Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0604

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.С***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Ч***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Б***

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.С***

Хариуцагч: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М***

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б***

1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгох;

2.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгох;

3.Урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох; ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

4.Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 сарын 06-ны өдөр шуудангаар хүргүүлсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч***, А.Б***, хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С***, хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М***, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1.Нэхэмжлэгч Г.С*** нь Төрийн албаны зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тус тус холбогдуулан 1.Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгох;

2.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгох;

3.Урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох; ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагч Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх,

4.Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 сарын 06-ны өдөр шуудангаар хүргүүлсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах-аар маргасан.

          2.Г.С***г Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолоор Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын *** дугаар тушаалыг хүчингүй болгож, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалаар Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн.

             3.Нэхэмжлэгчээс Төрийн албаны зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт тус тус холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2023 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

          Мөн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг хянаад 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичгээр хариу өгч, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлээр шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн *** дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн *** дугаар захирамжаар тус захиргааны хэргүүдийг нэгтгэсэн.

          4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          Нэг. Маргаан бүхий захиргааны актуудын утга агуулга ба миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй тухай:

          Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны Г.С***г төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай *** дугаар тушаал нь намайг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээс Агентлагийн Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан шийдвэр байсан. Иймд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тушаалаар Агентлагийн даргын 2021 оны *** дугаар тушаалыг хүчингүй болгох замаар миний Агентлагийн Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд ажиллах, хөдөлмөрлөх эрхийг маань зөрчсөн захиргааны акт гаргалаа. Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн "Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С***г үүрэгт ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай" *** дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тушаалтай холбогдуулан намайг Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн. Ийнхүү тус тушаал нь мөн адил миний төрийн жинхэнэ алба хаах, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Төрийн албаны зөвлөл болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын маргаан бүхий захиргааны актууд гарснаар миний төрийн жинхэнэ алба хаах, хөдөлмөрлөх эрх маань зөрчигдөөд байна. Иймд би өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах үүднээс ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргав.

          Хоёр: Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын тухай. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/*** дугаартай тогтоолыг би Агентлагийн даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаал гарах үед мэдсэн. Тодруулбал, тус Тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга ***ий 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай албан бичгээр анх Агентлагт хүргүүлж байсан байна.

          Тухайн үед Агентлагийн удирдлагын зүгээс надад Төрийн албаны зөвлөлийн тус Тогтоолыг мэдэгдэж, танилцуулж байгаагүй. Харин 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Агентлагийн дарга ***ийн надад "Захиргааны зөвлөлийн хуралтай хэмээн дуудаад танилцуулсан Мэдэгдэлд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар Тогтоолыг иш татаж, анх удаа надад мэдэгдсэн. Мөн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *** дугаар тушаалыг гаргаж, намайг ажлаас чөлөөлөх үед Төрийн албаны зөвлөлийн тус тогтоолыг надад танилцуулсан. Үүгээр би Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолтой анх танилцсан юм.

          Үүний дараа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би Төрийн албаны зөвлөлд дээр дурдсан хоёр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахыг хүсэж, гомдол гаргасан. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Б/*** дугаар тогтоол болон Агентлагийн даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн тогтоохыг хүссэн. Миний тус гомдлын дагуу Агентлагаас тайлбар, нотлох баримт авах зэрэг ажиллагааг Төрийн албаны зөвлөл хийж, гомдол шийдвэрлэхгүй удсан.

          Төрийн албаны зөвлөлийн хуралд намайг оролцуулж тайлбар авсан. Үүний дараа Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолыг гаргасан. Тус тогтоолын "Тогтоох нь" хэсгийн 1-т "... газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *** дугаар тушаалыг хэвээр үлдээж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоол, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах Г.С***гийн гомдлын шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. Тус тогтоолыг надад 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр *** дугаар утсаар мэдэгдсэнээр би өөрийн биеэр очиж авсан.

          Үүгээр Төрийн албаны зөвлөлийн болон Агентлагийн даргын маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах тухай миний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буюу Төрийн албаны тухай хуулийн 75.1, Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлүүдэд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан юм. Төрийн албаны тухай хуулийн 76.3-т "Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно" гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т "... захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол ... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж, 14.1.1-т "... гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" гэж тус тус заасан.

          Би хуулийн тус зохицуулалтуудын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр мэдсэнээс хойш 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Ийнхүү би маргаан бүхий захиргааны актуудыг эс зөвшөөрч хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлж, тус шийдвэрийг хүлээн авснаас хойш хуульд заасан 30 хоногийн хугацаанд багтаан шүүхэд нэхэмжлэл гаргалаа.

          Гурав. Маргаан бүхий захиргааны актууд нь хууль бус болох тухай: Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаартай Тогтоолд Агентлагийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны *** дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 27.1, 33.3 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны сул орон тоог сонгон шалгаруулалтын үндсэн дээр нөхөх журмыг зөрчсөн гэсэн байна. Гэвч энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй, хууль бус юм. 1. Агентлагийн даргын 2021 оны *** дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44.1 дэх заалтын дагуу гарсан буюу Төрийн жинхэнэ албан хаагчийн өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах журам, зохицуулалтын дагуу гарсан.

          Үүгээр Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Г.С*** намайг Агентлагийн Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл заасан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэргэн ажиллуулах нөхцөлд Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалт явуулах журам үйлчлэхгүй юм. Учир нь, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах нь төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэх, сэлгэх буюу тухайлсан нэг албан хаагчийг шилжүүлэх, сэлгэх тухай ойлголт билээ.

