зурагнууд байна.

2. Д.Батсайханы зурагт цээжний баруун талын 3,4,6,7,8,10-р хавирганы хугарал, баруун уушгины гялтангийн хөндийд хий, шингэн хуралт, баруун уушгины дээд дэлбэнгийн авчилт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Баруун түнхний үе болон баруун өвдөгний үенүүдэд илэрсэн өөрчлөлт нь архаг явцтай үений архаг үрэвслийн улмаас үүссэн өөрчлөлтүүд болно.

5. Дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч тухайн рентген зурган дээрх өөрчлөлтүүдэд дүгнэлт өгч, өөрчлөлтүүдийг тогтоох боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 104-105 /,

Яллагдагч Б.Лхамсүрэнгийн .. шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна, дахин дүгнэлт гаргуулах саналтай....,гэх шинжээчийн дүгнэлттэй танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 107-108, 148-149/ болон яллагдагчийн өмгөөлөгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 5-т зааснаар...яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн материалтай танилцах эрхтэй...гэж хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2-т...оролцогчид шинжээчийн дүгнэлт, тайлбарыг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, шинжээчид асуулт тавих, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж болно...гэж хуульчилсан ба яллагдагч, түүний өмгөөлөгч нарын нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

Шинжээчийн дүгнэлтэнд талийгаач Д.Батсайханы нас барсан үхлийн шалтгааныг нарын тогтоогоогүй, үхлийн шалтгаан болсон гэмтлийг хэзээ, хаана, ямар байдалтайгаар авсан болохыг тогтоогоогүй, мөн уушигны цочмог хатгалгаа нь талийгаач гэмтлүүдээс аль гэмтлээс нь шалтгаалан үүсдэг, хэзээ үүсэх боломжтой, тухайн хугацаанд гэмтэл яаж хүндэрсэн эсэх, нэмж гэмтэл авсан эсэх, яллагдагч Б.Лхамсүрэнгийн үйлдэл нь талийгаач Д.Батсайханы үхэлтэй чухам ямар шалтгаант холбоотой эсэхийг тодруулах шаардлагатай байх тул нарийн мэргэжлийн шинжээч нараар дахин дүгнэлт гаргуулах

Түүнчлэн талийгаач Д.Батсайхан нь дахин эмнэлгийн байгууллагад хандаагүй эсэх, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, талийгаач 5 хоногийн хугацаанд ямар байдалтай байсан талаар холбогдох гэрчүүдийг дахин асууж мэдүүлэг авах                                       

2/ Яллагдагч Б.Лхамсүрэнгийн ...... Би тэр хүнд цаасан дээр өвчин намдаах эм бичиж өгөөд, сахих гам дэглэм, шаардлагатай бол давтаж үзүүлэх зөвлөгөө бичиж өгсөн уг бичгийг талийгаачийг авчирч үзүүлсэн Б.Цэдэнжигмэдэд өгөөд явуулсан... гэх мэдүүлэг

Яллагдагч Б.Цэдэнжигмэдийн ... Б.Лхамсүрэн эмч рентген зургийг хоёуланг нь үзчихээд гэртээ очоод 10 хоног хэвтрийн дэглэм сахих, өвчин намдаах эм цаасан дээр бичээд өгсөн,… эмийн сангаас Б.Лхамсүрэн эмчийн бичиж өгсөн бичгийг нь өгөөд эмийг нь авсан, тухайн бичиг аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмийн сангаас эмийг авахад аваад үлдсэн... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Харин 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн... яллагдагч Б.Лхамсүрэнгийн зөвлөгөө бичиж өгсөн цаас үрэгдсэн ...... тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж, хүсэлтийн хариуг хүргүүлсэн байна./ 1-р хх-ийн 129-130/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1-т.. эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн .....бусад эд зүйлс,... түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, .... хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно... гэж хуульчилсан ба яллагдагч Б.Лхамсүрэнгийн өвчин намдаах эм цаасан дээр бичиж өгсөн, давтаж үзүүлэх зөвлөгөө бичиж өгсөн гэх баримт бичгийг эхээр нь, шаардлагатай бол эхийг нь буцаан олгож, хуулбарыг хэрэгт хавсаргах /жор бичиж өгсөн эсэхийг тогтоох зорилгоор Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашаанд байрлах төв эмийн сангаас тухай бичгийг авах/ ба энэ талаар гаргасан яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, дээрх дутуу ажиллагааг заавал нөхөн гүйцэтгэх буюу хуульд заасан аргаар холбогдох нотлох баримтыг цуглуулах, шалгах ажиллагааг гүйцэтгүүлэх, хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотолсон тохиолдолд тухайн хэргийн талаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж яллагдагч Б.Цэдэнжигмэд, Б.Лхамсүрэн нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаагийн тус шүүхэд гаргасан 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 28 дугаар эсэргүүцэлд:

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

Учир нь хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих бүхий л ажиллагааг бүрэн дүүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог болно.

Нэг: Шүүхээс хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлгээр хийсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар “яллагдагчийн гэм буруу,эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан байхад яллагдагч Б.Лхамсүрэн, Б.Цэдэнжигмэд нараас гэм буруугийн талаар асуулт асууж илтэд хууль зөрчиж урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан болно.

