Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 94

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,

       Шүүгдэгч: Б.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овгийн Б-ын Б-д холбогдох эрүүгийн 1735000850037 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Завхан сумын 2-р багт оршин суудаг, гавъяа шагналгүй, РД:ОГ89102117, А овгийн Б-ын Б.

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Завхан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Б-ийг /хууль сахиулагч/ албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

                1. Хохирогч А.Б мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Завхан сумын хэсгийн цагдаагаар 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр томилогдсоноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д албан ажлаар Улаангом сумруу явсан бөгөөд миний бие ард нь албан үүргээ гүйцэтгээд үлдсэн юм. Тухайн өдөр орой 22 цаг орчимд Завхан сумын засаг дарга П надруу утсаар залгаад “А гэх хүн надруу утсаар ярьлаа. С гэх айлд хүмүүс зодолдоод нэг нэгнийгээ алах гээд байна гэнэ. Очиж шалгаарай” гэж хэлсний дагуу би С гэх айлд очиход тэдний гэрт П, Н гэх 2 залуу согтуу байсан. Тэгээд би тэд нараас юу болсон талаар асуухад тэд “Б, С нар согтуу ирээд бид 2-ыг цохисон. Улмаар бид нар гэр дотор барьцалдаад зодолдож байтал гаднаас Б-ийн эхнэр С, С бэргэн эгч П болон А нар орж ирсэн. Тэгээд тэд нар “Та нар яагаад архи ууж, зодоон цохион хийгээд байдаг юм” гэж хэлээд хэрүүл маргаан гарсан. Тухайн үед П, Н нар согтуу байсан тул би сумын цагдаагийн хэсгийн байрлуу авч явахаар гарахад Б гэх залуу нэг эмэгтэйтэй хамт мотоцикольтой ирсэн. Тухайн үед Б нь согтуу байсан бөгөөд надад хандаж “Нөгөө зодолдсон хүмүүс хаана байна. Чи олж чадахгүй байгаа юм уу” гэж агсарсан. Тэгэхээр нь би түүнд “Би тэр хүмүүсийг хайж олох гэж байна. Та энд юу хийж яваа юм, согтуу байгаа юм уу” гэхэд Б надтай үг сөрж, дайрч давшлаад миний баруун хацар орчимд гараараа цохисон. Би Б-ыг барьж аваад гавлах гэж оролдоход өмнөөс эсэргүүцээд, намайг зодох гээд давшлаад байсан. Тэр үед Б-той хамт ирсэн эмэгтэй Б-ыг дараад “Эгч нь дүүгээ аваад явчихна. Чи миний дүүг битгий авч яваач” гэж хэлж байсан. Тэгээд би гэрт орж Н, П нарыг аваад явах гэж байтал Б эгчтэйгээ хамт мотоциклоо унаад явчихсан. Би Б-ыг өмнө нь таньдаг байсан. Б нь эрүүлдээ номхон дөлгөөн боловч архи уухаараа агсам согтуу тавиад байдаг, эмгэг согтолттой хүн юм. Өмнө нь архи уусан үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан тул би саатуулаад сануулга өгөөд явуулж байсан. Б нь согтуу ирчихээд тэдгээр залуусыг өмөөрсөн бололтой “Чи тэр зодолдсон хүмүүсийг яагаад олохгүй байгаа юм” гэж надруу дайрч давшлаад гараараа миний баруун хацарлуу нэг удаа хүчтэй цохисон. Би Б-ыг гавлах гэхэд намайг дахин цохихоор дайраад байсан. Б бид нарын дунд урьд өмнө нь өр авлага, өш хонзонгийн зүйл байгаагүй. Б-ын уг үйлдлийн улмаас миний баруун хацар орчимд хөндүүрлэж өвдөж байна. Өөр бэртэл гэмтэл учраагүй. Би тухайн үед “Зодоон болж байна” гэх дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгээд, албаны дүрэмт хувцастайгаа мотоцикольтой очсон юм. Зодоонд өөр хүн оролцоогүй бөгөөд Б намайг цохих үед бидний дэргэд А, П, С, Б-ын эгч гэх 4 хүн байсан. П, Н нар гэр дотор байсан. Б намайг зодох гээд дайраад байхаар нь 2 гарыг нь хамж доош өвдгөөр нь суулгаад гавлах гэсэн боловч эсэргүүцээд хүч хүрэгдэхгүй байсан тул Б-ын эгч гэх эмэгтэй түүнийг газарт дараад хэвтчихсэн юм. Миний хувьд хэн нэгнийг зодож, цохиогүй бөгөөд Б-ыг гавлах гээд чадаагүй. Мөн ямар нэгэн тусгай хэрэгсэл хэрэглээгүй. Намайг анх дуудлагаар очиход зодоон болоод дуусчихсан, тухайн айлд П, Н гэх 2 хүн л байсан бөгөөд П “Хуучин гэмтэлтэй байсан мөр өвдөөд байна” гэж байсан. Н нь ямар нэгэн гэмтэлгүй, зүгээр байсан. Тэнд өөр гэмтэж, бэртсэн хүн байгаагүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 7-8-р тал/,