          Тэрнээс сонгон шалгаруулалт явуулж, төрийн жинхэнэ албанд анх тутам томилох агуулга, ойлголт биш юм. Энэ ч үүднээс Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад сонгон шалгаруулалт явуулах тухай заагаагүй. 2. Төрийн албаны тухай хуулийн 44.7-д "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална" гэж заасан. Хуулийн тус заалтын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн "Журам батлах тухай" *** дугаартай Хамтарсан тушаалаар Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг баталсан байна. Тус журмын 5.1-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад заасан. ... сонгон шалгаруулалт явуулахгүй" гэж 3. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаартай тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 27.1 дэх заалт зөрчигдсөн гэх боловч хуулийн тус заалт нь шууд сонгон шалгаруулалт явуулах агуулгатай биш юм. Харин төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас нөхөх; тийнхүү нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс нөхөх; тийнхүү нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж нөхөх тухай тус тус заасан.

          Тус хуулийн 27.1.4 дэх заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүчингүй болгосон бөгөөд Агентлагийн даргын 2021 оны *** дугаар тушаал гарах үед хуулийн тус заалт хүчинтэй үйлчилж байсан байна. Иймд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнээр ажиллаж байсан намайг Агентлагийн Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 27.1-т заасан "төрийн байгууллагад ажиллаж байгаа иргэдээс томилох" журмыг зөрчөөгүй юм. Өөрөөр хэлбэл, төрийн нэг байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах нь сул орон тоог сонгон шалгаруулалтаар нөхөх тухай хуулийн заалтыг зөрчихгүй юм. Агентлагийн даргын намайг шилжүүлэн ажиллуулах тухай 2021 оны *** дугаар тушаал гарах үед Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тодруулбал, тус хуулийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан бөгөөд хуулийн 19.1-т "Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж заасан. Тус хуулийн 3.2-т "... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасан. Үүгээр Ковидын тухай хууль үйлчилж байх хугацаанд Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалт хийх журам, зохицуулалт хэрэгжихгүй билээ. Тус хуулийн 18.1-т заасан ёсоор тус хууль нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилж байсан. Үүнтэй холбоотой тус хугацаанд төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалт хийх тухай Төрийн албаны тухай хуульд заасан журам, зохицуулалт үйлчлэхгүй байсан.

          Иймд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолд "Төрийн албаны тухай хуулийн 271, 33.3 дахь хэсгийг зөрчиж томилсон" буюу сонгон шалгаруулалт явуулаагүй гэж буй нь Ковидын тухай хуулийн 3.2 дахь заалтыг зөрчсөн, хууль бус дүгнэлт юм. Түүнчлэн, намайг шилжүүлэн ажиллуулах үед болон түүний дараа ч миний ажиллаж буй орон тоонд сонгон шалгаруулалт, тусгай шалгалт зарлаагүй тул сонгон шалгаруулалт зарласан, тусгай шалгалт авахад би оролцоогүй, тэнцээгүй зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн нөхцөл байдалд миний буруутай үйл ажиллагаа огтоос байхгүй билээ. Анх Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд ажиллаж байхад Яам болон Агентлаг өөрсдөө хүсэж, намайг шилжүүлэн ажиллуулсан. Би төрийн байгууллагуудын тус шийдвэрийг хүлээн зөвшөөрч, шилжиж ажилласан. Гэтэл одоо тус нөхцөл байдалд намайг буруутгаж, намайг ажилгүй болгож байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолоор Агентлагийн даргын 2021 оны *** дугаар тушаалыг буюу намайг Яамны мэргэжилтнээс Агентлаг руу шилжүүлэн ажиллуулсан тушаалыг хүчингүй болгосон.

          Ийнхүү намайг шилжүүлэн ажиллуулсныг хууль бус хэмээн үзэж, хүчингүй болгож байгаа бол намайг өмнө ажиллаж байсан албан тушаал маань болох Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллуулах учиртай. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолд энэ талаар огт дурдаагүй. Харин ч Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолын 2-т ... шаардлага хангасан албан тушаалд Г.С***г томилохыг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргад даалгасугай" гэж тусгасан байна. Өөрөөр хэлбэл, намайг Агентлагт ажилд авах агуулгаар шийдвэрлэсэн буюу Яамд ажиллуулахгүй байх агуулга бүхий шийдвэр гаргасан байна. Ингэснээр Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоол нь утга, агуулгын хувьд ойлгомжгүй захиргааны акт болсон байна. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолоор намайг Агентлагт шилжүүлэн ажиллуулсан тогтоолыг хүчингүй болгосон. Иймд тус тогтоол нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт билээ. Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, журмын дагуу надад урьдчилан мэдэгдэж, надаас тайлбар, баримт авах шаардлагатай байсан. Гэтэл тус ажиллагааг хийлгүй, надад мэдэгдэлгүйгээр захиргааны актыг гаргасан байна. Захиргааны актыг гаргасны дараа ч надад мэдэгдээгүй болно. Энэ нь Төрийн албаны зөвлөл нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн хэрэг юм. Агентлагийн даргын 2022 оны *** дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 32.2, 65.6 дахь заалтууд болон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолыг үндэслэл болгож, намайг төрийн жинхэнэ албанаас чөлөөлсөн. Гэвч энэ нь дараах байдлаар тус тус үндэслэлгүй, хууль бус юм.