Нөгөөтээгүүр яллагдагч Б.Лхамсүрэн болон түүний өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлттэй танилцаад мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг удаа, дараалан шат дамжлагатай гаргасан бөгөөд тухайн хүсэлт бүрд тухай бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгт заасны дагуу хуулийн хүрээнд, хуулийн хугацаанд тухай бүр шийдвэрлэн хариуг өгсөн байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг үндэслэлтэй эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянаж дүгнээд хангах хууль зүйн үндэслэлгүй гэж хариуг өгч хуульд зааснаар хүсэлтийг хэзээ хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтуудыг хэрэгт хавсаргасан байхад хуульд заасан эрхийг нь хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь яллагдагч Б.Лхамсүрэн болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн талаар гомдол, хүсэлт бүрийг шийдвэрлэн хариуг өгсөн нь гомдол, хүсэлт гаргах эрхийг ямар нэгэн байдлаар хаасан, эрх ашиг сонирхлыг хөндөөгүй, нэг асуудлаар удаа дараа гомдол хүсэлт гаргасан нь түүнийг хүлээн авч хангах үндэслэл болно гэсэн хуулийн заалт байхгүй болно.

Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Мэргэжпийн хяналтын байгууллага, түүний бүрэн эрхийг хуульчилсан байдаг бөгөөд “9.3.1 хуульд заасны дагуу хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн бусад актын биелэлтэд хяналт тавих” гэж заасны дагуу яллагдагч Б.Лхамсүрэн нь үйл ажиллагаанд мөрдлөг болговол зохих ямар стандарт журмыг хэрхэн яаж зөрчсөний улмаас бусдын нас хохирсныг мэргэжпийн хяналтын эрх бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулсан байхад түүнийг анхаарч үзэлгүй нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлт гаргуулна гэсэн үндэслэлгүй юм.

Мөн хэрэгт гаргасан дүгнэлтүүд нь өөр өөр үйл ажиллагааны чиглэлээр тодорхой ойлгомжтой гарсан байхад шүүхээс анхаарч үзэлгүй яг аль дүгнэлтийг ямар учраас дахин гаргуулах гэж байгаагаа заагаагүй байна.

Хоёр: Амь хохирогч Д.Батсайхан нь 5 хоногийн хугацаанд биеийн байдал нь ямархуу байсан ямар зовуурь шаналалтай байсан, яагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар хохирогчоос тодруулан асуусан байхад дахин асууж тодруулах гэсэн ойлгомжгүй байна. Дээрх ажиллагааг хэрэгт хийгдсэн байдаг.

Гурав: Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд явуулаагүй гэж үзнэ. Учир нь хавтаст хэргийн 100-101 дүгээр талд амь хохирогч нь тухайн гэмтэл авсан өдрөөс үзүүлээд өгсөн эмчийн жор байгаа эсэх, хэрэв байгаа бол холбогдох баримтыг ирүүлэх талаар албан бичгийг Монгол эм импекс концерний Баянхонгор аймаг дахь салбарт хүргүүлж хариуг ирүүлсэн байхад үнэлэлт дүгнэлт өгөлгүй шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч нараас өгсөн мэдүүлгийг үндэслэсэн нь хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд яллагдагч Б.Лхамсүрэн, Б.Цэдэнжигмэд нарт холбогдох эрүүгийн 1814006720410 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/472 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг бүрэн хийсэн.Хэрэв шүүх дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзэж байгаа бол шүүхийн шатанд томилох эрх нь хуулиар нээлттэй байдаг тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Яллагдагч нарын өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг заавал хийх шаардлагатай байдаг тул захирамжийг хэвээр үлдээнэ үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Прокуророос Б.Лхамсүрэнг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгаас унаж эрүүл мэндээ хүнд хохирол авсан Д.Батсайханыг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн үед үзүүлэхээр ирэхэд нь эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт,

 Б.Цэдэнжигмэдийг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан буюу түүний хариуцан бариулж байсан барилгаас унаж эрүүл мэндээ хүнд хохирол авсан Д.Батсайханд баригдаж буй барилгын үл ажиллагаанд оролцох шаардлагагүй гэдгийг тайлбарлан танилцуулаагүй болгоомжгүй үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүгдийг шалган тогтоосон, Б.Лхамсүрэн, Б.Цэдэнжигмэд холбогдох эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдлуудыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1-1.3-д заасан аль үндэслэлээр нь хэргийг прокурорт буцааж байгаа нь тодорхойгүйгээс гадна захирамжийн үндэслэл ойлгомжгүй гарчээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хийх шаардлагатай гэж үзсэн хэргийн нөхцөл байдал бүрийг хийгдсэн ажиллагаа гэж үзэн няцаалт хийж бичсэн Прокурорын эсэргүүцэл нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд Прокурорын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.14 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэх заалтыг зөрчсөн, хэрэв дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзвэл шүүгч шинжээч томилон шинжилгээний дүгнэлт гаргах эрх нь нээлттэй талаар бичсэн эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/472 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/472 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Лхамсүрэн, Б.Цэдэнжигмэд нарт холбогдох 1814006720410 дугаар эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын бичсэн эсэргүүцэлийг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар Б.Лхамсүрэн, Б.Цэдэнжигмэд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

 Н.ЭНХМАА