               Хохирогч А.Б-ийн мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Тухайн өдөр Б надад “Чи цагдаа юм байж юу хийгээд зогсоод байгаа юм. Тэр зодолдсон хүмүүсийг олж ирэхгүй юу” гэж хэлсэн. Тухайн үед Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан тул би түүнд “Та согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд тээврийн хэрэгсэл жолоодож байгаа юм уу?. Таныг цагдаагийн хэсэгрүү авч явна” гэж хэлэхэд надтай хэрэлдэж, дайрч давшлаад эхэлсэн. Тэгээд миний баруун хацар орчимд гараараа цохисон юм. Манай цагдаагийн хэсэгт согтуурал шалгах багаж байхгүй. Тухайн үед намайг гэрлүү ороод гараад ирэхэд Б зугатаагаад явчихсан байсан. Маргааш нь хэсгийн төлөөлөгч ирээд эмнэлгийн байгууллагаар цусны дээж авахуулах гэтэл эмнэлэгт хуруу шил байгаагүй юм. Тиймээс Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоож чадаагүй. Надад гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р тал/,

                2. Гэрч М.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай зэргэлдээ зүүн талын хашаанд С гэх айл байдаг юм. С-ынх жижиг гэрээр хөдөө мал маллахаар явсан бөгөөд тусдаа гараагүй хүү П нь гэртээ үлдсэн байсан юм. Эцэг эх нь надад хүүгээ “Архи дарс ууж асуудал гаргахвий харж хандаж байгаарай” гэж захиад явсан байсан. Өчигдөр буюу 2017 оны 09 сарын 04-ний орой 21.30-22.00 цаг орчимд тэдний гэрийн гадна нэг машин ирж зогссон. Удалгүй 5 минут болоогүй байтал тэдний гэрт шуугилдаад ноцолдох, зодолдох чимээ гарсан. Би гайхаад гарч хартал тэдний гэрт зодоон болоод байгаа бололтой хашаан дотор хүн байгаагүй. Би сумын цагдаагийн утас мэдэхгүй тул гайгүй байх гэж бодоод харзанаж байтал Ө гэх залуу манай гэрт айж сандарсан байдалтай амьсгаадаж орж ирээд “Эднийд хүмүүс зодолдоод хүн амины хэрэг гарах нь, аюул болж байна. У бид хоёр гэрт хамт орсон бөгөөд нөгөө хоёр У зодоод байна. Цагдаа дуудахгүй бол болохгүй нь” гэж хэлсэн юм. Тэр үед нөхөр маань ээлжинд явах гэж байсан бөгөөд дугаарыг нь мэддэгээрээ сумын засаг даргаруу утсаар ярьж дуудлага өгсөн юм. Удалгуй чимээ намжсаны дараа сумын цагдаа мотоцикольтой ирсэн. Тэр үед би С-ын гэрт оролгүй хашааны гадна зогсож байгаад гэртээ орчихоод буцаад гарч харахад Б гэх залуу Н гэх хүүхэнтэй хамт мотоцикльтой ирчихсэн байсан. Тэгээд Б “Манай дүү байсан юм уу, байгаагүй юм уу” гэж хэлээд Т гэх залууг сураглаад байсан. Тэгж байснаа цагдаатай муудалцаад гараараа сумын цагдаагийн нүүрлүү нь нэг удаа цохиход цагдаа газарт унаад босож ирээд ноцолдсон. Тэр үед Н гэх хүүхэн Б-ыг салгаад дараад байсан бөгөөд сумын цагдаа Б шүлсээ хаяад “Шүд өвдчихлөө” гэсэн үү “Шүднээс цус гарчихлаа” гэсэн үү нэг зүйл хэлсэн. Удалгүй Б мотоцикльтойгоо яваад өгсөн. Тухайн үед Б нь Б-ыг зодож цохиогүй. Б-ийн биед ил харагдах гэмтэл бэртэл ажиглагдаагүй. Тэр үед харанхуй байсан. Б эрүүл байсан бөгөөд Ө, Н, П, Б нар халамцуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Хашааны гадна Б нь Б-ийг цохиход надаас гадна А, С, Н нар байсан. Сүүлд гэрээс А гарч ирж байсан. С-ын гэрт зодоон болох үед би гэртээ нөхөр А болон хүүхдүүдийнхээ хамт байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/,