          1.Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх болон түр чөлөөлөх үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1, 46.2-т тус тус заасан. Гэвч Агентлагийн даргын маргаан бүхий захиргааны актад хуулийн тус заалтуудыг үндэслэл болгоогүй байна. Мөн хуулийн тус заалт, үндэслэлүүд бүрдээгүй байсан. Иймд Агентлагийн даргын маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 49.1-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно" гэж, 62.1-т "Төрийн жинхэнэ албан хаагч .... дараах баталгаагаар хангагдана" гэж, 62.1.1-т "энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" гэж тус тус заасныг зөрчсөн болно.

          2. Агентлагийн даргын маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 32.2 дахь заалтыг үндэслэл болгосон байна. Хуулийн тус заалтад "Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ" гэж заасан. Хуулийн 32.1-т "... төрийн албаны төв байгууллага энэ хуулийн ... 27 дугаар зүйлд заасныг зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлнэ" гэж заасан. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаартай Тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 32.1, 32.2 дахь заалтуудын дагуу гараагүй. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаартай тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 32.1, 32.2-т хамаарахгүй, Төрийн албаны зөвлөлөөс хуулийн тус хэсэгт заасан мэдэгдэл гараагүй юм.

          3. Төрийн албаны тухай хуулийн 32.1-т заасан мэдэгдэл бол Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Мэдэгдэл юм. Энэ талаар хуулийн 32.1-т байгууллага энэ хуулийн зүйлд заасныг зөрчсөн төрийн албаны төв буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг .... хүргүүлнэ" гэж заасан. Иймд хэрэв Агентлагийн даргын намайг шилжүүлэн ажиллуулах тухай 2021 оны 5/100 дугаар тушаал нь хууль зөрчсөн гэвэл хууль зөрчсөн, буруутай албан тушаалтан нь Агентлагийн дарга болох юм. Тэрнээс тухайн шийдвэр гарах, Төрийн албаны тухай хууль зөрчигдөхөд миний буруутай үйл ажиллагаа, оролцоо байхгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т "гэм буруутны ял зэмлэлийг халдаан хэрэглэхийг хориглоно" гэж заасан. Үндсэн хуулийн тус зарчмын дагуу Агентлагийн даргын хууль бус шийдвэр гаргасан гэм бурууг надад халдаан хэрэглэх, үүний улмаас намайг ажлаас чөлөөлөх, хохироох үндэслэлгүй билээ. Иймд Төрийн албаны тухай хуулийн 32.1-т заасан буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх Мэдэгдлийг Төрийн албаны зөвлөл гаргасан гэвэл Агентлагийн даргыг тус албан тушаалаас нь чөлөөлөх учиртай.

          4. Агентлаг нь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаартай тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргаж, намайг ажлаас чөлөөлсөн. Иймд Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлж байгаа бол Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэрийг гүйцэтгэх журмыг баримталж ажиллах учиртай. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 82.2-т "Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ" гэж, 82.2.1-т "Гомдол гаргах хугацаа өнгөрсөн" гэж, 83.1-т "Захиргааны шийдвэр гүйцэтгэхэд дараах шаардлагыг хангасан байна" гэж, 83.1.3-т "... шаардах эрх бүхий шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн байх" гэж заасныг тус тус зөрчиж, тус тогтоолыг хэрэгжүүллээ. Өөрөөр хэлбэл, надад Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаартай тогтоолтой холбогдуулан гомдол гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж олголгүйгээр захиргааны шийдвэрийг гүйцэтгэлээ.

          5. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа надад тайлбар, нотлох баримт гаргаж өгөх, хуульчаас зөвлөгөө авах боломж олгосонгүй. Хэлбэр төдий байдлаар сонсох ажиллагааг хийлээ. Тодруулбал, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сонсох ажиллагаанд оролцож, тайлбар өгөхийг хүссэн. Маргааш нь маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т "Захиргааны акт ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд.... тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасныг зөрчиж, тайлбар, санал гаргах цаг хугацааны боломж олгосонгүй. Би өөрийн Төрийн албан хаагчийн анкетыг нэхэмжлэлд хавсаргалаа. Тус баримтаас намайг 1993 онд улсын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилласнаас эхлээд төрийн албанд тасралтгүй, тогтвортой, удаан жил ажилласан болохыг маань харж болно. Мөн 2006 оноос Япон Улсын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын төвд ажилласнаас эхлэн Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилласан болохыг маань харж болно. Боловсролын хувьд 1993 онд Бага ангийн багш мэргэжлээр, 2005 онд Монгол хэл, уран зохиол судлаач, багш мэргэжлээр Бакалавр, 2007 онд Хэл шинжлэлийн ухааны магистр, 2015 онд Нийгмийн удирдлагын менежер 2019 онд Боловсрол судлалын Докторын зэрэг тус тус хамгаалсан. Ийнхүү 1993 оноос эхлэн хүүхдүүдтэй ажиллаж, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр улсад тасралтгүй ажиллаж байна. Гэтэл дээрх байдлаар намайг төрийн албанаас хууль бусаар халж, хохироож байгаад маш их гомдолтой байна. Намайг ажлаас халах болсон бодит шалтгаан нь Агентлагийн Дарга, удирдлагуудын хувийн таарамжгүй харилцаа, өөрсдийн хүнээ томилох гэсэн сонирхол байсан гэж бодож байна.

