Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2020/ДШМ/052

 

Ц.*******ид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

 Хохирогч Ц.*******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Ц.*******

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.*******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.*******ид холбогдох эрүүгийн 2014000150085 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт ийн *******, ....... оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Ц.******* нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 47-52 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас тухайн зам тээврийн осол гаргаж, Л.Хайдавын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ц.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт ийн *******ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.*******ид зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадлага олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд хяналт тавихыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч Ц.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ц.*******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Ц.*******ийн 1481940 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,

шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ерөөл нэртэй тал шилтэй архи 1ширхэг, TSINGTAO гэсэн бичиг бүхий улаан өнгийн бөглөө 1 ширхэг, хохирогчийн өмсөж явсан цэнхэр өнгийн пудволк, хар цоохор өнгийн цамц, бор цоохор өнгийн ханцуйтай цамц, ханцуй хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдож урагдсан, хар ногоон өнгийн куртик, хөх цэнхэр өнгийн хилэн өмд, өгзөг хэсэг нь урагдсан, цэнхэр өнгийн оймс нэг хос, цагаан цоохор өнгийн жийрэг 2 ширхэг, хар өнгийн түрийтэй гутал нэг хос, бор өнгийн тэлээ 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч Ц.*******ийн 964456 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт хүргүүлж, 02549260 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ц.*******ид буцаан олгож, Шүүгдэгч Ц.*******ийн эзэмшлийн ...47-52 ГАА улсын дугаартай...тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу эзэмшигч Ц.*******ид буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн 201400150085 тоот хэргийн хохирогч Ц.*******ийн өмгөөлөгч ******* би Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/124 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-р зүйлийг үндэслэн доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.*******ид ял оноохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж хорих ял оноохгүйгээр 2 жилийн хугацаатай тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаатай хасч шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдпыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан байна. Гэтэл хохирогч Ц.******* мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид гомдолтой байгаа тухайгаа удаа дараа илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Мөн энэ хэргийн улмаас хохирогч Л.Хайдавын амь нас хохирсон байхад шүүх бүрэлдхүүн “гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг арилсан” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

2. Хавтаст хэргийн 4-6-р хуудсанд “хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл” дээр “талийгаачийг мөргөсөн цэгийг А1 цэгээр тэмдэглэв..., А1 цэгээс талийгаачийн цогцос байх 47-52 ГАА тээврийн хэрэгсэл хүртэл 3.7 м..р байв” гэж бичсэн байна.

Өөрөөр хэлбэл хэрэг учрал гарсан цэгээс 47-52 ГАА тээврийн хэрэгсэл зогссон цэг хүртэл тээврийн хэрэгсэл ямар зайтай явсан болохыг зайлшгүй тогтоох шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж хэргийн газрын үзлэгийг дахин хийх буюу үзлэгийн тэмдэглэл хөтөлсөн мөрдөгчөөс нэмэлт тайлбар авах шаардпагатай гэж үзэж байна.

3. 201400150085 тоот эрүүгийн хэрэгт Ц.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн байдаг. Гэтэл Ц.******* нь анхнаасаа хохирогч Л.Хайдавыг дайрсан болохоо мэдсэн байдаг нь доорх үйл баримтуудаар

тогтоогддог. Үүнд:

- Ц.******* мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “дээгүүр нь дайраад гарсан тэгээд 10-20м яваад машинаа зогсоогоод буугаад хартал замын хашлаганы хажуу талаас өндөр саарал дээлтэй хүн гарч ирээд чи хүн дайрчлаа гэсэн” хх-54-56 тал, мөн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “зам дээр нэг хар юм хэвтэж байсан болохоор тулж ирж хараад дээгүүр нь давж зогсоод буугаад харах гээд машинаасаа гартал хажуу талаас 1 хүн гарч ирээд хүн алчихлаа ш дээ зугтаач гэхээр нь айгаад хөдлөөд явсан.” хх-168 тал, гэрч Д.Чинзориг “тэгээд би сэрсэн яав гэхэд би хүн дайрчихлаа гэсэн жолооч” хх-51тал, гэрч О.Ихбаяр “Машин донслох шиг болсон тэгтэл жолооч өөрөө буугаад яанаа хүн дайрчихлаа гэсэн” хх-48-49 тал,

гэрч “тэр машин зогсох гэж байгаа юм шиг хөндөлссөн тэгээд би пизда минь чи хүн дайрчлаа ш дээ гээд талийгаачийн зогсож байсан газар луу гүйсэн” гэх мэдүүлгүүдээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл Ц.*******ийн үйлдэл авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд ямар нэг үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шүүх рүү шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь сум сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/124 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

Хохирогч Ц.******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/124 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1 .Миний дүү Л.Хайдав нь 2019.12.29-ны өдөр автын осолд орж харамсалтайгаар амь насаа алдсан юм. Шүүгдэгч Ц.*******ид би болон манай гэр бүл маш их гомдолтой байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн арилгасан гэж дүгнэж шүүгдэгч Ц.*******ид хорих ял оноохгүйгээр тэнссэнд маш их гомдолтой байна. Би мөрдөн байцаалт болон шүүх хурал дээр гомдолтой гэж удаа дараа мэдүүлсэн. Эрдэнэт хүний амь насыг 3.9 км чирч анхны тусламж үзүүлэлгүйгээр бүрэлгэчихээд өнөөдөр ар гэрийг нь доромжлоод чаддаг юм бол шүүхээрээ яваарай гэж доромжилж байгаа нь ямар ёс зүйгүй хэрэг вэ. Би маш их гомдолтой байна. Хуулинд заасан шудрага ёсны зарчим хаана байна. Ц.*******ид оноосон ял үнэхээр хөнгөдсөн. Хууль тэгш үйлчлэх ёстой гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хийсэн хэрэгт нь тохирох ялыг оноож өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохирлыг бүрэн төлөөгүй, гэм хорын хохирол болох эрдэнэт хүний амь нас хохирсон байхад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж зөв шийдвэрлэсэн тул хэвээр үлдээнэ үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч Ц.******* түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ц.*******ийг 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 47-52 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас тухайн зам тээврийн осол гаргаж, Л.Хайдавын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээрхи нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ц.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн тогтоосоны дагуу гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Ц.*******ид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй талаар дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцсэн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан... бол ... хорих ял оногдуулахгүйгээр ... тэнсэж болно” гэж заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж хуулийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байхад гэм хорын хохирлыг хор уршиг арилсан гэж дүгнэх боломжгүй талаар гаргасан хохирогч Ц.******* түүний өмгөөлөгч нарын гомдол үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө,нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, ”энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж зааснаар гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар нь хүний амь нас хохирсон хор уршиг байх бөгөөд нас барсан хүний амь насыг өмнөх байдалд нь сэргээх боломжгүй буюу Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд үл нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргасан хохирогч түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3 -д тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.*******ид холбогдох 2014000150085 дугаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.*******ид урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлсүгэй

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

 Б.БОЛОР-ЭРДЭНЭ