                Гэрч М.Ц-ын мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Б нь Б-ийг зодох үед Б дүрэмт хувцастайгаа байсан бөгөөд зодоон болсон гэх дуудлагаар ирсэн байсан. Б нь Б-ыг “Согтуугаар мотоцикль жолоодлоо, цагдаагийн байранд аваачна” гэж байсан. Түүнээс болж Б “Би эрүүл байна” гэж уурлаж, маргаан гарч Б нь Б-ийн нүүрлүү гараараа нэг удаа цохисон. Өөр ямар нэгэн зодоон болоогүй. Б нь Б-ыг гавлах гэж ноцолдох үед Б газарт уначихаад дахин босож ирээд Б-үрүү дайрах гээд байсан тул Н гэх хүүхэн Б-ыг газарт дарчихаад босгоогүй юм. Тэгээд уур нь гарч намжаад тэр хоёр яваад өгсөн. Би Б-ын хажууд очоогүй боловч тэр согтуу юм шиг учир зүггүй дайрч давшлаад байсан тул Б-ыг согтуу байсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,

                3. Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Өчигдөр орой буюу 2017 оны 09 дүгээр сарын 04-ний орой 21:30 цаг орчимд С багш надруу утсаар залгаад “С-ын гэрт Т, С нар зодолдоод сүйд гэнэ. Цуг очиж салгая” гэж хэлсэн тул бид хоёр хамт С-ын гэрт очиход зодоон дуусаад тарчихсан, сумын цагдаа х ирчихсэн байсан. Тэгтэл Б нь Н гэх эмэгтэйтэй сундалдаж ирээд сумын цагдааг харчихаад “Зодолдож байгаа хүмүүс хаана байгаа юм, юу болсон юм” гэж асууснаа цагдааруу “Чи муу юу хийгээд байгаа юм” гэж хэлээд дайрч давшлаад байсан. Тэгэхээр нь цагдаа түүнийг “Та согтуу байна, цагдаагийн хэсэгт аваачна” гэснээс болж маргалдаад Б нь цагдаа Б-ийг нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон. Тэр үед Б эргүүлээд Б гавлах гээд ноцолдоод газарт унагасан боловч гавлаж чадаагүй бөгөөд Б эсэргүүцээд байсан юм. Тэгж байтал Н гэх эмэгтэй Б-ыг салгаж газарт дараад тайвшруулаад аваад явсан. Цагдаа Б хашааруу орчихсон юм. Б ирэхдээ согтуу байсан, харин цагдаа Б эрүүл байсан. Цагдаа Б тухайн үед зодооны дуудлагаар ирсэн бололтой дүрэмт хувцастай байсан. Зодоон болж байхад хашааны гадна С, Н, Ц нар байсан. Тухайн үед зодоон гэж сүртэй юм болоогүй. Б нь цагдаагийн үгэнд оролгүй маргалдаж нүүрлүү нь нэг удаа цохисон. Цагдаа Б нь Б-ыг зодож цохиогүй бөгөөд гавлах гээд оролдоод байсан. Б С-ын хашааны гадаа мотоцикльтой ирсэн бөгөөд мотоциклийг Б өөрөө жолоодож ирсэн. Б нь Б-оор нүүрлүүгээ цохиулсаны дараа Б-ийн биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл ажиглагдаагүй. Ойр ойрхон шүлсээ хаяад “Шүд өвтгөчихлөө” гэж хэлж байсан. Тэр үед Б-ийн дүрэмт хувцас урагдаагүй байх. Харин шороо болчихсон байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