          ...Г.С*** би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/120 дугаар тушаал болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар намайг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан боловч Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолоор намайг шилжүүлэн ажиллуулахдаа Төрийн албаны тухай хууль зөрчигдсөн гэх үндэслэлээр Шилжүүлэн ажиллуулах тухай шийдвэрийг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотой Агентлагийн даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалаар намайг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн. Тус шийдвэрүүдийг би эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолоор миний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Агентлагийн даргын 2022 оны *** дугаар тушаал болон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолыг тус тус хэвээр үлдээсэн. Ийнхүү Төрийн албаны зөвлөлийн зүгээс намайг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнээс Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан явдлыг хууль бус гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор миний бие өмнө ажиллаж байсан албан тушаал болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүсэлтийг 2023 оны 01 сарын 06-ны өдөр гаргасан боловч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хариу өгөөгүй. Тус хариу өгөөгүй эс үйлдэхүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ." гэж заасныг зөрчсөн байна. Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах шийдвэр гаргаж, ажиллуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны зөвлөл болон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт холбогдох хоёр захиргааны акттай маргаж байгаа. Эхний захиргааны акт нь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоол нь Г.С***г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас агентлаг буюу Хүүхэд, гэр бүл, залуучуудын газарт шилжүүлэн ажиллуулах тухай 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 100 дугаар тушаалыг хүчингүй болгосон.

          Энэ тушаалаар яамны хүүхэд хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээс агентлагийн Хүүхдийн эрхийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон. Төрийн албаны зөвлөлийн *** дугаар тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 27.1, 33.3 гэсэн заалтуудыг үндэслэж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Г.С***г сонгон шалгаруулалтад ороогүй, ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй гэдэг хуулийн заалтыг үндэслэж энэхүү тушаалыг гаргасан. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан Төрийн албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 5.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан тушаалын тодорхойлолт хэсгийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй гэсэн заалт байдаг.

          Мөн Г.С*** төрийн байгууллагад ажиллаж байгаад өөр төрлийн байгууллага руу шилжиж байгаа. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27.1-т заасан сул орон тоог сонгон шалгаруулалтаар нөхөх хуулийг зөрчөөгүй. Мөн тухайн тогтоол гарах үед Коронавирус цар тахлын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хэрэгжиж байсан. Тус хуулийн 3.2 дахь заалтад сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг идэвхтэй хамруулах, арга хэмжээ зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн баримтлан хэрэгжүүлнэ гэсэн заалт буюу тухайн үед ямар нэгэн сонгон шалгаруулалт, шалгалтыг хуулиар түр түдгэлзүүлж зогсоосон байсан.

          2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албаны зөвлөл агентлаг дээр ажиллаад хяналт шалгалт явуулсан. Энэ хяналт шалгалтаар Г.С***г сонгон шалгаруулалтад ороогүй, тусгай шалгалтад ороогүй байна гэдэг үндэслэлээр хяналт шалгалтын дүгнэлт гарсан байдаг. Үүний дараа агентлагаас 391 дугаартай тогтоолын биелэлтийг хангах албан бичиг явуулсан. Тус албан бичгээр тусгай шалгалт зарлуулах хүсэлтээ тодорхой илэрхийлсэн.

          Энэ хугацаанаас хойш Г.С***гийн албан тушаал дээр Төрийн албаны зөвлөл болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны салбар зөвлөлөөс ямар нэгэн тусгай шалгалтыг өөрсдөө зарлаагүй. Тэрнээс Г.С*** өөрөө шалгалтад орж тэнцээгүй, шалгалт зарласан үед нь оролцоогүй асуудал байхгүй. Г.С*** шилжин ажиллахдаа яаманд мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан. Гэтэл агентлагийн даргын саналаар Г.С***г тухайн үед хүүхэд хамгааллын чиглэлээр Монгол Улсад докторын зэрэг хамгаалсан цор ганц хүн байсан. Энэ хүн ажлын шаардлага, ур чадвар гээд олон хүчин зүйлсийг нь харгалзаад Г.С***г агентлагийн газрын даргаар ажиллуулъя гэсэн саналыг гаргасан.

          Өөрөөр хэлбэл Г.С*** өөрөө шилжье, шилжиж ажилламаар байна гэдэг өөрийнх нь хүсэл зоригоор шийдсэн асуудал биш, яамны газрын дарга, агентлагийн дарга нар хоорондоо харилцан тохиролцоод, зөвшилцөөд Г.С***г шилжүүлэх тушаал гарсан. Төрийн албаны зөвлөлийн *** дугаартай тогтоолыг Г.С***д ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Г.С***гийн эрх, ашиг хөндөгдөж байгаа бол, Үндсэн хуульд заасан эрхийг нь хөндөж байгаа бол энэ шийдвэр гарч байгааг Г.С*** огт мэдээгүй байдаг. Өөрөөр хэлбэл 7 дугаар сарын 07-ны өдөр гарсан энэ тогтоолыг 10 дугаар сарын 26-ны өдөр агентлагаас ажлаас нь чөлөөлөх тушаал гарахад анх удаа мэдсэн. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа огт явагдаагүй.

          Энэ нь Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулиар Төрийн албаны зөвлөлөөс гарч байгаа аливаа захиргааны акт болж байгаа. Тэрнээс энэ захиргааны акт нь тусдаа журмаар явдаг, сонсох ажиллагаа явуулахгүй гэсэн хуулиар олгосон бүрэн эрх байхгүй учраас адилхан сонсох ажиллагаа явуулах ёстой байсан гэсэн үндэслэл гарч байгаа. Төрийн албаны тухай хуулийн 44.1-д заасан үндэслэлээр Г.С*** шилжиж томилогдсон. Төрийн албаны тухай хуулийн 44.1-д ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулах талаар хуулийн үүрэг болгосон заалт байхгүй байсан гэж үзэж байна.

