Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2023/0911

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Г.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Гуо мао жиа х ХХК /РД:6194559/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэнгүүн

Хариуцагч: А м, г т г Г, у у к х д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа нарын хоорондын Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа, иргэдийн төлөөлөгч Ц.Оймандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Гуо мао жиа хэ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг хариуцагчид даалгуулах гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч Гуо мао жиа хэ ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргаж, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/353 дугаар албан бичгээр өгсөн гомдлын хариуг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гардан авч, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч Гуо мао жиа хэ ХХК-д Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр MV-017638 дугаартай тусгай зөвшөөрлийг, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 469 дүгээр шийдвэрээр MV-017637 дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус олгожээ.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож маргаан бүхий захиргааны актыг гаргажээ.

5. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

5.1 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт зааснаар жилийн ээлжит газрын төлбөрийг алдангийн хамт төлөөгүй үндэслэлээр цуцалсан,

5.2 Ингэж цуцлахдаа мэдэгдлийг манай байгууллага хүлээн аваагүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдэлд хаяг буруу бичигдсэн, буцаагдсан байдаг. Мэдэгдлийг буруу хаягаар явуулснаас болж сонсох ажиллагааг явуулахгүйгээр Кадастрын хэлтсийн даргын гаргасан 2021 оны 510 дугаар шийдвэр үндэслэлгүй,

5.3 Компанийн эрх бүхий албан тушаалтан Б.Цогтбаатар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Ковид тусч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа сахрын өвчин нь хүндэрч эмчлэгдэж байгаад 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гарсан даруйдаа төлөх ёстой ээлжит газрын төлбөрийг алдангийн хамт Төрийн сангийн 100900000712 дугаар дансанд төлсөн,

5.4 Мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн тухайгаа нотлох баримтын хамт гаргаж өгөөд байхад энэ үндэслэлийг судалж үзэхгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцээгүй гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай компани хоёр лицензийг эзэмшиж байсан. 2020 оноос хойш ерөнхийдөө ковидын нөхцөл байдал үүсэж эхэлснээс хойш хөрөнгө оруулагч болон компанийн захирлууд Монгол Улсад хүрэлцэн ирж чаддаггүй байсан үе. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр уул уурхайтай холбоотой, газрын асуудлаар Монгол Улсад оршин сууж байгаа Хятад Улсын иргэн Гуа шад компанийг төлөөлөөд ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлаар ашигт малтмал газрын тосны асуудлаар компанийг төлөөлөх эрх олгосон байдаг. Энэ эрхийнхээ дагуу Монгол Улсын иргэн н.Цогтбаатарт 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зөвхөн уул уурхайтай холбоотой, ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудлаар Ашигт малтмал, газрын тосны газартай харилцах итгэмжлэл олгосон. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газар нь Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 8/4850 дугаартай мэдэгдэл явуулсан байдаг. Үүнийг хаяг тодорхойгүй, алдаатай гэдэг үндэслэлээр буцсан тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас харагдана. Тухайн цаг хугацаанд компанийг итгэмжлэлээр төлөөлж байсан иргэн н.Цогтбаатар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас байгууллагын дансыг шууд удирдах боломжгүй. Компанийн захирал Sun He Xiang гэж БНХАУ-ын иргэн байсан. Энэ хүн Монгол Улсад байхгүй ийм нөхцөл байдлуудаас үүдэж тухайн жилийнхээ төлбөрийг зохих хугацаанд нь төлж чадаагүй ийм нөхцөл байдлууд үүссэн байсан.

2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 2 лицензийн ашигт малтмалын 8 дахь жилийнхээ төлбөрийг төлсөн. Төлөхдөө байгууллагад хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан нягтлан бодогч Ч.Мөнхбаяраар дамжуулан төлсөн байдаг. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлж төлсөн талаараа дурдаад төлбөр төлсөн баримтуудыг хүлээн авахыг хүссэн албан тоот явуулсан боловч 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн кадастрын хэлтсийн даргаас энэхүү хүсэлтийг маань хүлээн авах боломжгүй талаар албан бичгээр мэдэгдсэн. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн 2 эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан талаар албан бичгийг мэдэгдсэн. Энэ албан бичигт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргасан боловч Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад тогтоомжуудад заасны дагуу татгалзаж хариу өгсөн байдаг. Ерөнхийдөө төрийн захиргааны байгууллага холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрээ үндэслэл бүхий гаргаж чадаагүй. Холбогдох хууль тогтоомж, хуульд заасан зарчмыг зөрчиж захиргааны актаа гаргасан гэж үзэж байна.

Сонсох ажиллагааны талаар ямар нэгэн байдлаар мэдэгдэл, зар хүргэлгүйгээр шийдвэрээ гаргачихсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна. гэж нэмэлт өөрчлөлт орсон. Энэ нэмэлт өөрчлөлтөөс манай харилцаа өмнө нь болсон харилцаа гэж үзэж байна. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэлт өөрчлөлт нь зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 3.1.3, 3.1.4-д заасан харилцааг тухайлсан хуулиар зохицуулсан бол тэр хуулийг нь хэрэглэнэ гэсэн ийм зүйл байгаа юм. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гаргах тэр цаг хугацаанд сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар зайлшгүй явуулах шаардлага үүссэн. Үүнийгээ захиргааны байгууллага хэрэгжүүлж ажиллаж чадаагүй гэж үзэхээр байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлээр албан бичгээр мэдэгдэнэ. Төлбөр төлөх хугацаа болсныг мэдэгдэнэ гэж заасан. Үүнийг хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр буцаасан байгаа. Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн бичиг хэргийн бүртгэл дээрээс бол харагддаг. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/3850 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь 11 дүгээр сарын 01-ний өдрөө шууданд хийгээд 11 дүгээр сарын 04-ний өдөр буцаалт гэсэн бичигтэйгээр, хаяг тодорхойгүй гэдгээр буцаасан байдаг. Энэхүү бичгийг шийдвэр гарсны дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тухайн үед хуульчаар нь ажиллаж байсан н.Чалхаажав өөрийн биеэрээ очиж авлаа гэж бичээд гарын үсгээ зурсан тэмдэглэл байдаг гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хуулийн аль нэгэн этгээдэд давуу эрх олгох зорилгоор биш, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу тэгш үйлчлэгч зарчмын үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно. гэж заасан. Үүний дагуу ашигт малтмалын дээрх маргаан бүхий Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах хоёр тусгай зөвшөөрлийг Гуа мао жиа Хэ компанид олгосон.

Гуа мао жиа Хэ ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр урьдчилан төлөх үүрэгтэй. Энэ тусгай зөвшөөрлийнхөө үүргийг биелүүлээгүй учраас Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.; 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална. гэж заасны дагуу тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг үндэслэн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргасан. Цуцлагдсан шийдвэр гаргахдаа тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг бол 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4850 тоот албан бичгээр дээрх аж ахуй нэгжийн Геологи уул уурхайн кадастрын системд бүртгэлтэй албан ёсны хаягаар нь хүргүүлсэн юм. Хоёр мэдэгдлийг хоёуланг нь хүргүүлсэн. Дараагийн мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 8/5907 дугаар албан бичгээр хүргүүлсэн байгаа. Эдгээр мэдэгдлүүдийг хүлээж авчхаад ямар нэгэн үйл ажиллагаа тайлбараа ирүүлээгүй учраас төрийн захиргааны байгууллага хуулийн дагуу Ашигт малтмалын Кадастрын хэлтсийн дарга 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Нэхэмжлэгч компанийн итгэмжилсэн төлөөлөгч, хөрөнгө оруулагч компанийн хувьцаа эзэмшигч нь гадаадад цар тахлын улмаас Монгол Улсад ирээгүй гэж тайлбарлаад байна. Хятад улсад байгаа иргэнд тусгай зөвшөөрлийг олгоогүй. Монгол Улсад татвар төлж буй хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгосон. Итгэмжилсэн төлөөлөгчийнх нь хаягаар нь мэдэгдэл хүргүүлээгүй гэсэн юм яриад байна. Тэгэхээр албан ёсны хаяг нь өөрчлөгдсөн бол Ашигт малтмалын тухай хуулийн 35.10 дугаар зүйлд заасны дагуу бүртгэл өөрчилсөн тухайгаа төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүрэгтэй. Энэ бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг. Төрийн захиргааны байгууллагад ямар нэгэн хаягийн өөрчлөлтийн талаар мэдэгдэл өгөөгүй учраас кадастрын систем дээр бүртгэлтэй албан ёсны хаягаар нь 2 удаа мэдэгдлүүдээ хүргэсэн байна. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахдаа 21 ба түүнээс дээш хуулийн этгээдийн талаар сонсох ажиллагаа явуулахаар байгаа бол нийтэд мэдээлнэ гэж байгаа. Заавал аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Төрийн захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээд Ашигт малтмал, газрын тосны газрын вэб сайтад энэ цуцлах үндэслэл бүрдсэн, цуцалсан тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн байгаа. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргүүлсэн байгаа. Энэ мэдэгдлүүдийг мэдэх боломжтой байсан. Мөн өмнөх шүүх хурлууд дээр яригдсан зарим асуудлаасаа нэхэмжлэгч тал мэдүүлэг, тайлбараа өөрчилж байх шиг байна. Хэн гэдэг хүн мэдэгдэл авсан талаар тайлбар өнгөрсөн хурлын тэмдэглэл дээр байгаа. Одоо манай хуулийн зөвлөх очоод тэр мэдэгдлийг авсан гэж ярьж байна. Энэ зөрүүтэй тайлбаруудыг нь шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн болохыг шүүх анхаарч үзнэ гэж үзэж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 510 дугаар шийдвэр хууль зүйн бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэжээ.

Иргэдийн төлөөлөгчийн Ц.Оймандах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч байгууллагын гаргасан шийдвэр хуулийн хүрээнд явагдсан тул нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэх боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Анх тухайн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр Гуо мао жиа хэ ХХК-д ашигт малтмалын болон ашиглалтын МҮ-017637, МҮ-017638 тоот тусгай зөвшөөрлүүдийг олгосон байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн буюу 2021 оны төлбөрийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор, хуульд заасан боломжит хугацаа буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор алдангийн хамт төлөхөөр байжээ.

3. Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэж үзэж Гуо мао жиа хэ ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын MV-017637, MV-017638 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч компани нь төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн нь төлөх ёстой хугацаанаас 50 хоног, алдангийн хамт төлөх боломжит хугацаанаас 20 хоногоор тус тус хэтрүүлэн төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээр нотлогдож байна.

4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг баримтлан Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр Гуо мао жиа хэ ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын МҮ-017637, МҮ-017638 тоот тусгай зөвшөөрлүүдийг цуцлахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч Гуа мао жиа хэ ХХК-аас тусгай зөвшөөрлийн төлбөрөө алдангийн хамт төлж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргажээ.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 34 дүгээр зүйлийн 34.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална, 56.1.2-д тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын МҮ-017637, МҮ-017638 тоот тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг түүнийг анх олгосон өдөр буюу 10 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд тус хугацааг алданги төлөх нөхцөлтэйгөөр 30 хүртэл хоногоор хэтрүүлэх боломжтой ч 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлахаар байна.

6. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үзвэл нэхэмжлэгч Гуо мао жиа хэ ХХК-ийн Ерөнхий захирал Sun Hexinag нь Ковид-19 вирусын халдварт өвчний улмаас Монгол Улсын хил хаагдаж, нэвтрэх боломжгүй байсан байх боловч 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газарт төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Цогтбаатарыг томилсон болох нь тогтоогдож байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Сахарный диабет 2 типа оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн байх боловч тухайн үүнийг ашиглалтын тусгай зөвшөөрлийн тухайн жилийн төлбөрийг хийх байсан өдөртэй давхцуулан үзэх боломжгүй юм.

7. Учир нь төлбөрийг заавал биечлэн очиж төлөх шаардлагагүй, урьдчилж буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлөх, мөн цахим банк, бусад хүн, хуулийн этгээдээр дамжуулан төлөх боломжтой байсан.

8. Хариуцагч захиргааны байгууллагад бүртгэлтэй нэхэмжлэгчийн хаягаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 8/4850 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын баримт бичгийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдож байх бөгөөд Ашигт малтмал тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасны дагуу Гуо мао жиа хэ ХХК нь хаяг болон утасны дугаарын өөрчлөгдсөн мэдээллийг төрийн захиргааны байгууллагад мэдэгдээгүй нь хариуцагч байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.

9. Хариуцагч захиргааны байгууллагын гаргасан маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн болон тусгай зарчмыг тусгаж өгсөн бөгөөд маргаан бүхий шийдвэрийн хувьд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан зарчимтай нийцсэн байна.

10. Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллага аливаа захиргааны акт гаргахдаа үндэслэл болсон бүх нөхцөлийг бүрэн тодорхойлж, түүнд хамаарах нотлох баримтыг цуглуулж, бий болсон нөхцөл байдалд нийцүүлэн шийдвэр гаргахыг бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж ойлгох бөгөөд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт хуульд заасан хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэснийг хариуцагчийн буруу гэж үзэхгүй.

11. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Х.Мөнхбаяр гэх иргэн төлсөн болохыг дурдах нь зүйтэй бөгөөд маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тухайн жилийн төлбөр төлөгдөж тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл арилсан хэдий ч нэгэнт хуулиар тогтоосон төлбөрийг алдангийн хамт төлөх хугацааг хэтрүүлсэн байх тул маргаан бүхий захиргааны актыг гаргасанд хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

12. Нэхэмжлэгчийн төлөөлөх эрхийг шүүхээс зөвтгүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

13. Дээрх баримтуудаар иргэдийн төлөөлөгч ...хариуцагч байгууллагын гаргасан шийдвэр хуулийн хүрээнд явагдсан... гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шүүх бүрэлдэхүүн тус дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

14. Иймд Гуо мао жиа хэ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хуульд заасан хугацаанд бус 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлөх ёстой хугацаанаас 50 хоног, алдангийн хамт төлөх боломжит хугацаанаас 20 хоногоор хэтрүүлснийг Ковид болон сахрын өвчнөөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Гуо мао жиа хэ ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 510 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн 8 дах жилийн төлбөрийг хүлээн авч тусгай зөвшөөрлийн хавсралтад бичилт хийхийг хариуцагчид даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Гуо мао жиа хэ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ

  ШҮҮГЧ Л.БАТБААТАР

  ШҮҮГЧ Г.УРАНГУА