                 4. Гэрч З.А-ны мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 04-ний орой 21:00 цаг орчимд би гэрийнхээ жорлонд бие засаад сууж байтал манай хажуу талын айл болох С-ын гэрийн гадна цагаан өнгийн “Портер” маркийн автомашин ирж зогсоод хүн буугаад С-ын гэрлүү орох шиг болсон. Би гэрлүүгээ дөнгөж ортол С-ын гэрт хүмүүс шуугилдаад ноцолдож, зодолдох чимээ гарсан. Би тухайн үед гайгүй болчих байх гэж бодоод хэсэг харзнасан боловч үргэлжлээд байсан. Тэгтэл манайд Ө гэх залуу сандарсан байдалтай орж ирээд “Энэ айлд зодоон болоод байна. Цагдаа дуудахгүй бол болохгүй нь” гэж хэлсэн. Эхнэр маань бас цагдаа дуудая гэсэн боловч бид сумын цагдаагийн утсыг мэдэхгүй байсан тул би засаг даргын гар утасруу залгаж болсон явдлыг хэлсэн юм. Би 22:00 цагаас цаг уурын мэдээ өгөх ёстой тул 21:30 цаг орчимд ажилруугаа явчихсан. Би зодоон болох үед С-ын гэрлүү ороогүй. С эхнэр охиныхоо хамт хөдөө малруугаа явсан байсан. Явахдаа хүүхэд нь болох П-г бидэнд захиж үлдээсэн байсан бөгөөд П нь эхнэр авч тусдаа гараагүй насанд хүрсэн хүн байгаа юм. С-ын гэрт хэн хэн зодолдсоныг би мэдээгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