          Агентлагийн даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаар тушаал Г.С***г үүрэгт ажлаас нь бүрмөсөн чөлөөлж байгаа агуулгатай. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 46.1, 46.2-т заасан хуулийг үндэслэл болгох учиртай байсан. Гэтэл энэ үндэслэлийг огт тухайн тушаал дээр дурдаагүй. Зөвхөн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж байна гэдэг агуулгаар гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Г.С***гийн тухайд төрийн албанд 30 орчим жил ажиллаж байгаа, хүүхдийн байгууллагад анхан шатны байгууллагаас нь удирдах, бодлого боловсруулах түвшинд ажиллах бүх албан тушаалуудыг нь дамжиж, төрийн албаны шатлан дэвших зарчмаар ажилладаг байсан.

          Гэтэл Төрийн албаны зөвлөл энэ тушаалыг ямар нэгэн байдлаар Г.С***гийн сонсох ажиллагаа явуулахгүй, зөвшөөрөл, санал, хүсэлтийг нь сонсохгүйгээр ийм шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

          Г.С***гийн тухайд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрхийн хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах тухай хүсэлтийг гаргасан. Гэтэл яамны зүгээс ямар нэгэн байдлаар хүсэлтэд хариу өгөөгүй учраас тус хариу өгөөгүй үйлдэл нь хууль бус юм гэж бид маргаж байгаа. Өөрөөр хэлбэл тус хүсэлтийг шийдвэрлэж, ямар нэгэн байдлаар хариу өгнө үү гэдэг байдлаар хариуцагчид даалгуулах шаардлага гаргаж байгаа. Тэрнээс биш яг энэ ажилд нь томилуулан ажиллуулж өгнө үү гэдэг шаардлага гаргаагүй гэдгийг тодотгож хэлье.

Г.С***г албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэсэн тайлбарыг хэллээ. Гэтэл Г.С*** албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байдаг. Хавтаст хэрэгт Г.С***гийн албан тушаалд ямар албан тушаалын шаардлага тавигдсан бэ гэдэг баримт байгаа. Энэ шаардлага дээр эрхэлсэн түшмэлийн сургалтад суусан байх шаардлагыг хангаж сургалтад суусан гэрчилгээг нь хавтаст хэрэгт өгсөн. Төрийн албан тушаалд ажилласан жилийн шаардлага байгаа. Үүн дээр төрийн албанд 12-оос дээш, ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс дээш жил ажилласан байх шаардлагыг тавьсан. Г.С***гийн тухайд хавтаст хэргийн 128, 179, 195 дугаар талуудад авагдсан ахлах түшмэлээр ажилласан талаар нотлох баримтууд байгаа. 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Хүүхдийн төлөө үндэсний газарт ахлах мэргэжилтнээр буюу ахлах түшмэлээр ажиллаж байсан. ТЗ-7-оор цалинжаад тухайн үед дагаж мөрдөж байсан 1999 оны Улсын Их Хурлын тогтоолын дагуу ахлах түшмэлийн ангилалд хамаарч байсан. Тус албан тушаалд нэг жил, гурван сар ажилласан. Дараа нь 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ахлах мэргэжилтнээр томилогдсон. Тус албан тушаалд нэг жил, таван сар ажилласан. Тус албан тушаал нь мөн ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал байсан. 2019 оны 12 дугаар сард яаманд шинжээчээр ажиллаж байсан. Тус албан тушаал нь мөн ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаал байсан. Үүнтэй холбоотой ахлах түшмэлийн зэрэг олгосон тушаалуудыг хавтаст хэрэгт хавсаргаад өгсөн байгаа. Ингээд үзэхээр Г.С***гийн ахлах түшмэлээр ажилласан жил нь гурван жил, найман сарын хугацаанд ажилласан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 26.3-т 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно гэж заасан. Г.С***гийн тухайд дэс түшмэлээс эрхэлсэн түшмэлд албан тушаалд шилжиж томилогдсон. Төрийн албаны тухай хуулийн 23.2-т 12 жил, 4 жил гээд ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын жилийг заасан. Өөрөөр хэлбэл 50 хувийг Г.С*** аль хэдийн хангасан байсан. Сүүлд агентлаг дээр нэг жил ажилласан эрхэлсэн түшмэлийн албан тушаал нь дагаад ахлах түшмэлийн ангиллыг хангасан гэж бид нарын зүгээс үзэж байгаа. Энэ хугацааг оруулбал дэс түшмэл болон түүнээс дээш ангилалд ажиллаж байсан гэдэг нөхцөл байдлууд авагдсан. Тийм учраас хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

6.Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          1.Маргаан бүхий үйл баримтын тухайд: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг үндэслэн тус яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Г.С***г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор тус газрын даргын гаргасан саналын дагуу шилжүүлэн ажиллуулжээ. Улмаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилжээ. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ.", 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад "иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх..." гэж тус тус заасныг үндэслэн хяналт шалгалт хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн удирдлагын шийдвэрт хяналт шалгалт хийсэн.

          Хяналт шалгалтын тайланг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нэр бүхий 6 албан хаагчийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилсныг тогтоож, Зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 391 дүгээр тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад тус тус заасны дагуу томилгооны зөрчил арилгах хугацаатай үүрэг Даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн.

          Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно" гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд эрх бүхий албан тушаалтан хууль бус томилгооны зөрчил арилгаагүй тул Зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн *** дугаар тогтоолоор Г.С***г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Улмаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалаар Г.С***г Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үндэслэлээр Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.

          2.Хууль зүйн үндэслэлийн тухайд: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт "Төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна." гэж, Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт"-д зааснаар яамны мэргэжилтэн дэс түшмэлийн Т3-7 зэрэглэл, Засгийн газрын агентлагийн газрын дарга эрхэлсэн түшмэлийн ТЗ-11 зэрэглэлийн албан тушаалд тус тус хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Г.С***гийн ажиллаж байсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаал дэс түшмэлийн ТЗ-7 зэрэглэлийн гүйцэтгэх албан тушаалд, түүнийг шилжүүлэн томилсон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаал эрхэлсэн түшмэлийн ТЗ-11 зэрэглэлийн удирдах албан тушаалд тус тус хамаарч байна. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт "Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно." гэж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны хамтарсан 34/31 дүгээр тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам"-ын 1.1 дэх заалтад "Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 1.4 дэх заалтад "энэ журамд зааснаас бусад зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахыг хориглоно", 1.5 дахь заалтад "Төрийн жинхэнэ албан хаагчийг адил төрлийн албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулна", 2.1 дэх заалтад "Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж, баталгаажуулсан байна" гэж, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам"-ын 2.4 дэх заалтад "Төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэхэд албан тушаалын ангилал алгасуулахгүй" гэж тус тус заасан. Тодруулбал, Г.С*** нь Засгийн газрын агентлагийн газрын дарга буюу удирдах төрлийн албан тушаалын тусгай шалгалт өгөөгүй байхад албан тушаалын төрөл өөрчилж, ангилал алгасуулж шилжүүлсэн хөдөлмөрийн харилцаа нь хууль, эрх зүйн үндэслэлгүй бөгөөд түүнийг шилжүүлсэн шийдвэр нь Төрийн албаны тухай хууль, холбогдох журмыг зөрчсөн байна. Учир нь Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийх тухайн үед буюу 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргагч Г.С*** төрийн албанд 23 жил 7 сар, дэс түшмэлийн албан тушаалд 9 жил 1 сар ажилласан бөгөөд түүний ажилласан жилийн туршлагыг задлан үзвэл 1993.08 дугаар сараас 2006 оны оны 2 дугаар сар хүртэл Хөвсгөл аймгийн Рашаант, Их уул сумын ерөнхий боловсролын дунд сургуульд багш, 2006 оны 02 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл МУИС-д эрдэм шинжилгээний ажилтан, багш, 2006 оны 10 дугаар сараас 2009 оныг дуустал Их Британийн болон Японы хүүхдийг ивээх сан олон улсын байгууллагад менежер, 2010 оны 01 дүгээр сараас 2012 оны 10 дугаар сар хүртэл Хүүхдийн төлөө газрын Олон нийтэд түшиглэсэн хүүхдийн хөгжил хамгааллын менежер, Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн *** дугаар тушаалаар тус газрын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, мөн газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн *** дугаар тушаалаар Хүүхдийн хөгжил, оролцооны бодлого хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн, мөн даргын 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн *** дүгээр тушаалаар Хүүхдийн оролцоо, иргэний нийгмийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд тус яаманд мэргэжилтний албан тушаалыг тус тус хашсан, дээд боловсролтой, бага ангийн багш, Монгол хэл, уран зохиол судлаач, багш мэргэжлийн бакалаврын дипломтой, Нийгмийн удирдлагын мэргэшлийн дипломтой, Хэл шинжлэлийн магистр, Боловсрол судлалын доктор зэрэгтэй, эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаж төгссөн байна. Нөгөөтээгүүр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар Г.С***г Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон байдаг. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ." гэж заасан. Тодруулбал, бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчмын хүрээнд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хугацаанд төрийн албаны сул орон тоог нөхөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан албан хаагчийг тухайн албан тушаалд тодорхой хугацаатай томилох боломжийг нээсэн зохицуулалт юм. Мөн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад "эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх" гэж, Төрийн албаны тухай хуульд 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр "эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх" гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч Г.С*** төрийн албанд ажилласан хугацааны шаардлагыг хангаж байгаа боловч ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх хуульд заасан тусгай шаардлагыг хангахгүй байх тул коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг зөрчиж эрхэлсэн түшмэлийн албанд тушаалд шилжүүлэн томилсон гэж дүгнэж байна. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 656 дахь заалтад "Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ" гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн *** дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалаар Г.С***г Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын Даргын албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Иймд Г.С***гийн Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

          7.Хариуцагч Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хүрээнд тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гэр бүлийн бодлого зохицуулалтын газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.С***г /өөрийн зөвшөөрснөөр/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон төрийн албан хаагч нар харилцан тохиролцож Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалаар шилжүүлэн ажиллуулсан. Манай байгууллагын зүгээс холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд дээд шатны байгууллага /эрх бүхий албан тушаалтан/-ын гаргасан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, биелүүлэх, захирах, захирагдах зарчмын үүднээс төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийг үндэслэж албан тушаалд шилжүүлэн томилсон. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн "Хүний нөөцийн Аудит"-ын шалгалтын ажлын хэсгийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай байгууллагад ажилласан хяналт шалгалтын үр дүнд "Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай" Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 391 дүгээр тогтоол гарсан байдаг. Мөн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Тогтоолын хэрэгжилт хангуулах тухай" 06/2031 дугаартай албан бичиг ирсэн. Албан бичгээр агентлагийн даргын 2021 оны *** дугаар "Г.С***г төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд шилжүүлэн ажиллуулах -лухай" тушаалыг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолыг ирүүлсэн буюу тогтоолын хэрэгжилтийг хангаж 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор танилцуулахыг мэдэгдсэн. Тус нөхцөл байдалд Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалын тусгай шалгалтын захиалгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн албаны салбар зөвлөлд 2 удаа хүргүүлсэн ба тусгай шалгалт зохион байгуулагдаж, тэнцсэн тохиолдолд хуулийн дагуу томилгоог хийхээр төлөвлөн ажиллаж байсан. Дээрх Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэрүүдээр Г.С*** болон нэр бүхий албан хаагчдыг томилсон /шилжүүлсэн/ шийдвэрийг Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн тул бидний зүгээс Г.С***г тус албан тушаалд ажиллуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр хууль бус болсон хэдий ч манай байгууллагын зүгээс Г.С***гийн хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй байх, түүнийг тайлбар гаргах, баримт гаргаж өгөх бүх талын эрхээр хангаж ажилласан.

          Тодруулбал: Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 10 минутад тус байгууллагын хурлын зааланд /202 тоот/ Агентлагийн дарга ***, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга *** Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.С***, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.М***, *** нарын бүрэлдэхүүнтэй Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолыг уншиж, танилцуулж мэдэгдэх хуудас гардуулж өгсөн буюу тайлбар, санал гаргах талаар /захиргааны акт гаргахаас өмнө/ Г.С*** даргад амаар болон цаасаар мэдэгдэж, өгсөн. Мөн тушаал, шийдвэр /захиргааны акт/ гаргах болон гаргасны дараа өөрт нь гардуулж өгсөн болон бусад үйл явцын талаар тэмдэглэл хөтөлж, баримтжуулсан болно. Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д "эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар мэдэгдэнэ" гэж, 65 дугаар зүйлийн 65.6-д "... зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ" гэж, мөн 76 дугаар зүйлийн 76.4-д "төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ" гэж, 76.6-д "энэ хуулийн 76.4, 76.5- д заасныг зөрчсөн эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас хална" гэж /эрх зүйн үндэслэл/ тус тус заасны дагуу бидний зүгээс Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангаж, иргэн ***г үүрэгт ажил албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэрийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу гарсан. Нэгэнт түүнийг шилжүүлэн ажиллуулсан шийдвэр хууль зөрчсөн тул түүний урьд ажиллаж байсан ажлын байр хэвээр хадгалагдаж, түүний хөдөлмөрлөх эрх зөрчигдөхгүй болохыг дурдах нь зүйтэй. Иймд Г.С***гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

          8.Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          1.Г.С*** нь 2021 оны 11 дүгээр сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын газарт шилжүүлсэн тул түүний албан тушаалын орон тоог хадгалах үүрэг хүлээхгүй, тус Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд өөр хүн томилогдон ажиллаж байна.

          2. Мөн нэхэмжлэгч Г.С***гийн Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг хэлэлцсэн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Маргаан хянан шийдвэрлэсэн тухай" *** дугаар тогтоолын 2 дахь заалтаар Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлагын тусгай шаардлагыг хангасан өөр албан тушаалд С.Саранхүүг томилохыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж шийдвэрлэсэн.

          3. Төрийн албаны зөвлөл Г.С***гийн гомдлыг үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн дараах байдлаар шийдвэрлэлээ. 

          2.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

          2.1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалаар /1 дэх х.х-ийн 155/ тус яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Г.С***г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт шилжүүлж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар /1 дэх х.х-ийн 67/ тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд томилжээ.

          2.2.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн *** дугаар тогтоолоор /1 дэх х.х-ийн 37/ Г.С***г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгосон.

          2.3.Уг тогтоолын дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар /1 дэх х.х-ийн 69/ тушаалаар Г.С***г Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлжээ.

          2.4.Төрийн албаны зөвлөл нь Г.С***г төрийн албанд 23 жил 7 сар, дэс түшмэлийн албан тушаалд 9 жил 1 сар ажилласан нь төрийн албанд ажилласан хугацааны шаардлагыг хангаж байгаа боловч ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй байхад Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг зөрчиж эрхэлсэн түшмэлийн албанд тушаалд томилсон нь хууль бус гэж дүгнэжээ.

2.5.Ингэхдээ Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт"-д Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаал нь дэс түшмэлийн ТЗ-7 зэрэглэлийн гүйцэтгэх албан тушаалд, түүнийг шилжүүлэн томилсон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаал нь эрхэлсэн түшмэлийн ТЗ-11 зэрэглэлийн удирдах албан тушаалд тус тус хамаарч байгаа тул Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолоор баталсан "Төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэх журам"-ын 2.4 дэх заалтад "Төрийн жинхэнэ албан хаагчийг шатлан дэвшүүлэхэд албан тушаалын ангилал алгасуулахгүй", Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, ... гэж заасныг зөрчиж, удирдах албан тушаалын тусгай шалгалт өгөөгүй байхад албан тушаалын төрөл өөрчилж, ангилал алгасуулж шилжүүлсэн гэж дүгнэжээ.

2.6.Гэтэл Г.С*** Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн ***дугаар тушаалаар тус газрын хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, мөн газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *** дүгээр тушаалаар /1 дэх х.х-ийн 178/ Гэр бүлийн боловсролын арга зүй, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн *** дугаар тушаалаар /1 дэх х.х-ийн 179/ Хүүхдийн хөгжил, оролцооны бодлого хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн, мөн даргын 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар Хүүхдийн оролцоо, иргэний нийгмийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дүгээр тушаалаар /1 дэх х.х-ийн 221/ Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд, гэр бүл, ахмад настан, залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тушаалаар /1 дэх х.х-ийн 195/ Хүүхэд залуучууд, ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шинжээчээр, 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалаар /1 дэх х.х-222/ Хүн амын хөгжлийн газрын Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

Мөн Г.С***д Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 2 дугаар сарын *** дугаар тушаалаар /1 дэх х.х-ийн 185, 190/ ахлах мэргэжилтэн дөтгөөр зэрэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн *** дугаар тушаалаар /1 дэх х.х-ийн 191, 193/ ахлах түшмэл, дөтгөөр зэрэг, мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар тушаалаар /1 дэх х.х-ийн 195, 197/ ахлах түшмэл ТЗ-9-3 зэрэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр тушаалаар /1 дэх х.х-ийн 199 дэх тал/ ахлах түшмэл гутгаар зэрэг дэвийг тус тус олгосон бөгөөд түүнчлэн эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан /1 дэх х.х-ийн 108/ байна.

2.7.Төрийн албаны зөвлөлөөс Г.С***д олгосон эдгээр зэрэг дэв, ажилласан байдлыг тооцохдоо ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх, шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

2.8.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар Г.С***г Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасныг үндэслэн тус газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон байдаг.

Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт "... олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ." гэж заасан. Тодруулбал, бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед төрийн байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлэх зарчмын хүрээнд мөн хуулийн үйлчлэлийн хугацаанд төрийн албаны сул орон тоог нөхөх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, Төрийн албаны тухай хуулийн 22, 23 дугаар зүйлд заасан ерөнхий болон тусгай шаардлага хангасан албан хаагчийг тухайн албан тушаалд тодорхой хугацаатай томилох боломжийг олгохоор зохицуулжээ.

2.9.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: 27.1.1.төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; 27.1.4.энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах.-аар /уг заалт 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүчингүй болсон/ тус тус зохицуулжээ.

2.10.Харин Г.С***г шилжүүлэн томилсон цаг хугацаанд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т "... албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж зааснаар уг хууль үйлчилж байх хугацаанд Төрийн албаны тухай хуульд заасан сонгон шалгаруулалт хийх журам, зохицуулалт хэрэгжихгүй байжээ.

          2.11.Эдгээр зохицуулалтаас үзэхэд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалаар Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.С***г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27.1-т заасан журмыг зөрчсөн гэж үзсэн Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоол үндэслэл бүхий болоогүй гэж үзэхээр байна.

          2.12.Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гэр бүлийн бодлого зохицуулалтын газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.С***г өөрийнх нь зөвшөөрч, байгууллагын удирдлагууд харилцан тохиролцсоныг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ***, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар тус тус Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан.

          2.13.Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолоор зөвхөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалыг хэвээр үлдээсэн.

          2.14.Ийнхүү Г.С***г шилжүүлэн ажиллуулсан тушаалыг хүчингүй болгосон боловч ямар ажил, албан тушаалд ажиллуулах эсэхийг шийдвэрлээгүй, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар тогтоолоор /1 дэх х.х-ийн 62/ ... шаардлага хангасан албан тушаалд Г.С***г томилохыг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын даргад даалгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2.Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасанд нийцээгүй шийдвэр болжээ.

          Иймд дээр дурдагдсан нөхцөл байдлуудыг дахин тогтоож, шинээр акт гаргах хүртэл Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

          3.Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох; ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

          3.1.Г.С***г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхад нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаал болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан.

          3.2.Түүнчлэн Г.С***г төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай 2021 оны *** дугаар тушаалыг хүчингүй болгосон Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалаар Г.С***г Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн.

          3.3.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны *** дугаар тогтоолоор Г.С***г Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд шилжүүлсэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын 2021 оны *** дугаар тушаалыг хүчингүй болгосон боловч мөн уг албан тушаалд шилжүүлэн томилсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгоогүй бөгөөд уг тушаал хүчин төгөлдөр болсон байна.

          3.4.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/2396 дугаар албан бичиг /1 дэх х.х-ийн 34/, Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 19 /1 дэх х.х-ийн 240/ дүгээр албан бичгээр тус тус Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хөгжлийн газрын даргын ажлын байранд томилгоо хийхгүй байх, сонгон шалгаруулалтын зарыг цуцалсан.

          3.5.Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар тогтоолоор шаардлага хангасан өөр албан тушаалд С.Саранхүүг томилохыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргад даалгаж шийдвэрлэсний дагуу тус газраас Г.С***д сул ажлын байрыг санал болгосон боловч Г.С*** шүүхээр маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа ажлын байрны асуудлыг эргэн ярихаар хариу өгсөн талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар албан бичгээр Төрийн албан зөвлөлд мэдэгдсэн.

          3.6.Эдгээр нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд Г.С***гийн Төрийн албаны тухай хуулийн 49.1-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно" гэж, 62.1.1-т "энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" баталгаа, төрийн алба хаах эрхийг хөндсөн шийдвэр, үйл ажиллагааг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас гаргаагүй.

          3.7.Нэхэмжлэгч Г.С***гийн гаргасан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох;

          Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагууд нь агуулга нь өөр боловч Г.С***гийн хувьд аль албан тушаалд ажиллахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.

          3.8.Мөн энэхүү шүүхийн шийдвэрээр Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Г.С***гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой.

          3.9.Иймд нэхэмжлэгч Г.С***гийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох; ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          4.Нэхэмжлэгч Г.С***гийн нэхэмжлэлийн шаардлагыг нэгтгэн дүгнээд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинээр акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох; ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныг баримтлан Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаар тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинээр акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох; ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яаманд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрх, хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шийдвэрлэж, хариу өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болох бөгөөд 1 сарын хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН