Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/50

 

*******, *******, *******,

Зүтгэл баян ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул, Б.Минжүүрдорж

Шүүгдэгч *******, *******, *******

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч аймгийн Ерөнхий прокурорын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар эсэргүүцлээр *******, *******, *******, Зүтгэл баян ХХК нарт холбогдох эрүүгийн 1714001690142 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Боржигон овогт Мижиддоржийн Мөнгөнхөлөг, ..........оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар *******/

2. Монгол улсын иргэн, Санги тойн овогт Бат-Очрын Түвшинбаяр, 1.....тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар *******/

3. Монгол улсын хуулийн этгээд, “Зүтгэл баян” ХХК, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, 51-16 тоотод үйл ажиллагаа явуулах, захирал *******, /00013671 бүртгэлийн дугаартай, 3559289 регистрийн дугаартай, биологийн болон нөхөн сэргээлтийн 2014/J071 дугаартай гэрчилгээтэй /,

4. Монгол улсын иргэн, Шангас овогт Ядамсүрэнгийн Цэдэнбал, 1.......д оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар*******/,

“Зүтгэл Баян” ХХК-ийн захирал ******* нь яллагдагч *******тай нь бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Далт гэх газарт 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 сарын 13-ны хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар “Зүтгэл Баян” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө ашигт малтмал олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 1.251.957 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн *******тай бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлолтын ажиллагаа явуулж байгаль орчинд 108.680 төгрөгийн хохирол учруулсан,

******* нь “Зүтгэл Баян” ХХК-ийн захирал *******тай бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Далт гэх газарт 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 13-ны хооронд тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар “Зүтгэл Баян” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө ашигт малтмал олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 1.251.957 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч “Зүтгэл Баян” ХХК-ийн захирал *******тай бүлэглэн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг Маанийн дэнж гэх газарт 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 108.680 төгрөгийн хохирол учруулсан,

******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт үйл ажиллагаа явуулах Реогийн уурхай руу 2018 оны 6 сарын 13-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаагаар оруулж өгнө гэж худал амлан төөрөгдөлд оруулж иргэн Ж.Энх-Амар, Л.Баттулга, Б.Баярдалай, Ц.Энхбат, Ц.Энхмөнх, Н.Отгондалай, Ж.Энхдалай, Бадрал, М.Амарбаяр нар нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 13.000.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 15.000.000 төгрөг нийт 28.000.000 төгрөгийг залилж авсан,

******* нь Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт үйл ажиллагаа явуулах Реогийн уурхай руу 2018 оны 6 сарын 13-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаагаар оруулж өгнө гэж худал амлан төөрөгдөлд оруулж иргэн Ж.Энх-Амар, Л.Баттулга, Б.Баярдалай, Ц.Энхбат, Ц.Энхмөнх, Н.Отгондалай, Ж.Энхдалай, Бадрал, М.Амарбаяр нар нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 13.000.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 15.000.000 төгрөг нийт 28.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1, *******д мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1,

*******т мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, Зүтгэл баян ХХК-д мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

1. Шүүгдэгч Боржигон овогт Мижиддоржийн Мөнгөнхөлөг, Санги тойн овогт Бат-Очирын Түвшинбаяр нарыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Санги тойн овогт Бат-Очирын Түвшинбаяр, Шангас овогт Ядамсүрэнгийн Цэдэнбал нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч хуулийн этгээд “Зүтгэл баян” ХХК-г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэр ийн өмнөөс явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мижиддоржийн Мөнгөнхөлөгийг таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Санги тойн овогт Бат-Очирын Түвшинбаярыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Санги тойн овогт Бат-Очирын Түвшинбаяр Шангас овогт Ядамсүрэнгийн Цэдэнбал нарыг таван мянга дөрвөн зуун / 5.400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “Зүтгэл баян” ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж хорин мянган / 20.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая / 20.000.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар таван мянга дөрвөн зуун / 5.400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн түүний торгох нийт ялыг таван мянга найман зуун тавин / 5.850 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая найман зуун тавин мянган / 5.850.000 / төгрөгөөр тогтоож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг, шүүгдэгч *******, *******, шүүгдэгч хуулийн этгээд “Зүтгэл баян” ХХК-д тус тус оногдуулсан торгох ялуудыг гурван жилийн дотор тус тус төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, шүүгдэгч хуулийн этгээд “Зүтгэл баян” ХХК нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “Зүтгэл баян” ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасах ялыг хуулийн этгээдэд торгох ял оногдуулж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолж,

 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******өөс долоон сая / 7.000.000 / төгрөгийг, шүүгдэгч *******аас арван есөн сая таван зуун мянган / 19.500.000 / төгрөг нийт хорин зургаан сая таван зуун мянган / 26.500.000 / төгрөгийг гаргуулж, 1. хохирогч Ж.Энх-Амарт нэг сая зургаан зуун арван нэгэн мянган / 1.611.000 / төгрөг, 2. хохирогч Ц.Энхмөнхөд гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 3. хохирогч Ж. Энхдалайд гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 4. хохирогч Ц. Энхбатад гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 5. хохирогч Л.Баттулгад гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 6. хохирогч Ж.Отгондалайд гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 7. хохирогч А.Бадралд гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 8. хохирогч М.Амарбаярт гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөг, 9. Хохирогч Б.Баярдалайд гурван сая нэг зуун арван нэгэн мянган / 3.111.000 / төгрөгийг тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.5.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар байгаль орчинд учруулсан хохирол нэг сая гурван зуун жаран мянга зургаан зуун гучин долоон / 1.360.637 / төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн 7.9 грамм алтны хольц бүхий зүйлийг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 314.5 грамм алтыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгож,

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ийн эзэмшлийн телевизор нэг ширхэг, шүүгдэгч *******ын эзэмшлийн угаалгын машин нэг ширхэг, шүүгдэгч *******ын эзэмшлийн эзэмших газар, усан буу нэг ширхэг, экскаватор нэг ширхэг, ковш нэг ширхэг, ачааны “Хово” машин хоёр ширхэг, шүүгдэгч хуулийн этгээд “Зүтгэл баян” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нөхөн сэргээлт явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын тогтоолыг хүчингүй болгож телевизорыг эзэмшигч *******т, угаалгын машиныг эзэмшигч *******т, газар болон усан буу нэг ширхэг, экскаватор нэг ширхэг, ковш нэг ширхэг, ачааны “Хово” машин хоёр ширхэг зэргийг эзэмшигч нарт нь, шүүгдэгч хуулийн этгээд “Зүтгэл баян” ХХК-ийн эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрчилгээг хүчингүй болгуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын яаманд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүгдэгч хуулийн этгээд “Зүтгэл баян” ХХК буюу түүний захирал *******т тус тус хэрэгцээний дагуу буцаан олгож,

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД нэг ширхэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн СД нэг ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хугацаагаар, хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогч Ж.Энх-Амар, Л.Баттулга, Ж.Отгондалай, Ц.Энхмөнх, Ж.Энхдалай нараас гаргасан бензин тосны зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Аймгийн Ерөнхий прокурорын 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар эсэргүүцэлд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцахад Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Учир нь *******, ******* нар болон “Зүтгэл Баян” ХХК-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхдээ *******ын эзэмшлийн усан буу төхөөрөмж 1 ' ширхэг, экскеватор трактор 1 ширхэг, ковш трактор 1 ширхэг, ачааны хово маркийн . авто машин 2 ширхэг зэргийг ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд уг тээврийн хэрэгслүүд болон усан бууг битүүмжилсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хуульчилж өгсөн бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт ‘Тэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.

2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга ... нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.

5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл шүүхээс шүүгдэгч *******, *******, мөн “Зүтгэл Баян” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн мөртлөө гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усан буу төхөөрөмж 1 ширхэг, экскаватор трактор 1 ' ширхэг, ковш трактор 1 ширхэг, ачааны хово маркийн авто машин 2 ширхэг зэргийг түрээслэн авч ирсэн боловч ямар нэг үйл ажиллагаа явуулсан болох нь нотлогдоогүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож хэрэгцээний дагуу эзэмшигч нарт буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг техник хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд дээрх техник хэрэгслүүдийг хураан авч улсын орлого болгох, эсхүл хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулаагүй нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийг хэрглээгүй гэж үзэж байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны . шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах, эсхүл шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Ерөнхий Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэлүүдийг Цэдэнбал түрээсээр ашиглаж байсан, тэдгээрийг хураах талаар яллах дүгнэлтэд бичигдээгүй байдаг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв

 ТОДОРХОЙЛОХ нь:

Аймгийн Ерөнхий прокурор Н.Амарсанаагийн давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуулыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд *******, ******* нар болон “Зүтгэл Баян” ХХК нар нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Далт гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн харин *******ын эзэмшлийн усан буу төхөөрөмж, эксковатор троктор, ковш трактор, тус бүр 1 ширхэг, ачааны хово маркийн авто машин зэргийг гэмт үйлдэлдээ ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байхад тэдгээр тээврийн хэрэгсэлүүдийг бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдсон, түрээслэн авчирсан боловч ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нь нотлогдоогүй гэж дүгнээд эзэмшигч нарт нь буцааж олгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж” гэж “Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан... гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн,... хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгсэлийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 4-т “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл,... тухайн гэмт буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус, тус заасныг зөрчсөн, тэдгээрийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод тооцож хураагаагүй нь алдаатай болжээ.

Гэмт этгээдүүдийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгсэлүүдийг хураан авах нь тэдгээрийг дахин ашиглаж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх Эрүүгийн хуулийн 1.1-д заасан хуулийн зорилгод нийцнэ.

 Мөн энэ гэмт хэргийн улмаас Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг Далт гэх газарт 0,27 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаль экологид хохирол учруулсан боловч түүнийгээ нөхөн сэргээгээгүй талаар хохирогчийн төлөөлөгч Б.Наранбаатар мэдүүлсэн байхад шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эсэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимтай нийцээгүй байна.

Мөн анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 314.5 грамм алтыг эзэмшигч *******д хэрэгцээнийх нь дагуу буцаан олгож шийдвэрлэн улмаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад шүүгдэгч *******д хүлээлгэн өгсөн талаар Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаар баримт 5 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр талд авагдсан нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Энэ талаар Аймгийн прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9  дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/158 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******, *******, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.