                 5. Гэрч Д.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 04-ний орой 20:00 цагийн орчимд миний нөхөр Ө буюу Б “Мотоциклоо авч ирнэ, Улаанаатай уулзана” гээд гэрээс гараад явсан. Түүнээс хойш 21:30 цаг орчимд нөхөр маань гүйж орж ирээд “Тэнд У хоёр залуу зодоод сүйд болж байна, чи цагдаа дуудаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би А-д энэ талаар хэлээд хамтдаа С-ын гэрт очиход сумын цагдаа Б ирчихсэн байсан. С-ын гэрт П, Н нар халамцуу байсан бөгөөд гэр дотор халуун тогоотой гоймонгийн үлдэгдэл шалан дээр асгарсан, баруун ор хазайсан, нэг унь хугарсаныг нь дээшээ хавчуулсан байсан юм. Бид нар юу болсон талаар асуухад “У, П нар хэдэн цагийн өмнө гудамжинд муудалцсан” гэсэн бөгөөд түүнээс болж тэдний гэрт У очиж зодоон болсон бололтой байсан. Биднийг тэднийхээс гарч байтал үүдэнд Б мотоцикльтой Н гэх хүүхний хамт ирсэн бөгөөд Б мотоциклоос бууж ирээд учир зүггүй цагдаатай маргалдаад дайрч давшлаад байсан. Би тэднийг маргалдаж байхад нь хашааны баруун талруу очиж У-г байгаа эсэхийг шалгаад буцаж ирэхэд Б, Б нар газарт уначихсан ноцолдоод, зууралдаад байсан бөгөөд би гэрлүү орчихоод гарч ирэхэд тэр хоёр салчихсан байсан. Тэгээд Б уурлаж байгаад мотоциклоо унаад яваад өгсөн. Б нь Б-ийг цохих үед би байгаагүй, хараагүй юм. Тухайн үед Н, П нар халамцуу байсан. Манай нөхөр гэрээс эрүүл гарсан бөгөөд буцаж гүйж ирэхдээ бага зэрэг үнэртүүлсэн байсан ба согтуу байдал ажиглагдаагүй. Тэгээд манай нөхөр У-ийн машиныг С-ын хашааны үүднээс унаж гэрт нь хүргэж өгөхөд У гэртээ халамцуу байсан бөгөөд ёолоод “Хөдөлж болохгүй байна” гэж хэлж байсан. Мөн уруул нь язарч цус шүүрсэн, гэдэс орчимд нь цайгаад ором орсон байдалтай гэртээ нүцгэн хэвтэж байсан байсан. Б манай хажуу талын хашаанд амьдардаг бөгөөд ер нь огцом ууртай хүн байгаа юм. Эрүүл эсхүл согтуу байсан эсэхийг нь би анзаараагүй. Тухайн үед Б-ийн биед ил харагдах гэмтэл бэртэл ажиглагдаагүй. Мөн Н, П нарын биед ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

                 6. Гэрч Б.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 04-ний орой 21:30 цагийн үед манай сумын А гэх залуу надруу утсаар яриад “Манай хажуу талын хашааны айлд зодоон болоод байна, сумын цагдаагийн утас хэд вэ” гэж асуухаар нь би түүнд “Би өөрөө цагдааруу утасдаад хэлчихье” гэж хэлсэн. Тэгээд сумын цагдаа Б-үрүү залгаж хэлэхэд Б “Би гадуур явж байна, одоо тэр айлруу яваад очьё” гэж хэлсэн. А тухайн үед надад “Манай хажуу хашааны айлын хүмүүс хөдөө явсан бөгөөд хүүхэд нь байгаа. Эцэг, эх нь бидэнд хүүхдээ захиад явсан юм. Гэрт нь зодоон болоод байх шиг байна” гэж л хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

                7. Гэрч М.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 04-ний орой 21:00-22:00 цагийн орчимд манай гэрийн ар талд ойрхон байдаг С гэх айлд хэрүүл маргаан, зодоон болж хүмүүс орилоод байхаар нь хажуу айлын Ц гэх хүүхний хамт С-ын гэрт очиход сумын цагдаа Б ирчихсэн байсан бөгөөд С-ын гэрт Н, П нар согтуу байсан. Бид юу болж байгаа талаар асууж тодруулахад Н, П нар “Гэрт орж ирээд гоймон чанаж байтал У орж ирээд П-г дорцовоор цохих гэтэл дундуур нь Н орж салгасан. Түүнээс болж хэрүүл маргаан гарч ноцолдож, зодолдсон” гэж хэлсэн юм. Тэгээд би тэр хоёр залуугийн хамт гэр дотор сууж байтал гэрийн гадна цагдаатай нэг хүн маргалдаад, шуугилдаад байсан боловч яг юу ярьж байгаа нь мэдээгүй. Тэгээд би гэрээс гарахад хашааны гадна хүмүүс байсан бөгөөд цагдаа Б газарлуу шүлсээ хаяад “Намайг цохиод, шүд өвдөж байна” гээд зогсож байсан. Б хашааны гадна зогсож байснаа мотоцикльдоо суугаад яваад өгсөн. Би яг зодоон болох үед байгаагүй юм. П нь С-ын хүүхэд бөгөөд эцэг, эх нь жижиг гэрээ аваад хөдөө гарчихсан тэр айл эзэнгүй байсан. П нь эхнэр авч тусдаа гараагүй залуу юм. Намайг очиход У байгаагүй тул түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Харин П, Н нар халамцуу байсан. Б-ыг согтуу байсан эсэхийг мэдээгүй. Намайг С-ын гэрт ороход сумын цагдаа тэд нарыг “Цагдаагийн хэсэгрүү авч явна” гэж хэлж байсан. Тэгэхэд нь П “Мөр гэмтчихлээ” гээд хөндүүрлэж өвдсөн бололтой байсан. Н-ийн биед гэмтэл бэртэл ажиглагдаагүй. Тэдний нүүр царай болон хувцас хунар цус нөж болж урагдсан зүйл байгаагүй. Тухайн үед хэсгийн цагдаа Б-ийг харахад гэмтэл учирсан зүйл ажиглагдаагүй. Ойр орйхон шүлсээ хаяад “Шүд өвдчихлөө” гээд байсан. Цус нөж болсон, хувцас хунар нь урагдсан зүйл ажиглагдаагүй. Сүүлд сонсоход тухайн үед С-ын гэрийн гадаа Б ирээд Т гэх залууг өмөөрч цагдаатай маргаж, улмаар цохисон гэж сонссон. Намайг очиход Т байгаагүй бөгөөд Б мотоцикльдоо суучихаад тэнд байсан Ж гэх эмэгтэйтэй маргалдаад байсан юм. Б-ийг Б цохих үед тэнд С, Ц, Ж нар гэрийн гадна байсан. Гэр дотор Н, П бид гурав байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/,

                8. Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Б-той гэр бүл болоод 5 жил болж байгаа. 4 настай хүү, 1 ой 9 сартай охинтой. Би өөрөө сумын эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилладаг. Нөхөр маань мал малладаг бөгөөд манайх хувьдаа 1000 бог малтай, энэ жил мянгат малчин болсон. Нөхөр маань хөдөө ээжийнхээ хамт мал дээрээ голдуу байдаг. Би сумын төвд ажлаа хийгээд хүүхдүүдтэйгээ байдаг юм. Нөхөр маань даруу төлөв зан араншинтай, архи дарс уудаггүй, хааяа найз нөхөдтэйгээ баяр ёслолын үеэр тохируулж уудаг юм. Бид гэр бүл болсоноос хойш хэрүүл маргаан гаргаж үзээгүй. Нөхөр маань ар гэртээ халамжтай хүн байгаа юм. Б Завхан сумын дунд сургуульд 8-р анги төгсөөд түүнээс хойш мал маллаж амьдарч байгаа. Найз нөхөд олонтой, тэдний дунд нэр хүндтэй, ажилч хичээнгүй хүн байгаа юм. За араншингийн хувьд бүрэг талдаа бөгөөд хүнтэй олон үг яриад байдаггүй, асуусан асуултанд цөөн үгээр хариулдаг, нээлттэй биш, итгэсэн дотно найз нартайгаа чөлөөтэй харьцдаг юм. Хэрэг гарсан өдөр хөдөө байж байгаад найз нь нэг шил архи авч ирж өгсөнийг нь уучихаад халамцуу сумын төвд орж ирээд явж байтал дүү нь архи уугаад зодоон хийсэн талаар сонсоод зодоон болсон айлд нь очиход дүү нь байхгүй байсан гэсэн. Тэгээд дуудлагаар очсон цагдаагийн өмнөөс эсэргүүцсэн байсан. Болсон явдлын талаар Б надад өөрөө хэлээгүй бөгөөд хамт явсан Н гэх хүн нь хэлсэн. Н “Б дүү Т хүнтэй зодолдсон талаар сонсоод хайж яваад сумын цагдаа Б-тэй тааралдаад түүнийг түлхээд унагаачихсан. Сумын цагдаа нь гавлах гэхээр нь би гуйж салгаж ирлээ” гэж хэлсэн юм. Тэгэхэд анх хэргийн талаар мэдсэн. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

                9. Гэрч Ж.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Б нь манай хадам ээжийн эгчийнх нь хүүхэд юм. Б Увс аймгийн Завхан сумын 2-р багт мал маллан амьдардаг ба өнгөрсөн жил мянгат малчин болсон. Эхнэр нь сумын эмнэлэгт сувилагчаар ажилладаг бөгөөд ар гэрийн хувьд дутагдах, гачигдах зүйлгүй хүн юм. Зан араншингийн хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй, ажилч хичээнгүй, аливаа зүйлд зүтгэлтэй хүн байгаа юм. Би Б-ыг урьд өмнө нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг нь харж байгаагүй. Хөдөө голдуу амьдардаг, өөрийнхөө амьдарлыг ганцаараа босгосон сайн залуу гэж би үнэлдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

                10. Гэрч Ц.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б бид хоёр нэг багийн хүмүүс тул түүнийг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөдөөнөөс сургуулийн хүүхдээ хүргэж сумын төвд ирсэн юм. Тэр орой ээжийндээ байж байтал манай бэр С гэх эмэгтэй надруу утасдаад “Т, С нар С гэх айлд зодолдоод байна гэнэ. Би тийшээ явах гэж байна” гэж хэлсэн. Төрөө гэдэг нь Б-ын дүү бөгөөд тэр үед би Б-той холбогдоод С-ийн хэлсэн үгсийг дамжуулж хэлсэн юм. Тэгээд Б надтай хамт мотоцикльтой С гэх айлд очсон бөгөөд биднийг очиход зодоон тарчихсан, С-ийн хашааны гадна сумын цагдаа Б, иргэн С, Ж нар байсан. Сүүлд С-ын гэрээс А гарч ирсэн. Тэнд очоод Б мотоциклоосоо буугаад Б дээр очоод юу болсон талаар асуугаад “Чи муу юу хийгээд зогсоод байгаа юм. Зодооноо зохицуулаач” гээд уурлаад байсан. Б түүнийг “Согтуу байж тээврийн хэрэгсэл жолоодлоо. Чамайг аавчиж шалгана” гэж хэлсэн. Тэр хооронд би бие засчихаад ирэхэд Б цагдаа Б-ийн нүүрлүү нэг удаа цохисон. Б түүнийг гавлах гэж ноцолдоод түүнийг газарт унагаахад Б өндийгөөд ноцолдох гээд байхаар нь би түүнийг дарж аваад босгоогүй. Тэгээд Б цагдаагаас “Битгий авч яваач. Би энэ хүнийг аваад явчихна” гэж гуйсан. Тэгээд цагдаа С-ын хашааруу орчихоор нь би Б-той хамт явчихсан юм. Тухайн үед Б нь Б-ийг нүүрлүү нь гараараа нэг удаа цохисон бөгөөд өөр ямар нэгэн зодоон болоогүй. Б нь Б-ыг гавлах гээд оролдоод байсан бөгөөд цохиж зодоогүй юм. Б эрүүл байх шиг байсан бөгөөд архи согтуурулах ундааны зүйл хэрэглэсэн байдал ажиглагдаагүй. Харин их уурласан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

            11. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн иргэн А.Б-ийн биед гэмтэл тогтоогдоогүй талаарх №522 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 25-р тал/,

            12. Шүүгдэгч Б.Б-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р тал/,

            13. Увс аймгийн Завхан сумын Хармагт багийн засаг дарга С.Г-ын 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 344 тоот тодорхойлолт /хх-ийн 33, 34-р тал/,

            14. Шүүгдэгч Б.Б-ын охин Б.Н, хүү Б.Ө нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 35-36-р тал/,

            15. Хохирогч А.Б-ийн А-0010610 тоот үнэмлэх, Увс аймгийн Цагдаагийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/63 тоот Шилжүүлэн томилох тухай тушаал, Ажлын байрны тодорхойлолт,  

            16. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөдөө мал дээрээ байж байгаад сумын төв орж ирээд найз нартайгаа тааралдсан. Тэд архи ууж байгаад надад архи өгөхөд нь 1 хундага архи уусан юм. Тэгээд буцаад гэрлүүгээ явах гэж байтал Н гэх эмэгтэй тааралдсан. Тэднийх манайхтай ойролцоо нутагладаг тул түүнтэй хамт явах гэж байтал Н эгчрүү сургуулийн багш С буюу С гэх эмэгтэй утсаар залгаж “Т хүмүүстэй зодолдож байна гэнэ” гэж хэлсэн. Т нь миний төрсөн эгчийн хүүхэд тул түүнийг салгахаар байгаа газрыг нь заалгаад очиход С гэх айлд зодоон болоод тарчихсан байсан. Т тэнд байгаагүй бөгөөд тэнд сумын цагдаа ирчихсэн байсан юм. Би Т-д зодоон хийсэнд нь ууралсан байсан тул сумын цагдаагаас Т-г асуухад “Та өөрөө архи уучихсан байна. Би ажлаа мэдэж байна. Харин таныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж цагдаагийн хэсэгрүү аваачина” гэж хэлсэн юм. Тухайн үед би архи ихээр уугаагүй эрүүл байсан мөн Т-д ууралсан бухимдалтай явсан тул цагдаагийн өмнөөс эсэргүүцээд маргалдаж, барьцалдаж аваад цагдаагийн нүүрлүү нь гараараа нэг удаа цохичихсон юм. Тэгтэл Б намайг гавлах гэж дайрсан тул түүнээс болж бид хоёр дахин барьцалдаж ноцолдоод би газарт уначихсан байтал Н эгч намайг дарж салгасан юм. Тэгээд Н эгч цагдаагаас гуйгаад намайг аваад явсан. Цагдаа С-ийн гэрлүү орчихсон юм. Тухайн үед Б намайг зодож цохиогүй. Би уурандаа түүний нүүрлүү нэг удаа цохисон бөгөөд өөр ямар нэгэн зодоон болоогүй. Б-ийн биед ил харагдах гэмтэл байгаагүй, харин шүлсээ ойр ойрхон хаяад байсан. Мөн цагдаагийн дэд ахлагч Б эрүүл байсан. Би нилээд эрт ганц хундага архи уусан байсан боловч тэр нь гарчихсан байсан. Б бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өш хонзонгийн зүйл байгаагүй. Тухайн үед хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б нь дүрэмт хувцастай байсан. Би С-ын хашааны гадаа Н эгчтэй хамт өөрийнхөө улаан өнгийн Даюун маркийн мотоцикльтой очсон. Зодоон болох үед Б бид хоёроос гадна Н, С, А, Ж нар байсан. Би С-ын гэр болон хашааруу ороогүй тул хашаан дотор, гэрт өөр хэн байсныг мэдэхгүй байна. Уг үйлдлийн улмаас миний биед гэмтэл учирсан зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй байж чадна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх  мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

        

                   Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Завхан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Б-ийг /хууль сахиулагч/ албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.Б, гэрч М.Ц, Б.А, Д.С, Ц.Н нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.Б-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

                   Хохирогч А.Б нь Увс аймгийн Завхан сумын цагдаа албан тушаалтай, цагдаагийн дэд ахлагч цолтой, хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэж /зодоон болж байна гэх дуудлагын дагуу хэрэг болсон газарт очсон/ байсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч А.Б-ийн А-0010610 тоот үнэмлэх, Увс аймгийн Цагдаагийн газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Б/63 тоот Шилжүүлэн томилох тухай тушаал, Ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

                   Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Б-ыг хууль сахиулагчийг буюу цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна.

                   Хохирогч А.Б нь шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-оос гаргуулах хохиролгүй гэж үзлээ. 

                    Шүүхээс шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахад хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг арилгасан байдлыг харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэн, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн болно.

                   Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч А овгийн Б-ын Б-ыг хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

            4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

      

                                                          ДАРГАЛАГЧ,

                                                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН